АГНИСТЫН ГЭГЭЭ цуврал-22 Аниргүйн эгшиглэн
Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсроосой гэж бидэнд өгсөн үнэт бэлэг аж. Томас Манн
ҮЛЭМЖ ГАЙХАМШИГ
Хякүзо багшийн хийдэд нэгэн даоист ирээд:
- Байгалийн хүчээс илүү үлэмж зүйл ертөнц дээр бий юу? гэж асуухад Хякузо:
- Бий гэжээ.
- Юу юм бэ? гэж даоистыг гайхахад багш:
- Тэр байгалийн хүчийг бясалгагч илүү аугаа гэжээ.
- Юу зөв, юу буруу вэ? гэж асуухад
- Юмс үзэгдлээс хараат сэтгэл буруу, чөлөөт сэтгэл зөв гэжээ.
Даоист нэгэн ирээд... Угтаа хэн ч даоист байх боломжгүй. Учир нь, Дао бол шашин ч, философи ч биш. Буддагийн Дарма лугаа адил зам мөр, жам ёс, үнэн буюу энгүүн сайхан гэж нэрлэж болох тэр л утга чанар. Чиний дотор агуулагдсан бүх үзэл онол, хийсвэр төсөөлөл замхарсан хойно үлдэх цэвэр тунгалаг сэрэхүй. Лаоз насан туршдаа түүнийг сургаж ирсэн. Ямар ч изм-үгүйг заасан. Даанч хүн гээч арилсан хоосонд байж чаддаггүй. Яаж ийгээд л бүгдийг үзэл онолд барладаг араншингаараа Лаозыг тэнгэрт хальсан хойно “изм” болгож хувиргажээ. Өөрийгөө даоист гэж бодож байгаа бол хэдийн төөрөлдсөн байна. Гэвч буруу асуултанд зөвөөр хариулж болно. Хякузо тийм зүйл хийжээ.
- Байгалийн хүчээс илүү үлэмж зүйл ертөнц дээр бий юу? гэж асуухад Хякузо:
- Бий гэжээ.
- Юу юм бэ? гэж даоистыг гайхахад багш:
- Тэр байгалийн хүчийг бясалгагч илүү аугаа гэжээ.
Ягшмал үзэлд баригдсан нүд байгаль оршихуйгаас илүү аугааг олж харахгүй. Тэрээр өөрийгөө бүрэн мартсан байж. Үзэгдэж байгаагаас үзэгч нь гайхамшиг. Мэдэгдэх юмсаас мэдэгч нь илүү байж таарна. Мэдэгч өөрөө амьд төдийгүй сэрүүн тунгалаг ухамсар учраас тэр.
Энэ хариултыг ойлгосон бол үргэлжлүүлж асуулт тавих шаардлагагүй сэн. Багш хариултаараа түүнийг бүх асуултаас чөлөөлөх гэсэн. Багшийн хариулт мэдлэг нэмэхэд биш, асуултыг арчихад чиглэдэг. Гэвч нөгөө хүн шавь буюу нээлттэй зүрх биш байсан учраас үгийг бариад утгыг оносонгүй. Уймарсандаа мань хүн илүү энгийн юм асууя гэж боджээ. Гэвч наанаа энгийн боловч маш эгзэгтэй асуулт:
- Юу зөв, юу буруу вэ? гэж асуухад
- Юмс үзэгдлээс хараат сэтгэл буруу, чөлөөт сэтгэл зөв гэжээ.
Ердийнхөөр бид зөв, бурууг үйлдэл хийдлээр л шинждэг. Бидний хэвшмэл сэтгэхүй – шүүгч хандлага маань түүнийг тодорхойлдог гэсэн үг. Сэрсэн хүмүүсийн хувьд зөв, буруугийн ойлголт тэс өөр. Сэтгэл чинь ертөнцийн боол ч болж болно, эзэн ч болж болно. Боол байгаа цагт юу ч хийсэн буруу. Эрх чөлөөт эзэн байхын тулд яах вэ? Үзэгдэл юмсын эрхшээлд авталгүй гэрчлэгч байр сууриа хадгалах. Тэр цагт үйл бүхэн чинь орчин нөхцөлд зохирох болно.
“Ухамсарлаг үйл бүхэн зөв, ухамсаргүй үйл бүхэн буруу” гэж Жунайдын хэлсэнтэй агаар нэг. Диваажин горилж өглөг буян үйлдэх, тамаас айж ёс журам сахих мэтийгээ хүмүүс зөв сайн үйл гэж боддог. Өөрөө л зөв биш бол зөв үйлийн цэцэг дэлгэрэх боломжгүй. Зөв байна гэдэг нь өнгөт ертөнцийн айдас, шуналаас ангид арилсан тунгалаг сэтгэлийг л хэлэх ажээ.
- The Everest of Zen
Чиний оюун санаа цэлмэг хоосон бол бүгдэд нээлттэй, аливаад бэлэн гэсэн үг. Эхлэн суралцагч нарт асар их боломж байдаг бол номд нэвчирсэн хүмүүст боломж улам хумигддаг.
* * *
Зэн (Дияан) бол онцгой сэтгэл хөдлөл биш. Өдөр тутмын үйлэндээ л төвлөрөхийн нэр.
* * *
Аливааг харах агшиндаа та нар оюун бодлоороо загварчилдаг. Тэгсэн цагт харсан бүхэн чинь бодит биш.
* * *
Хамгийн энгийнээр үнэн чанараа илэрхийлж, хамгийн эгэл зүйлсийг таашааж сурах нь эрхмийн дээд эрдэм.
Сузуки
Хэн хэн нь өөрчлөгдөхийг хүссэн үед л чинхүү харилцан яриа өрнөдөг.
Тик Нат Хан
Цаг хугацаа бол ухаан сууж, улам боловсроосой гэж бидэнд өгсөн үнэт бэлэг аж.
Томас Манн