Өнгөрөгч долоо хоногт буюу дөрөвдүгэр сарын 08-нд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нэгэн хэргийг хяналтын журмаар хэлэлцсэн байна. Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй хэргийг шүүх хянаж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. “Засгийн газар шүүх дээр ялалт байгуулж, Багануурын орд ард түмнийх боллоо” хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Гэхдээ асуудлыг нухацтай харвал Засгийн газар ялсан биш, харин ялагдсан болж таарав.

Тухайн үеийн ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Болдын (одоо УИХ-ын гишүүн) гарын үсэгтэй, 2007 оны арваннэгдүгээр сарын 15-нд олгосон 12959А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн зураг хоёр өдрийн өмнө нийгмийн сүлжээнд тавигджээ. Энд “Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлийг үндэслэн Төв аймгийн Баяндэлгэр сумын Баруун хонхор нэртэй газарт орших 1182 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011010113 тоот гэрчилгээтэй Алтайн гоулд ХХК-д энэхүү тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай олгов” гэсэн байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд Ашигт малтмалын тухай хуулийн 26-р зүйлд “Хүсэлтэд дурдсан (тусгай зөвшөөрөл хүсэгчийн) талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн талбай олгож, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлнэ”(26.3.3), “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”  (26.9) гэсэн байна.

Тухайн үед АМГТХЭГ сонгон шалгаруулалт явуулсан эсэх нь тодорхойгүй ч (энэ асуултад УИХ-ын гишүүн Л.Болд л хариулт өгөх байх) “Алтайн гоулд” компани Баруун хонхор нэртэй энэ газар 1182 га талбайд уурхайн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатай авчээ. Энэ нь Багануур ХК-ийн олборлолт явуулж байсан хүрэн нүүрсний ордод хамаардаг юм байна. Мэдээж тухайн үед “Багануур” ХК энэ талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл аваагүй байв.

Харин 2012 онд Н.Алтанхуягийн Засгийн газар гарч ирээд “Нүүрс хөтөлбөр”-ийг санаачилж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд нүүрсний баахан лиценз цуцалсан байдаг юм. Үүнд нь “Алтайн гоулд” компанийн лицензийн талбай бас өртсөн юм байна. (Ерөнхий сайдын зөвлөх асан Л.Гансүхийн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр “Багануур” ХК-иас нүүрс шуудайлсны хаялга ч байж магадгүй) Үүний дараа төрийн агентлаг, хувийн компани хоёрын дунд шүүхийн маргаан эхэлжээ. Мэдээж энэ хугацаанд лиценз эзэмшигч нь лиценз ашигласны төлбөрөө улсын төсөвт төлөөд явж байсан. Мөн компани нэрээ өөрчилж (эсвэл лицензээ өөр компанид шилжүүлсэн), “Алтайн гянт” нэртэй болсон байна.

Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард “Алтайн гянт” ХХК-ийн 50 хувь буюу 500 ширхэг хувьцааг эзэмшиж байсан “Майнинг Технолоджи Монгол” ХХК өөрийн эзэмшлийн хувиа бусад хувьцаа эзэмшигчдээ зарсан байдаг. 500 мянга орчим долларын (Одоогийн ханшаар тэрбум гаруй төгрөг) наймаа яригддаг. “Алттайн гянт” нь “Майниг Технолоджи Монгол”-оос гадна хоёр хувьцаа эзэмшигчтэй байж. Нэг хувьцаа эзэмшигч нь худалдан авахаас татгалзсан тул гурав дахь хувьцаа эзэмшигчид бүтнээр нь зарсан юм байна.

Энэ тухай баримтад (Алтайн гянт ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр. 2016.04.12),

“Компанийн нийт хувьцааны олонхи хувийг эзэмшигч 2862166 тоот регистрийн дугаартай “Майнинг Технолоджи Монгол” ХХК нь компани дахь өөрийн эзэмшлийн 500 ширхэг буюу 50 хувийн хувьцааг бүхэлд нь нөгөө хувьцаа эзэмшигч ЦА68071816 тоот регистрийн дугаартай Дэлэг овогтой Эрэнэбатад худалдахаар шийдвэрлэсүгэй.

Компанийн хувьцаа эзэмшигч Пүрэвжав овогтой Энхээ нь дүрэмд заасан хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсан болохыг баталгаажуулсугай

Хувьцаа эзэмшигчид:

“Майнинг Технолоджи Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэгмид

Дэлэг овогтой Эрдэнэбат

Пүрэвжав овогтой Энхээ” гэсэн байна.

“Майнинг Технолоджи Монгол” ХХК нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үүсгэн байгуулсан компани, цорын ганц өмчлөгч нь Д.Дамба-Очир гэдгийг баримтад дурьдсан байгаа. Бүр тодорхой хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир.

Ингээд Д.Дамба-Очир гишүүн хувьцаагаа зараад, уснаас хуурай гараад явчихжээ. Үүний дараа шүүхийн маргаан эхэлсэн байдаг. “Алтайн гянт” ХХК нь тус компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах тухай АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны 615, 616 тоот тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Ингээд 2016 оны арваннэгдүгээр сарын 17-ны  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “Алтайн гянт” ХХК-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэж, хариуцагчаас (АМГТХЭГ) дахин шинэ акт гаргах хүртэл АМГ-ын даргын 2012 аравдугаар сарын 23-ны өдрийн 615 болон 616 тоот тушаалуудыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

Энэ хугацаанд “Багануур” ХК-ийг гуравдагч этгээдээр тогтоож, уг лицензит талбай нь Багануурын хүрэн нүүрсний ордод хамаарах, мөн “Багануур” ХК-иас хайгуулын зардалд 94,6 мянган ам.доллар төлсөн зэрэг баримтад үндэслэн “Алтайн гянт”-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр “Багануур” ХК-ийн талд гарчээ. АМГТХЭГ анх лиценз олгохдоо хууль зөрчсөн гэж шүүх үзсэн байна. Үүнээс хойш хоёр тал (АМГ болон “Алтайн гянт” ХХК) давж заалдаж авсаар өнгөрөгч долоо хоногт УДШ-ийн шийдвэр гарлаа.

Өөрөөр хэлбэл, анхнаасаа АМХЭГ-ын дарга Л.Болдын лиценз олгосон шийдвэр нь Ашигт малтмалын тухай хууль зөрчсөний улмаас төрийн өмчийн нэг, хувийн хоёр компани арав гаруй жилийн ажил, ашиг орлогоо алдсан болж таарав. Шүүхийн шийдвэр “Багануур” ХК-ийн талд гарсан нь үнэн ч үүнийг “Засгийн газар ялалт байгууллаа” гэж сурталчлах нь хуудуутай болж байна. Харин ч эсрэгээрээ хууль зөрчиж лиценз олгоод, түүнийхээ төлөө татвар, хураамж авч, ашиг олж байсан Засгийн газар өөрөө өрөнд унаж, нөхөн олговор төлөх ёстой болсон биш үү?

"Хууль зөрчиж лиценз олгосон" гэх үйлдэлтэй нь Д.Дамба-Очир гишүүн холбоотой эсэхийг мэдэхгүй ч (хэрэв тийм бол Л.Болд, Д.Дамба-Очир хам хэрэгтэн болоод зогсохгүй хоорондоо үгсэн хуйвалдаж, гуравдагч этгээдийг залилан мэхэлсэн хэрэг ч болж мэднэ) Үндсэн хуульдаа “хувийн өмчийг хуулиар хамгаална” гэчихсэн учраас лицензээ хураалгасан “Алтайн гянт”-ынхан ч гэсэн хохирлоо төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж таарна. Тэр цагт Засгийн газар, Ерөнхий сайд юу гэж хэлэх нь сонин байна. Эсвэл өмнөх шигээ “хувьсгал хийхэд хууль хэрэггүй ээ” гээд зогсч байх уу?


inews.mn