О.Дерипаска, манай Ерөнхийлөгчтэй "танилууд" байх аа
Баабар “тэсрэв”. Хүрээний гол гудамжинд эдийн засгийн форум дээр баахан “бурчихаж”. Түүний тэсрэлтэд олон нийт ямар их талархана вэ. Магадгүй энэ “ёолсон” мэт хашхираан үнэнд ойрхон байсан учраас тэр биз. Эдийн засгийн форумаас “эрээд” байсан, эгээ л Эрнандо Сотогийнх шиг илтгэл түүнээс хүлээж байв. Гэвч экс Ерөнхий сайд нараа юуны учир торонд хорьчихоод байгаагаа ч “ухаарч амжаагүй” улстөрчдөд тэр сануулга өгөв. Ямар хэргээр орсныг эс мэдэх ч эхлээд алгаа ташиж, төдөлгүй харамсан шогширсон олон нийт ч Оюутолгой төсөл, Дубайн төлөвлөгөөний талаар арай өөр ойлголттой болсон болов уу. Гэхдээ “дотоодын хүн” учраас Монголын тухай хамаа намаагүй, дипломат чимэггүй хэлсэн нь тэр л дээ.
Эдийн засгийн форумын үеэр Ерөнхийлөгчөөсөө, УИХ-ын даргаасаа, Ерөнхий сайдаасаа хүлээсэн үгс дуулдсангүй. Гэхдээ хэн, хэнийх нь хэлсэн үгийн агуулга, чиг хандлага “эдийн засгийн бодлогын цаадах улс төрийн ялгарал”-ыг хурцаар харуулсан юм.
АНУ “РУСАЛ”-Д ХОРИГ ТАВЬЖ, ЕРӨНХИЙЛӨГЧ ШХАБ-Д ГЭНЭТ АНХААРАВ
Ерөнхийлөгч Х.Баттулга “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан түвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц биз ээ” гэв. Тунхаглалын чанартай энэ байр суурь ямар үр дүнд хөтлөх бол.
Авууштай санааг хэлсэн. Тухайлбал, “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг үүсгэн байгуулагч 57 орны нэг нь Монгол бөгөөд энэ статусаа ашиглах боломж нээлттэй байгаа. Бүс ба зам хөтөлбөрийн ачаар далайгаас хуурай газарт эргэн ирж байгаа дэд бүтцийн хөгжилд Монголын оролцоог идэвхтэй, тодорхой болгохоос өөр арга байхгүй. Чухам энд л бидний гео эдийн засгийн боломж, орон зай байгаа” гэлээ. Үнэн. Дэргэд маань 100 тэрбум ам.долларын дүрмийн сантай хөрөнгө оруулагч банк “хүлээж” байна. Уг банкийг үүсгэн байгуулахад гишүүн орон тус бүр хувь нийлүүлэхээр болсон. Монгол Улсын хувь нийлүүлэх нийт хөрөнгө 41 сая ам.доллар нь 0.3013 хувийн саналын эрхтэй бөгөөд үүнээс хувь нийлүүлэх 20 хувийг таван жилийн хугацаанд тав хуваан шилжүүлэхээр 2015 оны наймдугаар сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барьж байлаа. Үүнийхээ үр дүнг үзэх тухай бодоцгоо гэж Элчин сайд асан Л.Хангай хэвлэл мэдээллийн хэрэгслээр сануулав. Гишүүн орнуудын ДНБ-ий хэмжээнээс хамаарч хувь нийлүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоосон гэдэг. Энэ талаас нь харвал манай “хөрөнгө оруулалт” ДНБ-ий хэмжээнээс шалтгаалан бусад оронтой харьцуулахад хамаагүй бага. Гэхдээ дэд бүтцийн хөгжлийг сайжруулах асуудлаар дагнасан Олон улсын банк учраас бүс нутгийн интеграцичлал, гишүүн орнуудын бүтцэд анхаарал хандуулж байгаа нь илтэд мэдрэгдэх болсон. Цаг үеийн хувьд Ерөнхийлөгч ШХАБ-ыг онцолсон нь зарим үйл явдлуудтай логик уялдаатай гэж хардаж болохуйц тохиолдлууд цөөнгүй. Тухайлбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан АНУ-ын шинэ “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д стратегийн гол өрсөлдөгчөө Хятад, Орос улс гэж тодорхойлсон. Мөн 2018 оны нэгдүгээр сард гарсан АНУ-ын шинэ “Батлан хамгаалах стратеги”-д дээр тус хоёр улсыг өрсөлдөгчөө гэж дахин тодорхойлсон. Оросын зарим төрийн байгууллага, компани хувь хүнд АНУ, Eвропын зарим орон дангаар эдийн засгийн хориг тавьсан байдалтай байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд дэлхийн хөнгөн цагаан үйлдвэрлэлийн 7 хувийг бүрдүүлэгч 'Русал' компанид АНУ эдийн засгийн хориг тавив. Үүнтэй холбоотойгоор О.Дерипаска хяналтын хувьцаанаасаа татгалзав.О.Дерипаска, манай Ерөнхийлөгчтэй “танилууд” байх аа. Мөн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд, Хятад, Орос бүрдүүлж байсан ШХАБ-д шинээр Энэтхэг, Пакистан элсэн орсон нь тус байгууллагын шинэ ба хуучин гишүүн орнуудын харилцаа хэрхэх нь олон таамгийг дагуулж байна. ШХАБ хэдийгээр эдгээр орныг нэгтгэснээр томоохон цар хүрээ, бүс нутагт нөлөө үзүүлэхүйц байгууллага болж байгаа хэдий ч цаашдаа хэрхэн хөгжих, Энэтхэг-Пакистан, Энэтхэг-Хятад хилийн маргаан, үл ойлголцлыг хэрхэн шийдвэрлэх, худалдааг хөнгөвчлөх, чөлөөт худалдаа эдийн засгийн нэгдсэн орон зайг бий болгох зэрэг бүгд асуултын тэмдэгтэй байна. Төвийг сахисан үзэл баримтлалтай манай орон мөн л энэ байдлыг улам ойлгомжгүй болгох магадлал маш өндөр гээд “гео” талаасаа фактор мундахгүй.
БААБАР “МЭДЭЖ” БАЙЖЭЭ
Харин нийтлэлч Баабар Ерөнхийлөгчийг ийм илтгэл тавихыг мэдсэн мэт одоогоос арав гаруй хоногийн өмнө нийтэлсэн “ШХАБ ба Монгол” нийтлэлдээ “Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга байгаа болохоор ШХАБ руу Монголыг түлхэх, уриалах, элсэж орохоос өөр аргагүй болсон мэт сурталдах нь тун оновчгүй алхам юм. Дотооддоо шийдчихэж болох, өөрсдөө хөдөлмөрлөөд ядуурлаасаа гарчихаж болох бэрхшээлээ ШХАБ-д нялзааж, түүнд найдлага тавих, асар их тусламжийн мөнгө, хүүгүй зээл ШХАБ-аас орж ирэх мэтээр хий горьдох нь өөрөө өөрийгөө хуурахаас хэтрэхгүй. Бээжинд ШХАБ-ын төв штаб, Шанхайд ШХАБ судлалын хүрээлэн байнга байрлаж байгаагаас гадна ШХАБ-ын хөрөнгө оруулалтын банк байгуулах тухай яригдаж байгаа. Ийм газруудад Монголын орон тоо гарч тэнд очиж ажиллана гэсэн сэдлээр асуудалд хандаж байгаа бол энэ нь бүр ч гэмтэй.
ШХАБ бол олон улсын байгууллага. Иймээс улс хоорондын бусад байгууллагын нэгэн адил төсөв нь гишүүн орнуудынхаа төлдөг татвараас бүрддэг. Мэдээж төсвийн ихэнхийг Хятад, Орос хоёр бүрдүүлдэг авч Монгол ч мөн элсэх дээрээ тулбал татвар төлөхөөс аргагүй болно. Энэ нь жилийн тэрбум төгрөгөөс наашгүй гэсэн тооцоо гарчээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах талаар гэрээ хийсэн хүмүүсээ барьж аваад шоронд хийчихдэг манайх шиг оронд шийдвэр гаргасан хүмүүсийг авлига хээл хахуулиас өгсүүлээд урвагчаар нь олон жил гүтгэн доромжлох байх. Эцэст нь гишүүнээр элсэж үүрэг хүлээж байснаас ажиглагчийн статустайгаар, түүнийгээ “идэвхтэй” гэсэн тодотголтойгоор цэргийн бус бүхий л ажиллагаанд нь идэвхтэй оролцоод явахад харин ч илүү нэр хүндтэй баймаарсан” гэж бичсэнийг анзаарахад илүүдэхгүй.
М.ЭНХБОЛД ТАЙЛАН ТАВЬЖ ТАЙВШРУУЛАХ АМЛАЛТ ӨГӨВ
УИХ-ын дарга М.Энхболд энэ чуулганыг хөрөнгө оруулагчдын өмнө тайлангаа тавьдаг чуулган гэж үзсэн бололтой. Тэрбээр “Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн зургаан сарын дотор 6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Энэ бол хамгийн сүүлийн тоо. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно. Мөн гадаад улс орон, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаатай төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж чадсан. Улс орны эдийн засаг, зээлжих зэрэглэлд үнэлэмж өгдөг олон улсын байгууллагууд ч биднийг эергээр үнэлж байна.
Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Бид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй.
Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа” гэхчлэн “улстөржсөн цифрүүдээр бүүвэйлж өгөөд” чуулганы ажиллагаанд амжилт хүссэн. Мөн “Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна” гэсэн Дэлхийн банкны үнэлгээнээс эш татаж “Хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлэн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно” хэмээн амласан юм.
У.ХҮРЭЛСҮХ ЯАРЧ БАЙГААГАА “ТОД ХЭЛЭВ”
Тэгвэл Ерөнхий сайд юу хэлэв. “Олон жил улстөржиж, талцан хуваагдсанаас болж эдийн засаг, нийгмээ савлуулсаар өдий хүрлээ. Итгэл үнэмшил арилж, эргэлзээ тээнэгэлзэл, хүлээлтийн байдалдаа цэг тавих цаг болсон” гэсэн шийдэмгий үгсээр тэр цэнэглэгджээ. Тэрбээр “Улстөрчид олон жил талцаж явсаар өдийг хүрлээ. Ингэж хуваагдсаар дотоод хүч тамираа барж явсан нь нууц биш. Энэ нь биднийг гадаад ертөнцөд ойлгомжгүй харагдуулж, хөгжилд гай болж байна. Үүнд цэг тавих болсон” гэлээ. Бараг л “Тавантолгойг яг одоо хөдөлгөе” гэх шиг сонсогдсон. Мөн “Хамтдаа энэ бүхнийг хийх болно. Бид одоо л хийхгүй бол цаг хугацаанд ялагдах болно” гэсэн нь ч яарч байгаагаа дахин хүчтэй илэрхийлсэн хэрэг байв. Энэ цаг хугацаа бол Тавантолгой төслийг “хөдөлгөх” хувилбаруудаа 65 суудалтай УИХ дахь намын бүлэгтээ болон Засгийн газартаа танилцуулахаар “хэд хэдэн янзаар зурчхаад” хүлээн зөвшөөрүүлэх гэж яарч суугаа тийм сонихон цаг үе. Тэр тусмаа Ерөнхийлөгч нь парламентын бүрэн эрхийн хугацаанд амжих эсэхэд эргэлзэж байгаагаа хэлээд бүр ч “түлхүүрдчихээд” байгаа билээ. Тэр тусмаа эдийн засгийн форумыг хааж үг хэлэхдээ “Өчигдөр /2018.05.21/ хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар үүнийг хэлэлцээд төслийг эрчимжүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллахаар тогтлоо. Улс орны эдийн засаг, аж ахуйн нэгж, ард иргэдийн ашиг орлоготой шууд холбоотой энэ төсөл болон бусад хэрэгжиж байгаа томоохон төслийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм.
Товчхондоо Оюутолгой, Тавантолгой төслийг “угтах, үдэх”-ийн завсрын, сонирхолтой цаг үед эдийн засгийн форум “Хүчээ нэгтгэе” уриан дор боллоо. Геополитикийн сэдвээр дахин айлгаж гацаах уу, хүчээ нэгтгэн хөрөнгө оруулалтын төлөө туг намируулаад давших уу гэдэг эцсийн сонголтыг хийх хүртэл нэлээд “тохиролцоо” шаардах бололтой. Учир нь, ҮАБЗ-ийн гишүүдийн байр суурь “толхилцооноос тохиролцоо” хүртэл үргэлжилсээр.... Яг одоо тохиролцож байгаа ч энэ нь толхилцоо мэт харагдаж байна...