Хорлолын хаан Хорт хавдартай тэмцсэн түүх
Хорт хавдар бол нэг төрлийн өвчин биш, маш олон төрлийн өвчин. Эдгээр өвчин эсийг гажуудуулан хуваадаг нийтлэг нэгэн шинж чанартай учраас ерөнхийд нь хорт хавдар гэж нэрлэдэг.
Хорлолын хаан Хорт хавдартай тэмцсэн түүх
“Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл, гансрал цөхрөлийн түүх.
Хорт хавдрын талаарх хамгийн сайн хүүрнэл.”
Индэпэндэнт
Хорт хавдартай тэмцсэн түүх бол санамсаргүй нээлт, алтан боломж, хүний тэсвэр тэвчээрийн тухай шастир юм. Эрт цагийн хүмүүсийн хэрэглэж байсан мэс ажилбарын шинэлэг боловч болхи аргуудаас эхлэн Мари Кюригийн цацрагийн эмгэнэлт судалгаа хүртэл, Сиднэй Фарбэрын химийн эмчилгээний осолтой нээлтээс авахуулаад уг номын зохиогч өвчтөнүүдээ хэрхэн эмчилсэн тухай өгүүлсэн энэ ном хэдэн мянганы түүхтэй аюулт өвчний талаарх сонирхолтой хүүрнэл билээ.
Хорт хавдар өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа нөхцөлд эл өвчнийг нарийн судалж, эмчлэх нь бидний хувьд нэн чухал зорилт болж байна. Ген хэмээх алдарт номын зохиогч Мүхэржи Сиддартагийн эл шинэлэг бүтээлд шинжлэх ухааны хамгийн том оньсгуудын нэгийг тайлахад хүн төрөлхтөн хэрхэн ойртсоныг харуулахын сацуу ойрын ирээдүйд гарах дэвшлүүдийн талаар тод томруун өгүүлжээ.
Гүн гүнзгий үндэслэлтэй, яруу тодорхой, нягт судалгаатай ном.
~ Жон Кэри
Эмч-зохиолчдын бүлд шинэ од мэндэлжээ.
~ Вашингтон пост
Триллер шиг л санагдлаа.
~ Вилл Сэлф
Шинжлэх ухаан, улс төр, хүн төрөлхтний тэмцлийн товчоон. Шинжлэх ухааныг нийтэд хамгийн ойлгомжтой
тайлбарласан ном.
~ Обсэрвэр
Энэ номд хүн төрөлхтнийг эртнээс нааш дагасан хорт хавдрын түүхийг өгүүлнэ. Эхэндээ энэ өвчин тун ховор, хүмүүс үүний тухай шивэр авир хийн ярьдаг байсан бол өдгөө үхлийн аюул дэлдсэн, үргэлж өөрчлөгдөж байдаг энэ өвчин улс төр, анагаах ухаан, шинжлэх ухааны судалгааны зайлшгүй хүчин зүйл болоод, манай үеийн тахал хэмээгдэн нэрлэгджээ. Би энэ номдоо хорт хавдар хэмээх эл өвчнийг задлан шинжилж, гарал үүслийг нь тодруулан, нууцлаг бүхнийг нээн дэлгэхийг хүслээ. Гэхдээ хамгийн гол нь энэ өвчний үүх түүхийг бичээд зогсохгүй алс ирээдүйд уг өвчнийг хэрхэн эмчилж, яаж үндсээр нь устгаж үгүй хийх вэ гэсэн хоёрын зэрэг маш чухал асуултад хариулахыг хичээв.
Хорт хавдар бол нэг төрлийн өвчин биш, маш олон төрлийн өвчин. Эдгээр өвчин эсийг гажуудуулан хуваадаг нийтлэг нэгэн шинж чанартай учраас ерөнхийд нь хорт хавдар гэж нэрлэдэг. Үүнээс гадна хорт хавдар хэмээх энэ өвчин улс төр, урлаг соёлын салбарт ихээхэн нөлөөлдгийн хувьд тэр тухай мөн өгүүлэх шаардлагатай юм. Хорт хавдрын төрөл зүйл бүрийн талаар дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй ч дөрвөн мянганы турш энэ өвчинтэй холбогдон олон улсад тулгарч буй гол асуудлуудыг хөндөх болно.
Энэ төсөл угтаа багахан зүйлээс эхтэй. 2003 оны зун би анагаахын резидентурыг төгсөхдөө хорт хавдрын дархлааны тухай судалж, Бостон хотын Массачүсэтсийн эмнэлэг, Дана, Фарбэрын хорт хавдрын институтэд клиник хорт хавдрын чиглэлээр дадлага хийж эхэлсэн юм. Анхандаа өөртөө зориулж тэмдэглэл хөтлөх санаатай байсан ч аажмаар энэ тэмдэглэл маань судалгаа болон өргөжиж, үүнийгээ анагаах ухаан төдийгүй улс төр, урлаг соёл, түүх, уран зохиолын салбартай холбон судалснаар уг өвчний алс ирээдүйг тольдон харахыг хичээлээ.
Энд өгүүлэх түүх маань хоёр гол баатартай. Эдний нэг нь дайны дараа, шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшлийн эринд төрж, хорт хавдартай эрс шийдэмгий тэмцэх хүслээр жигүүрлэсэн Америкийн идеалист иргэд юм. Тэдгээрийн нэг төлөөлөл болбоос химийн эмчилгээний эцэг, амин дэмийн нэг төрөл хорт хавдрыг эмчлэхэд тустайг санаандгүй нээгээд хорт хавдрын эм гаргаж авах мөрөөдөлд автсан Сиднэй Фарбэр билээ. Харин нөгөө нь Нью-Йоркийн дээдсийн хүрээлэлд нэртэй, АНУ-ын олон нийт, нийгэм улс төрийн зүтгэлтэн Мэри Ласкер болой. Ласкер хатагтай Фарбэрыг олон жилийн турш идэвхтэй дэмжсэн. Энэ хоёр эрхэм дөрвөн мянганы турш хорт хавдартай цуцалтгүй тэмцсээр ирсэн хүн төрөлхтний итгэл зүтгэл, өөдрөг үзлийг энэ биеэрээ илэрхийлжээ.
Үүнээс гадна энэ ном нэг ёсны бүхий л орон зайд нэвтэрч, цаг үргэлж хувирч хувьсаж байдаг хэлбэр дүрсгүй дайсантай хийсэн тэмцлийн товчоон болно. Энэ тэмцэлд талууд ялж ялагдсаар, нэг үйл ажиллагаа нөгөөгөөр солигдож, эрэмгий зоригтой баатрууд нэрээ дуурсган, тэсвэр хатуужлын туйлыг үлгэрлэн үзүүлэхийн зэрэгцээ шархадсан, амиа зольсон, мартагдсан, үрэгдсэн улс ч бишгүй олон бий. Хорт хавдар цагийн эрхээр улам бүр газар авсаар XIX зууны нэгэн мэс засалчийн өгүүлснээр хорлолынхаан, айдас хүйдсийн эзэн болж хувирчээ.
Шинжлэх ухаан, анагаах ухаанд аливаа нээлтийн эзнийг эрдэмтэд, судлаачдын баг тодорхойлж алдар хүндийг нь өргөн мандуулдгийг энд онцгойлон тэмдэглүүштэй. Энэ номд олон төрлийн нээлтийн тухай өгүүлэх боловч эдгээрийн аль нь ч хууль ёсоор баталгаажаагүйг дурдах хэрэгтэй.
Би ном зохиол, судалгааны материал, сэтгүүлийн нийтлэл, дурсамж дурдатгал, ярилцлага зэрэгт тулгуурлан, номын сан, арвин материал бүхий архивтай хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр энэхүү номоо бичлээ. Тэр бүгдийг номын төгсгөлд жагсаан дурдаж талархал илэрхийлсэн болно.
Гэвч энэ дундаас онцгойлон талархууштай хүмүүс бий. Би хорт хавдрын түүхийг судлаад зогсохгүй хавдрын эмч болон дадлагажих явцдаа энэ номоо бичсэн юм. Энэ бүх хугацаанд надад сургаж, хэн хүнээс илүү урам дэм өгч байсан өвчтөнүүддээ талархъя. Би тэдний өмнө төлж баршгүй өртэй хүн билээ.
Өртэй учраас тодорхой хэмжээний үүрэг хариуцлага хүлээж байна. Өвчтөнүүдийн өвчний түүхийг бичихдээ тэдний нэр хүндийг бодолцох шаардлагатай тулгарч, өвчтөний тухай олон нийт мэдэж байсан тохиолдолд (ярилцлага, нийтлэл зэргээс) жинхэнэ овог нэрийг нь бичсэн болно. Харин олон нийт мэдээгүй тохиолдолд нууцыг хадгалахын үүднээс овог нэрийг нь сольж, таньдаг хүмүүст нь хүртэл сэжиг авхуулахгүйн тулд үүссэн нөхцөл байдлыг бага зэрэг өөрчилснөө хэлэх хэрэгтэй. Гэлээ гээд номд дурдсан өвчтөнүүд, энд өгүүлсэн нөхцөл байдлууд бүгд бодитой. Уншигч авгай тэдгээр өвчтөнийг хүндэлж, хувийн орон зайд нь халдахгүй гэдэгт бүрнээ итгэж байна.