Эдийн засгийн ухаан


МИКРОЭКОНОМИКС 

МАКРОЭКОНОМИКС


Н.Грегори Мэнкью


Эрхэм уншигч авхай танд тime сэтгүүлийн 2018 оны эдийн засгийн салбарын дэлхийн хамгийн шилдэг сурах бичгээр шалгарсан харвардын их сургуулийн профессор Н.Грегори Мэнкьюгийн экономиксийн үндсүүд хэмээх алдартай бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлэн толилуулж байна. Энэхүү бүтээл нь микро болоод макро эдийн засгийн онолыг гүнзгий судалж буй оюутан, магистрант, докторант болоод эдийн засгийн онолын хичээл зааж буй багш нар мөн тэрчлэн эдийн засгийн онолыг гүнзгийрүүлэн судлах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан сурах бичиг юм. 

Одоогоор макро эдийн засгийн онол, практикийн асуудлаар манай орны их, дээд сургуулиудын оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт гарын авлага болохуйц заах арга зүйн хувьд боловсронгуй ном, сурах бичгүүд монгол хэлээр бэлтгэгдсэн нь чамлалттай цөөн. Өмнө нь профессор Н.Мэнкьюгийн 1992 онд нийтлэгдэн дэлхий дахинаа бэстсэллэр болсон макроэдийн засаг хэмээх ном (профессор Д.Бямбаа нарын орчуулга, редакциар) монгол хэлнээ орчуулагдан хэрэглэгдэж буй бөгөөд зохиогч дэлхийд алдартай харвардын их сургуульд олон жил багшилсан туршлагадаа тулгуурлан эдийн засгийн онолд суралцагч бүхэнд зориулж эдийн засгийн төрөл бүрийн загваруудыг ашиглан, ойлгоход хамгийн хялбар аргаар энэхүү номыг бэлтгэн гаргасан нь өнөөдөр дэлхийн олон орноо хөрвүүлэгдэн тэдний сургалтын практикт өргөн хэрэглэгдэж байна.

Энэ бүтээлийн үнэ цэнэ юунд орших вэ? Энэхүү бүтээлийн гайхамшиг нь А.Смитээс эхлээд өнөөдрийн эдийн засгийн онолчдыг хүртэлх бүх түүхэн сургууль, тэдгээрийн онол, практикийн чиглэлийг нэгтгэн шинжилж дүгнэн түүнийгээ ойлгоход хамгийн дөхөм, заах арга зүйн хувьд нэн боловсронгуй байдлаар суралцагчдад хүргэж чадсан явдал юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн эдийн засгийн онол, практикийн төдийгүй дидактикийн чухал гарын авлага болжээ. Өнөөдөр энэ сурах бичиг  АНУ-ын эдийн засгийн чиглэлийн бүх их, дээд сургуулиудад суралцагсдын гарын авлага болж чадсаны зэрэгцээгээр хилийн чанадад өндөр нэр хүндийг олж эдийн засгийн онолд суралцах тулгуур бүтээл болоод байна.

Сурах бичигт зах зээлийн эдийн засгийн үндсэн ойлголтууд болох эрэлт, нийлүүлэлтийн шинж чанаруудыг бүх талаар нь задлан шинжилсний зэрэгцээ зах зээлийн “үл үзэгдэх” гарын “гавьяаг” чөлөөт болон өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд нэн тодорхой үзүүлж чаджээ. Номд эдийн засгийн үндсэн зарчмуудыг (экономиксийн 10 зарчим) томьёолон, түүнийгээ авч үзэж буй бүх бүлэг хэсгүүдийг тайлбарлах үндсэн аргачлал болгон ашигласан явдал нь суралцагчдаас эдийн засгийн үндсэн зарчмуудыг эдийн засгийн практиктай холбон хэрэглэж сурахад онцгой чухал ач холбогдолтой гарын авлага болсон юм. 

Номд социализмын эдийн засгийн сүйрэл юунаас үүдэлтэй болох, төр чөлөөт зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хушуу дүрээд байвал зах зээлийн жам ёсны хөгжилд ямар гай барцад авчирдаг хийгээд төрөөс гагцхүү зах зээлийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд юунд нь, ямар замаар, яаж дэмжиж туслах шаардлагатай байдаг зэрэг онолын гэхээсээ илүүтэй практик асуудлуудыг олон талаас нь шинжилж дүгнэсэн байна.

Өнөөдөр манай орны амьдралд хамгийн их маргаантай байгаа нийгмийн халамжийн, тухайлбал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өндөр насны тэтгэврийн систем, эдгээрт инфляцыг тооцсон индексжүүлэлтийг хэрэглэх асуудлыг эдийн засгийн макро түвшинд хэрхэн шийдвэрлэж байгааг ану-ын жишээн дээр харуулсан нь нэн ач холбогдолтой юм. Мөн тэрчлэн зээлийн хүүгийн хэмжээг бууруулах болоод нэмэгдүүлэхийн нийгэм эдийн засгийн үрдагавар, хөрөнгө оруулалтын ач холбогдол, улс орон дахь санхүүгийн институтуудын үүрэг роль, хөрөнгийн биржийн сонгодог туршлага, татварыг бууруулж нэмэгдүүлэхэд онол болоод практик хэрхэн зөрчилддөг болох, энэ асуудал дээр улстөрчид хэрхэн алддаг болоод татварын дарамтыг үйлдвэрлэгчид болон худалдан авагчид төр хэнээс нь авч байгаагаас үл хамааран адилхан хувааж үүрдэг зэрэг улс орны эдийн засгийн нэн ээдрээтэй онол, практикийн асуудлуудыг хамгийн энгийн аргаар ойлгомжтой тайлбарлан томьёолсон байна.


ПРОФЕССОР ШАГДАРСҮРЭНГИЙН БАТМӨНХ