Зөнөг гэгдэх тэнэг гэгдсэнээс дээр юм. Зөнөг бол насных, тэнэг бол төрөлхийнх. Эдүгээ би бээр өөрийнхөө бичсэнийг өөрөө уншаад л нийгэмд ямар ч хал балгүй, амьдралынхаа төгсгөлийг элээж сууна. Зохиолоо өөрөө бичээд өөрөө уншаад сууж байх ер нь хэнд ямар тээр болох билээ.

Харин цаг ямагт компъютер ширтэж, аргисан биеэ чилээж байж бичсэнээ яагаад зөвхөн өөрөө уншаад бусдад уншуулдаггүй юм бэ? Хориотой зохиол бичдэг юм уу? Ардчилсан Монголд хаа очиж хориотой зохиол гэж бараг байхгүй. Тэгвэл улсын нууц сөхдөг юм уу? Төрийн нууцыг Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай мэднэ үү гэхээс мань мэтийн тэтгэврийн хөгшид яаж мэдэхэв. Харин гадаа нарлаж суудаг хөгшид дотор манай байрны оршин суугчдын хувийн нууцыг айхтар мэддэг, бас зоригтой тараадаг эмгэд ганц хоёр бий. Би тэдэнтэй хушуу холбодоггүй, юм бичдэг. Бичсэнээ веб саитад тавихаар уншсан хүн намайг буруу зөнөлөө гэж элдэв муухайгаар хараах болжээ. Зөнөхийн хувьд гэвэл зөнөх нас минь болсон. Бичсэнээ өөрөө уншихаар зөнөөгүй хүн шиг санагддаг нь миний зовлонгийн шалтгаан болоод буй юм. Зөнөснөө хүн өөрөө мэддэггүй юм гэнэ лээ гэсэн үг тархин дундуур хэдий дэлсээд буй боловч бичихгүй сууж чадахгүй болж зөнөсөн би бичсэнээ нэг ч хүн уншихгүй бол тоогүй яа гээд өөрөө өөрийнхөө уншигчийн үүргийг давхар гүйцэтгэж суугаа хүн. Би одоо дан зохиолч бус зохиолч-уншигч гэсэн давхар үүрэг хүлээгээд байна. Яг л УИХ-ын гишүүн-сайд гэх шиг. Гишүүн-сайд гэх давхар алба хаших эрх мэдэл их орлоготой сайхан ч нэг ч уншигчгүй зохиолч ямар эмгэнэлтэйг тэр болгон хүн мэдэхгүй нь хачлантай.

Өөрөө бичээд өөрөө унших бусдад нэмэр ч үгүй хор ч үгүй. Орлого огт олохгүй зүгээр суусныхаа төлөө тэтгэвэр хүртэж буй нь аз заяа. Тэтгэвэртээ гарах болоогүй зохиолч бол өөрөө бичээд өөрөө уншаад амьдарч чадахгүй. Өлбөрч үхнэ. Харин тэтгэврийнхэн бол өөр хэрэг. Эрхи эргүүлж маани мэгзэм уншаад юу ч хийхгүй суусан ч тэтгэврээ хүртээд байна. Сайхан уу? Даанч сайхан. Тэтгэвэр бол мөнгөнд үл худалдагдах алтан боломж, тэтгэвэр бол хэнээс ч үл айх эр зориг. Би сар бүр хүртэж буй тэтгэврээ зохиолоо өөрөө бичээд өөрөө уншсаны төлөө авч буй шагнал хэмээн хийсвэрээр сэтгэн бодоод, түүндээ албаар итгэж, өөрийгөө урамшуулдаг зохиолч болжээ. Уран бүтээл урамгүйгээр хөдөлдөг ажил биш. 

Багачууд хэлэх юм: Тэтгэврийг чинь засаг өгч байгаа юм биш. Та 40-өөд жил цалингаасаа шимтгэл төлж, бичсэн ном зохиолынхоо хөлснөөс суутгуулсан хураамжаа одоо өндөр насандаа сар болгон тэтгэвэр хэмээн цувуулан авч байгаа юм. Төр засаг үүнд огт хамаагүй. Зөнөг минь та өөрөө өөрийнхөө мөнгийг идэж буйгаа ойлгооч! гэж сэнхрүүлнэ. Тэглээ ч гэсэн засгийн минь хайр хишиг гэж би зүтгэнэ. Өвгөн би тэдний ятгалгыг сонсох дурамхан тул тоомжиргүй толгой сэгсэрч зэвүүг хүргэнэ. Өөрийнхөө мөнгийг өөрөө идэж байна гэсээр байхад, үгүй засаг өгч буй мөнгө гэж тэнэгтээд буй өвгөнд багачуудын уур хүрч ад нь хөдөлнө. Тэгэх тусам нь би үгүй ээ хүүхэд минь, энэ чинь төр засаг буян хишгээ хөгшин надад хайрлаж буй мөнгө гэж зориуд гөжнө. Яагаад гэвэл одооны багачууд ардчилсан үзэлтэй золигнууд болжээ. Би ингэж тэдний уурыг хүргэснээрээ аминдаа хуучин намаа дорд оруулахгүй гэсэн, миний үхэхдээ үхэр буугаа тавьсан тэмцэл болж харагдаж буйд хамаг нууц оршдог юм. Энэ нууц-миний зөнөг юм.   
   
Багачууд төрийн алба гэснийг нийтийн алба гэж нэрлэнэ. Төр бол үйлчилгээний байгууллага гэхэд би “Тэгж ярихгүй. Төр бол өчүүхэн муу үйлчлэгч биш. Төр бол хөх тэнгэр” гэж тэдний шарыг гозойлгоно. Залуусын гэдэнг хөдөлгөснөөр би тэдний ардчилсан үзлийг улам бөхжүүлж буй юм. Өөрөөр хэлбэл би хэдий чинээ гүнзгий зөнөнө тэд төдий чинээ тэвчээр алдаж, шинэчлэгдэх явц нь хурдсах нигуртай гэх тактиктаа би итгэдэг зөнөг.

Шоргоолжны нүүдэл шиг хятадууд вагон вагоноор дайрч орж ирээд биднийг эзэлчихлээ гэж би дэвхцэж гарна. Багачууд намайг тайвшруулж, “Хятадууд дураараа орж ирээгүй. Манай засгийн газрын зөвшөөрөлтэй хятадууд манайд дутагдаж буй мэргэжилтэй ажилчдын тоогоор тусгай гэрээгээр ирж байгаа. Хятадууд шиг хямдхан ажиллах хүчин хаана ч байхгүй. Тэд майхан амбаарт хорогдож байгаад жаахан мөнгө олж аваад хүйтний улирал эхлэж барилгын ажил зогсмогц усны шувуу шиг буцаад арилна. Монгол шиг богинохон зунтай ажиллах хүч багатай орон энэ аятай боломжийг ашиглаж, дулааны улиралд тэднээр жаахан юм бариулаад авах хэрэгтэй” гэж тайлбарлана.

Би улам туйлж, “Хятадууд биднийг эзэлчих нь. Тэдний оронд орос ах нарыг оруулж ирээч” гэнэ. Багачууд “Тэгж олноороо орж ирэх орос ах нар алга байна. Хэрэв байдаг бол орос ах нар орж ирэхэд монголчууд бид дуртай. Орос ах нар орж ирлээ ч хятадуудаас их цалин нэхэх бөгөөд хятад ажилчид шиг майхан амбаарт суухгүй, зочид буудал шаардахын дээр монголчуудыг нохой мэт дээрэлхэнэ. Хар бор ажилд оросууд хятадуудад хүрэхгүй” гэж учирлана. “Үгүй дээ хонгор жаалууд минь, хятадуудын санаа өмхий. Бидэнд юм барьж өгөөд мөнгө олох гэж ирсэн гэж зулдрай нар минь итгэж байна уу? Хол оо хэвтэнэ. Тэд биднийг эзэлчээд барьсан байшиндаа ороод суучихна” гэж би сүржигнэнэ. Объектив үзэл нь сэрсэн багачууд шантрахгүй “Монголчууд хятад барилчдыг манай хуулийг зөрчиж байна уу үгүй юү гэдгийг холхноос хянаад, тэдэнтэй хутгалдахгүй мөрөөрөө соёлтой харилцах замаар дулааны улирлыг дуустал ажиллуулаад авах хэрэгтэй. Бид сайн байвал хүн сайн байх нь мэдээж. Аварга хөршөө өдөж хатгах, үйл нь ирсэн оготно муурын сахлыг зулгаана гэгч болно” гэж зөнөг намайг ухуулна. Зөнөг би гаднаа бухимдаж багачуудын зэвүүг асаах боловч дотроо олзуурхана.

Би ингэж багачууд хүүхэд цаашлуулдаг зангаар зөнөжээ. Зөв зөнөж байна уу, буруу зөнөж байна уу бүү мэд. Саит твитерт зарим нь буруу зөнөлөө гэж харааж байхад зарим нь зөв зөнөлөө гэж талархаж байх жишээтэй. Хөгширч буйдарсан өвгөнд мэдэхийн арга алга. Багачуудын шинэ сэргэг, торгомсог оюун ухаан миний элэгдэж зөнөсөн үхширмэл үзэлтэй сөргөлдсөнөөс үүдэж, бодит үнэн тодоор ялгарч, нийт олонд түвэггүй ойлгогдвол миний зөнөсний хэрэг бүтэх нь тэр. Ийнхүү өвгөн би бээр бичсэн зохиолынхоо ганц уншигч болоод, шанд нь тэтгэврээ сар бүр зооглоод, багачуудын нервээр наадаж, тэднийг ардчилсан үзэлд түлхээд л, нүд анихаа хүлээгээд сууж байх бас ч гэж ганцаардаж, уйдаж, гиеүрэхгүй юм аа хөөрхий. Ер нь зохиолч хүн эс ганцаардах шинжтэй.

                                                                                                2013-05-09