Энэ удаагийн Defacto World аялалын тэмдэглэлээр та бүхэндээ Өвөр буюу монголчуудын хэлэх болсон Өмнөд монголын эдийн засаг, тухайлан сүүний үйлдвэрлэл ба хэрэглээ, Өмнөд Монголын түүх, орчин үеийн Хөх хотын тухай үзсэн харсанаа товчлон танилцуулж байна. 

Өмнөд Монгол бол 1.2 сая х.д.км талбайтай, Монгол, Орос улсуудтай хил залгадаг том нутаг. БНХАУ-ын өөртөө засах таван бүс нутгийн нэг нь. Хүн ам нь 24 сая, тэдний 4.0 сая нь Монголчууд. Байгалийн баялаг арвин, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт ашигт малтмал их, ялангуяа газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. 

Уул уурхайн баялагаа ухаалаг ашиглан Хятад улсын аж үйлдвэржилтийн хэрэгцээг ханган ажилласнаар Өмнөд Монгол сүүлийн хориод жилд эрчимтэй хөгжиж байна. ДНБ-нь 2022 оны эцэст 344 тэрбум доллар, нэг хүнд ногдох нь 14.343 доллар болжээ.

Малын тоо, бүтцээрээ Монголтой төстэй: 32 сая хонь, 30 сая ямаа, 4.7 сая үхэр, 4.2 сая адуу, 900 мянган тэмээтэй ажээ. Бид сүүний дэлхийд алдартай Yili үйлдвэртэй танилцсан болно.

Сүүний үйлдвэрлэл ба хэрэглээ

Сүү бол амин дэм, эрдсийн ялангуяа кальцийн чухал эх үүсвэр. Тийм учраас сургуулийн хүүхдүүдэд зарим улс тусгайлан сүү өгдөг. Хятад улсын сүүн бүтээгдэхүүний хамгийн том хоёр компани нь Yili (сүү, хуурай сүүний Хятадын зах зээлийн 21 хувь, ба Mengniu (16%) нь Өмнөд монголд байдаг. 

Yili group анх 1957 онд Хөх хотод байгуулагдсан ба 1993 онд бүтцээ шинэчилэн групп компани болжээ. Эдүгээ Жиншан хөгжлийн бүсэд байрладаг энэхүү олон нийтийн компанийн тодорхой хувийг нь Хөх хотын захиргаа эзэмшдэг гэнэ. 2008 онд энэ группийн үйлдвэрлэдэг хүүхдийн сүүнд меламине гэх хуванцарт ордог химийн бодис илэрч, 290 мянган нялх хүүхэд хордож, зургаа нь нас барсан хэрэг гарсан. Хятадын Засгийн Газар энэ хэргээс үүдэн хүнсний нийлүүлэлтэд, үйлдвэрлэлд тавих шаардлагаа эрс чангалсан юм байна.

Yili групп 2019 онд Шинэ Зеландын гурав дахь том сүү үйлдвэрлэгч, 1937 онд байгуулагдсан Westland хоршоог бүхэлд нь худалдан авсан. Тус групп эдүгээ дэлхий даяар 81 үйлдвэртэй, 67 мянган ажиллагсадтай, дэлхийн сүүний топ тавд ордог сүүний үйлдвэрлэгч, Хятадын хамгийн том сүү, хуурай сүү, хүүхдийн хоол, зайрмаг, бяслаг гэх мэт бүх төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болжээ. Yili одоо дэлхийн хүнсний гуравдахь шилдэг брэнд болоод байна. 

Хятадын сүүний үйлдвэрлэл 2023 онд 41 сая тоннд хүрч 2019 оноос хойш 28 хувь өссөн байна. 2022 онд Хятад 1.5 тэрбум долларын сүү импортолж, АНУ-ын дараа дэлхийд удаалсан байна. Импортын талыг нь Шинэ Зеландаас, бусдыг нь Герман, Франц, Австрали, Польшоос авчээ. Мөн ондоо 25 сая долларын сүүний экспорт хийсний дийлэнх нь Хонгконг руу явжээ. 

Сүүний хэрэглээгээр бол 2023 онд АНУ 20 сая тонн, Хятад улс16 сая тонн гарчээ. Харин жилд нэг хүнд ногдох сүүний хэрэглээгээр 2021онд дэлхий дээр Финланд 260 кг аар тэргүүлдэг, Хятад 34 кг байгаа нь сүүний үйлдвэрлэлийн өсөх зах зээлийн зай маш их байгааг харуулж байна. Дашрамд хэлэхэд 2021 онд Монгол хүн жилд 193 кг, Орос 154 кг сүү хэрэглэжээ. (ourworldindata.org).

Өвөр Монголын түүхээс

Хөх хотод Өвөр Монголын түүхий музей болох асар том байгууламж байна. Түүний нэг давхарт байгалийн, 3 ба 4-р давхаруудад түүхийн үзмэрүүд тавьжээ. 

Энд 1330 оны Чингисийн ач Хубилай хааны байгуулсан Юань улсын (1279-1388) газрын зураг байна. Байгаль нуураас хойш, бараг Урал хүртэл орон зайг хамарсан. 1433 оны Мин улсын (1368-1644) газрын зураг байна. Хойд хэсэг нь буюу одоогийн Монголын нутаг бүхлээрээ, хойшоо бас байгаль нуур орсон хэсэг нь Умард Юань гэж байжээ. Харин 1820 оны Чин улсын (1644-1912) газрын зураг дээр Манжийн хараат байсан халх, ойратын нутаг тод харагдана.

Умард Юань гэдэг нь монгол угсаатнуудыг нэгтгэсэн Даян хаан Батмөнхийн улс байсан, удалгүй задарсан. Баабар түүхчийн хэлснээр бол Умард Юань нь Хянганы нуруудаас Алтайн нурууд хүртэл, Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэл газар нутагтай байжээ. Зүүн гурван түмэн буюу цахар, халх, урианхай, харин баруун гуравд нь түмэд, ойрад, юншээбүү ястанууд ордог байжээ. Хамгийн хүчирхэг нь Түмэд байсан бөгөөд удирдагч Алтан хан 1500-гаад оны эхээр Хөх хотыг байгуулжээ. Манж Чин улсын бүрэлдэхүүнд орсон хэсгийг Өвөр Монгол, ороогүй тусгай эрхтэй дагалдсан хэсгийг нь Ар Монгол гэж нэрлэдэг болсон.

Алтан хан мөн шарын шашныг дэлгэрүүлж, 1557 онд Их зуу (Dazhao) хийдийг бариулж эхлүүлжээ. 1580 онд барьж дууссан энэ хийдийг тойроод Хөх хот томорч иржээ. Энэ хийдийн өмнө Алтан ханы том хөшөө байна. Яг энэ цаг үед буюу 1585 онд Автай сан хан Монголд Хархорум хотын хуучин сүмийг сэргээж Эрдэнэ зуу гэж нэрлэжээ. 

Хөх хотын тухай

Өвөр Монголын өөртөө засах орны нийслэл нь Хөх хот. 500 жилийн түүхтэй энэ хот эдүгээ 3.4 сая хүнтэй, 84 хувь нь хан, 8 хувь нь монгол, үлдсэн нь бусад үндэстнүүд. Хот 4 дүүрэг (county), 4 хороо (districts) ба 1 улсын зэрэгтэй тугаас (banner)бүрддэг. 

Хотын авто зам маш өргөн, гол замууд нь чиглэл бүр гурван эгнээтэй, өргөн дугуйн зам, мод тарьсан хэсэг, явган хүний зорчих зам, мөн туслах жижиг замуудтай, маш зөв төлөвлөлтэй учир түгжрээ үүсдэггүй юм байна.

Хотын зүүн болон өмнөд хэсгийг архитектурын орчин үеийн шийдэлтэй өндөр барилгуудыг, маш том ногоон байгууламжтай хослуулан барьсан. Хотын урд талд хөндлөн урсах том голын эргийг спорт, амралтын газар болгосон байна.

Хотод хориод жилийн өмнө байсан гэр хороололыг орон сууцны барилгуудаар бүрэн сольсон байна. Орон сууцны нэг м.кв талбай 11000 юань буюу 1600 доллар байгаа, хуучин хот, баруун тал руугаа түүнээс хямд гэж жолооч залуу ярив.

Хүмүүс нь бүгд хятадаар, Монголчуудын зарим нь монголоор ярьж байлаа. Хорин жилийн өмнө бүх байшин гудамж хятад, уйгаржин монголоор бичсэн хаягтай, хоолны цэс хоёр хэл дээр байсэн бол одоо ихэнхи нь зөвхөн хятадаар бичсэн харагдана. Цөөхөн хуучны байрны хаяг монголоор бичсэн нь үлджээ. Бага сургуульд эхлээд хятад хэл, дараа нь цөөн цагаар монгол хэл заадаг болсон гэнэ. 

Та бүхэндээ манай өмнөд хөрш Хятад орны хойд хэсэгт, бидэнтэй хаяа нийлүүлэн орших Өмнөд монгол улсад зорчсон тухайгаа танилцуулав. Та бүхний мэдлэг сонорт тань нэмэр болох болтугай.

24.04.30