Бий Жийсийн “Tragedy” буюу “Эмгэнэл” хэмээх энэ дууг бид багадаа “Ганчимэг ээ” гэж байна гэж сонсон, дагаж дуулдаг байж билээ. Дахилт нь яах аргагүй “Ганчимэг ээ” л гээд байх шиг сонсогддог сон. Үгийг нь огт мэдэхгүй ч сонсох төдийд л аялгуу нь чихэнд хоногшчихдог энэ дууны агуулга утгыг нь ойлгоод, үг найргийг нь задлан шинжлээд ахиад бүгдээрээ хамтдаа сонсоод нэг үзье.


Нэг өдөр бичсэн гурван хит

Бий Жийсийнхэн Sgt. Pepper's Lonely Hearts Club Band гэж кинонд тоглож байсан 1978 оны нэг өдөр юм гэлээ. Киноноосоо завсарлага авч, тэр өдрийн үдээс хойш ах дүү Барри, Робин, Маурис: гурван Жибб жаал амсхийжээ. Поп урлагийн бурхан тэнгэр тэгэхэд ааш сайтай байж, ах дүү гуравт онгодоо харамгүй хайрласнаар үдээс хойшдоо энэхүү нийтлэлд өгүүлэх “Tragedy” хэмээх хит дуунаас гадна “Too Much Heaven” гэж бас нэг алдарт дуугаа, орой нь харин Энди дүүдээ зориулан “Shadow Dancing” дуугаа нэмж бичсэн нь хожмоо гурвуул Америкийн хит дууны жагсаалтыг тэргүүлсэн билээ. Аливаа дуу Америкад #1 болно гэдэг чухал ховор амжилт, нэг хамтлагийн гурван дуу ээлж дараагаараа тэргүүлнэ гэдэг бүр ч гарамгай үзүүлэлт, гэтэл тэр гурван дууг нэг л өдөр зохионо гэдэг ахин үл тохиох үзэгдэл учрал биз ээ. “Эмгэнэл” гэж энэ дуу 1979 оны 3-р сарын 24-ний өдөр Америкийн #1 суурийг булаан эзэлжээ. Ингэхдээхоёр долоо хоногийн турш тэргүүн байранд залраад байсан Глориа Гэйнорын мөнөөх алдарт “I Will Survive” дууг (энэ дууг миний бие бас орчуулсан буй) унагасан түүхтэй.

Эмгэнэл гэж Бий Жийсийнхээр бол юу билээ?

Хайртаасаа хагацан салаад ганцаараа цаашид тэвчиж чадахгүй гэдгээ өгүүлж буй, сэтгэл зүйн гүнзгий хямралд өртчихсөн, тэр явдал түүхээ “эмгэнэл” хэмээн тодорхойлж буй дуу юм. Гэвчиг зохиогч ах дүү гурвын хувьд тухайн үед хэнд нь ч ямар ч эмгэнэл, хагацал зовлон тохиогоогүй байсан, бодот түүх бус, уран сэтгэмжээр ургуулан дүрсэлсэн өгүүлэмж гэх.


Here I lie

In a lost and lonely part of town

Хотын орхигдсон, ганцаардмал тэр хэсэгт би хэвтэж байна. 


Held in time

In a world of tears I slowly drown

Нулимсандаа удаахнаар живсэн ертөнц дотор, цаг хугацаанд баригджээ. 


Goin' home

I just can't make it all alone

Гэртээ харьсан ч гав ганцаараа энэ бүхнийг би дийлж чадахгүй


I really should be holding you

Holding you

Loving you, loving you

Үнэхээр би чамайг тэврээд баймаар, тэврээд баймаар, хайрлаад баймаар, хайрлаад баймаар


Tragedy

When the feeling's gone and you can't go on

Эмгэнэл: энэ бол сэрэл мэдрэхүй чинь алга болоод чи өөрөө байж ч чадахгүй болох 


It's tragedy

When the morning cries and you don't know why

Энэ бол эмгэнэл: Өглөө уйлаад, яагаад уйлж байгаагаа ч мэдэхгүй байх. 


It's hard to bear

With no one to love you, you're goin' nowhere

Чамайг хэн ч хайрлахгүй, чи хаашаа ч явж чадахгүй бол тэвчиж дийлэх их хэцүү.


Tragedy

When you lose control and you got no soul

Эмгэнэл: энэ бол мэдэл хяналтаа алдаад, сэтгэл зүрхгүй болох


It's tragedy

When the morning cries and you don't know why

Энэ бол эмгэнэл: Өглөөгүүр уйлаад, яагаад гэдгээ ч мэдэхгүй байх. 


It's hard to bear

With no one beside you, you're goin' nowhere

Дэргэд чинь хэн ч байхгүй, хаашаа явахаа ч мэдэхгүй бол тэвчиж дийлэхэд бэрх


Night and day

There's a burning down inside of me

Шөнөжин, өдөржин миний дотор шатсаар байна.


Burning love

With a yearning that won't let me be

Дурлал хайр шатсаар, гуниг хясалтай, тэр нь намайг өөрөөр минь байлгахгүй


Down I go

And I just can't take it all alone

Доошоо л яваад байна, тэрийгээ би ганцаараа үүрч дийлэхгүй


I really should be holding you

Holding you

Loving you, loving you

Үнэндээ бол би чамайг л тэврээд баймаар, байлгаад баймаар, хайрлаад л баймаар, хайрлаад л баймаар.


Зохиолч, оюутан, утга зохиолын шүүмжлэгч нар дууны үгийн тухайд

Тэр жил Кэмбрижийн их сургууль утга зохиолын ангийнхаа шалгалтад Бий Жийсийн “Эмгэнэл”-ийг задлах даалгавар өгч, шуугиан тарьж байжээ. Оюутнууд ч гэлтгүй, зохиолч, шүүмжлэгч нар ч дууны үгийн талаар санаа оноогоо хэлсээр ирсэн билээ. Ганц хоёроос нь эшилбэл:

Анна Дэвис, романчин: Цээжний үс, гял цал зүүлт чимэг, цагаан нейлон, цав цагаан шүд. Эртний Грекийн баатрууд, Шекспирийн галзуу дүрүүд ч цаашаа. Энэ хэдэн залуу эмгэнэлийн их шуурганы төв рүү өөрсдөө давхиад ороод ирэв...

Жилес Фоден, шүүмжлэгч: Жозеф Конрадын нэгэнтээ бичиж байснаар зүрх сэтгэлгүй байна гэдэг бол огтхон ч эмгэнэл биш, харин зүрх сэтгэлтэй байгаад, түүнийгээ алдаж буйгаа мэдрэх нь л эмгэнэл юм. Сэтгэлгүй бол асуудалгүй, бүхнийг материаллаг зүйлээр л дүгнэнэ. Бялуу, шар айраг сайхан, нүд рүү чинь хурц үзүүрээр хатгавал муухай. Энэ сүүлийн жишээ бол өвтгөх нь өвтгөх л байх, гэхдээ эмгэнэл бол биш ээ. Грекчүүдийн хэлэхээр эмгэнэл гээчид тодорхой хэмжээний унал, гэнэтийн хувирал буюу перипетея байх ёстой. Сэтгэлтэй байж байгаад сэтгэлээ алдах бол эмгэнэл. Харин чи өөрөө өөрийгөө сэтгэлтэй гэж боддог, өрөөл бусад чамайг тэгтэл сэтгэлгүй гэж үздэг бол эмгэнэл биш харин ч инээдэм билээ. 

Жон Муллан, их сургуулийн профессор: “Өглөөгүүр уйлж сэрээд, өөрөө тэрнийхээ учрыг мэдэхгүй бол эмгэнэл” гэлээ гэнэ ээ? Бий Жийсийнхээр бол өглөө ганцаардаад сэрэх нь тэгээд эмгэнэл болох нь ээ? Хайр дурлалын эмгэнэл бол үхэл хагацалтай л холбогддог түүхтэй юм даа. Дагавар хүү Ипполитынхоо араас гашуудан уйлах Эврипидийн Федра, дайсныхаа охин Ромеод дурласан Жулиетт, эмгэнэлтэй янаг бол үхдэг, эдүгээ цагт харин диско бүждэг болов уу?

Бий Жийсийн фалсетто шуранхай мөн үү?

Дууны үгийг найргийн талаас нь ийн шүүмжилж. Харин хөгжим судлаачдын хувьд “Эмгэнэл” дууны амжилтад хүрсэн гол шалтгааныг Бий Жийсийн поп урлаг, диско дуунд оруулж ирсэн “өмч” гэж хэлж болох фалсетто юм хэмээн тодорхойлж байна. Дуу тэр чигээрээ фалсетто, эхнээсээ аваад дуустлаа хүч хассан хоолойг тээр дээр барин дуулах нь сонсогч нарт тийм нэг “байж ядсан”, “өндөлзүүлсэн” мэдрэмжийг төрүүлсээр, тэр эрчээ хадгалсан хэвээрээ бадаг дахилт бүгдээрээ гүйчиж байна. Дугаржав гуайн хэлдгээр бол “мөнгөн усны гүйдэл” шиг л.

Сонирхолтой нь фалсеттог манайхан уртын дууны шуранхайтай дүйлгэн орчуулдаг уламжлалтай. Ардын жүжигчин Цэндийн Батчулуун “Хөгжмийн урлагийн түгээмэл нэр томьёо, ойлголт” бүтээлдээ “Falsetto: Шуранхай” хэмээн орчуулаад “дуучны хоолойны хамгийн дээд эгшгийн хүчийг бууруулан зөөлрүүлж дуурсгах арга” хэмээн тодорхойлжээ. 

Уртын дууг нарийвчлан судалсан хөгжим судлаач Сунмин Юнтай холбогдож, “Эмгэнэл” дууг сонсгоод Барри Жийбийн фалсеттог уртын дууныхтай харьцуулбал ялгаа болоод төс юу байна хэмээн асууж үзэв. Сунмин “Наяад онд Ази даяар хит болж байсан энэ дууг сонсуутаа танилаа. Барригийн фалсетто гэхдээ уртын дууны шуранхайнаас их өөр юм аа. Бий Жийс болохоор фалсеттог нэгд, дуулах арга биш харин дуу авиа болгон хэрэглэж байна. Тэгж байж нэг тийм “яарсан”, “тэчьяадсан” мэдрэмж төрүүлээд байна. Уртын дуунд бол шуранхайг дууг бүтээх техник болгодог билээ. Хоёрт, Бий Жийсийн дуу нь тэр чигээрээ фалсетто байгаа бол уртын дуунд харин шуранхайг нэгээхэн хэсэг нь болгож хэрэглэдэг” хэмээв. Энд судлаач Сунмин Бий Жийс фалсеттог “дуу авиа” болгон хэрэглэж байгаа гэдэг нь “хэлбэр” гэсэн утгаар, харин “уртын дуунд техник болгодог” гэсэн нь “арга” хэмээн ялган тодорхойлж буй хэрэг юм. Энд арга уу хэлбэр үү гэдгийн тухай маш сонирхолтой нэгэн баримт бол Дорждагва гуайн шуранхайн тухай Ж. Бадраад өгүүлсэн хэсэг.

Дорждагва гуай “шуранхай гэдэг бол монгол дууны нэг тусгай хэлбэр юм. Өөрөөр хэлбэл шуранхай гэдэг бол хүч хассан хоолой байгаа юм. Хар эрчинд нь хашгирахыг хэлдэггүй. Хүч хассан цэвэрхэн тунгалаг хоолойгоор шуранхайг хийдэг” хэмээжээ. Үүнийг хөгжим судлаач Ц. Жанцанноров шүүмжлэн өгүүлэхдээ “энд нэг ойлгомжтой зүйл бол шуранхайлах нь арга болохоос, хэлбэр биш гэдэг нь тодорхой... Ярианы далимаар хэлж байгаа болохоор Дорждагва гуай онолын нарийн ширийнийг харгалзаагүй нь ойлгомжтой” хэмээжээ. 

Бий Жийсийн фалсеттог хэрвээ бид шуранхай мөн гэж үзэх аваас чухам тэр Дорждагва гуайн өгүүлж буй утгаар буюу “дуу авианы нэг хэлбэр” гэдгээр нь хүлээн авах нь зүйтэй мэт.

Уран сайхны орчуулга

Уламжлал ёсоор эцэст нь уран сайхны орчуулгыг хийх гэж оролдъё. Утга агуулгаас гадна бас чиг даган дуулж болох үг үеийн тоог харгалзсан болно.

Эмгэнэл

Хоосорч хоцорсон

Хотын тэр л хэсэгт хэвтэнэ, би

Асгарах нулимсандаа

Алгуурхан живэх агшинд хүлэгджээ

Гэртээ харих уу?

Гэвчиг энэ бүхнийг ганцаар давж чадамгүй

Хажуудаа л чамайг байлгаад л баймаар

Тэврээд л суумаар

Хайрлаад л баймаар, дурлаад л суумаар аа

Дахилт

Эмгэнэл

Сэтгэл чинь царцаж орхиод сэрж чи үл чадахуй

Эмгэнэл

Үүрээр уйлж сэрээд үнэн учрыг нь үл ойлгохуй

Чамайг гэх хүнгүй

Цаашаа явах газаргүй – чадах уу, чи давж

Эмгэнэл

Сэрэнгээ алдаж орхиод сэтгэл чинь зугтаж одохуй

Эмгэнэл

Үүрээр уйлж сэрээд үнэн учрыг нь үл ойлгохуй

Хажууд чинь хэн ч үгүй

Хаачихаа чи мэдэхгүй, тэвчиж чи дийлнэ үү


Өдөржин шөнөжин

Өрц минь шатсаар, өр минь зурсаар

Хүсэлдээ шатан

Хясалдаа бүтэж, хүнээ би байсаар

Унаж гүйцлээ

Уруудах замаа ганцаар туулж би дийлэмгүй

Хажуудаа л чамайг байлгаад л баймаар

Тэврээд л суумаар

Хайрлаад л баймаар, дурлаад л суумаар аа