Богино насалсан ч ихийг бүтээсэн Монгол судлаач Жозеф Флетчер
Монголын талаар сайн мэдэхгүй америкчуудын хувьд лавлах зүйл гарваас нэр нөлөө бүхий Харвардын их сургуулиас, тэр тусмаа тэнд монгол судлалаар мэргэшсэн профессороос лавлах нь зүйн хэрэг. Жозеф Флетчер ч сэтгэл гарган, харамгүй хариулдаг байж.
Харвардын их сургууль дахь Монгол судлал цуврал – 1
АНУ дахь Монгол судлалын өвийг тодорхойлох, монгол судлаач нарт таниулах зорилготой баг ажиллаж эхлээд жил хүрэхгүй хугацааг үзэж байна. Америкийн Монгол Судлалын Төвөөс энэхүү баг, аяллыг зохион байгуулж билээ. Энэ удаагийн багт маань АМСТ-ийн захирал Минжингийн Болорцэцэг, АМСТ-ийн АНУ дахь захирал Баатархүүгийн Наранцогт, Пеннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг, Элчин сайд Уиллиам Браун нар багтаж, Харвардын их сургуульд дөрөв хоног ажиллав. 12 сарын 13-15 хүртэлх гурван өдөр бид Харвардын их сургуулийн архивт сууж, монгол судлаач Жозеф Флетчерийн өвтэй танилцлаа.
Жозеф Флетчер, намтрын товчоо
Жозеф Флетчер нь 1934 онд Хойт Каролина мужийн Ралэйф хотноо мэндэлжээ. Массачусетс мужийн Гронтон хэмээх хувийн дунд сургуулийг төгсөөд Харвардын их сургуульд суралцаж, 1957 онд бакалаврын зэрэг хүртсэн байна. Зэрэг цолын сургалтаа Харвардад үргэлжлүүлж, Алс Дорнодын Хэлнүүдийн тэнхимд докторын зэрэг хамгаалсан нь 1965 он бөгөөд Эрдэнийн эрхийг судалж диссертациа бичжээ.
Хар багаасаа хэлэнд сонирхолтой хүүхэд байж, нэн олон хэлийг чадамгай эзэмшжээ. Гротонд сурагч байхдаа латин, грек, франц хэлэнд төгсөрсөн бол Харвардад сурч байхдаа болон судалгааныхаа ажлын явцад монгол, хятад, манж, төвөд, перс, түрэг, араб, орос, япон, герман хэлэнд нэвтэрсэн байна. Харвардад нэрт профессор Франсис Вүүдмэн Кливезтэй ойр байж, шавилан суралцсан нь эрдэм шинжилгээнийх нь ажилд нэн чухал нөлөөгөө тусгажээ. Кливезийг даган 1966-1972 онд туслах профессороор нь ажиллаад, 1972 онд Хятад болон Төв Азийн түүхийн профессор болон жинхэлсэн юм. Удалгүй Кливезийг тэтгэвэртээ гарахад Дотоод Ази, Алтай судлал, Монгол хэл түүхийн бүх хичээлийг нь өвлөн авсан ажээ.
Судалгааных нь гол анхаарал Монгол, Манжийн түүх, хэл, мөн Узбек, Хожа нарын түүхэнд төвлөрч байв. Ингэхдээ аливаа улс гүрэн, бүс нутгийн түүхийг салангидаар авч үзэхээсээ илүүтэйгээр Европ, Дундад Ази, Монгол, Энэтхэг, Дотоод Ази, Хятадад юу болж байсныг байнга зэрэгцүүлэн, параллель шугамаар тайлбарладаг онцлогтой, үүнийгээ тэрбээр “интеграцчилсан түүх” хэмээн нэрийддэг байжээ.
Жозеф Флетчер дэлхийн хэмжээний эрдэмтэн байж, АНУ-ын олон муж хотын их дээд сургууль, Ази Европын эрдмийн хүрээлэнд илтгэл яриа хийж явснаас гадна төмөр хөшигний хаалттай цагт ЗХУ, БНХАУ, Өвөр Монголд хүртэл айлчилж, судлаачидтай саналаа солилцож явав. Олон арван өгүүлэл бүтээл үлдээснээс Монголын түүхтэй холбоотой хамгийн чухал бүтээл нь “Кэмбрижийн Дотоод Азийн Түүх” юм.
Кливезээс хойш Харвард дахь Монгол судлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, монгол хэл түүх, манж хэлний хичээл эрчимтэй зааж байсан профессор хорт хавдарт нэрвэгдэж, ид ажиллах 49 насандаа буюу 1983 оны Зургаадугаар сарын 14-ний өдөр насан өөд болжээ. Энэ бол зөвхөн Харвардад төдийгүй дэлхийн Монгол судлалд тохиосон том гарз байлаа. Насан өндөр болсон Кливез багш нь шавиа бие барснаас хойш эргэн ирж, ахин Монгол судлалын хичээл заасан боловч Харвардын Монгол судлал тавь, жар, далаад оныхоо түвшинд эргэн хэзээ ч хүрээгүй билээ.
Флэтчэр 1970 онд төрсөн Эдвард хэмээх ганц хүүтэй. Хүү нь дуучин жүжигчин болж, Титаник киноны 6-р офицер Мүүдийгийн (цасан уулыг анх хардаг офицер) дүрд тогложээ.
Харвардын их сургуулийн архив дахь Жозеф Флетчерийн өв
Тус сургуулийн архивт Жозеф Флетчерийн үлдээсэн гар бичмэл, өгүүлэл илтгэл, захидал занаа тэргүүт нөр их өв хадгалагдаж байна. Үүнд, нийт 43 бүтэн, 3 хагас хайрцаг бичиг баримт, 2 бичлэг бүхий дамар, 2 микрофилм, 1 хайрцаг дүүрэн хуурцаг, 2 тусгай хавтас буйг бүгдийг нягтлан шүүж үзэв. Жозеф Флетчер өөрөө олон хэлтэй судлаач байсан учраас ажиллаж байсан бичиг сачиг, үлдээсэн их өв нь нэн олон өөр хэлээр, тухайлбал энэхүү 46 хайрцаг дотор англи, монгол, хятад, араб, перс, орос, болгар, манж, герман, төвөд, түрэг хэлээрх материал байна.
Нийт материалыг агуулга хэлбэрээр нь захидал харилцаа, лекц хичээл, хичээлд хэрэглэсэн материал, илтгэл, аяллын бичиг баримт, намтартай холбоотой баримтууд гэсэн хэдэн бүлэгт хувааж болохоор юм.
Монгол судлаач нарын хувьд Монголын түүхтэй холбоотой хичээлийнх нь хэвлэгдээгүй лекцүүд нэн сонирхолтой. Тухайлбал 1977-1978 оны хичээлийн жилд заасан “Цогцлон нийлсэн түүх: Дотоод Ази 1200 оноос өнөөг хүртэл” хэмээх хичээлийн 200 хуудас лекц, Брауны их сургуульд уншсан лекц, “Оттоманы эзэнт гүрэн дэх Түрэг-Монгол уламжлал” хэмээх хичээлийн зарим тэмдэглэл, “Монголчуудын гарал” хичээлийн бүрэн бус материал зэрэг нь Монгол судлалд өдгөө ч үнэ цэнтэй хэвээр.
Мөн түүний захидал харилцаанаас Харвардын болон ерөөс дэлхийн Монголын судлалын түүхтэй холбоотой сонирхолтой олон баримт тодорхой болохоор ажээ. Онон Өргөнгөөд Кливезийн Монголын нууц товчооны орчуулга яагаад гарахгүй удаж буйг тайлбарласан захидал, Харвардын их сургуульд Монгол судлалаар докторын зэрэг олгодог болохыг хүсэн тайлбарласан өргөдөл, Харвардад монгол манж хэл заахдаа хэрэглэсэн эхүүд, авсан шалгалтын асуултууд, Домийн Төмөртогоо багшийн Монгол Япон толийг захиалан авчруулсан баримт зэрэг нь бүгд Монгол судлалын түүхийг тодотгох баримт болно.
Энгийн иргэдийн асуултад хариулсан нь
Монголын талаар сайн мэдэхгүй америкчуудын хувьд лавлах зүйл гарваас нэр нөлөө бүхий Харвардын их сургуулиас, тэр тусмаа тэнд монгол судлалаар мэргэшсэн профессороос лавлах нь зүйн хэрэг. Жозеф Флетчер ч сэтгэл гарган, харамгүй хариулдаг байж.
Иллиной мужид оршин суугч Сара хэмээх бүсгүй 1981 оны 6 сарын 1-ний өдөр удам угсааныхаа талаар лавласан захидал бичжээ. Түүндээ: “...Миний талийгаач, орос эмэг эхийг Хэлэна Талтахашев гэдэг байсан юм. Эмээ хэлэхдээ ээжийнх нь удам монгол гаралтай гэдэг байв. Одоо манай гэр бүлийнхэн Монгол гэдэг нь Оросын цагаан арьстнууд уу, эсвэл шар арьстнууд уу гэдэг дээр маргалдаж байна. Ялангуяа аав маань дараах асуултын хариуг хэлж өгөхийг хичээнгүйлэн хүсэв: Монголчууд Хятадаас гаралтай юу?...”
Хэрэглэсэн үг хэллэгт нь арьсны үзэл нэвт шингэсэн, түүх угсаатны мэдлэг тааруухан энэ бүсгүйн хариуг Жозеф Флетчер бас л часхийтэл өгсөн нь: “...монголчуудыг монголойд хэмээх арьсны төрөлд оруулж үзэх нь бий. Хятад бас тэр төрөлд хамаарна. Гэвч Монгол бол Хятад огт биш, Хятад чбас Монгол биш, тэс өөр хоёр үндэстэн юм. Улс төрийн хувьд Хятадын хилийн дотор оршин суудаг монголчууд бас бий, гэхдээ үндэс угсааны хувьд тэд Хятадаас эрс ялгаатай”
Техас мужаас Бранди Кэмбриж гэж хүн өөрт буй модон барын зургийг явуулж, ямар хэлээр байгааг нь асуусан бололтой юм. Бололтой гэхийн учир нь Брандигийн захиа байхгүй, Флетчерийн хариу нь л хадгалагдаж. Профессор “Таны явуулсан энэ хэв бол номын бар байна. Бурханы шашны ном. Хэл нь бол монгол хэл юм” хэмээн хариулсныг цааш мөшгиж, юун бар, одоо хаа байгаа гэх мэтээр судалбал сонирхолтой байж болохоор санагдав.
Монгол судлаачдад хүртээх арга зам
46 хайрцаг дахь бүх материалыг тодорхойлон бичнэ гэдэг боломжгүй ажил. Уг нь бол монгол судлаач нар өөрсдөө уг эхээр нь үзэх хэрэгтэй. Манай багийн зорилго ч чухам үүнд оршиж буй. Дижитал номын сан буй болгож, олон нийтэд түгээх. Гэвч энд нэг асуудал буй. Харвардын их сургууль архивын материалаа гаднын байгууллагад өгч дижитал болгуулдаггүй дүрэмтэй ажээ. Харин сайн тал нь нэгэнт дижитал болговол үнэ төлбөргүйгээр, хэн ч хаанаас ч нэвтрэх эрхтэйгээр, гэхдээ зөвхөн өөрийн сургуулийн платформ дээр байршуулна. Ийм дүрэмтэй, дээр нь мөн архив дотор үзсэн баримт бичгийн зургийг ч олон нийтийн хэрэгсэлд тавьж болдоггүй, зөвхөн эрдэм шинжилгээний сэтгүүлд л тусгай зөвшөөрлөөр тавьж болдог ёстой. Тийм ч учраас энэхүү нийтлэл маань ийн зураггүй шахам гарч байна.
Байдал нэгэнт ийм болсон тул манай багийнхан Харвардын их сургуулийн архивын албатай ярилцаж, олон сая хуудас материалыг дижитал болгож буйнхаа эхний эгнээнд Монголын холбогдолт зүйлсийг оруулах, нэгэнт дижитал болгосон хойно нь харин Америкийн Монгол Судлалын Төвийн шугамаар монгол судлаач нарт холбоос заан хүргэх гэсэн шийдэлд хүрээд ажиллаж байна.
Зочин
Уншигч ах
Зочин
Зочин