Ховд аймагт ашиглалтад орж буй “Ховд эко цемент” үйлдвэрийн төслийн удирдагч С.Жавхланбаатарыг энэ удаа би зочноороо урьсан юм.

Тэр бол Төрийн албанд ч тодорхой түвшинд амжилттай ажиллаж байсан, одоо баруун бүсэд босч буй хамгийн том бүтээн байгуулалтын төслийг удирдан хувийн хэвшилд ажиллаж байгаа манай чадварлаг залуусын нэг юм. Бидний яриа өнөөгийн манай бизнесийн орчинд болж буй зовлон жаргал, том төслүүдийг явуулахад учирч байгаа бодит зүйлсийн талаар өрнөсөн юм. Заримдаа гуниж, заримдаа итгэл найдвар төрж ярилцлага маань цаанаасаа л эрч хүчтэй хэмнэлд өрнөсөн.



- Хүнд үйлдвэрлэлийн том төсөл удирдаж байгаа залуу бизнесментэй уулзаж байгаадаа баяртай байна. Үнэндээ би улс төрийнхөнтэй түлхүү ярилцаж иржээ. Одоо харин өөр салбарынхнаас, ялангуяа хувийн хэвшлийнхнээс илүү олон зочин урих бодолтой байна. Учир нь сүүлийн үед манай бизнесийн орчинд бодитой аюул нүүрлээд байна гэж би нийтлэлчийнхээ хувьд харж байгаа юм. Бизнесийн орчинд учирсан хүндрэлүүдийг өмнө нь бид гадна орчин руу л түлхчихдэг байлаа. Мэдээж цар тахал, түүнийг дагасан дэлхий нийтийн хямрал бол тусдаа авч үзэх зүйл.

- Мэдээж тооцоолшгүй хүчин зүйл л дээ. Тусдаа авч үзэхээс өөр арга байхгүй. 

- Өнөөдөр бол манайхыг үл ойлголцлын хямрал, нэг нэгнээ авлах гэсэн хямрал илүүтэй зовоож байна. Тэгэхээр “Юм хийж бүтээх гэж зүтгэх үнэхээр хэцүү байна уу?” гэдэг маш энгийн асуултаар яриагаа эхлүүлье. Хэцүү байгааг нь мэдсээр байж тавлаж байгаа юм шиг өнгөөр битгий танд буугаасай. Ойрын үед хэд хэдэн хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа. “Үнэндээ урам хугарч байна даа. Хамгийн том шанааг Төрөөсөө, өөрсдийн дотоод уур амьсгалын орчноосоо л авч байна даа” гэж хэлцгээж байна.

- Ярианыхаа өмнөтгөл болгоод манай улсын эдийн засаг өөрөө яаж явж ирсэн билээ гэдэг талаар товчхон дурьдах нь зөв болов уу. Улс маань өнөөдөр үйлдвэржилт гэдэг асуудлыг нэлээн тод томруунаар гаргаж ирж тавьж байна л даа. Манай Монгол улс ер нь үйлдвэртэй байсан юм уу гээд ингээд ярихаар нөгөө л социализмын үеийн хэдэн үйлдвэр маань яригдана. 

- Амьдрал байсан болохоор түүх дурсамж байж таарна.

- Үнэн. Тэр цаг үеэс хойш, тухайлбал, 1990 оноос хойш монголчууд бид үйлдвэрүүд барьсан билүү гэдэг асуултыг өөрсөддөө тавьж үзье. Бид үйлдвэрүүд барьж босгосон билүү. Хаана байна. Хариулт өгөхөд хэцүү байгаа биз. Уул уурхайгаас гадна гэдгийг онцлох нь зүйтэй. Бүгдэд маань хариулт өгөхөд хэцүү байгаа нь өнөөдрийн бодит үнэн. Бид үнэндээ яг байран дээрээ хий эргээд олон жилийг урсгачихлаа шүү дээ. Нэгэнт дороо хий эргэж байгаа болохоор эдийн засаг маань өсөх тэлэх тухай яриа байхгүй. Нэгэнт эдийн засаг маань өсөхгүй байгаа нөхцөлд хөгжил дэвшлийн тухай яриа байхгүй байна. Дандаа бүх юмыг гаднаас авч байна. Ер нь бидний эдийн засаг нөгөө эхлэлийн цэг болох ганзагын наймааны суурин дээрээсээ холдоогүй. Үсрэнгүй юм алга. Явсаар байгаад яг тэрэн дээрээ л жаахан томроод худалдаан дээр суурилсан эдийн засагтай л болчихоод байгаа байхгүй юу. Үүнийг бүгд л харж байгаа байх гэж бодож байна. Одоо өөрөөр хөдөлцгөөе гэж байна. Хэдий болтол хий ярьцгаах юм. Тэгээд үйлдвэржилтийн бодлогуудаа хөдөлгөх шийдвэр гаргалаа. Хувийн хэвшил нь маш таатай хүлээж авсан. Гэхдээ Төр, Хувийн хэвшил хоёр хамтарч байж энэ том үйлдвэрүүдийг босгохгүй бол манай улсад боломж байхгүй. Бид бас хэмжээгээ мэдэх ёстой шүү дээ. Өөрсдийн бодит үнэнээсээ цаашид дөлөөд гүйцгээгээд байж болохгүй. За,ингээд Төр бодлого зарлалаа. Хувийн хэвшлийнхэн чадлаараа дэмжээд зүтгэж байна. Бид үйлдвэр барьцгаалаа. Ер нь сүүлийн 30 жилд манай улс ганцхан л салбарт үйлдвэр барьж үзлээ. Энэ нь цемент л байхгүй юу. Төвийн бүсэд одоо дөрвөн үйлдвэр байна. Алслагдсан баруун хязгаарт манайх барьж байна. Өөрөөр хэлбэл, нөгөө аж үйлдвэржилтийн бодлогын анхны суурь үйлдвэрүүд цементийн үйлдвэрүүд боллоо. Дараа нь арматур, одоо юу байдаг юм үргэлжлүүлээд явах байх. Эхлэл тавигдлаа. Цаашаа эрчим хүчний төслүүд явах ёстой. Миний ярих гэсэн өмнөтгөл ердөө л энэ. 

- Үндсэн юман дээрээ зогсож сурцгаах хэрэгтэй байна л даа. Сарниад л байвал эргээд л бид хий эргээд суурин дээрээ үлдэнэ.

- Төрийн бодлогодоо итгээд, бариад босгоод үзүүлсэн ганцхан жишээ нь энэ цементийн үйлдвэрүүд байна. Гэхдээ цемент, арматур гэдэг бүтээгдэхүүн маань бизнесийн онолоороо зүгээр л тээврийн зардлын бүтээгдэхүүн байдаг. Аль ч улсад шүү. Ямар ч тонн цементийг, ямар ч тонн арматурыг 500 км-ээс цааш зөөвөл энэ нь ашиггүй юм. Өөрөөр хэлбэл, эндээс 1500 км Ховд руу зөөхөд л ашиггүй. Тэр Ховдод байгаа иргэд чинь энэ монголын ард түмэн биз дээ. Монгол Улсын хүмүүс. Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтайн хүмүүс чинь энэ улсын ард түмэн. Тэр хүмүүс энэ төвийн бүсэд байгаа цементийг илүү өртөг төлөн зөөсөөр аль хүрэх юм. Зөөгөөд амьдраад ирсэн байгаа юм л даа. Гэтэл тэд чинь Улаанбаатарт байгаа иргэдээс ажил, орлого багатай мөртлөө барилгын суурь материал гээд байгаа цементээ дахиад дабл үнээр аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр манай улсын бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг юм юу болж хувирч байна гэсэн үг вэ. Бүсчилсэн хөгжлийн бодлого гээд яриад л байдаг, үе үеийн Засгийн газрууд батлаад л байдаг. Одоо манай улсад хэрэгждэггүй цаасан дээр үлдсэн бодлогууд, хуулиуд дэндүү олон байна. Нэг нь ч хэрэгжээгүй байна. Ганцхан цемент дээр амжилттай явсан. Одоо шинээр зарласан аж үйлдвэржилтийн бодлогын хамгийн эхний үр дүн, хамгийн эхний бүтээгдэхүүн бол цемент байна. Бүтээгүй мөрөөдлийн жагсаалт, хэрэгжээгүй бодлогын домгуудыг ярих юм бол урт зүйл хөврөнө. Арматур гээд 30 жил ярилаа. Эрчим хүчний хэдэн төслүүд байна. Одоо дахиад үйлдвэр барих боломж байхгүй. Манай мөнгө олж байгаа ганц төсөл уул уурхай. Гэхдээ сая цар тахлын үед бид харлаа шүү дээ. Хил хаагдлаа, нөгөө экспорт зогсчихож байгаа юм. Юугаар хүмүүсээ ажлын байраар хангаж, юугаар талхаа олж идэх вэ гэхээр байхгүй. Ажлын байрыг үйлдвэржилт л бий болгоно. Үйлдвэрүүд маань бий болгоно. Мал аж ахуй маань байгаа ч нөгөө талдаа илүү мах, сүү, арьс шир, ноос, ноолуурын үйлдвэржилтийн шаардлага руу шахагдаад л байгааг бид бүгд харж байна. Ярьсаар байдаг төслүүд байна. Жишээ нь нөгөө Тавантолгойн цахилгаан станц яасан. Өнөө Эгийн голын цахилгаан станц яасан. Нөгөө Багануурын цахилгаан станц яасан. Нэг нь ч байхгүй. Одоо цаашид Монгол Улсад том үйлдвэр барих эрчим хүчний хангамж байхгүй. Баруун аймагт дахиад нэг ийм том үйлдвэр барих боломж одоогоор байхгүй. Бид бодлогын уялдаагүй, төлөвлөлт гэдэг юм байхгүй давхиж ирсэн учраас ингээд дараа дараагийнхаа төслүүдийг боомилчихсон байдалд байна. Зүгээр л бодлогын алдаа байна. Одоо том төслүүдээ явуулахын тулд эрчим хүч Монгол Улсад хэрэгтэй. Эрчим хүчний төслүүдийг эхэлж явуулахгүй бол дараагийнх нь явахад үнэхээр хэцүү. УИХ-ын гишүүд зарим нь яриад л байх шиг байна лээ. Дараа өвлөөс тогийг чинь хязгаарлана шүү гээд. Энэ нь хотод ямар ч том үйлдвэр барих боломжгүй л гэсэн үг байхгүй юу.Айлуудын тогийг хязгаарлах тухай анхааруулж байна шүү дээ. Тэгэхээр манай нөгөө аж үйлдвэржилтийн салбараа босгож ирэх зорилтууд, Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа- 2050гээд мөрөөдөөд байгаа юмнууд яах вэ. Бид маш олон жил сайхан ярьж ирсэн. Ярьсаар ч байгаа. Гэхдээ суурь ухагдахуунаа, аль аль төслийг, ямар дараалалтай явах вэ гэдгээ эхлээд ойлгомоор байгаа юм. Дээр нь хувийн хэвшлээ дэмждэггүй юмаа гэхэд дарамтлаад баймааргүй байна.

- Ер нь бол бизнесийнхээ орчноос Төр буруу оролцоогоо л хойш нь татчих гэдэг юмыг л хувийн хэвшлийнхэн олон жил гуйж ирсэн . Өөр Төрөөс гуйх зүйл байхгүй. Зах зээлийн нийгэмд хөл тавьсан эхэн үед бол Засгийн газраас батламж гаргаж өгөх мэтийн гуйлтууд байсан. Одоо бол та нар битгий оролцоочээ л гэж байгаа.

- Үнэн.

- Одоо таны амьдралынхаа эрч хүчтэй нэгэн үеийг зориулаад, шатаад, шаналаад явж байгаа энэ дэд бүтцийн үндсэн түүхий эд гэж ярьдаг бүтээгдэхүүний үйлдвэрлэл байна. Манайх бол үйлдвэржилтгүй орон. Одоо энэ үндсэн түүхий эдүүдээ өөрсдөө хийдэг болъё. Ялангуяа тодорхой бүс нутгуудын цөм дээр барья гээд зүтгэж байна. Сүүлийн 15- 16 жил энэ талаар ярьсан шүү дээ. Миний мэдэхийн л 2012 онд яриад л нэг тогтоол гарч л байсан. 2015 онд ч ярьж байсан. 2020 онд мөн адил.

- Олон жил ярьсан. Үе үеийн Засгийн газрууд тогтоол шийдвэрүүд гаргаж л байсан. 

- За, хөгжлийн хөтөлбөрүүдээ явуулья. Хүнд үйлдвэрүүдээ барья гээд энэ тусгай төслүүдээ санхүүжүүлэх банкаа байгууллаа. Ингээд юм хөдөлсөн. Баруун бүсэд гоё үйлдвэр баригдаж байна гээд бид баярлаад л байсан. Гэтэл сая Хөгжлийн банк өөрөө монголын нийгэмд тоос босгосон маш хачирхалтай дэвээ шаваа үзүүлж, хөрөнгө оруулалтын орчинд тогтворгүй байдал үүсгэлээ. Банк улс төржиж байхыг, банк улс төрийн тайзан дээр гарч ирээд хямдхан жүжиг тоглож өөрсдийгөө болон явж байгаа том төслүүдийг баллаж байхыг огт үзээгүй. Улс төрийн томилгоотой ажилласан хэдэн захирлын алдаатай бодлого, түүнээс үүдсэн бохир юмаа авч гарахын тулд ийм савлагаа үүсгэж тоглож болохгүй шүү дээ. Үйлдвэрлэгчид бол үндсэндээ таг дуугүй л байх юм. Гэтэл энэ Хөгжлийн банкны өөрийнх нь байгуулагдсан зорилго юу билээ. Энэ банк чинь өөрөө тусгай хуультай банк шүү дээ. Тодорхой чиг үүргийн банк байгуулагдаж, итгэл найдвар төрүүлж байж та нар чинь гадна дотноос хөрөнгө оруулалт босгож энэ үйлдвэрээ бариа биз дээ. Тэгэхээр энэ банкны чиг үүргийг, үүсээд байгаа нөхцөл байдлыг үүн дээр итгэл найдвараа дэнчин болгож тавиад зүтгэсээр босгосон энэ төслийг авч явж байгаа улсууд ярих ёстой шүү дээ. Ер нь үүнээс өөр төсөл яагаад хийгээгүй юм ?

- Монгол шиг хөгжиж байгаа улс орнуудад тодорхой чиг үүргийн дагуу Хөгжлийн банк шиг банк байгуулдаг. Тэгээд тэр банк ньбусад зах зээлээс хямд эх үүсвэр олж ирээд өөрийн орны бизнесүүд, томоохон төслүүдийг дэмжих зорилготой үйл ажиллагаа явуулдаг. Тэр нь жинхэнээрээ яг улс эх орныхоо хөгжилд жинтэй хувь нэмэр болж байдаг. Хувь хүний бизнес биш. Улс эх оронд хэрэгтэй, бүс нутагт хэрэгтэй ийм том төслүүдийг дэмждэг ийм банкууд байдаг . Ийм жишгийн банк байх нь зөв үү гэвэл миний хувьд зөв гэж хэлнэ. Харин манай Хөгжлийн банк маань ямар төслүүдэд зээл олгоод ирсэн, яасныг бид сая л мэдэж байна.. Нөгөө утгаараа Монгол Улс баян ядуугийн ялгаанаас гадна нөгөө баруун бүсийн, зүүн бүсийн, төвийн бүсийн хүмүүсийн амьдралын ялгаа гэж асуудал гарах нь ээ. Одоо гарчихсан байна. Энэ ялгаагаар улам зааглагдах нь. Гэтэл бидний мөрөөдөл чинь Монгол Улс даяараа нэгдсэн бодлогоор, иргэд нь адилхан сайхан тэгш амьжиргаатай, бараа бүтээгдэхүүнүүд нь ойролцоо үнэ ханштай байх тийм л мөрөөдөл биз дээ. Би зөвхөн цементэн дээрээ үнэ ярихад хотод байгаа 280 мянгын цемент баруун бүсэд 500 руу дөхөж байна. Зардлаа нэмээд. Тэгэхээр энэ жишээн дээр гэхэд л тэр хүмүүс ямар өндөр өртөгтэй амьдарч байна гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Нөгөө барьж байгаа, цемент орж байгаа бүх л юм нь, барилга нь байна уу, хашаа нь байна уу, одоо юу нь байна, малын хороо нь байна уу бүх юм нь төвийн бүсэд амьдарч байгаа Монгол улсын иргэнээс 2 дахин өндөр өртөгөөр босч байна аа л гэсэн үг. Энэ амьдралын чанарын зааг ялгаа чинь одоо зөвхөн хотын төв, гэр хороолол хоёр биш бүр улс орон даяараа, бүсээрээ, аймаг аймгаараа болоод явж байна. Ийм байж болохгүй ээ. Тэгэхээр Монгол Улс бол нэгдсэн улс хэвээрээ байгаа юм бол нэгдмэл төр засагтай юм бол ард иргэдээ адилхан орлого олох нөхцөл, адилхан бүтээгдэхүүн хэрэглэх нөхцлөөр хангах ёстой. Бидний төсөл эхлүүлсэн зорилго нь ерөөсөө л энэ. Тэгэхээр баруун бүсийнхээ алслагдсан ард иргэдэд, тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд тусалъя. Барилга байшин барих боломжоор нь хангая гээд л бид ажиллаж байна. Энэ үйлдвэрийг барих, энэ төслийг босгох нь өөрөө нүсэр том ажил шүү дээ. Энэ цемент чинь уул уурхай шиг биш. Маш олон эрдэс баялаг орж, үйлдвэрийн нарийн аргаар боловсруулж байж энэ цемент гэдэг бүтээгдэхүүн чинь гарч байгаа юм. Тэр эрдэс баялгууд нь газар дээрээ байна. Тэрийг боловсруулах техник технологи, инженерийн шийдэл нь бидэнд байна, тийм үү. Хөгжлийн банк төвийн бүсийн гурван цементийн үйлдвэрт санхүүжилт олгосон байсан. Бид нар бол баяртай л байсан. За, үнэхээр хөгжлийн томоохон аж үйлдвэрийн төслүүдэд одоо зээл олгож байгаа юм байна. Тэгэхээр бид бас баруун бүсийн алслагдсан иргэдэд зориулсан бүтээгдэхүүн гаргая гээд. Ер нь цемент бол 500 км-ын тойрог дотор л зарагддаг бүтээгдэхүүн. Тэрнээс илүү гарвал л үнэ өртөг нь, тээврийн зардал нь барагдахгүй. Маш олон янзын тусгай эрдэс баялгуудыг бас ашиглаж боловсруулдаг бүтээгдэхүүн байхгүй юу. Ухаж гаргаад л ачиж байгаа нүүрс биш. Шууд экспортолж байгаа бүтээгдэхүүн биш шүү дээ. Дотооддоо хүн ардын байнгын хэрэгцээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг үйлдвэр шүү дээ. Ингээд бид бусдын адил Хөгжлийн банкинд тухайн үедээ хандсан. Тэгээд Хөгжлийн банк маань өөрсдийн чиг үүргийн дагуу буюу импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх том төслүүдийг нэгдүгээрт дэмжинэ гэсэн бодлогынхоо үүднээс зээл олгосон гэж ойлгож байгаа. Нөгөө утгаараа Монгол Улсын бусад арилжааны банкуудад үнэндээ иймэрхүү том төслүүдийг санхүүжүүлэх боломж нь алга байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад нөгөө төр засгийн яриад байдаг, цаасан дээр байж ирсэн олон төслийг хийхэд эсвэл олон улсын банк санхүүгийн байгууллага юм уу, эсвэл төрөөс дэмжлэгтэй хөгжлийн төслийг дэмждэг Хөгжлийн банк руу л хандана. Өөр яах юм.

- Одоо босчихоод байгаа хоёр цементийн үйлдвэрийг харж байхад гаднаас л бас ихэнх санхүүгээ босгосон байдаг юм билээ.

- Тийм. Дан Хөгжлийн банкны зээл дээр босно гэж байхгүй. 

- Танай төсөл нийт өртөг хэдэд босож байна вэ ?

- КОВИД-ийн шалтгааны улмаас өртөг маань асар их нэмэгдлээ шүү дээ. Дор хаяад өргөн хэрэглээн дээр 30, инфляци 15 хувь болчихсон. Барилгын бусад бараа материал дандаа импортоор орж ирдэг. Үүнийг дагаад асар өндөр ачаалал ирсэн. Гэхдээ бид бол 70 сая ам.долларт багтааж энэ үйлдвэрээ дуусгахаар төлөвлөж байна. Хөгжлийн банкнаас авсан зээл бол энэ 70 сая ам.долларын ердөө 40 хувь нь шүү дээ. Бид 28 сая ам.долларын л зээл авсан.

-Ер нь хөгжлийн төлөөх том төслийг санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй банкнаасаа гарын таван хуруунд багтах төслүүдийнх нь авсан зээл нь өөрөө яг төсөл бүрэн гүйцэд босох өртгийнх нь маш бага хувийг эзэлж байгаа. Энэ зээл өөрөө доллароор олгогдсон зээл гэдэгт л ханшийн зөрүүнээс ирсэн гол дарамт үүсчихээд байгаа шүү дээ?

- Тийм. Аль ч банк эрсдэлээ бодсон ч гэсэн 100 хувь өөрөө санхүүжүүлбэл утгагүй л дээ. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд нь, санхүүгийн хамтын ажиллагаа санал болгож байгаа хувийн хэвшил нь өөрөө бас чадваргүй байна гэсэн үг. Тэгэхээр бид чадвартайгаа харуулж, өөрсдөө эх үүсвэртэй юм, бид энэ төслийнхөө талаас илүү хувийг өөрсдөө санхүүжүүлэх юм гэхэд нөгөө банкинд ч гэсэн таатай байна биз дээ. Нөгөө талаас бид л ингэж дэлгээтэй хэрүүл хийж, нийгмээрээ тэрийг нь хэлэлцэж яриад сууж байгаа болохоос биш уг нь бол ямар ч банкин дээр хувийн хэвшлийнхний байгуулсан гэрээ хэлэлцээр, хэмжээ, хүү гээд бүх мэдээлэл нууц байдаг юм шүү дээ. Дэлхийн аль ч банк ийм ёс зүйн кодыг баримталдаг. 

- Дэлхийн жишиг нь өөрөө ийм байдаг .

- Жишиг нь. Гэтэл манайд бол энэ. Бид нар чинь зээлээ хэвийн төлөөд, Хөгжлийн банкныхан сар болгон очиж шалгаад, хэвийн л явж байна гэж ойлгоод ажиллаж байгаа байхгүй юу. Гэтэл гэнэт л бүгдийг нь ил гаргаж цацаад л, нийгмээр нь хэлэлцүүлээд л юу ч болоод байгаа юм. Одоо тэгээд ярихаас аргагүй нөхцөл байдал руу оруулчихлаа л даа.

- Бүгдээрээ л хулгайч нэр авчихлаа шүү дээ. Юун үйлдвэрлэгчид...

-Тийм. Тэр банкны олгосон зээлүүд дотор янз бүрийн зээл байх шиг байгаа юм. Тэр цаад үйл ажиллагаа нь яаж явж байгааг бол бид мэдэхгүй шүү дээ.

- Та бол нэг төслийнх нь нэг удирдагч. Биднийхээс огт өөр салбарт ажилладаг хүн учраас бусдын тухай мэдээллүүдийг төдийлөн сонирхохыг хүсэхгүй байх шиг. Ярилцлагыг хөтөлж байгаа миний хувьд бас нөгөө талаас нь ч жаахан ойлгуулах юмсан гэж хичээгээд байгаа юм. Та бас үүнийг ойлгоорой. Угаасаа авсан зээлээ төлөхийг ч хүсээгүй, эргэн төлөлт нэг ч байхгүй компаниуд олон байна. Дээрээс нь төрийн өмчит компаниуд ч маш их зээл авсан байна. Энэ банкны санхүүжүүлэх үүрэгтэй үндсэн чиг үүргийн бус зөндөө нөхдүүд энд гараа дүрчихсэн байгаа учраас л асуудал ингэж яригдаж байна. Гол нь жинхэнэ үйлдвэрлэгчид энэ үйл явдлын хөлд хохирлоо. Анхнаасаа асуудлыг гаргаж ирж нүдэхдээ нөгөө том төслүүдээ тайзны зураг болгочихсонд л ийм гажуудал явчихлаа.

- Ер нь бол манай нийгэм асар их сошиал давалгаагаар амьсгалж байна. Яг инженерийн сэтгэхүйгээр юм уу, хөрөнгө оруулагчийн сэтгэхүйгээр хувийн хэвшлийнхээ орчныг харж байгаа юм алга. Ерөөсөө нэлэнхүйдээ ул суурьтай асуудлыг бодохоо байчихсан юм уу даа гэж харагддаг. Энэ нь өөрөө улсаар нь биднийг маш муухай харагдуулж байна. Юм хийдэг хэсгээ олноороо суугаад л харлуулаад нүдэж байдаг. Татвар төлөгчдөө л авлаад байдаг. Бөөн шударга шүүгчид болчихсон. Хэзээ ч ажил хийдэг, урагшилж яваа, мөрөөдөл тэмүүлэлтэй, ирээдүйнхээ төлөө зүтгэж байгаа улс оронд ийм зав зай байхгүй . Бид КОВИД-ийг хоёр жил асар хүнд нөхцөлд давсан. Зардлууд асар их нэмэгдсэн. Ажиллах хүчин маань КОВИД-ын тусгаарлалтад байн байн орж байлаа. Хил гааль хаалттай. Аж ахуйн нэгжүүд ямар хүнд байдалд оров. Одоо эдийн засгаа богино хугацаанд сэргээхийн төлөө нэгдмээр байна. 

- Танайх яг графикаараа явсан бол ашиглалтад хэзээ орох байсан бэ?

- Түрүү жил орчих байсан.

- Одоо энэ жилдээ багтаж орох гэж байна уу?

- Энэ жилдээ багтаана гээд л явж байна. Гэтэл бас л нөгөө хил гааль маань хаалттай. Хоёр том хөрш маань үндсэндээ биднийгээ сайхан хаачихсан байна шүү дээ. Дээр нь Монголын боловсон хүчин маань ямар билээ. Энэ бол маш нарийн технологитой төсөл. Асар үнэтэй 8 мянган тонн тоног төхөөрөмж байна. Тэрийг угсрах хүмүүс маань хэр олдоцтой билээ. Гэхдээ би нэг юм хэлмээр байна. КОВИД-ийн хүнд нөхцөл байдлыг бид яаж ийгээд даваад гарлаа. Гэтэл ард нь Хөгжлийн банк тойрсон асуудлаар зүв зүгээр явж байсан бидний зээлийн гэрээг ил болгосон шуугиан бол бидэнд КОВИД-оос илүү дарамт болчихож байгаа юм. Аж амьдралаа даатгаад зүтгэж байгаа олон зуун иргэдийн санаа сэтгэл, итгэл найдвар нурж байгаа нь бүр хэд дэх асуудал ч болж байгаа юм бэ дээ. Юуг эн тэргүүнд эрэмбэлэх ёстойгоо хөсөр хаячихсан мэт заримдаа санагдах юм. Хувийн хэвшлийнхнийхээ бизнесийн нэр хүндийг яав. Зүгээр л шимэгч нартайгаа адилхан түвшинд аваачаад хаячихаж байгаа байхгүй юу. 

-Бизнесийн орчноо баллаж таллаж хаяж байгаад л том харуусал байна. Энэ сэдвийг хөндвөл луйварчдыг хамгаалагч нэр зүүнэ. Үнэхээр гутармаар байна шүү дээ.

- Ийм агаараар амьсгалж байгаа ард иргэд, ажиллагсад маань ямар сэтгэл санаатай байх вэ. Манайх бол КОВИД-ийн үед ямар ч гадаад ажилтан нааш, цааш явахгүй байхад жилд 1000 монгол залуугаар барилгаа бариулсан. Хоёр жил тэд нарыгаа цалинжуулаад бариулж байгаа юм. 2000 хүнийг цалинжуулаад гүрийгээд яваад ирж байгаа юм. Одоо угсралтан дээрээ ингээд удаашраад, нөгөө гадаад ажилтнууд маань хил гаалийн асуудлаас ирж чаддаггүй. Шууд зорчих хөдөлгөөн байхгүйгээс болж төсөл ингээд саатаж байна. Замын-Үүд дээр яаж ч бөглөрсөн байсан бид аргыг нь олоод л тэр олон мянган тонн тоног төхөөрөмжийг төслийн талбайд Ховд руу татаад л ирсэн. Баруун хилээр татлаа. Хувийн хэвшил аргыг нь олж л байгаа байхгүй юу. Нүд үнэн, чих худал гэгчээр манайхан мэдэхгүй юмаа сайхан сэвдэг. Мэдээж Ховдод байгаа, баруун бүсэд амьдарч байгаа иргэд нүдээр үзэж харж байгаа, нээгдэхийг нь хүлээж байгаа хүмүүсийн хувьд итгэл тавиад л манай төслийг хүлээж байгаа. Оргүй хов хоосон талд босоод ирж байгаа асар том үйлдвэр л байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талд нийгмийн маань дийлэнх нь юу гэж ойлгож байна вэ гэхээр, “Өө, юу ч хийгээгүй юм байна. Их бага хүүтэй зээл авчихсан юм байна. Барьцаагүй авчихсан юм байна” гэх мэт ямар ч ойлголтгүй харанхуй угаалтад автчихаж.. Би гайхаад байгаа юм. Тийм зээлүүд, тийм төслүүд байгаа бол тэр банк одоо яаж ажиллаж ирсэн байна вэ. Бид нарын бол шүүсийг нь шахаад л байдаг банк биз дээ. 40 хувийн санхүүжилтийг авахын тулд бид тэрнээс нь 2 дахин их барьцаа хөрөнгөө тавьж байж авч байгаа юм шүү дээ. Одоо 40 хувийн санхүүжилт болох 28 сая ам.доллароо 80 тэрбум гээд үзье л дээ. 80 тэрбумын зээл авах гэж 160 тэрбумын хөрөнгийг банкинд барьцаалчихсан байгаа гэсэн үг. 

- Өчигдөр би нэг танил бизнесментэй тааралдсан юм. Мэдээж бидний дунд болж буй үйл явдлын талаар яриа өрнөсөн.“Иргэд рүү турхирч буй нэг угаалт нь зүгээр л иргэн Дамба ч юм уу, Дорж энэ зээлийг авах боломжтой.Гэтэл энэ нөхдүүд тэр боломжийг нь хулгайлчихлаа” гэсэн яриа юм. Жишээ нь би Хөгжлийн банкнаас зээл авах гэхэд надад барьцаа хөрөнгө байхгүй. Энэ банк нь өөрөө хөгжлийн том том хөтөлбөрүүд, хүнд үйлдвэрүүдийн төслүүдийг санхүүжүүлэх чиг үүрэгтэй шүү дээ. Тэр түвшний санхүүгийн харилцаа тээхүйц нөхөд харилцана гэсэн үг. Үүнийг ойлгуулах л хэцүү байна. Та нар гэвч ярихгүй юм даа” гэж би түүнд хэлсэн. Гэтэл тэр “Битгий ингээд даралт ихэсгээд бай л даа. Ийм түвшний юм ярихаас ч хэцүү байна шүү дээ. Сая сая долларын хөгжлийн том том хөтөлбөрүүдэд зориулсан зээлийн асуудал биз дээ. Жижиг дунд үйлдвэрлэл тойрсон асуудлаа тусад нь ярь. ЖДҮ-гээ ярь л даа. Жинхэнэ иргэдийн боломжийг хулгайлсан нөхдөө орхичихлоо шүү дээ.Түвшнээ ялга л даа. Битгий ийм юм ярь. Эсвэл чи зүгээр л сайхан инээмээр байгаа бол одоо инээх тэнхэл бизнесийнхэн бидэнд үлдээгүй” гэж хэлж байгаа юм. Энэ бол надад маш гашуун сонсогдсон.

- Тийм. Маш хэцүү яриа. Нэг том төслийг боловсруулах гэж хугацаа орно. Боловсруулах үе шатыг би ярьж байна шүү. Манайх гэхэд 2014 онд анхны ТЭЗҮ батлагдсан байх жишээтэй. 2014 онд шүү дээ, бүхэл бүтэн 8 жилийн өмнө гэсэн үг. Тэрнээс хойш явсаар 2019 онд шав тавьтлаа 5 жил бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Тэр бэлтгэл ажил өөрөө асар өндөр өртөгтэй ажил шүү дээ. Маш их хөрөнгө зарцуулагддаг. 

- Тийм шүү дээ.

-Туршлага цуглуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, техникээ бүрдүүлэх гээд ажлууд явагдана. За, тэгээд газар дор байгаа тав, зургаан эрдсийг ашиглаад цемент гарах уу гэдгийг чинь зөндөө үе шаттай туршилтын ажлуудаар нотолно. Олон улсын лабораториудад явуулна. 

- Бас геологийн олон үе шаттай ажиллагаанууд явагдана. Өндөр өртөгтэй ажлууд...

- Мэдээж. Энэ бүх үе шаттай, өндөр өртөгтэй ажиллагаануудыг хийх хүчин чадал байна уу гэдэг асуудал өөрөө нөгөө банктай харилцах шалгуурын эхний шалгуур байж таарна. Одоо иргэн хүн яагаад энэ зээлүүдийг авч болдоггүй юм бэ гэдэг дээр би хариулт өгөх гээд байна л даа. Энэ том үйлдвэрийг хийх зээлийг авахад, эдгээр түвшний төслүүдийн санхүүжилтийг босгоход хэнээс ч хамаагүй зээл авч болно. Хөгжлийн банк биш байж ч болно. Эсвэл жирийн арилжааны банк байж болно. Эсвэл олон улсын банкуудаас авч болно. EBRD, IFC ч юм уу энэ банкууд адилхан л шаардлага тавина. “За та яг үнэхээр чадамжтай юм уу. Танай хүний нөөц чинь хэр чадамжтай юм. Техникийн хүчин чадал чинь хэр юм. Ямар түвшний судалгаануудыг хэдэн жил хийсэн юм” гээд шалгуурууд зоолттой байж байна. За тэгээд түрүүн бид хоёрын ярьсан хамгийн чухал үзүүлэлт гарч ирнэ. “Танд бас өөрийн хөрөнгө байна уу. Дээрээс нь өөрийн хөрөнгөөс гадна манай банкнаас авсан зээлийнхээ барьцааг дийлэх юм уу”.. Тэгэхээр ийм түвшний зээлийг нэг хувь хүн авдаггүй юм аа. Ийм зээлийг авах боломжгүй. Энэ харилцаа нь өөрөө маш зохион байгуулалттай, группын хэмжээний компаниуд дээр л яригдана. Жижиг компани хэрэгжүүлэх боломжгүй. Зарчим нь, дэлхий дахинд хөгжлийн төслүүд явдаг жишиг нь энэ юм. Уг нь энэ тийм ойлгомжгүй юм биш шүү дээ. 

- Тэгэхээр мөрөөдөлтэй иргэний боломжийг хулгайлах тухай яриа энэ төрлийн зээлийн харилцаан дээр явагдах боломжгүй гэдгийг нийгмийг савлуулж байгаа нөхдүүд ойлгохгүй байна л даа.

- Иргэн байтугай, жижиг компани хэрэгжүүлэх боломж байхгүй. Тэгэхээр манайханд том төслийг хэрэгжүүлж үзээгүйн зовлон бас байна л даа. Ганцхан “Оюутолгой”-гоо л яриад арван хэдэн жил явлаа. Уул уурхайн ганц хоёр төсөлтэй. Тэрийгээ сүүлийн 20 жил бас харлуулж, харааж нүдлээ. Үнэхээр гунигтай л даа. 

- Эхлүүлэх гэж 5- 6 жил хэрэлдсэн л дээ, “Оюутолгой” дээр гэхэд...

- Нэгэнт л бидний амьдрал болохоор яалтай. Нөгөө талаараа бид суралцаж л байна. Гэхдээ бас хугацаа алдмааргүй байна шүү дээ. Асуудал хэдийгээр ийм энгийн боловч бидэнд болох болохгүй зүйл их байна. Дээр нь ингэж их ажиллаад бидэнд ашиг өгөх юм уу, үгүй юм уу. Энэ банкны хүүний асуудал байна. Засаг төрийн бодлого тогтвортой яваад, иргэн хүний орлого ихэсч байж л орон сууц худалдаж авна шүү дээ. Тэр цемент чинь дахиад тэндээ зарагдах гээд байна аа даа. Тэгэхээр манай хөгжлийн бодлогууд хэр урагштай явах юм. Хэр ашигтай байх юм. Банкны хүү тойрсон асуудлууд дээр албаар ташаа мэдээлэл түгээж байх жишээтэй. “ Энэ зээл чинь бараг 3 хувийн хүүтэй юм гэнэ. Яг жижиг дунд үйлдвэрлэлд зориулсан зээл шиг” гээд л. Ийм худал гүтгэлэг явуулах нь хэнд ашигтай юм бол. Үнэн хэрэг дээрээ арилжааны банкнаасаа илүү хүүтэй байхгүй юу. Ам.долларын зээл шүү дээ, маш өндөр хүүтэй зээл. Сая Монголбанкны бодлогын хүү нэмэгдсэнтэй холбогдуулаад манай зээлийн хүүг Хөгжлийн банк өөрсдөө бараг 18 хувийн хүү байна шүү дээ гэж хэлж байгаа юм. Арилжааны банкны хүү өнөөдөр 16 хувь хавьцаа байгаа. Нөгөө талаас үйлдвэр баригдсанаар ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг ярих ёстой. Хэнд ач холбогдолтой юм гэдэг асуудал бас байгаад байгаа байхгүй юу. Яг үнэндээ бол хувийн хэвшил манлайлаад нөгөө 10 жил цаасан дээр байсан хөтөлбөрүүдийг чинь ингээд газар дээр босгоод ирлээ. Ерөөсөө юм босгоод амьдруулаад ирэнгүүт л манайхан маргаж байгаа юм. Хийхгүй мөртлөө хийснээ хэмлэдэг зантай.

- Зориулалтын бусаар олгогдсон, банкны дүрэм журмыг зөрчиж олгосон асар их зээл байгаа юм л даа. Энэ алдаа завхрал нь хөгжлийн зээлүүд рүүгээ үсэрхийлчихлээ шүү дээ.

-Тийм. Тэд нартай хольж хутгаад явчихсан. Тэгэхээр тэд нарыгаа хуулийн дагуу тусад нь авч үзэх хэрэгтэй. Бид бол урдах ажлаа анхаараад зүтгэж байгаа шүү дээ. Зөв ойлгуулахын тулд хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн гол үүрэгтэй. Том ач холбогдлын хувьд энэ төсөл маань ажлын байр нэмэгдүүлэх бодлогыг нь авч явж байгаа төслүүдшүү дээ. Хөгжил гэдэг юунаас эхлэх вэ гэдгээ зөв томъёолж харах ёстой. Хөгжил гэдэг аж үйлдвэрлэлтийн зүй зохистой бодлогоос, хамгийн энгийнээр хэлэхэд ажлын байрнаас эхэлнэ. Аж үйлдвэрийн хэдэн төсөл хэрэгжээд, хэдэн мянган хүнийг цалинжуулаад, хэдэн мянган гэр бүлийн аж амьдралыг аваад явж байгаа юм гэдгээ тооцож хармаар байна. Харах ёстой гол юмнуудаа харж, тооцох ёстой үзүүлэлтүүдээрээ тооцохгүй хий эргээд л хэрүүл тэмцэлд хамаг цагаа урсгаад байх нь өөрөө эмгэнэл шүү дээ. 

- Зөвхөн танай төсөл босох явцад гэхэд та бүхэн 1000-аад монгол залууг ажлын байраар хангасан гэж байна. Төсөл яг бүрэн гүйцэд хэрэгжихээр танайх хэдэн ажлын байр бий болгох тооцоо гарсан бэ?

- Мэдээж бид хувийн хэвшил учраас аль болох зөв зохион байгуулалтаар ажиллахыг зорино. Гэхдээ энэ чинь үйлдвэр учраас 24 цаг ажиллавал ямар ачаалал явагдах вэ. Нарийн технологи ажиллаад эхлэх учраас ямар хүчин чадалтай боловсон хүчнүүд шаардагдах вэ гээд үйлдвэрийн нарийн горим үйлчилнэ. Эхний ээлжинд 300 гаруй хүнийг шууд шинээр ажилд авах юм байна гэсэн тооцоо гарч байгаа. Янз бүрийн мэргэжлийн хүмүүсийг авна шүү дээ.

- Нарийн мэргэжлийн боловсон хүчнүүд...

- Эхний ээлжинд ажилд авах 300 хүнээр яг таг тооцож бас болохгүй. Тэр үйлдвэрийг чинь тойроод шинэ орчин үүснэ. Янз бүрийн бараа бүтээгдэхүүн, мах, сүү, ногоогоор хангах зах зээл үүснэ. Эргэн тойрны малчидтай ч бид харилцаа тогтоогоод явж байна. Манайх чинь 3000 орчим иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна шүү дээ. Жинхэнэ ЖДҮ-г чинь тэнд бид дэмжиж байна. Нөгөө том үйлдвэрийн чинь хаяа, хаялга дагаж шинэ ажил амьдралын орчин ингээд үүсч байгаа юм л даа.. Жижиг, дунд үйлдвэрлэлүүдээс бүтээгдэхүүн авч байна. Сандал ширээ хийдэг бол тэрийг нь авч байна. Ажлын хувцсыг нь авч байна. Ногоо цагаа тарьж байгааг нь авч байна. Манай Ховдынхон чинь сайхан ногоо тарина. Намар гэхэд нөгөө алдартай тарвас нь ургачихна. Сонгино, төмс, лууван гараад ирнэ. Энэ бүхнийг чинь худалдан авна. Жижиг аж ахуйн нэгжүүдийнх ньорлогыг шууд ихэсгэж байгаа юм. Юу гэж л Улаанбаатараас, 1500 км-ээс ногоо зөөгөөд явж байх вэ дээ. Ингээд үйлдвэр эргэн тойрноо дэмжээд эхэлж байна. 

- Тэгэхээр мэдээж тэр бүс нутгийн хэрэглэгчид бол энэ төслөө бушуухан амьдраасай л гэж хүсэх нь ойлгомжтой. Тэнд бол үл ойлголцол, хэрүүл тэмцэл байхгүй биз дээ?

-Тэнд бол ямар ч асуудал байхгүй. Харин ч иргэд нь том том хувийн байшин барих гээд төлөвлөчихсөн байсан чинь ажил саатчихаад байна. Танай үйлдвэр хэзээ ашиглалтад орох гэж байна вэ гээд аж ахуйн нэгжүүд нь хол ойроос шаардаад эхэлж байна. Увсаас ярьж байна, Баян-Өлгийгөөс, Говь-Алтайгаас ярьж байна. “Цемент хэзээ гарах гээд байна аа. Бид зардлаа бодлоо. Тэгээд танайхыг л хүлээгээд байна аа. Цемент хурдан гарвал тэнд нэг хаус эхлэх гээд байна. Энд нэг дэлгүүрийн байшин эхлэх гээд байна. Ийм хөрөнгө оруулалт хиймээр байна” гээд тал талаас яриастай.

- Бид бол хувь заяаны эрхээр хоёр том их гүрний дунд бас л зовлонгоо туулж яваа ард түмэн. Тийм болохоор энэ хараат байдлуудаас эхлээд дэд бүтцийн гол түүхий эд болох цементээрээ гарчих гээд хувийн хэвшлийнхэн маань зүтгэж байна. Бид цементээр 100 хувь гадны хараат байсан. Хятадын Эрээн хотод зөвхөн монгол руу гаргадаг цементийн үйлдвэрүүд ажиллаж л байсан шүү дээ. Тэрнийхээ чанар, стандартыг ч шалгах, мэдэх эрхгүй ачаад л саарал тоос пургиулаад наашаа давхидаг. Одоо түрүүчээсээ барьсан босгосон эхний үеийн байшин барилга маань ямархуу чанартай байгаа билээ. Энэ 30 жил тэгж л явсан шүү дээ.

- Байдал ямар байсан, ямар байгаа тухайд ярих юм байхгүй шүү дээ. Бүгд дотроо мэдэж байгаа. Өмнөх байдлаасаа гарах гээд л дэлхийн шилдэг технологи оруулж ирээд, илүү өндөр үнэ төлөөд, илүү өндөр хүүтэй зээл авцгаагаад л зүтгэцгээж байна. 

- Танаас нэг зүйлийн талаар асуучих уу. Үйлдвэржилтийн аян зарлачихаад, хүнд үйлдвэрлэлийн төслүүдээ явуулах шийдвэр гаргачихаад, тодорхой чиг үүргийн банкаа байгуулчихаад яагаад хажуугаар нь зэрэгцээд Хятадын 100 хувь төрийн мэдлийн, дэлхийдээ магнатад ордог цементийн үйлдвэрийн салбарыг Монголд нээх зөвшөөрөл олгочихсон бэ. Та нар хэцүү бэрхийг туулахаар энэ төсөл рүү орж байж яагаад дугараагүй юм. Би үүнийг л бүр гайхаад байдаг юм. Горыг нь одоо амсаж байна гэж би бодож байгаа. Одоо түрүүчээсээ монгол сэтгүүлчийн амаариргэдийг хятадын цемент ав гэж уриалж эхэлж байна шүү дээ.

- Би өөрөө Олон улсын харилцааны мэргэжилтэй хүн л дээ. Дипломат албанд арван хэдэн жил ажилласан. Манай дотоодын улс төр тусдаа асуудал. Төлөөлсөн тойрог тойргоо бодоод хоорондоо хэмлэлдэж, тэмцэлддэг л юм байгаа биз. Ярьдаг л юм байгаа биз. Яг гадаад бодлого дээр бол бид нэгдмэл байр суурьтай, нэгдмэл дуу хоолойтой байх нь л тусгаар тогтнолын үндсэн дүрэм. Энэ зарчмаа эдийн засгийн бодлого дээрээ ч, олон улсын харилцааны болон соёлын бодлого дээрээ ч ягштал баримталж явж байж бусад дархлааны бодлогууд маань бэхжинэ гэж бодож байна. Гэхдээ яг одоо энэ аж үйлдвэржилтийн бодлого дээр манай бусад бодлогууд ямар салан задгай явж ирсэн нь илэрч байна л даа. Ер нь сүүлийн 30 жил бодлогоо бид хийж чадаагүй юм байна. Шударга хэлэхэд манай улстөрчид маш муу ажиллажээ. Уул уурхай дээр яасан. Нөгөө үнэ цохиод л, хямд авахуулаад л улсынхаа эсрэг гэмээр үйл ажиллагаанууд явсан. Үндэсний нэг үйлдвэрлэгч юм барих гэхээр л хооронд нь зодолдуулсаар байгаад л нөгөөхөө унагаагаад хаядаг. За, нэг ганц УЦС барих гэсэн яасан. Энэ бүгд дээр бол улс төр орох ёсгүй юм. Улс төр ороод, дотооддоо тэмцэлдээд байх юм бол хэзээ ч бид энэ байдлаасаа гарахгүй. Ашиг нь хаана тусах нь ойлгомжтой шүү дээ. 

- Түрүүн та ярилаа шүү дээ. Европын хөгжлийн банк нь ч байна уу, ер нь гадна дотны ямар ч банкны зээлдэгчидтэй харьцдаг зарчим нь юу вэ гэдэг талаар. Өөрөөр хэлбэл тэд хэнтэй, ямар түвшний түнштэй харьцах вэ гэдгээ шийддэг. Шийддэг дэлхийн жишиг, тодорхой зарчим нь тэнд үйлчилдэг. Монголын нэг парламентын гишүүн жишээ нь С.Бямбацогт гишүүн ч юм уу утасдаад л Европын хөгжлийн банкнаас зээл авчих тухай ойлголт байхгүй шүү дээ.

- Бид одоо ийм инээдэмтэй, эмгэнэлтэй юм яриад сууж байгаа маань өөрөө гуниг юм л даа. Ийм юм тайлбарлаад, учирлаад сууж байна гэхээр үнэхээр харамсалтай. 

- Тэгэхээр ийм том түвшинд хөдлөх эдийн засгийн нэр нүүр, гадна дотны том банкуудтай гар барих боломжоо яаж байгуулсан, ямар түүхтэй компани юм бэ гэдгийг тань одоо танаас асууя. Яагаад гэвэл нэг гишүүний үйлдвэр, нэг гишүүн л лоббидоод ийм том юм хийчихлээ гэдэг ойлголтыг явуулаад байгаа шүү дээ.

- Тэгэхээр түрүүн би танд ярьсан. Цементийн үйлдвэрүүдийн төслийн дөрөв нь зөвхөн төвийн бүсэд босчихож байгаа нь алдаа. Тэгвэл нэг нь яагаад баруун бүсэд байгуулаагүй юм. Төвийн бүсийн хэрэглээнээс давсан үйлдвэрүүд л бий болчихоод өнөөдөр асуудал үүсээд байна шүү дээ. За, тэр таны асууж байгаа хятад үйлдвэр байна гэх мэт 

- Та дипломат мэргэжилтэй хүн болохоор энэ асуултад бараг хариулахгүй юм байна л даа. Би ойлгож байна.

- Энэ компанитай холбоотой асуудлуудыг би огт сонирхоогүй. Тийм болохоор бэлэн хариулт алга байна. Та ойлгоорой. 

- Төрийн хар хайрцагны бодлогын асуудал энд сөхөгдөж байгаа юм л даа?

- Ерөөсөө л аж үйлдвэржилт гэдэг зүйл дээрээ нэгдмэл бодлого маань яаж явсан юм гэдэг асуудал. Мэдээж энэ бодлого дээр хувийн хэвшил манлайлах нь бол зөв. Яагаад гэвэл 30 жил Төр маань юу ч хийгээгүй, хийх гээд чадаагүй. Одоо бодлогоо зарласан юм бол саад битгий болоо л гэж байгаа шүү дээ. Буруу зөрүү бодлого нэмж бүү гаргаач. Гаргасан шийдвэрээ зүй зохистой хэрэгжүүлээч. Төвийн бүсэд үндэсний гурван том үйлдвэр явж байхад яах гэж тэр зөвшөөрлийг нь өгсөн юм. Нэгдмэл бодлогоороо харж чадаагүйн л шинж. 

- Та өөрийнхөө компанийн тухай товчхон танилцуулж болно биз дээ?

- “Нью прогресс” групп бол олон бизнес эрхэлдэг. Үндсэндээ 11 компани энэ айлын бүтцийг бүрдүүлдэг. Энэ компаниуд маань өөрсдөө тус тусын хувьцаа эзэмшигчидтэй. Хувьцаа эзэмшигчид бол компанийн анхны хөрөнгө оруулалт хийсэн, босгосон хүмүүс. Өнөөдрийн бизнесийг, өнөөдрийн төслийг авч явж байгаа хүмүүс маань менежмент, гүйцэтгэх удирдлагын баг. Үндсэндээ бизнесийн мэргэжлийн хүмүүс гэсэн үг. Хөрөнгө санхүүгийн асуудал, инженер техникийн асуудал гээд бүгд тус тусдаа байна. Бүр нарийн технологийн асуудал ч байна. Тэрийгээ дагаад салбарлаад ажиллана шүү дээ. Энэ бол нарийн мэргэжлийн хэсгийнхний асуудал. Энэ олон компаниуд нэгдэж байж энэ төслийг чинь өөрсдөө бусад бизнесийнхээ орлогоор санхүүжүүлж суурийг нь босгож байна. Бүтцийн хувьд ийм. 

- С.Бямбацогт гишүүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаад байгаа харагддаг. Тийм учраас л би асууж байгаа юм. Тэр энэ үйлдвэрт яг ямар хамаатай юм бэ?

- С.Бямбацогт гишүүн ямар ч хамаагүй.

- Хувьцаа эзэмшигч юм уу?

- Хувьцаа эзэмшигч биш. 

-Зүгээр Ховдоос сонгогдсон гишүүн учраас хамаатуулж хардаж сэрдээд байгаа юм уу?

-Тийм. Манай гүйцэтгэх удирдлагад дүү нь байдаг. Би гэхэд 2018 оноос энэ төсөл дээр ажиллахад С.Бямбацогт гишүүнтэй энэ төслийн асуудлаар нэг ч удаа уулзаж байгаагүй. Мэдээж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд төр, засгийн төлөөлөл төсөлтэй танилцахаар очиход тэр тойргоос сонгогдсон гишүүн учраас яг л тэдэнтэй адилхан ирээд, ийм явцтай, ингээд явж байгаа юм байна гээд танилцаад л явж байсан. Үнэндээ группын гүйцэтгэх удирдлагад огт хамаагүй хүн шүү дээ. Тэр банкийг тойрсон асуудлуудын талаар түрүүн хоёулаа ярилаа. Үнэндээ бас янз бүрээр л зээл авчихсан хүмүүс байгаа юм билээ шүү дээ. Бүр хачин хачин мэдээлэл гарлаа. Нэг ч төгрөгийн барьцаа хөрөнгө байршуулалгүй сая сая долларын зээл авчихсан байна гээд.

- Үнэхээр уур хүрмээр.

- Үнэхээр итгэхийн аргагүй мэдээллүүд яригдсан. Хэрэв манай төсөлд тэр хүн нөлөөлсөн бол бид тусламж гуйя л даа. За, та энэ дээр ингээд өг гээд. Нөлөөлсөн бол хамгийн өндөр хүүтэй зээлийг нь бид авах уу. Тэр их барьцааг бид нар тавих уу. Тэр барьцааныхаа оронд бид нар энэ төслөө санхүүжүүлээд барьцаа тавимааргүй явмаар байна шүү дээ. Хурдан дуусгамаар байна. Банкны энэ ам.долларын өндөр хувийн зээлд дарлуулмааргүй байна шүү дээ. Одоо энэ ханшийн алдагдал гэж маш том эрсдэл нөмрөөд байж байна. Ийм зовлонг тойрчихмоор байна шүү дээ. Өмнөх хоёр үйлдвэр дээр гарчихсан байгаа. Ам.доллар 1400-1500 байхад зээлийн гэрээ байгуулаад авчихсан. Өнөөдөр 3200 болчихлоо. Асуудлаа яг хийж босгож байгаа компаниуд нь ил, нээлттэй ярьж байна. Бид нар яг адилхан л байдалд байна шүү дээ. Ачаагаа үүрээд, төлөөд л явж байгаа. Зээлийн эргэн төлөлт хэвийн явж байгаа. Гол нь одоо хурдан дуусгах юмсан гээд л зүтгэж байна. Ямар нэг дарамтгүйгээр бүтээн байгуулалтынхаа ажилд цаг заваа зарцуулаад дуусгачих юмсан л гэдэг цорын ганц зорилготой ажиллаж байна. 20 гаруй жилийн түүхтэй компани болохоор бас ачаа үүрээд явж байна. 

- “Вестерн Холд” компани бол арай сүүлд байгуулагдсан байсан байх аа?

- “Вестерн Холд” 2008 онд анх байгуулагдсан манай охин компани. Бетон хийц, тулгуур гээд баруун бүсэд хамаг л бетон хийцийг хийж байсан ийм компани л даа. Энэ компанийг шинэ шатанд гаргаад ажилласан. Одоо шинэ төсөл дээр, том цементийн үйлдвэр бариад явж байна.

- Барьцаагүй зээл авсан компаниудын нэрс дотор анх яагаад оруулж цацсан юм бол?

-Үгүй одоо улс төр нь л юм байлгүй дээ. Барьцаагүй авчихжээ гэж гүтгэсэн. Гэхдээ Хөгжлийн банк өөрөө олон нийтэд хэвийн зээл гэдгээ зарласан. Эдний зээлийн эргэн төлөлт хэвийн явж байна аа. Барьцаа нь хангалттай байна аа гээд бүр УИХ-ын сонсгол дээр ярьсан. Ингээд үзүүлээд, тайлбарлаад ил тод харуулаад байхад л албаар мушгидаг юм байна. Тэгэхээр өөр зорилготой байдаг юм байна гэж өөрийн эрхгүй харж байгаа юм.

- “Ховд эко цемент” гэж төслөө нэрлэсэн байв уу?

- Тийм.

- Эко гэж онцолсон нь учиртай л байх?

- Яагаад бид “Ховд эко цемент” гэж нэрлэсэн бэ гэхээр бид хамгийн сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж байгаа юм. Усны зарцуулалт хамгийн бага. Хуурай аргаар боловсруулалт хийнэ. Усаа эргэлдүүлж, саарал усаа ашигладаг технологи бий. Одоо энэ баригдсан бусад үйлдвэрээсээ ч илүү сайжирсан технологитой. Нэгдүгээрт, ус бага хэрэглэнэ. Хоёрдугаарт, эрчим хүч. Түрүүн бид ярилаа шүү дээ. Эрчим хүчээ бид маш их хэмнэх ёстой гэж. Энэ хэмнэлтэн дээрээ бид бусад үйлдвэрүүдээсээ давуу талтай технологи нэвтрүүлж байгаа. Гуравдугаарт, тоосжилтийн асуудал яригддаг. Аль ч цементийн үйлдвэр дээр тоосжилтын асуудал хөндөгддөг. Бид дандаа битүү аргаар боловсруулалт хийнэ. Гадагшаа ямар нэг тоосжилт байхгүй. Ийм үндсэн гурван шалтгаанаар бид илүү эко бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. 

- Танай үйлдвэрийг ашиглалтад ороод ирэхээр жишээ нь, Казахстан руу ч юм уу бүтээгдэхүүнээ гаргах зах зээлийн боломж байна гэж мэдээлэл харж байсан юм. Үнэхээр тийм боломж байна уу?

- Боломж байна аа. Бид одоо судалгаагаа хийгээд ажиллаж байна. Нэгдүгээрт, ямар боломж байна вэ гэхээр ОХУ руу экспортлох хамгийн наад захын нөхцөл нь байна. Боомт нь байж байна. Хоёрдугаарт, нөгөө 500 км-ээ ярих юм бол 150 км яваад л боомттой залгаж байна. Цаашаа 250 км-т Кизиль гээд манайтай ойрхон суурин газар байна. Тэнд цемент маш өндөр үнэтэй байна. Гуравдугаарт, ойрхон өрсөлдөгч үйлдвэр алга. Казахстанд ч тэр. ОХУ-д ч тэр. Тэгэхээр бид нарт тэр зах зээл рүү гарах боломж байна гэж харж байгаа. Хамгийн түрүүнд үйлдвэрээ ямарч байсан ашиглалтад оруулъя. Тэндээс сонирхож бизнесменүүд асууж ярьцгааж байна. Бид зөөвөл арай хямд өртөгтэй тусахаар байна шүү гээд холбогдож байгаа. Тэгэхээр бид бол олон боломжуудыг тооцож харж байна. Мэдээж боомтын үйл ажиллагааг сайжруулах асуудал байна. Энэ бол Төрийн хийх ажил. Хэрэв одоо гаргаад эхэлбэл байнгын ажиллагаа шаардагдана. Хил, тээвэр маань саатчих юм бол хэцүү шүү дээ. Баян-Өлгийгөөр эсвэл Увсаар дайрч явна. Ховд-Увс хоорондын замыг барина гээд төлөвлөгөөнд орчихсон байна билээ. Тэгвэл зам бас сайхан болно гэсэн үг. Бид одоо хэрэлдэж суух биш, зүгээр л урагшаа хараад ажиллацгаах хэрэгтэй байна. Монголчууд ажиллах л хэрэгтэй. Одоо хэрэлдэж ханасан. 

- Хөгжлийн банк гэнэт тайзан дээр гарч ирээд улс төрийн жинхэнэ хулгайн зээлүүдтэйгээ хольж хутгаад хамтад нь цөөн хэдэн үйлдвэржилтийн төслүүдээ балбасан тоглолтыг та яг яаж харсан бэ. Энэ ямар шалтгаантай, хаанаас хийгдсэн зүйл байсан бэ?

- Нэгдүгээрт, энэ онцгой чиг үүрэгтэй банк маань өөрөө хэт улс төржчихсөн байна. Мэргэжлийн бус баг ажиллаж байжээ л гэсэн үг. Жинхэнэ мэргэжлийн хүмүүс байсан бол яг манай төсөл дээр тавьсан шаардлагуудаа бусад дээр нь тэгш тавиад л явах ёстой шүү дээ. Тийм алдаатай зээлүүд олгох ёсгүй. Зориулалтын бусаар ямар ч зээлийг олгох ёсгүй. Яагаад гэвэл Хөгжлийн банк маань төрийн хараанд, улстөрчдийн өөрсдийнх нь нөлөөнд үйл ажиллагаа явуулж байсан учраас асуудал илүү хурцаар тавигдаж байна гэж нэг талаас хэлж болно.

- Удирдлагаар нь дандаа улстөрчдийн халаасны хүмүүс томилогдож ирсэн?

- Мэргэжлийн бус хүмүүс удирдсан байна гэж л харж байна. Менежментийн баг муу байсан байна гэж дүгнэхээс өөр аргагүй. Хоёрдугаарт, банк өөрөө зорилгоосоо хазайсан байна. Яг хөгжлийн төслүүдтэйгээ л зууралдах ёстой байсан. Гэтэл тэд тэгж ажиллаж чадаагүй байна. 

-Тэгээд ёс суртахууны хариуцлагын өмнө очингуутаа утга учиргүй тоглолт хийсэн.

- Мэдээж хүнд байдалд орсон учраас гарах арга замаа ингэж л харсан юм байна л гэж бодсон шүү дээ. Нөгөө талаар ингэж дэлгэж тавьсан нь бас сайн тал байна уу гэж харж байна. Бүгдийг нь сайхан илчлээд тавьчихлаа. Буруутай, зөвтэй нь ил гаргаж харууллаа.

- Хэдийгээр жинхэнэ үйлдвэрлэгч нарт нэр төрийн хохирол учруулсан ч гэсэн үү?

- Тийм. Нэгэнт явагдчихсан процессоос сайн талыг нь л харж байгаа юм л даа. Мэдээж тооцож үзвэл бидэнд шууд бусаар зөндөө хохирол учруулж байгаа ч гэсэн. 

- Та төрд ажиллаж байсан уу?

- Ажиллаж байсан.

- Та гадаад харилцааны мэргэжилтэй хүн юм байна. Гоё мэргэжил. Яагаад хувийн хэвшилд ажиллах болов. Хувийн хэвшил одоо бол нэг талаас хамгийн найдваргүй, хамгийн хэцүү орчинтой салбар болчихлоо. Энэ орчинд дэлхий дахинд үйлчилдэг соёл нь огт нутагшиж чадахгүй яваад байна. Ажил хийгдээд явж байхад гэнэтТөр нь орж ирээд л самраад хаячихдаг. Ийм зовлонтой салбар луу энэ гоё мэргэжлээ хаяад яагаад орсон юм бэ?

- Үгүй яах вэ, төрд бодлого хэрэгжүүлж явсан.Өөрийнхөө хэмжээнд Төрийнхөө төлөө зүтгэсэн гэж боддог. Анхны чөлөөт худалдааны хэлэлцээрийн техник ажлын хэсгийг нь ахалж явлаа. Японтой хийсэн анхны хэлэлцээр. Бараг 4-5 жил ахалсан байх. Тэгээд ажлаа дуусгасан. Би олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтаар мэргэшсэн хүн. Хөрөнгө оруулалтын хуулийг 2013 онд батлуулахад мөн л оролцож явлаа. Тэгээд өөр түвшинд өөрийгөө сорих гээд ажиллаад явж байна. Нөгөө талаасаа манай Төр яг мэргэшсэн төрийн албан хаагчдаа тогтвортой ажиллуулж чаддаггүй. Нэг улс төрийн нам нь гарч ирээд л “Өө наадах чинь тэр даргатай ажиллаж байсан. Тэр Засгийн газрын үед тийм газрын дарга хийж байсан” энэ тэр гэсэн намчдын өнцгөөс ханддаг. Ийм хандлагыг тэвчих маш хэцүү зүйл л дээ. 

- Тэрний хүн, энэний хүн гээд шошго наагаад явуулчихдаг технологи олон жил явж байна даа.

- Тийм. Дураараа нэг тамга тэмдэг наачихдаг. “Чамтай ажиллахгүй. Чи яв. Ажлаа өг” гэж харьцдаг юм билээ л дээ. Ийм зүйлийг бол би зөндөө харсан. Нөгөө утгаараа бол “ За, би төрдөө зөндөө зүтгээд өөрийнхөө хэмжээнд хүчээ өгчихлөө. Одоо бас бодит бүтээн байгуулалт хийж үзье. Залуу насандаа өөрийгөө өөр түвшинд сорьж үзье” гэж шийдсэн. Дан төрд ажиллаад байхад бас уйтгартай шүү дээ. Төрийн албанаас олон чадалтай залуучууд гарсан. Тэд нарын нэгэн адил өөрийгөө сориод л явж байна гэх үү дээ.

- Хувийн хэвшилд ажиллахын хамгийн гоё, сайхан юм нь юу вэ ?

- Мэдээж бодит бүтээн байгуулалт явж байна. Нэг онцлог нь хувийн хэвшилд шийдвэрийг маш хурдан гаргадаг. Хүнд хэцүү нөхцөл байдал юм уу, зах зээлийн аливаа гэнэтийн савлагаа, таагүй тооцоолшгүй нөхцөл байдалд маш түргэн, маш үр дүнтэй анализ хийдэг. Тэгээд шийдвэр маш хурдан гардаг. Манай Төрд шийдвэр бараг гарахгүй дээ. Явж байгаад л нэг газар гацна. Эсвэл буруу шийдвэр гарна. Эсвэл замд нь бүр хаяна. Гарц гаргалгааны ажиллагаанууд ерөөсөө хийгддэггүй. Манай тогтолцооны л алдаа байх. 

- Яг өнөөдрийн Засгийн газрын гаргаж тавьсан бодлого, ажлаа авч явж байгаа арга барил, хурд, нэр хүнд, олон нийтээс өгч буй үнэлгээний үзүүлэлтийг харахад танд ямархуу бодол төрж байх юм ?

- Аль ч Засгийн газрыг цөөхөн л үзүүлэлтээр хэмждэг шүү дээ. Эдийн засгийн өсөлт байна уу. Өсөлт маань ард иргэд дээр хэдэн төгрөгөөр нэмэгдэж очсон бэ. Төгрөгийн ханш ямар байна вэ. Инфляци чинь ямар байна аа. Том төслүүд чинь явсан юм уу. Яг ахиулаад тавьчихсан юм чинь юу байна вэ гэх мэт.

- Баян ядуугийн ялгаа улам холдож байна гэж иргэд бухимдаж байна. Манай сошиалынхны ганц орилж байгаа юм нь шүү дээ. Яг хөдөө нутагт очоод, бүтээн байгуулалт хийгээд амьдарч байгаа хүний хувьд харахад үнэхээр хот хөдөөгийн амьдралын түвшний хувьд хурц ялгаа байна уу ?

- Бүх юм ажлын байртай л холбоотой байна. Ажлын байр хөдөө бол алга. Үндсэндээ бас иргэдийн яриад байдаг зөв шүү дээ. Суманд амьдардаг хүмүүсийн тал нь төрийн албан хаагчид байна. Аймагт ихэнх нь төрийн албан хаагч байна. Тэгээд хувийн хэвшлийн хэдэн компани бусад ачааллыг үүрч явж байна. Зах зээл нь маш жижигхэн. Том бүтээн байгуулалтууд алга. Мэдээж монголчуудын нэг азтай гэх давуу тал нь мал аж ахуйгаа дагаад өлсөхгүй, орлоготой амьдраад байна. Махаа зарчихдаг, ноолуураа зарчихдаг, цагаан идээгээ зарчихдаг. Ингээд амьдраад байна. Яг зорилтот ажлын байран дээр хүн авах гэхээр чадавх нь хүрэхгүй байна. Асуудлууд байхгүй биш, байна. Манай залуучууд бол юмыг хурдан сурна. Тэмүүлэлтэй, чадвартай. Гэхдээ нөгөө талдаа хариуцлагын асуудал байна. Хотод ч тэр, хөдөөд ч тэр. Одоо барилгын компаниуд дээр яригддаг шүү дээ, “Цалин буухаар маргааш нь алга болчихдог” гээд. Хариуцлага, хүмүүжил, соёл, төлөвшлийнх нь тал дээр үнэхээр асуудал байна. Нөгөө талаас нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтан Монголд угаасаа хомс байгаа. Хөдөлмөрийн зах зээл дээр дандаа хуульчид, эдийн засагчид ажлын санал хайгаад байж байдаг. Аж үйлдвэрийн төслүүдэд ажиллах боловсон хүчин ховор. Аж үйлдвэр, аж үйлдвэр гээд яриад л байна. Үндсэндээ хөрсөн дээрээ очихоор ажиллах хүчин дээрээ сууна. Манайхаас өмнө нөгөө цементийн төслүүд явсны хүчинд манай дээр харьцангуй гайгүй байна. Нарийн мэргэжлийн инженерүүд ирж байна. Яагаад гэвэл тав зургаан жил тэнд дадлагажаад, мэргэшээд авсан байна. МАК-ын төсөл дээр, Монцемент дээр, Хөтөлд ч гэдэг юм уу ажиллаж туршлага олж авсан байна. Одоо боловсон хүчнээ бэлтгэхгүй бол том төслүүдээ бид явуулахад маш хэцүү болно. Нарийн мэргэжлийн инженерүүд маань мэргэшиж чадахгүй байна. Орчин нь эх оронд нь байхгүй учраас гадаадад гараад хар ажил хийчихнэ. Өнөөдрийн байдлаар талбай дээр бид нар Ховд аймгаас 110-аад ажилтан залуучууд аваад “Ирээдүйд үйлдвэрт та нарыг ажиллуулна” гээд дадлагажуулаад ажиллуулж байгаа. Мэдээж тэндээс сайн нь үлдэнэ. Суралцаад, дэвшээд дээшлээд явах нь л үлдэнэ. Ховд их сургууль, МСҮТ гэж яриад байгаа техникийн коллежуудыг одоо энэ аж үйлдвэртэйгээ уях бодлогыг хамт явуулах ёстой. Тэгэхээр тэнд маш том техник мэргэжлийн сургалт явагдаж байна гэсэн үг.

- Төрөөс очиж баахан стандарт шалгаж зовоодог гэсэн. Яг шалгах мэргэжлийн хяналтын системийн байгууллагуудад нь бас шалгах хэмжээний потенциал нь байдаггүй гэх. Тэгээд дээр үеийн ариун цэврийн үзлэг шиг юм хийдэг баахан хяналтынхан шалгаж очиж дарамталдаг гэж үнэн үү, эсвэл худлаа юу?

- Үгүй одоо тэгээд шалгаад л байдаг шүү дээ. Мэдээж шалгах хуультай, журамтай бол бид нар шалгуулахад асуудал байхгүй. Нээлттэй байдаг.Бүгд ирдэг, шалгадаг. Харин эргээд тэр шалгалтууд маань ямар үр дүнтэй байгаа, төрдөө ямар хэрэгтэй, хувийн хэвшилдээ ямар хэрэгтэй юм гэдэг нь л өөрөө чухал ойлголт байх ёстой л доо. 

- Дээр нь энэ том төсөл хийж байгаа компаниудыг орон нутаг нь маш их шантаажилж юм нэхдэг. Цэцэрлэг бариад өг гэдэг. Тэр бөхийг ивээн тэтгэ гэдэг. Ийм зүйлтэй учирч байна уу?

- Яах вэ, манай өөрийн хөгжлийн байгаа царай маань л энэ шүү дээ. Бид нар бол хамтран ажиллахгүй гэж хэлдэггүй. Хамтран ажиллана. Гэхдээ эхлээд орлогоо олоод эхэлье. Орлого олоод, цементээ зараад эхлэхээр та нарыг тодорхой хэмжээгээр дэмжих, хамтран ажиллах үе гарнаа л гэж байгаа. 

- Уул уурхайн компаниудын суулгасан буруу жишгийн л нэг гэж хардаг.

- Магадгүй. 

- Надад цаг гаргаж нээлттэй сайхан ярилцсанд талархаж байна. Үйлдвэр тань нээгдээд, нэг сайхан амьсгаа авсны тань дараа дахин ярилцах санал тавьж байна. Та бүхэнд амжилт хүсье.

- Танд мөн ажлын амжилт хүсье. Урилгыг хүлээж авлаа.