З.Туул: Ядуу олон хүний уур бухимдлыг хайрцаглаж чадахгүй байлгүй дээ
-ЗГХЭГ-т нэлээд хэдэн жил ажилласан. Тэр үед орон нутгийн байгууллагын хэлтэс гэж байсан юм. Тэнд найман жил шахам ажилласан байна. 2002 онд өмгөөллийн шалгалт өгөөд тэнцсэн.
“Ярилцъя” буландаа АН-ын ҮЗХ-ны хурал дээр хамгийн тод мэдэгдлийг хийсэн, өмгөөлөгч З.ТУУЛЫГ урьж ярилцлаа.
-Таныг ЗГХЭГ–т ажиллаж байсныг мэдэх юм. Сүүлийн үед хаана ажиллаад байна вэ?
-ЗГХЭГ-т нэлээд хэдэн жил ажилласан. Тэр үед орон нутгийн байгууллагын хэлтэс гэж байсан юм. Тэнд найман жил шахам ажилласан байна. 2002 онд өмгөөллийн шалгалт өгөөд тэнцсэн. Тэр үед нас ч 50 дөхчихсөн байсан. Хуульч сонгон шалгаруулах тухай хууль гэж гардаг юм байна. Тэтгэвэртээ гарчихаад өмгөөллийн эрх авч чадахгүй юм байна гэсэн бодол төрсөн гэх үү дээ. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэг нь өмгөөлөгч ямар нэгэн гэмт хэрэгт холбогдохгүй, хууль бус юм хийхгүй л бол бүх насаараа ажилтай байх боломж. Надад энэ нь илүү сонголт юм болов уу гэж бодсон. Тэгээд л өөрөө төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэр үед ЗГХЭГ-ын даргаар Ө.Энхтүвшин гишүүн ажиллаж байсан. Намайг хүсэлтээ гаргасны дараа тэр хүн бас дуудаж уулзаж байсан юм шүү. Тэр үед бол ЗГХЭГ-т АН-ын харьяалалтай гэх хоёр гуравхан л хүн ажиллаж байсан л даа. Тэгээд Ө.Энхтүвшин дарга уулзаад, та яагаад энэ шийдвэрийг гаргав. Танд ажил төрлөө хийхэд тань хүнд хэцүү байна уу, арай ямар нэг намын гэмээр шахалт энэ тэр байсан юм биш биз дээ. Уг нь хамтраад ажиллая, таныг эндээ байх биз гэж бодож байсан юм сан гэж хэлж байсан. Надад бол үнэндээ тийм юм байгаагүй. Зүгээр л өмгөөлөгч болъё гэж шийдсэн. Хуульч сонгон шалгаруулалтын хууль ч гарчихсан. Хуучин бол төрийн албанд ажиллаж байсан хүмүүс шалгалт өгчихөөд түдгэлзчихээд байгаад болдог байсан бол энэ хуулийн дараа эсвэл өмгөөлөгчөө сонгох эсвэл төрийн албаа сонгох ийм л нөхцөл байдал үүссэн шүү дээ. Тэр цагаас хойш би өмгөөлөгчөөр ажиллаж байна.
-Ө.Энхтүвшин дарга бас тийм ч намч хүн биш л юм байна. Бүр анх ажил хөдөлмөрийн гараагаа та хаанаас эхэлж байсан хүн бэ?
-Ажил хөдөлмөрийн гараагаа хуучин Ажилчны районы Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа гэж байгууллагаас эхэлсэн. Тэнд соёлын зааварлагч гэж ажлыг анх 21 настай жаахан охин хийж эхэлж байсан. Тэгээд дараа нь Шинжлэх ухааны академийн улсын номын сан, Түүхийн хүрээлэн зэрэг газруудад ажиллаж байгаад ЗГХЭГ-т ирсэн. Нийтдээ улсад 30 гаруй жил ажиллалаа даа.
-Үзэгдэж харагдахаа байсан ховор хүн гэнэт саяын ҮЗХ-ны хурал дээр гараад ирсэн. АН-тай ингэхэд яаж яваад хувь заяагаа холбочихов?
-Ардчиллын сураг чимээ гараад эхэлчихсэн үед гэдэг юм уу даа. Ер нь бол нийгэм цаанаасаа л өөрийн эрхгүй шинэ юм хүлээж эхэлсэн, хүмүүс нь дор бүрнээ тэрийг хүсэмжилж, өөр хоорондоо сэм ярилцаж эхэлсэн тэр цаг үе л дээ. Тэр үед би ШУА-ийн Түүхийн хүрээлэнд ажиллаж байсан. Зүүн хүрээлэн гэж ярьдаг юм даа. Тэнд математикийн хүрээлэн байсан юм. Түүхийн хүрээлэн гуравдугаар давхарт нь байрладаг байсан. Тэр хавийнхан бие биеийнхээ өрөөгөөр орж гарна, ярилцана. Математикийн хүрээлэнгийн захирал нь манай Р.Гончигдорж дарга байсан юм. Халтар гэж том математикч байдаг даа. Нэг удаа тэдний өрөөнд цай уунгаа бас янз бүрийн цаг үеийн юм ярьж байтал Гончигоо дарга орж ирээд гарсан юм. Та нар очоорой. Их сургууль дээр хэсэг улсууд цуглаад ярилцдаг болсон шүү гээд. Тэгээд нэлээд бодож байгаад гэнэтхэн л очих шийдвэр гаргасан. Батсүх гэж нэг эмэгтэй найзтайгаа ярилцаж байгаад хамт очлоо. Түүхийн хүрээлэнгээс дөрвөн хүн л Ардчилсан социалист хөдөлгөөн гэдэгт орсон байдаг юм. Тэрний нэг нь би. Тэгэхээр ерэн оноос эхэлж хувь заяагаа холбож дээ. Тэр маань ч бас цаанаа учиртай. Миний өвөө хэлмэгдэж, 1937 онд буудуулсан. Одоо бол эрдэмтэд хэлмэгдлийн түүхийг өөрөөр харж эхэлсэн байна. Миний бодлоор 1920 оноос хойш болсон тэр хэлмэгдүүлэлтийн үе бол 1937, 1940-өөд он хүртэл үргэлжилсэн. Энэ бол бараг геноцид маягийн хэлмэгдүүлэлт болсон. Үнэхээр тэр үеийн хэлмэгдэлд өртсөн хүмүүс бол маш их зовлон үзсэн улсууд байдаг юм шүү дээ. Манай аав, манай аавын найз нөхөд. Би бүгдээс нь энэ гашуун тавиланг харж өссөн. Ер нь бол бараг насаараа шахам Дотоод явдлын яамны хараан дор байж байдаг хэсэг бүлэг хүмүүс байсан юм ш дээ. Гэндэн гуайн охин Цэрэндулам эгч байна. Дэмид жанжны хүү Элбэг ах, Эрдэнэбатхааны Раднаа ах, Лхүмбэ гуайн охин Навчаа гээд манай аавтай их үерхдэг хүмүүс байсан. Манай өвөөг “Харбин” Цэрэндаш гэдэг. Орос, хятад, манж хэлтэй. Хамгийн боловсролтой, бас сайхан нь байсан гэж ярьдаг. 1930-аад онд Манжуурт (Харбин) Монголын банк, санхүүгийн төлөөлөгчийн газар гэж байхад ажилладаг байсан юм билээ. Тэндээс нь дуудаж авчраад Япон тагнуулын хэрэг гэдгээр цаазалсан гэдэг. Намайг багад аавын найзууд хааяа манайд цуглаад хэлмэгдлийн тухай их ярьдаг байсан. Ийм юман дунд өсч төлөвшсөн хүн өөрийн сонголтоо хийсэн нь тэр л дээ.
-Таны аав хэн гэдэг хүн байсан юм бэ?
-Манай аав Зав гэж хүн байсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүн л дээ. 60-аад оны үед Хрущёв гарч ирээд Орост цагаатгал хийсэн дээ. Тэр нь манайд ч гэсэн үргэлжилсэн юм байна лээ. Аав маань сайн цаг ирж гэж бодсон байлгүй аавыгаа цагаатгуулах гээд өргөдөл өгсөн байдаг. Аав маань овгоо солиод амьдарч байсан байгаа юм. Тэгээд л шууд бараг өргөдөл өгснийхөө дараагийн долоо хоногт л ажлаасаа халагдсан байдаг юм. Энэ хэлмэгдэл бол хүмүүсийг ерөөсөө л далд оруулчихсан гэх юм уу даа. Нэг үгээр хэлбэл юу ярих, хэнтэй уулзах тэр бүх юм нь өөрийн эрхгүй нэг тийм болгоомжлолтой. Тэр үеийн нөлөөн дор л би өссөн. Мэдээжийн хэрэг аав маань шаналгаатай хэцүү амьдралаар амьдарсан. Байнга мөрдөж мөшгиж байдаг. Нэг байгууллагад ажил хийж байгаад шагналд тодорхойлох, албан тушаал дэвших болдог. Тэр бүхэн дээр нь нөгөө нөхдүүд гишгэж байдаг. Энэ бүхнийг бол би хамгийн том нь байсан учраас мэдэрдэг. Тэр орчинд өсч хүмүүжээд л энэ ардчиллын төлөөх үйл хэрэг рүү чинь яваад орчихсон.
-Гэхдээ өөрийнхөө үзэл бодлын сонголтод харамсдаггүй биз дээ?
-Үгүй. Хэзээ ч үгүй. Бид үзэл бодлын эрх чөлөө гэдэг үнэт зүйлийг олж авлаа. Энийг мэдээж мөнгө төгрөг, эд материалтай зүйрлэхийн аргагүй зүйл. Өнөөдөр бид энэнийхээ хүчээр л намын хурал дээр босч ирээд удирдлагуудаа шүүмжлээд хэлчих чадалтай, тийм тэнхээтэй явж байна л даа. Энэ бол миний өөрөө оролцож хийсэн, энэ Монголын ард түмний бүгдийнх нь дэмжлэгээр хийгдсэн ардчилсан хувьсгал гэдэг юмны л ач.
-Бид хоёрын яриа явсаар өөрийн эрхгүй танай ҮЗХ-ны хурал руу орж байна л даа. Сүүлийн үед АН-аас нэг тийм сонин хувирал харагдаад байдаг болчихжээ. Нэг л тийм өөр өнгө төрх. Өрсөлдөгч улс төрийн хүчнээсээ ялгагдах юмгүй сонин байр байдал. Бид элдэв дажинд дуртайдаа, эсвэл дандаа сөргөлдөөн хүсдэгтээ ингэж хараад байгаа юм биш шүү?
-Би таныг их сайн ойлгож байна.
-Тэр өөрчлөлтийг л хамгийн том илтгэсэн хурал болох шиг боллоо. Энэ хурал дээр хамгийн тод шүүмжлэлийг илэрхийлсэн хүн нь та. Тантай уулзаж ярилцах болсон бас нэг шалтгаан ч энэ юм. Та яагаад намын удирдлагууддаа ингэж шүүмжлэлтэй хандах болов. Хэр удаан явсан бухимдал тэсрэв ээ?
-Өөртэй чинь яг санал нэг байна. Үнэхээр хачин хурал болсон. Аливаа хурал даргыгаа татаж унагаагаад л, дотроо тал тал тийшээ үсчсэн шүүмжлэл өрнүүлээд л, хэн цээжээ хүчтэй дэлдсэн, хэрхэн бие биенээ илүү доромжилсноороо үр дүнтэй байдаггүй л дээ. АН-ыг ийм сул дорой байсныг огт харсангүй. Нам дотроо асуудлаа илэн далангүй ярьж, энэ улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг авч үзэж, олон түмний хүсээд байгаа, бидний зүг харсан, итгэж найдсан тэр хүлээлтэд хариу өгөх ёстой байсан уу гэвэл байсан ш дээ. Даанч харамсалтай нь ерөөсөө тийм юм болсонгүй. Ерөөсөө л нам жим. Юунд орчихов оо гэмээр. Ямар айлын хуралд ороод ирэв ээ гэмээр. Илтгэл бол надад үнэхээр таалагдаагүй. Зүгээр л биднийг мануухайнууд сууж байгаа юм шиг хандсан.
-Намын даргын илтгэл үү?
-Тийм. Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэл нь арай дээр байсан гэж бодож байна. Ялангуяа УИХ дахь намын бүлгийн илтгэл, дээрээс нь намын даргын илтгэл, хамтарсан Засгийн газарт хоёр жил ажилласан тухай илтгэлүүд бол үнэндээ гялайх, цайх юм байсангүй. Намын дарга сүүлд нь хэлж байна лээ. Бид хоёрхон жил ажиллаж байна ш дээ. Үр дүн нь гарах болоогүй гэж. Одоо хоёр жил ажиллах нь байтугай энэ байдлаар 20 жил ажиллаад ч ард түмний амьдрал дээшлэхээргүй байна. Өмнөх 20 жилээ бид алдчихсан л байгаа шүү дээ. Өнөөгийн Монголын шалдар булдар амьдралд хүмүүсийн арга барагдаж байна. Монгол хүний амьдралын чанар гэж огт алга. Итгэл хүлээж ард түмнээс сонгогдчихоод, намынхнаараа дэмжүүлж Засгийн газарт орчихоод ийм тайлан тавиад сууж байна гэдэг бол дэндүү л харамсалтай санагдсан.
-Танай намын дарга ҮЗХ-ны л статустай дарга биз дээ. Тэгээд яагаад Их хурлаа зарлая гэж байхад дэмжиж хуралдуулчихаад жинхэлчихэж болохгүй байгаа юм бол?
-Дүрэм бол яг тийм л байгаа шүү дээ. Манай намын дарга Их хурлаар л сонгогддог. Би хангалттай ажилласан, гишүүдийнхээ итгэл найдварыг хүлээчихсэн, ард түмнийхээ төлөө хамтарсан Засгийн газарт орж ажиллаад тодорхой үр дүнд хүрлээ, амьдрал ахуй сайн сайхан боллоо гээд ам бардам хэлчих бололцоотой л гэж үзэж байгаа юм бол намынхаа Их хурлыг хуралдуулахаас юундаа болгоомжлоод байгаа юм бэ. Жаахан зардал л гарна биз. Сонгуулийг болохоор хэдэн арван саяар нь хандив тусламж аваад хийчихдэг шүү дээ. Бас УИХ-ын гишүүдийнхээ суудлын тоогоор төрөөс мөнгө авч байгаа биз дээ. Намын хурал хуралдуулах хэмжээний мөнгө бол байгаа байлгүй. Их хурал хуралдуулъя гэсэн хүсэл зорилготой олон гишүүд, залуучууд байх шиг байна лээ. Дарга нар тэднийг авч хэлэлцэхгүй байна. Сүүлд нь санал хураалгасан. 30-аад л хүн гар өргөж байна лээ.
-Нууцаар санал хураах ёстой биз дээ. Яагаад ил санал хураалт явагдсан юм бэ. Шууд утгаараа бол дарамт биз дээ?
-Гүйцэтгэх зөвлөлөөс хэлэлцэх асуудалд орж ирээгүй ш дээ. Зүгээр заалнаас гишүүд санал гаргаж байж хэлэлцүүлсэн. Тэгсэн ч энэ асуудлыг энэ удаа хэлэлцэхгүй гээд л гар өргөчихөж байна лээ. Бүх юмыг цаанаас нь бариад баглачихсан байсан.
-Хурлын дараа намаас гарсан баримт бичгүүдийг үзсэн. ҮЗХ-гоо шинэчилье. УИХ, Засгийн газарт байгаа өөрөөр хэлбэл албан тушаалтай гишүүдээсээ түлхүү оруулж ирье гэсэн бодлого явж байна гэж харсан?
-Саяын хурал дээр ажлын хэсэг байгуулагдсан. Ер нь бол цаашдаа энэ ажилтай, албан тушаалтай хүмүүсээ л ҮЗХ, ГЗ-дөө оруулах л юм явуулж байгаа юм байна лээ.
-Танай намын удирдлага жирийн гишүүдээсээ улам холдоно гэсэн үг үү?
-Тэгж л таарна ш дээ. Намын дүрмэнд хийх өөрчлөлтийг бол намын их хурлаар баталдаг. Яригдаад байгаа санал дүрмэнд орвол гишүүд арай тийм юмыг батлахгүй байлгүй дээ. Сүүлийн үед бол улам л ардчилалгүй, танигдахын аргагүй аргачлалаар манай намын ажил хэрэг явдаг болчихоод байна. Хөдөөнөөс замд ядарч зүдэрч ирсэн хүмүүсийг чинь фракцууд хүлээж аваад л өөр өөрсдийнхөө санаа оноог тулгаад, урвуулж аваад л гар өргүүлдэг болсон байна. Сүүлийн үед чинь тийм л хурал болдог болсон байна ш дээ. Нөгөөдүүл нь бүр сүүлдээ буцахын хүслэн болоод, нөгөө хоол, архи дарсанд нь бараг ядарчихдаг юм биш үү.
-Яг хувьсгалт нам шиг л хуралдаж байна лээ л дээ. Гишүүдээ айхтар хайрцагласан харагдсан шүү?
-Тийм байна лээ.
-Энэ л байр сууриа илэрхийлнэ дээ гэсэн хүн хүртэл дуугарахгүй суугаад байхыг бодоход үнэхээр өөрчлөгдсөн санагдсан. Юугаар, ямар хөшүүргээр ингэж барьдаг байна аа?
-Мэдэхгүй байна. Би үгэндээ хэлье гэж бодож байснаа мартсан байна лээ. Танхим дүүрэн сайхан залуучууд сууж байх юм. Гишүүд бол шинэчлэгдсэн байна лээ. Гэвч тэд маань дуугүй л суугаад байх юм. Өчүүхэн жаахан юм л бодоод суугаад байгаа байх л даа. Тэрнээс биш АН-ыг дэмжээд, ийм цаг үед нь ороод ирсэн залуучууд ингэх учиргүй дээ гэж бодож байлаа. Аягүй сонин бүрэлдэхүүн байлаа.
-Та намаас албан тушаалд хандаж байгаа хандлагыг явцуу хүрээнд шийддэг болсон гэж шүүмжилсэн. Н.Алтанхуяг даргыг тойрдог Сонгинохайрхан чиглэлийн нөхдүүд юм уу, баруун аймгийнхан л ажил албатай болж байна гэж ил тод хэлсэн. Та энийгээ яг ямар баримтад тулгуурлаж хэлсэн бэ?
-Хамтарсан Засгийн газраа хоёр нам 40:60 хувиар байгуулсан гэсэн. Хэд хэдэн агентлагийн дарга, бас бус энд тэнд томилгоонууд хийжээ. Агентлагийн даргаар нэг нөхрийг томилчихсны дараа бол тэр нь дороо хэлтэс, газрын дарга нараараа бас өөрийн намын хүмүүсээ авдаг юм байна л даа. Энийг нэг их задалж яриад яахав дээ. Ер нь л асар явцуу хүрээнд албан тушаалын хуваарилалт явагдсан л даа.
-20 жил гудамжинд явчихсан нам болохоор боловсон хүчнийхээ тодорхой хувийг энэ үед байршуулаад авъя гэж зүтгэх нь аргагүй л дээ. Гэхдээ шударга бусаар л явагдаад байх шиг байна?
-УБЕГ гэдэгт саяхан би очлоо. Надад бас хуучин тэнд ажиллаж байсан таньдаг ганц нэг хүн байдаг юм аа. Тэгээд сонсч байхад “Манай тэр тэр дарга чинь танай намаас тавигдсан ш дээ” гээд хуруу дараад л ярьж байх юм. Нэг эмэгтэйгээс бусад нь миний л лав мэддэг хүн байхгүй байна лээ. Хаанаас ирсэн юм, хэн тавьсан юм. Тэгээд би дараа нь сурагласан. УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт ажилласан хүмүүс орсон юм байна лээ. АН ганцхан Сонгинохайрханаас УИХ-ын гишүүнтэй болсон юм байлгүй. Ер нь бол тийм л томилгоо явагдаад байна л даа.
-Бас Ерөнхийлөгчийг та шүүмжилсэн. Шүүх засаглалд бугшсан бузар булайг хуу цэвэрлэнэ гэж итгэж байтал талаар боллоо гэсэн утгатай үг хурцаар хэлсэн. Та өөрөө энэ салбарт ажиллаж байгаа хүн болохоор хэлэх үг байгаа болоод л хэлсэн байх?
-Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрх, үйл ажиллагааны чиг үүрэгт нь бүх шатны шүүхийн шүүгчийг томилох, чөлөөлөх эрх байгаа. Мөн Улсын ерөнхий прокурор байна. Шүүхийн хараат бус байдалд хэнбугай ч нөлөөлөх учиргүй. Хуулийн дагуу дээр дурдсанаар Ерөнхийлөгч шүүх эрх мэдэлтэй холбогддог. Ерөнхийлөгч анх ажлаа эхлэхдээ шүүхэд шинэчлэл хийх чиглэлээр хүчтэй дуугарч эхэлсэн л дээ. Эрх зүйн орчин нь бүрдээгүйгээс ажил удаан байна гэх байх л даа. АН бол УИХ-д хорин хэдэн л гишүүнтэй. Шүүхийн тухай шинэчилсэн хуулиа батлуулж чадах эсэх нь бол бас эргэлзээтэй л дээ. Ц.Нямдорж сайдын харж байгаагаар бол шүүх эрх мэдлийн хүрээнд шинэчлэл хийгдэж байгаа. Гэхдээ огцом хурдлуулж, хамаагүй бужигнуулах хэрэггүй гэсэн юм хэлж байна лээ. Тэгэхээр миний бодлоор бол үнэхээр хүсч хүлээж байгаа өөрчлөлтүүд хийгдэхгүй юм байна. Хэдэн шүүгчийн томилгооноос өөр энэ салбарт юу хийв ээ. Шууд хэлэхэд сая бол үнэхээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг томилохдоо Ерөнхийлөгч хариуцлагагүй хандсан гэж үздэг. Хуульч хүний хувьд. Энийг маш олон хуульч ярьж байгаа.
-Тийм ч цэвэр биш хүнийг шүүхийн оройд тавилаа гэж та бүхэн үзэж байгаа юм билээ. Танай намын угшилтай хүн биш юм уу?
-Үгүй байх гэж бодож байна. Шүүгч нар бол нэлээд эрт улс төрийн намын харьяалалгүй болсон улс. Хуульчдын дунд хардлага бол байгаа. Энэ хүн бол ерөөсөө мөнгөтэй хүмүүстэй л гүнзгий харилцаатай хүн байж магадгүй. Тэд нарынхаа дэмжлэгийг авчихлаа л гэж ярьж байна. Олигархиуд чинь нөлөөлөөд шүүх эрх мэдэл рүү орчихлоо шүү дээ. Энийг хуульчид маш их ярьж байгаа. Ерөөсөө Ерөнхийлөгчид хамгийн хүчтэй нөлөөлдөг бүтэц нь юу юм. Ерөнхийлөгчийн Тамгын газар яасан бэ. Мэргэшсэн, шуурхай удирдлагаар хангах ёстой мэргэшсэн төрийн албан хаагчид хаачив. Дээрээс нь зөвлөх нь байна. Гурван шүүгч, гурван прокурор, гурван өмгөөлөгчтэй уулзахад л хангалттай мэдээлэл авах байлаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд ганцхан удаа тохиолдож болох томилгоо шүү дээ. Улсын дээд шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгчийг томилоход ийм хурдан томилж байсан удаа ер байхгүй юм билээ. Их ултай суурьтай судалж байж шийдвэрээ гаргах байсан. Улсын дээд шүүхийн хуралдаан болоод тэр хүн 58 хувиар гэсэн байх гараад ирж. Ерөөсөө үдээс хойш нь л Ерөнхийлөгч шууд томилсон. Сонин юм. Бид чинь нэлэнхүйдээ шүүх засаглалд хачин шүүмжлэлтэй хандаж байсан биш билүү. Гэтэл Нийслэлийн ерөнхий шүүгч байсан хүнийг л тавилаа ш дээ. Нийслэлийн шүүх тэгвэл хамгийн л сайн ажилласан юм байна шүү дээ. Ерөнхий шүүгч нь дэвшлээ. Шүүхийн шинэчлэл гэдэг нь хэдэн тэтгэврийн насандаа хүрч байгаа эмэгтэйг уйлуулж өргөдлийг нь авч чөлөөлснөөр бүү дуусаасай.
-Манай төрийн ажил арга барилын хувьд, харилцааны хувьд, ажилдаа ханддаг хандлагын хувьд улам л аймаар болоод байгаа ш дээ. Зүгээр л гүтгэлгээр нэг нэгийгээ хэлмэгдүүлчихдэг болсон. Та бол шүүгчидтэй өдөр тутам амьдралаараа холбогдоно. Айхгүй байна уу?
-Шүүх дотор ч шинэчлэлийг хүсэгчид байгаа. Бүгдээрээ хээл хахуульд автчихсан юм биш. Гаршсан хэдэн хүн бий. Өмгөөлөгчид бүгд мэднэ. Олон нийт, иргэд ч хэлж байгаа. Ажлаа мэддэг, шударга сайн шүүгч нарт нь итгэж байна.
-Саяын танай ҮЗХ-ны хурал улс төрийн цэнгээнт үзүүлбэр элбэгтэй хурал боллоо л доо. Намын даргын илтгэл дотор л гэхэд зохисгүй үгс олон гарч ирсэн. Монголын хүүхнүүд үе мултарсан гадаад эрийн өвөрт орж байна гэж яг ямар утгатай, яах гэж хэлсэн үг гараад ирсэн бэ?
-Хүн юу ч гэж ойлгож болохоор юм билээ. Дэндүү хариуцлагагүй үг гэж энийг л хэлэх байна. Хэрвээ эмэгтэйчүүд бид намын даргын илтгэл тавих хэмжээнд очтол эмзэглэлийг нь дагуулж, нийтээрээ тийм байдалд орчихсон юм бол тэр нь тэгээд хэний буруу юм бэ. Манай эрчүүд тааруухан болсны шинж биш юм уу. Ер нь тэгээд энэ асуудлыг манай намын дарга авч хэлэлцдэг юм уу.
-ҮЗХ-ны гишүүд хэр хүлээж авсан бэ, тэр үгийг нь?
-ҮЗХ, Мөнхтуяа бол тэр дороо шууд эсэргүүцэж үгээ хэлж байна лээ. Олон хүн эмзэглэсэн болов уу. Дэндүү гэхэд, дэндүү болсон доо.
-Сангийн сайд С.Баярцогт Н.Батбаяр хоёрын мэтгэлцээнийг та юу гэж харсан бэ?
-Өмнөөс нь ичмээр юм байна лээ. Би бүр энэ чинь юу болоод байгаа юм бэ гэж гайхаш барсан.
-Маргааш нь намын дарга тань орж ирэнгүүтээ юм хум авч шидээд, гишүүдийнхээ заримыг зүхэж хараасан юм аа даа. С.Эрдэнэ гишүүн нь намайг зүхлээ, тагнаж чагналаа гээд УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд намын даргыгаа өгчих юм. Үнэхээр хошин байна шүү?
-Тийм мэдээлэл хэвлэл мэдээллээс л авлаа. Би бол ордонд ордог мундаг хүн биш шүү дээ. Тэнд нь юу болдгийг мэдэхгүй. Үнэхээр хол хөндий. Жирийн л нэг гишүүн юм чинь. Үнэхээр ингэж авирлацгааж байгаа бол харамсалтай л юм. Хурлын дараа их л бухимдацгааж байгаа юм байна. Уг нь хүссэн юмаа эд нар хийж л байгаа ш дээ.
-Том шийдвэрүүдийг нэг нам дангаараа гаргах ямар ч бололцоогүй 20 жил явж ирсэн. Одоо л нэг энэ улс орныг чинь хөгжлийн дараагийн шат руу нь оруулъя гээд хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Гол хийх юм нь стратегийн орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах. Энийгээ хийлээ. Одоо хяналтын механизмаа ажиллуулъя, хийдгээ хийлээ, засгаас гаръя гэж тодорхой гишүүд нь үзэж байгаа юм байна. Та юу гэж бодож байна вэ?
-Би чинь анх хамтарсан Засгийн газарт намыг ороход дэмжиж байсан хүн ш дээ. Гараа өргөсөн. Үнэхээр Монголын ард түмэн энэ газрын баялгаа зөв зохистой ашиглаж, амьдралаа дээшлүүлж, баялгийнхаа хувийг эзэн хүн шиг нь хүртэх ёстой, тэр цаг нь ирсэн гэж бодож байсан. Одоо бол хяналт хэрэгтэй болчихлоо. Энэ бол нийт ард түмний хэрэг биш болчихлоо. Хэдхэн хүний, тодруулбал, манай ҮЗХ-ны гишүүн гээд 200 гаруй хүн сууж байна ш дээ. Тэрний 10 хүрэхгүй хүнд нь хамаатай хэрэг л болчихлоо ш дээ. Бусдад нь ямар ч хамаа байхгүй. Тэрний төлөө шүлсээ гоожуулах хэрэггүй. Одоо иргэдийн өгсөн итгэл найдварыг төлөөлж ажилла л даа. Хийгээд өгсөн гэрээнийхээ хэрэгжилтийг хяна. Одоо яагаад ингээд зуураад байдаг юм бэ.
-Одоо бол Засгийн газраас сайдуудаа татах ёстой гэж үзэж байгаа юм байна, тийм үү?
-Тийм. Одоо хангалттай.
-Засгаас гарч болохгүй. Төр бужигначихна. Хэлсэн ярьсандаа эр хүн шиг байнаа л гээд цаадуул чинь гүрийж байна. Ер нь намын даргыг сонгуулийн өмнө ч сольж болно ш дээ. Яагаад намын дарга солихоор л АН муухай харагдах болчихоод байгаа юм бэ ?
-Тэрийг одоо бүгдээрээ л ойлгохоо байчихаад байна шүү дээ. Юу хэлэхээ мэдэхгүй байна.
-Хамгийн либерал, аливааг хамгийн чөлөөтэй авч үздэг нам яагаад гэнэтхэн “Би намын даргаар ажиллаж чадна. Нөгөө намын толгойтой мэргэжлийн төвшинд тоглож чадна, намынхаа эрх ашгийг Н.Алтанхуягаас илүү хангаж чадна” гэж зөв амбиц илэрхийлсний төлөө гишүүдээ эргэж намнах машин ажиллуулаад байна вэ. З.Энхболд гишүүний гаргасан амбицыг бол эрүүл алхам л гэж бид жишээ нь харсан?
-Зөв шүү дээ. Ер нь яагаад болдоггүй юм бэ. З.Энхболд бол үнэхээр зориг зүрхтэй, боловсрол мэдлэгтэй, цэх шударга, орчин үеийн хүн. Намын даргаар ажиллаж чадна. Сая бол нэг л болж өгсөнгүй.
-Хүчгүй байв уу?
-Өөрөө бас нэг тийм хүчтэй байж чадсангүй. Бид бол дэмжчихье л гэж бодож байсан. Бас хэд гурваараа ярилцаж л байлаа. З.Энхболд бол чадна. З.Энхболд бол Н.Алтанхуягтай мөр зэрэгцээд нэг намд зүтгэж байсан хүн. Тэр хүний ажилсаг, мэдлэг боловсролтой, чадварлаг гэдгийг нь өөрөө сайн мэднэ ш дээ. Дээрээс нь бол АН-ыг аваад явчих өөр хүмүүс ч байна. Миний одоо хамгийн их итгэж байгаа хэсэг бол “Нэг Ардчилал”-ын залуучууд байна. Тэр хэсэг бол эрүүл байна. Энэ 20 жил явсны эцэст итгэл найдвараа алдахын даваан дээр тэр залуучуудыг хараад би за, ард чинь бас сайхан үе байгаа юм байна шүү. Эд нарыг зөв дэмжээд, хордуулчихгүйхэн шиг аваад явчих юм бол бас бидэнд итгэл найдвар байгаа юм байна гэж бодсон.
-АН өмнөх сонгуулийн дараа ч засагт хамтраад л явсан. 62-ын бүлэг энэ тэр гээд үйлээ үзээд л явцгаасан. Хэдхэн нөхөд л тэр дээд төвшинд очиж Засгийн газарт ордог. Баабар, Б.Дэлгэрмаа, Да.Ганболд гээд цөөн хэдэн лидерүүд болохоор яагаад гадна нь байдаг юм бэ. Та тэрийг яаж хардаг вэ?
-Харин яагаад гэдгийг би огт ойлгодоггүй. Намын дотоод ардчилал, хүний нөөцийн бодлого алдагдахаар ингэнэ биз дээ. Ерөөсөө манай мэдлэг чадвартай, боловсролтой, эрүүл, улс орондоо хүлээн зөвшөөрөгдсөн хэсэг нь бараг албан тушаалд очихгүй байгаа гэж хэлж болно. Тэд маань одоо яагаад байдаг юм бол. Ам хамар нь болдоггүй юм уу, эсвэл гүйж очиж долигонож, архидаж, янз бүрийн зусар юмыг нь хийж чаддаггүй болохоор тэгдэг юм уу даа гэж боддог. Би ч бас тэрийг нь хийж чаддаггүй болохоор ойлгодог. Хэрэв архи уувал зугтаагаад л явчихдаг. Жигтэйхэн магтахгүй, тааралдвал бараг шүүмжилнэ. Ичгүүргүйгээр долигонож явдаг хүмүүс манайхнаас албан тушаалд оччихдог юм. Долигоногсдын нэлээд том баг байгаа ш дээ. Бас хов зөөнө. Тэгэхээр цаадуул нь шагнадаг юм уу даа. Эрүүл саруул, боловсролтой, туршлагатай, зарчимтай нь болохоор албан тушаалд очиж чаддаггүй. Тэд нар маань сонгууль болохоор дэвшээд л унацгаачихдаг. Тэр нь яахав дээ, тав арван цаас нь дутчихдаг. Тойргоо ч буруу сонгодог л юм шиг байгаа юм. Хэрсүү бөгөөд зөв хүн олонсон бол магтагчдаас хол явж, үнэн үгтэнд ойр байхсан.
-Одоо тэгээд ирэх сонгуульд АН ялах магадлал байна уу?
-Одоо энэ хоёр нам өнгөрсөн байх л гэж бодож байна ш дээ.
-Та МАХН дотор болж байгаа процессыг яаж харж байна. Зарим улстөрч бол сонгуульд нэг нэрээр орчихоод дунд нь нэрээ сольчихож байгааг нь залилангийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. АН үнэхээр улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй байна л даа. Хувьсгалт намын энэ алхам дээр сөрөг хүчний хувьд улс төрийн дүгнэлт гаргах ёстой л гэж бодож байсан юм?
-Тэгэлгүй яахав. Бидний саяын хурал бол энэ тухай заавал ярих ёстой байлаа ш дээ. Их бодлоготой хуралдах байсан. Үнэхээр олон түмэн ч тэр, нийгмийг дагуулдаг сэхээтэн хэсэг ч тэр гарцаа байхгүй манай намыг энэ үйл явдлууд дээр улс төрийн дүгнэлт хийнэ гэж хүлээсэн ш дээ. Засгийн газарт орчихсон болохоор дуугарч чаддаггүй юм байна. Тэгвэл энэнээсээ гараад яагаад дуугарч болдоггүй юм бэ. Тэр албан тушаал чинь юу юм бэ. Амь нас юм уу, эрүүл мэнд юм уу, оюун санаа юм уу. Бидний үнэт зүйлс, энэ намын гишүүд дэмжигчдийн хүсэл зоригоос илүү зүйл юм уу. Ёстой нөгөө засаглалын, эрх мэдлийн амтыг мэдчихээрээ хүн ингэж шүлэнгэтдэг юм байлгүй дээ.
-Ер нь АН-ынхан хөдөлж энэ биеэ үнэлэгч маягтай нөхдүүдийг төрийн дээд төвшнөөс зайлуулж, эрүүл саруул хэсгээ гаргаж ирэх цаг болсон юм биш үү. АН дотроо цус сэлбэлт хийх үе ирчихсэн юм биш үү?
-Цаг нь болчихсон ш дээ. 20 жил гэдэг бол том үе байдаг юм байна. Зүгээр зайгаа тавьж өгөөд яв гэхээр эрэгтэйчүүд маань уурлах байх л даа. Бид нар болоогүй. 50, 60 нас бол улс төрийн ид нас шүү дээ гэх байх. Бас ч нэг талаасаа тийм. Эмэгтэй хүн 50-тай бол авгай гээд байгаа. Үгүй ш дээ. Эмэгтэй хүн энэ насандаа ёстой хийгүй болдог. Хэтэрхий өөрсдийгөө бид л бүгдийг чаддаг, бүхнийг хийдэг, биднээс өөр чадах хүн байхгүй гэвэл болохгүй. Тэрний л үр дагавар өнөөдөр бий болчихлоо ш дээ. Нэг сайн ялагдаад ухаарах байлгүй.
-Та нарын амьдралын 20 жил л энэ намыг бий болгосон шүү дээ. Одоо эргэж хараад бидний залуу насыг, бидний тэмцэл зүтгэлийг үнэгүйдүүлчихлээ гэсэн бухимдал байгаа байх. Гэхдээ бухимдлыг ч гэсэн эвтэйхэн дарж хайрцаглах аргад танайхан суралцчихжээ?
-Цаадуул чинь ууртай байгаа. Яахав зааланд жаахан хашгираг. Тэгээд гайгүй тайвширна гэдгийг бол тооцсон байна лээ. Бид ч энүүгээр хийх юм аа хийнээ гэж байгаа. Тойргийн сонгогчдоос олонхи санал авч УИХ-ын гишүүн болсон хүмүүст хийх ажил, бодох зүйл их байгаа. Улс орныхоо төлөө шийдвэр нь зөв гарч яваад, үнэхээр ард олны амьдрал ахуй сайжирч байгаа бол эд нарыг дэмжээд л явна шүү дээ. Гэтэл одоо энэ амьдрал ямар байна даа. Ард олон өдөр ирэх тусам ядуурч байна. Монгол хүн нэг их юм хүсдэг хүмүүс биш юм байна шүү дээ, хөөрхий. Жаахан юм хаяж өгөөд л амьдралыг нь дэнжигнүүлээд л бариад байгаа байхгүй юу. Тэгээд нөгөөдүүл нь энэнээс дээш амьдрал байдаггүй юм байнаа гээд ойлгочихлоо. Жаахан юм өгөхөөр нь алгаа тосоод авчихдаг. Энэ биш ш дээ. Монгол хүн хүлээцтэй ч цочмог уурладаг. Ядуу олон хүний уур бухимдлыг хайрцаглаж чадахгүй байлгүй дээ.
-Өмгөөлөгч хүний хувьд танаас асуумаар байна. Сүүлийн үед сэтгэл сэрдхийлгэмээр хэргүүд их гарч байна. Эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна уу?
-Нийгмийн байдалтай ихээхэн холбоотой. Хүмүүс ажилгүй байна, архидалт их байна. Заримыг нь зүгээр суулгаж сургах бодлого барьж байна. Ингэж амьдарч болохгүй шүү гээд гараад гүйсэнд нь танил тал, арын хаалга алга , дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болж байна. Тав арван цаас олно. Тэрүүгээрээ хүүхэд, эмэгтэйгүй архи аваад уучихдаг болсон. Одоо энэ архидалт энэ тэр чинь бүр ахуйн хүрээнд болсон. Онц хүнд гэмт хэрэг өссөөр байгаа нь үнэхээр сэтгэл зовоож байна. Ажилгүй, ядуу хүмүүс гэмт хэрэгт холбогдох нь их байна шүү дээ.
-Та одоо ямар хэргүүд дээр ажиллаж байна.?
-Би захиргааны болон эрүүгийн хэрэгт өмгөөлөл хийж, зөвлөгөө өгдөг.
-Танай өмгөөлөгчдийн нэг хэсэг нь үнэхээр томорсон. Том том хэргүүд дээр л ордог. Өндөр өртөгтэй, өндөр хөлстэй баячуудыг өмгөөлдөг. Нэг хэсэг нь бол хоногийн хоолоо яая даа гэж байгаа иргэддээ үйлчлээд л, бараг тэд нараасаа цалингаа авч чадахгүй явж байдаг. Та аль хэсэгт нь хамрах бол?
-Хуульч өмгөөлөгч нь зах зээлийн нийгмийн мэргэжил юм даа. Мэргэшлийн өндөр ур чадвартай, ёс зүйтэй, туршлагатай байх нь хамгийн чухал. Харин тийм өмгөөлөгч нь хэд бол.Өмгөөлөгчид зарим нэг хэрэг дээр одоо багаар ажилладаг болсон. Би хэдэн сайн өмгөөлөгчидтэй зөвлөлдөж ажилладаг. Тэд нар маань залуу болохоор эрч хүчтэй, эрүүл саруул байдаг юм. Би ч ядуусын л өмгөөлөгч байх.
-Ганцхудагийн урьдчилан хорих байранд өмгөөлөгч ч авах чадалгүй, хилс хэрэг тохогдон ядарч байгаа залуучууд олон байна. Та тэднээс сонгож өмгөөлдөг үү?
-Бид чинь жилд хоёр төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлөх үүрэгтэй. Манай холбооны дүрмэнд байдаг юм. Бид тийм хүмүүсийг өмгөөлөх ёстой.
-Надад нэг залуугаас захиа ирсэн юм. Хилс хэрэгт гүтгэгдээд байна гээд. Судлахаар үнэхээр хүнд нөхцөлд орсон хүн байна. Хэд хэдэн л цуврал бичлээ. Нөгөө залуу маань Хүний эрхийн үндэсний комисст ч захидал бичээд л байгаа гэсэн. Яавал дээр вэ?
-Сайн өмгөөлөгч аваад өгчих. Манайхны хэн нь ч өмгөөлнө өө. Би ч өмгөөлсөн болно.