Өчигдөр орой С1 телевизийн “Цензургүй” нэвтрүүлгээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг халз мэтгэлцээнд дуудсан ч тэр ирсэнгүй. Өмнө нь түүний “С.Зоригийн хэргийг зохиомлоор илрүүлж, гэмгүй гурван хүнд хилсээр ял тулгасан” хэмээн хэвлэлээр “ялласан” УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат ганцаараа иржээ. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч мэтгэлцээний цагийг дуусан дуустал сайдыг хүлээсэн авч мань хүн ирсэнгүй. Туслахаараа дамжуулан мэтгэлцээнд оролцох бодолгүй гэдгээ л хэлүүлсэн байна.

Харин Г.Эрдэнэбат прокурор энэ боломжийг ашиглан Ц.Нямдорж сайдын эсрэг нэлээд ноцтой гэхээр мэдэгдэл хийчихлээ. Яг тодорхой хүний нэр дурьдаагүй боловч “С.Зориг агсны хэргийг шүүхээр шийдвэрлэсний дараачаас эхлэн хорих анги руу хүн явуулж, Б.Содномдаржаа нартай холбоо тогтоосон, түүн рүү өмгөөлөгч оруулсан, дараагаар Б.Содномдаржаа нар эрүүдэн шүүсэн талаар гомдол гаргасан” гэж.

Өөрөөр хэлбэл тэр үед ч гэсэн С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэх зорилгоор хэргийн гүйцэтгэгч нар дээр “ажиллагаа” хийгдэж байжээ гэсэн үг. Тэр ажиллагаанд нь “манай талын” зарим нэг нөхөд өртсөн юм шиг байна. Түүн дээр нь бас мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ шалгалтын ажил уг хэргийг Ц.Нямдорж сайд руу хөтлөх үү, үгүй юу гэдэг нь бараг цаг хугацааны асуудал юм байна гэж ойлгогдохоор мэдээллийг прокурорын орлогч асан өглөө. Зарим нэг улстөрч албан тушаалтнууд хэргийн захиалагчийг илрүүлэхгүйн тулд эрүүдэн шүүсэн гэх асуудлыг санаатайгаар улс төржүүлж байна гэж...

Учир нь эрүүдэн шүүсэн гэх гомдол Б.Содномдаржаа нарын зүгээс гарсны дараа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ асуудлаар прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-т харъаялал тогтоон (мөрдөн шалгах хэлтэст) шилжүүлсэн юм байна. АТГ энэ хэргийг шалгасны эцэст эрүүдэн шүүсэн бичлэгийг сэргээж (гүйцэтгэх ажлын нууцлалын дагуу устгагдсан байсан), энэ ажлыг зохион байгуулсан хоёр хүнийг яллагдагчаар татан цагдан хорьсон юм байна. Өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд...

Харин үүнээс хойш Ц.Нямдорж сайд хөдөлж эхэлсэн юм байна. Энэ явдал болсноос тав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдааны дундуур гэнэт хийсэн мэдэгдлийг сэтгүүлчид бол санаж байгаа.

Тэр өдөр Ц.Нямдорж сайд “Би тэр хоёр ялтантай очиж уулзсан. Хийгээгүй хэргийн төлөө хилсээр хоригдох, хүйтэн шорон суух ямар байдгийг биеэр үзэхээр очсон. Түүний маань төлөө намайг хорьж байсан, хэрэгт татна гэж айлгаж байсан. Би тэр хоёр хүнийг өчигдөр эмнэлэгт хэвтүүлсэн, одоо тэнд нь байлгаж байгаад суллуулна гэж бодож байгаа. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Монгол Улсын Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар уучлал гуйж байна” гэж ярьсан. Одоо ч youtube дээр энэ бичлэг тавиатай байгаа, олоод үзэж болно.

Үүгээр сайд Ц.Нямдорж хэргийн холбогдогчтой далдуур холбоо тогтоосон явдал нь өөрийнх нь эсрэг эргэжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Хэдийгээр Г.Эрдэнэбат прокурор нэр цохоогүй ч гэсэн. Харин холбоо тогтоосон шалтгаан нь юу байж болох вэ?

Г.Эрдэнэбат прокурорын хувьд тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих прокурорын эрх хэмжээ хязгаартай, тэр хүрээндээ хяналт тавьж ирсэн. Прокурор гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөх, татгалзахаас өөрөөр гүйцэтгэх ажиллагааны нууцад нэвтрэх нь тухайн үед мөрдөж байсан ЭБШХ, Гүйцэтгэх ажиллагааны хуулиар хориотой байсан. Сүүлд илэрсэн эрүүдэн шүүсэн явдалд прокурорын буруу байсан, хуульд заасан хяналтыг тавьж чадаагүй гэж тогтоовол хариуцлагаа хүлээхэд бэлэн. Гагцхүү энэ дуулианыг далимдуулаад хэргийн нотлох баримт, гүйцэтгэх ажиллагааны материалууд устах вий, хэргийн гэрчүүдийг дарамталж, хэргийг бүхэлд нь самрах вий гэдгээс хамгийн их болгоомжилж байна гэж ярьсан.

Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэг лүү улс төрчид давхиж ороод, “эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулан хэргийг бүхэлд нь үгүйсгэх гэж оролдож байгаа нь уг хэргийн захиалагчийг илрүүлэх дараачийн шатны ажиллагаанд санаатай саад учруулж байгаа хэрэг гээд ил цагаан хэлчих нь билээ. Хэрэв энэ үнэн бол хэргийн захиалагч ч гэсэн бараг илэрчихээд байгаа юм биш үү? Энэ талаар Ц.Нямдорж сайдын хэлэх үг сонин байна.

Үргэлжлэл бий.

inews.mn