"Хонь бүрэн, чоно цатгалан" буюу МАН-ын дэвшүүлсэн 76:76 хувилбар
Товч бөгөөд тодорхой хэлбэл, тойргууд хэдийн зарагдсан гэсэн үг. Хоёр дахь нь АН-ын дэвшүүлээд байгаа 60: 40 гэдэг хувилбар. Хэрвээ одоо байгаа мажоритари 76 мандатыг хэвээр нь хадгалж үлдэнэ гэвэл намын жагсаалтаар 50 гишүүнийг сонгож, нийт гишүүдийн тоо 152 биш, 126 болж буурна.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ажилласан /2012 оны сонгуулиас хойш/ үе үеийн парламентын толгойны өвчин болоод байсан сонгуулийн тогтолцооны асуудал нэг мөр шуудрах тал руугаа оров. 2012-2016 оны парламентад хүчний харилцаа хамгийн ойрхон /АН 38, МАН 36/ байхдаа хийж чадаагүй сонгуулийн тотолцооны өөрчлөлтийг МАН үнэмлэхүй олонхи байгаа үедээ барьж шийдэхээр болов.
Өмнө нь 2012-2016 оны парламентын үед АН эрх барьж байх үедээ нэг удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирж, жил тойрон хэлэлцсэн боловч сонгуулийн тогтолцооноос болж унасан түүхтэй. Үндсэн хуульд заасан “иргэдийн шууд сонгох эрх” гэдэг томъёоллоос болж Цэц дээр байнга унаж ирсэн сонгуулийн пропорциональ системийг хуульд тусгахын тулд “Сонгуулийн тогтолцоог УИХ шийднэ” гэдэг заалтыг оруулахыг хүссэн боловч МАН-ын “ах” нар “Пропорциональ тогтолцоо бол бусад намд л ашигтай тогтолцоо юм” гэдэг өөрсдийн итгэл үнэмшлээр уг өөрчлөлтөөс татгалзсан билээ.
Үнэхээр ч 2012 оны сонгуулийг пропорциональ, мажоритари хосолсон холимог тогтолцоогоор явуулсны дараа АН түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 38 суудал авсан билээ. Пропорциональ буюу намын саналаар хувь тэнцүүлж хуваарилсан 28 суудлаас хамгийн олон буюу 10 суудлыг АН, есийг нь МАН, долоон суудлыг МАХН, ИЗНН хоёр суудал авсан байдаг.
Өөрөөр хэлбэл пропорциональ тогтолцоо гэдэг бол олон намын систем юмаа гэдгийг ухаарснаар МАН Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтөөс татгалзсан билээ.
Гэвч сүүлийн хоёр удаагийн сонгууль дараалан үнэмлэхүй олонхийн суудал авсан нь тус намын боловсон хүчний нөөцийг бүрэн шавхсан төдийгүй төрийн чадавхийг сулруулахад хүрсэн тул “ах” нам хариуцлагыг хувааж үүрэх, парламентад улс төрийн олон урьгалч үзлийг уралдуулах нь зүйтэй гэдэг шийдэлд хүрсэн бололтой юм.
Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоог дагаад УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хамтад нь оруулж ирлээ. Мөн л 2015 онд хаагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хөндөгдөж байсан сэдэв. Тухайн үед УИХ дээрх ажлын хэсгийг ахалж байсан Н.Батбаяр гишүүн 99 гэдэг тоог, бусад намуудын зүгээс 120 болгох саналыг оруулж ирж байв. Харин энэ удаа МАН хамгийн өндөр буюу 152 гэдэг босго тавьж байна. Үүний 50 хувь буюу 76-г нь мажоритари тойргоос, үлдсэн 76-г пропорциональ буюу хувь тэнцүүлсэн систем, намын жагсаалтаар дэвшүүлнэ гэж байна. Энэ нь нэгдүгээрт одоо байгаа 76 мажоритари тойргийг хэвээр нь авч үлдэх гэсэн санаа юм.
Ингэхгүйгээр одоогийн УИХ-ын гишүүд сонгуулийн тогтолцоог өөрчлөх хүсэлгүй байсан байх. Товч бөгөөд тодорхой хэлбэл, тойргууд хэдийн "зарагдсан" гэсэн үг. Хоёрдугаарт, мажоритари жижиг тойргийн хамаарал цаашид ч үргэлжилсээр байна гэсэн үг. Үүгээр ах нам “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” арга замыг сонгожээ. Өөрөөр, “хонь бүрэн, чоно цатгалан” ч гэдэг. Илүү сайжруулахын тулд тойргуудыг томсгож, цөөлөх шаардлагатай гэсэн үг. Тойргоор сонгогдож байгаа нэр дэвшигч ядаж нэг аймгийн хэмжээний /100 мянгаас дээш/ хүн ам, эсвэл сонгогчийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тэр нь хоёр, эсвэл гурван мандаттай байх нь хамаагүй. Гол нь одоогийнх шиг аймаг, дүүргүүдээ газар нутаг, сум, хороогоор нь хуваагаад, түүнийгээ “манай тойрог” гэж өмчилдөг байж болохгүй. Ядаж нэг аймгийн, нэг дүүргийн хүн ам, сонгогчийн өмнөөс дуугардаг гишүүдтэй болъё л доо.
Тэгэхгүй энэ хэвээр нь жижиг 76 тойргоо үргэлжлүүлбэл, өмнөх системээс нэг их дээрдэхгүй, харин ч илүү олон “мал” парламент дотор бэлчих болно. Аягүй бол дотроо “Чи муу намын жагсаалтаар гараа биз дээ. Би бол тойрог дээр тулалдаж гарч ирсэн хүн шүү” гэж хоорондоо хэрэлдээд, яаж л нүдний булай болох бол доо. Өмнө нь ийм яриа гарч байсан жишиг ч бас бий л дээ.
Хоёрдугаарт, АН-ын дэвшүүлээд байгаа бас нэг хувилбар бий. Тэр нь 60:40 буюу мажоритарийг 60 хувь, пропорциональ буюу жагсаалтаар сонгох мандатын тоог 40 хувьд барих. АН-ын хувьд хэдийгээр гишүүдийн тоон дээр яг таг тоо яриагүй байгаа боловч МАН-ын дэвшүүлж байгаа 152 гэдэг хувилбарыг цөөлөх байр суурьтай байгаа. Одоо байгаа мажоритари 76 мандатыг хэвээр нь үлдээвэл намын жагсаалтаар сонгох гишүүдийн тоо 50 болж, нийт гишүүдийн тоо 152 биш, 126 болж буурна.
Энэ тухай АН-ын дарга Л.Гантөмөр "Мажоритари нь олонхи байж асуудлыг шийдэхэд эерэг болох юм. Засгийн газрыг байгуулахад хуваагдал бага гарна. Сонгогчдын саналыг гээгдүүлэхгүйн тулд нийт нэр дэвшигчдийн 40 хувийг намын жагсаалтаар буюу хувь тэнцүүлсэн байдлаар гаргаж ирэх ёстой" гэдэг байр суурийг илэрхийлсэн байдаг. Гэхдээ энэ бол АН-ын даргын байр суурь биш, АН-ын Үндэсний бодлогын хороо буюу намын удирдах дээд байгууллагаас гаргасан байр суурь гэдгийг хэлэх нь зөв байх.
"Засгийн газрыг байгуулахад хүндрэл үүсгэхгүйн үүднээс" гэдэг нь хэт олон нам парламентад орж ирвэл Засгийн газрыг олон нам хамтарч байгуулахад хүрнэ гэдэг болгоомжлол шиг сонсогдож байна. Харин мажоритари жижиг тойргийг томсгох гэдэг бол тусдаа асуудал.
inews.mn