“Хатаагдсан Болдууд” & “хатаасан” Төр
Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолыг уншаагүй хүн арай цөөн байх.
Николай Островскийн “Болд хэрхэн хатаагдсан нь” зохиолыг уншаагүй хүн арай цөөн байх. Харин өнөөдөр С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг “хэрхэн хатаагдаж” байгаагийн нарийн учрыг мэдэхгүй хүн мэдэж байгаагаасаа олон байгаа болов уу.
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нар Оюутолгойн “хуучин”, “шинэ” гэрээний улмаас цагдан хорих ангид хоригдож байгаа. Өнөөдөр С.Баяр, Ч.Сайханбилэг нараас Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтийг шүүх хэлэлцээд дахин хатуурхав. Тэд заавал ингэж “хатаана” гэнээ. Өмнө нь шүүх хурлын үеэр дүпү бэлддэггүй юмаа гэхэд хувцас юуг нь зэхээд доголон нулимстай угтахаар догдолж байсан тэдний ар гэрийнхэн ч “хатаагчдад” хамаагүй.
С.Баярын эрүүл мэнд нэлээд хүнд байгааг Хүний эрхийн үндэсний комиссын дарга хэлж байсан. Ч.Сайханбилэгийн тухайд захиа бичсэн, хууль хүндэтгээд ирсэн, нялх охиноо санаж байна гэдгээ ч дурьдсан боловч ийм үгс “хатаагчдыг” уяруулна гэвэл гонж. Тэд хүний ёс, хүний амь, эрүүл мэндийг бодох хэмжээнд сэтгэх “боломжгүй ажиллаж” байна.
Оюутолгойн гэрээ бол дэндүү олуулаа хэлэлцэж баталсан, гадны томоохон хөрөнгө оруулагчдыг хамарсан учир дэндүү ил тод гэрээ. Тэр үеийн УИХ, С.Баярын Засгийн газар, түүний сайд нар. Үүнд Зам, тээврийн сайд асан Х.Баттулга ч орно. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ч багтана. Энэ бол тухайн үеийн эрх баригчдын хамтын шийдвэр. Нэмж хэлэхэд Оюутолгой ордын гэрээний өөрчлөлт дээр Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн “Төслийг явуулна” гэсэн нэгдмэл байр суурьтай байснаараа Тавантолгой төслийн талцсан шийдвэрээс өөр. ҮАБЗ, УИХ, Засгийн газрын хамтарсан шийдвэрийг АТГ болон шүүх шүүдэг ёсыг өнөөдөр тогтоох гэж оролдож байна.
“Оюутолгой төслөө хөдөлгөж хөгжлийн түгжээг мулталлаа” гэж бахтай мэдэгдэл хийсэн тэр залуу өөрийнхөө орох камерийн түгжээг нээж байгаагаа гадарлаж байсан болов уу. Үгүй л болов уу. Тиймдээ ч 2015 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ “Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж өгч байна. Энэ бол зөвхөн Оюу толгой компани төдийгүй Монголын хэдэн зуун аж ахуйн нэгж эх орондоо өрнөх их бүтээн байгуулалтад эрч хүчтэй оролцон ашиг орлогоо нэмэх өргөн боломж, шинэ зам нээж өгнө” гэсэн байдаг. Тэд ийм л итгэл үнэмшилтэй байсныхаа төлөө “хатаагдаж” байгаа юм.
Ерөнхий сайд асан С.Баяр бол “Оюутолгой төслийг тойрсон хардлагын талаар би олон удаа ярьсан. Хардлагыг одоо шалгаж байна. Одоо бүр сайн шалгах ёстой. Авлига авсан, өгсөн гэж хардаж байгаа бол үүнд хоёр тал оролцсон байж таарна. Монголын талын нөхдөөс гадна нөгөө талаа ч бас шалгах ёстой” гэсэн байдаг. Мөн “Энэ төсөл олон жил үргэлжилнэ. Харин иймэрхүү халдлага олон жил үргэлжлэх учиргүй. Авлига авсан бол шийтгээд аваагүй бол олон түмэнд зарлаад төсөлд оролцсон хүмүүсийнхээ нэрийг цэвэрлээд цаашаа явах ёстой” гэж Г.Отгонбаяр тоймчид ярилцлага өгөхдөө товч санаагаа илэрхийлчихсэн. Үүгээрээ тэрбээр “Оюутолгойн гэрээ Монгол Улсад ашиггүй болсон бол хар толгойгоороо хариуцна” гэсэндээ хүрч хар толгой, халуун амиараа төлөхөд бэлэн хэдий ч Оюутолгой төслийн үр шимийг олон нийт хүртсээр, “нэр цэвэрлэх” үүрэгтнүүд улс төрийн хэрэг болгох хэмжээнд асуудлыг ойлгомжгүй болгосоор байна.
Тэгэхээр яаж ч “хатаасан” авлигын асуудал байгаа бол “нөгөө тал” ямар нэг хэмжээгээр асуугдаж таарах нь. Асуугдсан тохиолдолд С.Баярын хэлсэнчлэн “сухай улаан мөнгө” зараагүй ч хамгийн том татвар төлөгчөө болгосон Монголын төр, Монголын ард түмний хүртэх ашиг орлого эрсдэлд орох болов уу.
Тэгвэл “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд холбогдох асуудал хэрхэх вэ. Түүнтэй “нэг цаасан” дээр гарын үсгээ зэрэгцүүлсэн нөхөр нь “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак. Үүнийгээ “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэдэг нь эдүгээ “Дубайн гэрээ” гэгдээд байгаа. Ширхэг ч захиа бичээгүй, шинжилгээгээр эрүүл мэнд нь сайн гарсан юм байлгүй, хорих хоногийг нь сунгаад л байгаа. Олон нийт түүнийг буруу юм хийж “амжихгүй” хүн гэж үзсэн ч юм уу, өмөөрөх хандлагатай. Тэгэхээр нь шүүх яг л кинонд гардаг “Сүхбаатар жанжнысэлэм Тогмидоо хайрлах хайр” шиг хорих хоногоо сунгадаг.
Энэ гэрээгээр юу өөрчлөлгдсөн бэ. Ял хүлээх ямар шийдвэр гаргачихав гэхээр ерөөсөө л төслийн санхүүжилтийг нэмэх хөрөнгө босгоход чиглэсэн байдаг.
Мөн “Оюутолгой” ХХК 30 сая долларын татварын актыг хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон. “Би Эйч Пи”-тэй холбоотой 2%-ийн роялтийг “Туркойз Хилл” авахааргүй болсон. Уг роялти Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдаагүй байсан ч “Рио Тинто”-гоос хэлэлцээрт шинээр оруулж ирсэн роялти байсан. Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүч авахаар болсон. Гэвч “где Тавантолгой?” гэх мэтчлэн манай талын буруу бас цөөнгүй.
ТэгвэлС.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан,Б.Ариунсан, Б.Бадрал нарыг хорьсон гол үндэслэл ньерөөсөө л “хуучин, шинэ” Оюутолгой төсөлтэй холбоотой гэрээнүүд. Шинэ гэрээ буюу Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б. Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсэгт Ч. Сайханбилэг өгчээ. С.Баяр, С.Баярцогт нар УИХ, ҮАБЗ-ийн зөвшөөрөлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн.
Улс төрийн өнцгөөс нь харвал Тавантолгой төсөл дээр одоогийн Ерөнхийлөгчтэй байнга эсрэгцсээр ирсэн нэгдмэл чанар тэдэнд бий. Мөн таван жил гаруйн хугацаанд түүний багийнхнаар муулуулсан, тэр ч байтугай алдарт “30 гэр бүл” гэх хэлцэд байнга дурдагддаг, өчигдөр ч эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсний тухай ярихдаа ярьж л явна билээ.
Манай хууль зүйн салбар уг нь өнгөрсөн хугацаанд овоо шинэтгэл хийсэн гэдэг юм. Наанадаж хорих арга хэлбэрээ өөрчлөх тухай хуульдаа бичсэн. Гэвч “хилээр гараад явчихна”,“Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын архивт л байгаа өнөөх гэрээ хэлцлүүдийг” хулгайлаад шатаачихна гэж айгаад Цагдах хорих газарт “байлгах”-аа хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа бололтой. Үүнийг нь ч гэрээ байгуулахад байсан УИХ-ын гишүүний хувиар, Засгийн газрын гишүүний хувиар, тэр ч байтугай Оюутолгой төсөл дээр хуулийн зөвлөхийн үүрэг гүйцэтгэж оролцсон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, тэр үед Зам тээврийн сайд байсан, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга, гэрээ байгуулагдсаны дараа баяртайгаар мэдэгдэл хийж байсан тухайн үеийн Шадар сайд, одоогийн Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг нар харсаар байж таг дуугүй өнгөрөхөөр шийдсэн бололтой юм. Наанадаж Н.Алтанхуяг ахлах зөвлөхөө хоригдоход хууль зөрчөөд, Хууль зүйн сайдаар түрээ бариад эргэж тойрч хүн чанараа гайхуулснаа санамаар юм. Хүн чанарыг хэнд, хэзээ гаргахвэ гэдэг нь цаанаа нарийн “жортой” байдаг бололтой. Эсвэл “Тагнуулын ерөнхий газар намайг дуудаад байхад Ч.Сайханбилэг, Б.Ариунсан хоёр яалаа” гээд л бодоод явдаг юм болов уу.
Цаашид УИХ, Засгийн газар, ҮАБЗ-ийн шийдвэрийг АТГ болон шүүхээр хянуулдаг байх эсэхээ хуулиар шийдэхгүй бол тухайн цаг мөч болон “төсөл хөдөлгөсөн” хэрэгт холбогдох албан тушаалтнууд хэн байхаас шалтгаалж хуулийг гуйвуулж байна. Энэ бол хуульт ёсоос гадуурх “болд хатаах” мэх бололтой юм.