Монголын ардчиллын өнөөгийн байдлын талаар
Монголыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуулт урган гарч байна. Үндсэн хуулинд байгаа зарим алдааг залруулахад парламентын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй. Энэ нь хэдий өндөр босго боловч Үндсэн хуулийг өөрчлөх тухайд бол тохирсон, Германд ч мөн адил ийм л байдаг. Гэхдээ Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг байж болшгүй зүйл ч бас биш. Учир нь уг хууль нийгмийн хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж байх учиртай. Шинээр тулгамдаж буй асуудал, үндсэн хуулиар томъёолсон төгс төгөлдөр байдал болон бодит байдлын хоорондын зөрүүг харгалзан үздэг байх хэрэгтэй.
МОНГОЛЫН АРДЧИЛЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДЛЫН ТАЛААР
Доктор Петер Шаллер
1979-өөс 2013 он хүртэл ХБНГУ-ын дипломат албанд ажиллаж байсан. 2011-ээс 2013 оны хооронд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын алба хашиж байлаа. Тэрээр БНАСАУ, Туркменистан, Кейп Верд, Афганистаны Кундус, Санкт Петербург зэрэг газарт Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрыг удирдаж байжээ.
Тэрээр дипломат алба хашиж байсан улс орнуудынхаа нийгэм, улс төр, эдийн засгийн талаарх судалгааны зэрэгцээ сонирхолтой аяллын тэмдэглэл, дурсамжаа багтаасан хэд хэдэн ном хэвлүүлжээ.
Энэхүү өгүүллийн агуулга зохиогчийн өмнө нь хашиж байсан албан тушаалд хамааралгүй, ямар нэг албан ёсны байр суурь илэрхийлээгүй, зөвхөн хувь судлаачийн үзэл бодлын илэрхийлэл болно.
Монгол Улс ардчилалд шилжээд бараг гучин жил буюу нэг үе солигдох хугацаа өнгөрчихөөд байхад улс төр, эдийн засагт алдаа дутагдал, нийгэмд ийн тэгш бус байдал асар ихээр илэрч байна. Энэхүү эрүүл бус тогтолцоо, түүний зарим шинж тэмдгийн талаар миний бие өмнө нь бичсэн нийтлэлдээ өгүүлсэн билээ[1]. Асуудал нь ардчилсан тогтолцооны цөм болох эрх мэдлийн хуваарилалт хяналт-тэнцвэргүй, Үндсэн хуулиар УИХ-д давуу эрх олгосон, Ерөнхий сайдын харилцах эрх мэдэл сул, Ерөнхийлөгчийн эрх хэмжээг оновчтой тодорхойлж заагаагүйд оршиж байна. Үүнтэй зэрэгцэн Улсын Их Хурлын гишүүд нь эдийн засгийн ашиг сонирхолд хөтлөгдсөн, “давхар дээлтэй”, улс төр эдийн засгийн манлайлагч төлөөлөгчдөд болон ард түмэнд ардчиллын үнэт зүйлс төлөвшөөгүй байна (Шаллер, 2016). Өмнөх нийтлэлд өгүүлсэн санаагаа энд улам гүнзгийрүүлж, асуудлыг илүү өргөн хүрээнд авч үзэхийг зорьсон болно. Учир нь хоёр жилийн өмнө миний хөндөж байсан энэхүү асуудал улам даамжирсан байна. Товчхондоо Монгол Улсад өргөн далайцтай өөрчлөлт, шинэчлэл шаардлагатай юм. Өнгөцхөн засварлах биш, харин үндсээр нь өргөн хүрээнд далайцтай өөрчлөлт хийх хэрэгтэй.
- Ардчилал бол удаан үргэлжлэх үйл явц
Бараг гучин жилийн өмнө монголчууд түүхэндээ анх удаа барууны загвартай ардчиллыг сонгож, хэрэгжүүлэхдээ 1992 онд Үндсэн хуулиндаа үүнийг байдаг. Үүнээс өмнөх монголын түүхийг харвал бүхэлдээ засаглалын автократ хэлбэрээр явж ирсэн байдаг: Эрт үед овгийн ахлагч нар, нэгдсэн Монгол Улсын үед Их хаан, дараа нь Манжийн хаан, хожим коммунист нам тус тус удирдаж иржээ. Социализмын үед албан ёсоор Бүгд Найрамдах Монгол Ард Улс хэмээж байсан ч ардчилсан эрх чөлөө хэлбэр төдий оршиж, үнэндээ төр болон ардын нам, намын үзэл суртал ноёрхож байв.
Бүхий л түүхийн үед засаглалын хэлбэр нь нэг хүний гарт, эсвэл төвлөрсөн эрх мэдэлд оршиж байсан нь харагдана. Ардчиллын зарчмыг төрийн байгууллын хэмжээнд авч үзсэн түүх Монгол Улсад байхгүй ажээ. Харин Чингис хааны үед ардчиллын зарим нэг элементийг засаглалд хэрэгжүүлсэн байдаг нь өнөөдрийн ардчилалд чухал ач холбогдолтой юм. Тухайлбал, гавъяа зүтгэлийг үнэлж хэн нэгнийг гарал угсаа үл харгалзан удирдах албанд томилдог шатлан дэвших зарчим[2] (онцгойлон цэргийн салбарт) баримталж байв. Түүнчлэн хуулийн засаглалыг (Их засаг) бичгээр тунхагласан нь чухал зарчим юм. Гэхдээ тухайн үед Их хааны үгийг хэн ч сөрөх эрхгүй, түүнд хяналт тавих бүтэц зохион байгуулалт байсангүй[3].
Социализмын эрин үед иргэд тушаал биелүүлэгчид л байв. Төрт улсын оронд,эсвэл нийгмийн үйл хэргийг социалист үзэл санаа, түүн дээр суурилсан нам манлайлан чиглүүлнэ. Иргэдийн нийгмийн идэвх, хувь хүний санаачилгыг зөвхөн дээрх үзэл санаа, зорилгод чиглүүлэн залж, гажваас хориг саад тавьж байлаа. Ард иргэдийн дийлэнх урьдаас тогтсон энэхүү шаардлагыг хүссэн хүсээгүй дагаж, дор дороо амьдралаа хөөгөөд явах нь өлзийтэй гэж үзнэ.
Нүүдэлчдийн амьдралын хэв маягт төр, нийгмийн талаарх сэтгэлгээ тун өвөрмөц бөгөөд аливаа асуудлын голд гэр бүл, овог төрлөө тавина.
1990-ээд оны эхээр ардчиллыг сонгосноор (баруун) европын соёл иргэншлээс улбаатай харь чиг шугамыг авсан юм. Улс төрийн шинэ тогтолцоо нь түүхэн туршлага, нийгмийн хөгжлийн аль алинд нь зохицсонгүй. Тиймээс ч Монголд ардчилал ямар ч асуудалгүй төлөвшин тогтчихоор харагдахгүй л байсан. Хамгийн гол нь, ардчилал гэдэг эрх барих дүрмээ өөрчлөх төдий бус, харин тодорхой хэмжээнд сэтгэхүй, аливаад зүйлд хандах хандлагаа өөрчлөхөд оршдог. Өөрөөр хэлбэл, эрх баригчид болон ард түмний менталитетийг уялдуулан хэвшүүлнэ гэсэн үг юм. Эцсийн эцэст энэ бол үнэт зүйлийн тухай ойлголт: ардчиллыг амилуулах ёстой. Ард иргэдийг болон төр, нийгмийн харилцаанд уялдуулах нь зайлшгүй чухал.
Барууны орнууд Монголын ардчилал, ардчиллын эдийн засгийн дагуул болсон чөлөөт зах зээлийг сонгосон шилжилтийг магтан сайшаасаар ирлээ. Улс төрийн систем нь ерөнхийдөө тогтвортой явж ирсэн нь бас нэг гавъяа мөн. Шилжилтийн эхний жилүүдэд монголчууд эдийн засгийн хувьд багагүй бэрхшээлтэй тулж байсан бөгөөд үүнийг давахын тулд улс төрийн туйлширсан шийдлийг сонгож болзошгүй үе ч байлаа.
Хөрш хоёр их гүрнийг нь харвал монголын ардчиллын талаарх магтаал улам үндэслэлтэй санагдана. ОХУ гэхэд ардчиллын суурь үнэт зүйлс, эрх чөлөөг үл хайхарсан авторитари тогтолцоотой болж байна. БНХАУ-д коммунист нам эрх мэдлийг улам лавшруулан атгасаар байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд ч авторитари тогтолцоотой болсон. Харин Монгол Улс тэдэнтэй адил “дон” тусаагүй. Амжилт багагүй байгаа ч энэ нь өнөөгийн байдлын зөвтгөл болж даанч чадахгүй нь.
Ардчилал бол төрийн эрх барих олон тааруу аргаас хамгийн дөнгүүр нь гэсэн санааг 1947 онд Винстон Черчилл хэлсэн билээ. Өөрөөр хэлбэл засаглалын төгс хэлбэр байдаггүй байх нь. Барууны ардчилалд ч алдаа байгаа, гагцхүү тэр алдаа мадаг их үү бага уу, юун дээр алдав гэдэгт л учир буй. Монголын ардчиллын тухайд, улс орныхоо нийгэм- эдийн засгийн хөгжлийг ихээхэн саатуулсан ноцтой алдаа байна. Залруулж авахгүй бол тэгш бус байдал улам гүнзгийрэхээр байна. Одоогийн энэ байдал эдийн засгийн хувьд хүчирхэг, орчин үеийн улс болон хөгжих ирээдүйг нь баллахаар байна.
Эрх мэдлийн хуваарилалт, Үндсэн хуулийн институцуудын харилцан хяналт („checks and balances“) бол ардчилсан төрийн чухал бүрэлдэхүүн бөгөөд эрх зүйн суурь баримт бичиг болохын хувьд Үндсэн хуулиар баталгаажуулж бусад хуулинд тусгалаа олсон байдаг. Хууль тогтоох (Парламент), гүйцэтгэх (Засгийн газар), шүүх (Шүүхүүд) эрх мэдэл бие биеэс хараат бус байна. Энэхүү төрийн гурван институцын харилцааг эрх зүйн болон үйл ажиллагааны үндсэн зарчмуудаар зохицуулж, хэрэгжүүлдэг бөгөөд эрх мэдэл, үйл ажиллагааны хүрээг Үндсэн хуулинд зааж өгсөн байдаг. Хууль тогтоох засаглал буюу парламент нь ард түмнээс нууц, тэгш саналын үндсэн дээр сонгогдсон гишүүдээс бүрдэж, хууль, улсын төсвийг батлахын зэрэгцээ Засгийн газарт хяналт тавина, Засгийн газар үйл ажиллагаагаа парламентын өмнө хариуцна. Үндсэн хуулийг тайлбарлахтай холбоотой гарсан маргааныг шийдвэрлэх, үндсэн хуульт ёсыг сахиулах хамгийн дээд шатны байгууллага бол Үндсэн хуулийн цэц юм. Шүүх байгууллага хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хуулийг тайлбарлана. Бүх шатны шүүгч хараат бус байж, аливаа шийдвэрээ улс төрийн зорилго, сонирхлоор бус, харин зөвхөн хууль, эрх зүйн үндсэн дээр гаргана. Шийдвэр гаргахдаа худалдагдах ёсгүй. Энэ бүхэн нийлээд автократ, диктатур засаглал бүрэлдэх, эрх мэдэл хяналтгүйгээр нэг дор төвлөрөхөөс сэргийлж байх ёстой. Товчоор хэлбэл, эрх мэдлийн хуваарилалт ардчиллын үйл ажиллагааг баталгаажуулж байдаг аж.
Британийн нэр хүндтэй “Экономист” сэтгүүлээс дэлхийн орнуудын талаар гаргасан судалгаандаа Монгол Улсыг “алдаатай буюу гажуудсан ардчилал”-тай (flawed democracies) орны тоонд оруулав. Улс орнуудад 0-ээс 10-ын хооронд оноо өгч, 0 оноог бүрэн авторитари дэглэмтэй, 10 оноог ардчилал бүрэн хөгжсөн улс хэмээн тооцжээ. Монгол Улс энэхүү индекст 6,5 оноо авсан нь гажуудсан ардчилалтай орнуудын ангилалд сүүл мушгисан үзүүлэлт байв. Энэ судалгаанд хамрагдсан зарим оронтой харьцуулбал: БНАСАУ 1,8 оноо, ХБНГУ 8,61 оноотой бол Норвеги улс 9,87 оноогоор тэргүүлсэн нь бараг төгс үзүүлэлт юм (Economist Intelligence Unit 2017).
Монголыг сайтар ажиглавал ардчилсан гэхээсээ олигархийн засаглалтай гэж хэлж болно. Нэгэнт олигархиуд засаглаж байгаа учраас Монгол Улс сонгодогавторитари засаглалтай болчихгүй байгаагийн гол шалтгаан ч энэ юм. Олигархи засаглал улс орон, түүний баялгийг өөрт хэрэгтэйгээр хэрхэн захиран зарцуулахаа сайн мэднэ. Монголд улс төр, эдийн засгийн элитүүд нь (энэ хоёр салбар хоорондоо ихээхэн сүлжилдсэн) амин хувийн (эдийн засгийн) ашиг сонирхлоо бүхний түрүүнд тавьж, ашиг хонжоог урьтал болгоно. Харин улс орон, ард түмний сайн сайхан дараагийн асуудал ажээ. Гэтэл угтаа ардчилсан улс оронд ард түмэн өөрсдийгөө төлөөлүүлэхээр засгийн газрыг сонгон байгуулдаг, иймээс Засгийн газар, захиргааны бусад байгууллагын эн тэргүүний үүрэг нь ард түмний ашиг сонихрлыг хамгаалахад орших ёстой.
Нийслэл Улаанбаатар болон бусад томоохон хотын агаарын бохирдол туйлдаа хүрсэн, Тавантолгойгоос өмнөд хил хүртэлх төмөр зам барих ажил олон жилээр саатсан зэрэг нь олон түмний эрх ашгийг хайхардаггүйн тод жишээ юм. Төмөр зам барихгүй удсанаас болж өнөөдөр жил бүр сая сая тонн нүүрсийг хэдэн мянган задгай машинаар тээвэрлэж байна. Улаанбаатарын агаарын бохирдол, говь нутаг дахь нүүрсний тээвэр зэрэг нь хүрээлэн буй орчин, хүн амын эрүүл мэндэд тэсвэрлэх аргагүй хор хохирол учруулж байна (Schaller 2015).
Санаатайгаар ард түмэндээ хор хохирол учруулж байгаа төр засаг легимтим байж чадах уу гэдэг асуудал энд хөндөгдөнө. Яг ийм байдлаар өчнөөн жилийг аваад байгаа тул аль нам, аль эвсэл засаг барих вэ гэдэг нь ямар ч хамаагүй болж хувирч байна.
2. Ард түмний амьжиргаа
Монголын төр, нийгмийн гаж байдлын тусгал нь сүүлийн жилүүдэд ядуурал огт буурахгүй байгаа явдал юм. Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ядуурлын түвшин 2016 онд 30 шахам хувьтай байв (Дэлхийн банк, 2016 он). Өөр зарим эх сурвалжид ядуурлын түвшин үүнээс ч их байгаа талаар дурдаж байна. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын хаврын чуулганд хэлсэн үгэндээ ядуурлын түвшин 50 хувьд хүрч, нийгмийн (халамж, үйлчилгээний) зардал зохих эзэндээ хүрэхгүй байгаа талаар дурджээ.
Зах зээлийн эдийн засаг руу чиглэсэн шилжилт, зарим талаар энэ тогтолцоо өөрөө нийгмийн тэгш бус байдалд хүргэх нь бий: Зарим нь хожиж, зарим нь хохирдог. Гагцхүү тэрхүү хохирч буй хэсгийг төр, нийгэм ивээлдээ авч нийгмийн амьдралд зохих ёсны байр сууриа эзлэх боломжийг бүрдүүлэх учиртай. Аливаа шилжилт, өөрчлөлт бүгдэд сорилт болдог. Иймд тэрхүү өөрчлөлтийг залж, чиглүүлж байх учиртай. Хөгжил өөрчлөлтийн явцад тэгш бус байдал хэрээс хэтэрвэл нийгмийн нэгдмэл байдал сүйрэхээ байг гэхэд сулрах эрсдэлтэй. Баялгийн (тэгш) хуваарилалт гол зүйл мөн боловч дангаараа хангалтгүй, түүнтэй холбоотой амьдралын суурь боломжийг бүрдүүлэх нь чухал. Иймээс нийт иргэдийнхээ амьжиргааг чадах чинээгээрээ сайжруулах нь гол зорилт байх ёстой.
Амьдралын түвшингийн олон янз байдлыг хамруулсан нэлээд ул суурьтай үзүүлэлт бол Хүний хөгжлийн индекс юм. Энэхүү индекст амьдралын түвшинг 0-ээс 1-ийн хооронд оноо өгч дүгнэдэг (0 хамгийн муу, 1 хамгийн сайн). 2015 оны байдлаар Монгол Улс энэ үзүүлэлтэд 0.735 оноогоор дэлхийн хэмжээнд 92 дугаарт байна. 1990 онд 0.6 байсан энэ үзүүлэлт 2015 хүртэл алгуур өссөн нь энэ юм. Тэгвэл Герман улс 0.926 оноогоор 4 дүгээрт, Норвеги улс 0.949 оноогоор 1 дүгээрт эрэмбэлэгдэнэ. Харин 0.352 оноотой Төв Африкийн Бүгд Найрамдах Улс 188-д сүүл мушгиж явна (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, 2016).
3. Улс төрийн намууд ба төрийн захиргаа
Монголын нийгмийн эрүүл бус хөгжлийн нэг гол шалтгаан нь улс төрийн намууд болоод байна. Германы алдарт социологч Макс Вебер өнгөрсөн зууны хориод онд “Арын хаалга, татаасны тогтолцоо”-ны4 тухай өгүүлж байсан нь өнөөгийн монголын улс төрийн намуудын төрхтэй таарч байна: “Иймэрхүү намуудын гол зорилго бол удирдагчаа сонгуулиар төрийн өндөр албан тушаалд гаргаад улмаар түүний дагагчид, намын ажилтнууд албан тушаалын хувь хүртэх явдал юм”. Өөрөөр хэлбэл эдгээр нам зөвхөн гишүүд, дэмжигчдээ тэтгэж байхын тулд оршдог тогтолцоо болжээ. Ахиухан хандив өгсөн нэгэн сайдын суудалд ч заларна. Албан тушаалын томилгоонд танил тал, хамаатан саднаа “татах” нь тэргүүн зорилт болж, харин мэргэжил, мэдлэгийн шалгуур, хийж бүтээснийг үл тоох аж. Шинээр Засгийн газар байгуулах бүрт төрийн албаныхан, улсын үйлдвэрийн газруудын албан хаагчдыг хоморголон сольдог. Сонгуульд ялсан нам, засаг барихаар эвссэн улс төрийн хүчнүүд өөр өөрийн хүмүүсийг “тэжээхээс” өөр аргагүйд хүрдэг байна. Энэ бүхэн төрийн захиргааны үр дүнтэй байх зарчимд бүх талаар харшилна.
Зуун жилийн өмнө Макс Веберийн шаардаж байсан “рациональ төр”-ийг цогцлоосон хөгжил өнөөгийн монголд юу юунаас чухал байна. Аль намын гишүүн бэ гэдэг нь бус, харин мэргэжил, ур чадвар, чадавхыг гол шалгуур болгодог мерит зарчмыг төрийн албан хаагчийг томилох, дэвшүүлэхдээ баримтлах ёстой. Түүнчлэн, төрийн албан хаагчид хангалттай цалин хөлс авдаг байх ёстой. Ингэж чадваас тухайн албан хаагч илүү ашиг харж хөндлөнгийн ажилд сатаарахгүйгээр үндсэн ажил үүрэгтээ төвлөрөх болно. Төрийн албан хаагчид нийтийн сайн сайхан, улс орны хөгжил дэвшлийн төлөө зүтгэдэг байх ёстой.
Макс Вебер “арын хаалга, татаасны” тогтолцоот намуудын чиг баримжааны талаар “Үзэл санааны хувьд хий хоосон, зөвхөн сонгогчдод таалагдах зүйлсийг мөрийн хөтөлбөртөө уралдан тунхагладаг” хэмээжээ (Weber 1985: 839). Улс төрийн намууд сонгууль бүрийн өмнө бэлэн мөнгө амлаж, тараах явдал түгээмэл байгаа нь эдийн засгийн хувьд утга учиргүй, нийгэмд хөнөөлтэй үйлдэл юм. Ингэхдээ төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, ялангуяа нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой улсын үйлдвэрүүдийн хөрөнгө орлого руу хүйтэн сэтгэлээр гар дүрж, “саадаг” ажээ. Үүнээс болж эдгээр үйлдвэр, аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтын хомсдолд орох ба байдал хүндрэх үед улсын төсөв, татвар төлөгчдийн мөнгөөр торгоодог байна.
Монголын улс төрийн намууд зөвхөн дагалдагчдадаа үйлчлэх тогтолцоо болсон төдийгүй үзэл санааны хувьд хоорондоо бараг ялгарахгүй. Тэр бүүхэл ерөөсөө тэдэнд үзэл баримтлал байхгүй гэвэл хэтрүүлэг болохгүй. Тэд төрийг “өөртөө үйлчлэх дэлгүүр” болгон ашиглах ганц зорилготой.
Энэ асуудлын нэг гол шалтгаан улс төрийн намуудын санхүүжилт байж мэднэ. Монголын улс төрийн намуудын санхүүжилт ихэвчлэн компаниуд, чинээлэг эрхмүүдийн хандиваас хараат байдаг. Үүнээс үүдэн намд эдийн засгийн ашиг сонирхол давамгайлж, улмаар “өгөөмөр хандивлагч”-даа яамны сайд зэрэг улс төрийн албан тушаалаар хариу барихад хүрдэг. Хандиваар улс төрийн эрх мэдэлд хүрч болж байна. Өөрөөр хэлбэл улс төрийн эрх мэдлийг худалдан авч болох нь. Гэтэл ардчилсан тогтолцоонд эсрэгээрээ буюу улс төрийн намууд сонгуулийн үр дүнгээр засаглах эрх мэдэлд хүрэх учиртай[4]. Нам доторх чухал албан тушаал, ялангуяа Улсын Их Хурлын гишүүний суудлыг өндөр үнээр худалдан авах явдал бодит байдал болжээ. Их хурлын гишүүний суудал бараг нэг сая америк долларын “үнэтэй” болох нь аль хэдийнэ нууц биш болжээ. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд намын жагсаалтын эхэнд бичигдэхэд бараг тэрбум төгрөг буюу өнөөгийн ханшаар 400 мянга орчим ам. доллар хүрч байсан талаар 2016 оны эхээр монголын хэвлэлүүд мэдээлж байлаа. Монгол ардын намаас аль нэг сонгуулийн тойрогт нэр дэвших эрх авахад зуун сая төгрөгийн хандив шаардаж байв. Намын жагсаалтад багтвал сонгогдох магадлал өндөр тул үүнээс хамаагүй өндөр үнэтэй.
Ийнхүү хөрөнгө зарж албан тушаалд хүрсэн хүн “рационал” боловч ихээхэн хөнөөлтэй үйлдэлд хөтлөгдөнө: Нэгэнт ихээхэн зардал гаргаж албан тушаал, алдар нэрд хүрсэн тул дор хаяж гаргасан зардлаа нөхөж түргэн баяжихыг л бодно. Зарим нь бүр албан тушаалаа ашиглан зөвшөөрөл, лиценз наймаална. Ингэж улс төрийн албан тушаал үр ашигтай хөрөнгө оруулалт болдог байна.
Германд бол улс төрд орсон хүн “модоо барьдаг” гэх нь хаашаа юм, гэхдээ л хөлжиж, хөрөнгөжихөөс татгалзаж байна гэсэн үг. Холбооны Канцлер, эсвэл сайдын орлого Фольксваген группын Удирдах зөвлөлийн даргын орлогын дэргэд үнэндээ даруухан. Германд улс төрч хүн карьераа дуусгаж, улс төрөөс гараад “жинхэнэ мөнгө олох ажил”-аа эхэлдэг бол монголд эсрэгээрээ, баяжих гэж улс төрд ордог. Тиймээс монголчууд улс төрчдөө хэзээ, яаж хөлжсөнийг, улс төрд ороод хөлжсөн үү, өмнө нь үү? гэдгийг андахгүй мэднэ.
Ийнхүү хөрөнгө орлогын “үүдийг нээсэн” УИХ гишүүдийн дийлэнх нь чинээлэг бизнесменүүд байх бөгөөд УИХ-д тэдний бизнесийн ашиг сонирхол давамгайлна. Өөрөө бизнесийн ашиг сонирхолтой хүн хууль боловсруулах, шийдвэр гаргахдаа өөрийн ашгийг харж, нийтийн эрх ашгийг огоордог. Энэ тухай ч бас Макс Вебер тодорхойлж хэлсэн бөгөөд бүгдэд нь биш гэхэд ихэнх тохиолдолд таарч байна: “Туршлагаас үзэхэд баян хүн амьдралынхаа эдийн засгийн баталгааны төлөө зүтгэх явдал санаатай ч бай, санамсаргүй ч бай, амьдралынх нь утга учир болдог“ (Weber 1985: 839). Өөрөөр хэлбэл, улс төрд орсон бизнесмен хүн өөртөө “ашигтай наймаа” хийхийг л бодно.
Монголд Засгийн газрын сайд нарын ихэнх нь Улсын их хурлын гишүүний албыг зэрэг хашдаг (давхар дээлтэй). 2012-2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүн байлаа. Нийт 76 гишүүний тоонд харьцуулж үзвэл энэ нь бараг 25 хувьд дөхөж байна. 2017 оны 10 дугаар сард хойш ажиллаж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газрын 15 сайд бүгдээрээ “давхар дээлтэй” (энэ нь УИХ-ын гишүүдийн 20 хувь). Засгийн газартаа хяналт тавих нь параментын хамгийн чухал чиг үүргүүдийн нэг мөн. Гэтэл УИХ-ын таван гишүүн тутмын нэг нь Засгийн газрын гишүүн тул “өөрийгөө хянана” гэсэн үг. Ийм байдлаар ажил явахгүй нь мэдээж юм. Бяцхан харьцуулалт хийж үзье: 2017 оны 10 дугаар сарын байдлаар ХБНГУ-ын Бундестаг 709 гишүүнтэй бөгөөд Засгийн газрын 16 сайдын 9 нь Бундестагийн гишүүн байна (Deutscher Bundestag 2017).
Иймээс Улсын Их хурлын дотоод зохион байгуулалт засаглалын эрх мэдлийн хуваарилалтын тал дээр учир дутагдалтай байгаа бөгөөд энэ байдал ардчиллын зарчмыг хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.
4. Авлига
Арын хаалга, татаасны тогтолцоо туйлын муу үр дагавартай. “Намдаа зүтгэснийг эс тооцвол хийж бүтээсэн зүйлгүй хүмүүсийг намын харъяаллаар нь ажил албанд томилсноор үзлийн муу зүйлсийн үндэс тасрахгүй: Тэдний хэмжээлшгүй авлигач, үрэлгэн байдлыг эдийн засгийн шавхагдашгүй нөөцтэй орон л арай гэж давмаар” хэмээн Макс Вебер бичжээ (Weber 1985: 846). 20 дугаар зууны эхэн үеийн Америк мэтийн баян улс нэг давж гарч магад. Үүнээс дүгнэхэд, энэ мэт үйлдлүүд халгиж цалгитлаа илүүдээ гарсан зүйлгүй Монгол мэт оронд бүр ч илүү хөнөөлтэй юм.
Авлига гэдэг энгийн иргэн (хэрэглэгч), төрийн нуруунд өндөр зардал үүрүүлж, эдийн засгийн хөгжлийг хойш чангаагч юм. Цаашилбал авлига эрх зүйт төр, төрд итгэх ард түмний итгэлийг үгүй хийж, тэгш бус байдлыг өөгшүүлж, ардчиллыг сүйтгэдэг (Transparency International 2014).
Гэтэл өнөөдрийн Монголд авлига өдөр тутам тохиолдох үзэгдэл боллоо. Үүний нэг жишээ нь намууд. Нөгөө талаас, түүхий эд, байгалийн баялагтай орнууд авлигад өртөмтгий байдаг нь бодит байдал ажээ. Transparency International -ийн мэдээгээр түүхий эд олборлогч орнууд эдийн засгийн хөгжлийн түвшин, улс төрийн нөхцөл байдал, газар зүй, уул уурхайн салбарын хөгжил, цар хүрээнээс үл хамааран авлигад автах аюул өндөр. Ялангуяа ашигт малтмалын лиценз олгох явдал авлигатай салшгүй холбоотой. Лиценц олгохдоо л авлигатай холбогдсон төсөл дараа дараагийн бүх үйл ажиллагаа, улс орны эдийн засагт хор хохирол учруулна (Transparency International 2017: 5). Тиймээс түүхий эдийн олборлолтод суурилсан эдийн засагтай монгол шиг орон авлигын эсрэг эрс хатуу тэмцмээр байгаа юм.
Харамсалтай нь Mонголд байдал эсрэгээрээ: Төр, захиргааны салбарын авлигад автсан байдлаар Монгол Улс ихээхэн тааруу үзүүлэлттэй: Transparency International-с гаргадаг Авлигын төсөөллийн индекс (CPI-Corruption Perceptions Index)-т 2017 онд Монгол Улс 180 орноос 103 дугаарт оржээ (байр нь ухрах тусам их авлигатай гэсэн үг). Хамгийн их авлигатайд 0 оноо, огт авлигагүйд 100 оноо өгч дүгнэхэд Монгол Улс 36 оноотой байлаа (103/36). Авлигын индекст Монгол Улс жилээс жилд дордсон үзүүлэлттэй байна: 2012 онд 83/36, 2016 онд 87/38, харин 2017 онд 103/36.
Дэлхийн хэмжээнд Шинэ Зеланд улс 89 оноогоор тэргүүн байрт, ХБНГУ 81 оноогоор 12 дугаар байрт оржээ. Уг үзүүлэлтээр Монгол Улсыг илүү бодитой дүгнэх үүднээс түүхий эд олборлогч улсуудтай харьцуулбал: Канад 8/32, Норвег 3/85, ОХУ 29/135, Нигер 27/148 байна (Transparency International 2017a). Өөрөөр хэлбэл, огт авлигагүй улс гэж алга. Гэхдээ түүхий эд олборлогч орнуудын байдал үлэмж ялгаатай харагдаж байгаа нь улс тус бүрийн төр нийгмийн тогтолцооны онцлог, нийтээрээ дагаж мөрддөг үнэт зүйл, үзэл санаа, цаашилбал авлигатай хэрхэн тэмцэж, хариуцлага тооцож байгаагаас хамаарч байна.
Ялангуяа авлигыг илрүүлэх, авлигачдад хариуцлага хүлээлгэх тал дээр монголчууд туйлын хангалтгүй байна. 2007 онд Авлигатай тэмцэх газар (АТГ)-ыг байгуулсан боловч шүдгүй арслан шиг л байгаа юм. Авлигын хэргүүд ихэнхдээ тэгэсгээд агаарт замхардаг, шийтгэл оноолоо гэхэд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг 2012 онд ял оноосон ч олон шат дамжиж явсаар эцэстээ өршөөгдсөн шиг л юм болдог. Зарим тохиолдолд авлигын хэргийг улс төрийн шалтгаантайгаар тохож байна гэж үздэг: 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвшиж магадгүй байсан ч авлигын хэрэгт сэжиглэгдэж байгаа гэдэг үндэслэлээр нэр дэвших эрхгүй болсон юм (Wikipedia 2018). Авлигын хэрэгт ил тод байдал дутагддаг: Аль нь худал цуу, аль нь үнэний хувьтай, жинхэнэ баримт гэдгийг ялгахын аргагүй. Дээрээс нь, авлигаар олсон хөрөнгө орлогыг илрүүлэн буцаах ажил хангалтгүй, зарим талаар огт оролддоггүй гэсэн шүүмжлэл ч гардаг.
5. Төсвийн орлогын зарцуулалт
Түүхий эдийн экспортоос орж ирсэн орлогын зарцуулалт бас асуудал дагууллаа. 2017 онд Монгол Улс Олон улсын валютын сан (мөн бусад банкийг оролцуулаад)-гаас 5,5 тэрбум америк долларын багц санхүүжилт авч байж дампуурлаас аврагдав. Нэг талаас 2014 оны дунд үеэс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унаж эхэлсэн нь түүхий эдийн экспорт, Хятадын эдийн засгаас ихээхэн хамааралтай Монгол Улсад нөлөөлснийг үгүйсгэшгүй. Гэхдээ үүнээс өөр бас нэгэн үзэгдэл үүнд нөлөөлсөн: Монголын Засгийн газар байдал хүндэрвэл яах талаар огтхон ч боддоггүй, олсон бүхнээ тэр дор нь үрж орхидог. Түүхийн эдийн үнийн савалгааны давтамжаар нөхцөл байдал эргээд хүндрэхэд хөрөнгө санхүүгийн дутагдалд орно.
Хэдийгээр нөхцөл байдал яг адилгах биш боловч энд би Норвеги улсын туршлагын талаар товч өгүүлмээр байна. Загасчлал, хөдөө аж ахуй, далайн тээвэр зэрэг салбарт суурилсан ядмагхан эдийн засагтай Норвеги улс 1970-аад онд илэрсэн байгалийн хий, газрын тосны нөөцийнхөө хүчээр орчин үеийн хөгжингүй орнуудын тоонд орж эдүгээ хөгжлийн бүхий л үзүүлэлтээр дэлхийд дээгүүр орж байна. Тус улс эхний хориод жил байгалийн баялгийнхаа орлогыг түүхий эдийн үйлдвэрлэл, улс орныхоо хөгжилд зарцуулсан. 1996 онд Норвегийн Газрын тосны сан байгуулж Засгийн газрын хяналт дор Төв банк үйл ажиллагааг нь хариуцан явуулснаар улс орныхоо санхүүгийн баялгийг хойч үедээ хадгалахын сацуу арвижуулж эхэлсэн. Норвегийн газрын тосны сан энэ төрлийн сангууддаас хамгийн том нь бөгөөд хөрөнгийн хэмжээ нь 850 тэрбум евро хүрээд байна (2018 оны 6 сарын 10-ны байдлаар). Энэ бол 5,29 сая хүнтэй тус улсын хувьд иргэн бүрт 167.000 евро ногдоно гэсэн үг (Norges Bank 2018).
Энэ жишээ улс орны баялгийг ард түмний тусын тулд (тэтгэвэр, тэтгэмж гэх мэт) ил тод, ирээдүйгээ харсан байдлаар хэрхэн зарцуулж болохыг харуулж байна. Ийм төрлийн сангийн үйл ажиллагааг улс төрөөс ангид байлгах нь чухал. Бас нэг чухал зүйл бол цугласан хөрөнгөөс дээд тал нь 4 хувийг л улсын төсөвт татан авч болдог байна. Гэтэл Монголд байдал ямар байгаа билээ! Товчоор хэлбэл монголчууд Норвеги болох уу, Нигер болох уу гэдгээ сонгох болоод байна
6. Шууд хөрөнгө оруулалт
Эдийн засгийн хөгжилтэй холбоотой өөр нэг асуудал бол гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаа юм. Монголчууд сүүлийн хэдэн жилд гадны орнуудын итгэлийг алдаж, хөрөнгө оруулагчдыг үргээж болох бүхнийг хийлээ. Оюутолгойн уурхайтай холбоотой хачирхмаар үйлдлүүд үүний тод жишээ. Мэдээж гэрээ байгуулах үеийн нөхцөл байдлаас болж Монголчуудад хохиролтой байгаа гэж үзэж байгаа бол гэрээг сайжруулах, өөрчлөхөөр хэлэлцээ хийж бололгүй яахав, гэхдээ боломжгүй бол бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эсвэл “бүрмөсөн зогсоож” болох ч энэ бол бодитой хувилбар биш байх. Муу гэрээ байгуулсан гашуун түүхээсээ сургамж авч дараа дараагийн тохиролцоондоо түрүүчийн алдаагаа давтахгүй байх хэрэгтэй. Ямартай ч Засгийн газар асуудлыг нэг тийш болгож цэг тавихгүй бол олон жил үргэлжилсэн ужиг маргаан, тээг саадаас болж гадаадын бусад хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, улмаар улс оронд хохирол учирч байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжин дуудсан хичнээн ч хууль гаргаж болно, гэхдээ хууль эрх зүйн тогвортой байдал, урьдчилан тооцоолох боломжид итгэл алдарвал хөрөнгө оруулагчид монголоос дайжих болно.
Үнэхээр монголчууд байгалийн баялгаа гадаадын хөрөнгө оруулагчгүйгээр олборлож, ашиглахад бэрхшээлтэйг харуулж байгаагаараа эдгээр баримт чухал юм. Учир нь үүнд хөрөнгө, know-how шаардлагатай. “Бүхнийг өөрсдөө” хийнэ гэх гадны туршилтын хүлээсэнд орох нь бас утгагүй зүйл юм. Харамсалтай нь иймэрхүү хандлага байгаа бөгөөд “гэнэт татдаг өвчин” шиг үе үе илрэх болжээ. Энэ бүхэн нь Монголд улс төр-нийгмийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид улс орны хөгжилд ямар байдлаар оролцож болох, ямар үүрэгтэй талаар нэгдсэн ойлголтод хүрээгүйн юм. Олон нийтийг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлж нэгдсэн ойлголтод хүрэхийг ч оролдохгүй байна.
Цаашилбал энэ бүхэн Монголд иргэний нийгэм бүрэн утгаараа бүрэлдээгүй байгаатай холбоотой. Иргэний нийгмийн талаарх ойлголт ч өөрөө олон янз. Иргэний нийгэм гэдэг бол өргөн утгаараа хувь хүн, нийгмийн бүлгүүд улс төр, нийгэм, эдийн засгийн чухал үйл явцад оролцох зорилго агуулсан, чухал ач холбогдолтой, ардчилсан нийгмийн хэсэг юм (Үйлдвэрчний эвлэл, холбоод, эдийн засгийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд гэх мэт). Эдгээр байгууллага нийгмийн амьдралд тодорхой эрэмбэ цэгцтэй, үр бүтээлтэй оролцох механизмыг бүрдүүлэх нь тэд үүргээ гүйцэтгэх суурь болно.
Элитүүдийн хувьд ноёрхлоо тогтосон одоогийн нөхцөл байдал ашигтай тул тэд иргэний нийгмийг төлөвшүүлэх ямар ч сонирхолгүй байх нь тодорхолй. Эцсийн эцэст, хэмжээ хязгаарт баригддаггүй америк-либерал маягийн хөрөнгөтний нийгмийн загвар, нийгмийн баримжаатай зах зээл бүхий герман тогтолцоо, эсвэл нийгмийн халамжийн бодлогыг чухалчилдаг Умард Европын улсуудын загвараас алийг нь хөгжлийн гол чиг шугамаа болгох вэ гэдэг асуулт урган гарч байна. Аливаа нийгмийг зохицуулалтгүй, зоргоор нь, бүхнийг зөвхөн ашиг харсан тогтолцоогоор хөгжүүлж болохгүй. Чухам яг энэ талаар үзэл бодлоо уралдуулж байгаа зүйл монголд алга. Ийнхүү нийгмийн зөвшилцөл, санаа бодлоо уралдуулахад хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй, гэтэл энэ тал дээр монголд дутмаг байгаад төдийлөн анхаарал хандуулахгүй байна.
Монголд Засгийн газар хачирхалтай тогтворгүй байдаг нь хөнөөлтэй үр дагавартай. Үндсэн хуулинд заасан хугацаа 4 жил боловч ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Засаг барих хугацаа дунджаар 18 сар байна. Шинээр байгуулагдсан Засгийн газар бүр өмнөх засгийнхаа хэлсэн, тохирсныг үл хайхрах ба бүхнийг ахиад шинээр эхлүүлдэг. Ийм эмзэг байдал улс орны тогтвортой байдалд ихээхэн төвөг учруулна. Тогтвортой, урьдчилан тооцож болохуйц байдал, түүнээс улбаатай урт хугацаанд аливаа зүйлийг төлөвлөж болохуйц байдлыг ялангуяа эрх зүйн салбарт бүрдүүлэх нь хөрөнгө оруулагчдын шийдвэрт ихээхэн нөлөөтэй хүчин зүйл юм.
Дээр дурдсан зүйс Монголыг “гажуудсан ардчилалтай” болгож байгаа гол дутагдлууд гэж би бодож байна. Түүнчлэн монголын хэвлэл мэдээллүүд эзнийхээ улс төр, эдийн засгийн сонирхолд үйлчилж, ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх хэрэгсэл болдгийг дурдах хэрэгтэй. Агуулгын чанарын хувьд ч хэлмээр зүйл байна: Бодит баримтад тулгуурласан, эрэн сурвалжлах төрлийн сэтгүүл зүй бараг байхгүй гэж болно. Үүнээс болоод ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн гол үүрэг болох гэгээрүүлэх, мэдээлэх үүргээ тэд гүйцэтгэж чадахгүй байна. Үүнээс үүдэн нийгэм, эдийн засгийн амьдралыг зөв голдрилд нь оруулах хэрэгсэл дутагдаж байна.
7. Одоо яах вэ?
Монголыг хэрхэн өөрчлөх вэ гэдэг асуулт урган гарч байна. Үндсэн хуулинд байгаа зарим алдааг залруулахад парламентын гишүүдийн гуравны хоёрын санал хэрэгтэй. Энэ нь хэдий өндөр босго боловч Үндсэн хуулийг өөрчлөх тухайд бол тохирсон, Германд ч мөн адил ийм л байдаг. Гэхдээ Үндсэн хуулиа өөрчилнө гэдэг байж болшгүй зүйл ч бас биш. Учир нь уг хууль нийгмийн хөгжлийн явцад гарч буй өөрчлөлтийг тусгаж байх учиртай. Шинээр тулгамдаж буй асуудал, үндсэн хуулиар томъёолсон төгс төгөлдөр байдал болон бодит байдлын хоорондын зөрүүг харгалзан үздэг байх хэрэгтэй.
Шаардлагатай өөрчлөлтийн талаар саналаа тоймлон хэлье:
Парламентын давамгайллыг багасгаж, үндсэн үүргээр нь хязгаарлах. Өөрөөр хэлбэл парламент хууль тогтоох, улсын төсөв батлах, Засгийн газарт хяналт тавих үндсэн үүрэгтэй байдаг. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын тэргүүнд ахиу эрх мэдэл өгнө: Сайд нараа өөрөө мэдэж томилдог, огцруулдаг байх, парламентаас Засгийн газрыг огцруулах босгыг өндөрсгөх хэрэгтэй (шийдвэр гаргахад шаардагдах босгыг тодорхой зааж өгөх[5], итгэл үзүүлэх эсэх талаар санал хураах гэх мэт). “76 Ерөнхий сайдтай” мэт байдаг, Ерөнхий сайдыг парламентын гишүүдийн дөрөвний нэг нь нийлэхэд л авч хаяж болдгийг залруулмаар байна. Гэвч парламент үндсэн хуулийг өөрчилж, эрх мэдлээ багасгах шийдвэр гаргана гэдэг юу л бол.
Одоогийн холимог тогтолцооноос хожиж буй бас нэг субъект бол Ерөнхийлөгч. Зарим талаар Ерөнхий сайдтайгаа өрсөлдсөн эрх үүргийг нь мэдэгдэхүйц багасгаж, цэвэр улс орноо төлөөлөх үүргээр нь хязгаарламаар. Гэхдээ аль ч намаас сонгогдсон бай, ингэж эрх мэдлийг нь багасгахыг зөвшөөрнө гэдэг бас эргэлзээтэй. Нөгөө талаар, илүү их гүйцэтгэх эрх мэдэл бүхий Ерөнхийлөгч байвал тогтолцооны хувьд илүү тодорхой байж болох юм. Ард түмэнд ч гэсэн ерөнхийлөгч нь зөвхөн төлөөлөх төдийгүй гүйцэтгэх эрх мэдэл ихтэй[6] байвал таалагдаж мэднэ. Энэ тохиолдолд Ерөнхийлөгч, Парламент хоёрын тэнцвэрийг хангахын тулд хууль тогтоогч хоёр дахь танхим хэрэгтэй болох уу (АНУ, Францын адилаар) гэдэг асуулт гарч ирнэ.
Дараагийн нэг асуудал бол, юуны түрүүнд элитүүд амин хувиа хичээсэн байдлаасаа ангижирч, ухамсрын хувьсал хийх, ард түмэн ч бас улс төрийн амьдралд идэвхтэй оролцох явдал юм. Түүхэн туршлагаас харахад, тухайн нийгмээс ашиг хүртэж байгаа л бол элитүүд өөрсдөө өөрчлөгдөнө гэж байдаггүй ажээ. Харин тэднийг шахаж байж зөөлрүүлдэг. Ухамсрын хувьсал ч шахалт, шаардлагагүйгээр аяндаа Тухайн хуралд оролцсон гишүүдийн, эсвэл нийт гишүүдийн гэх мэт зааж өгөх. ХБНГУ-д Үндсэн 5 хуулийг өөрчлөхөд нийт гишүүдийн 2/3-ын санал шаардлагатай Exekutivpräsident 6 өрнөх магадлал бага. “Дээд” давхаргынхан тэрүүхэндээ бие биеэ дэмжин тэтгэж байдаг тул тэдний бүрэлдэхүүн төдийгүй үзэл бодол, үйлдэл нь хүртэл хоорондоо ялгаагүй болдог байна.
Аль ч нийгмийн залуу үеийг өөрчлөн шинэчлэх потенциалтай гэгддэг. Монголын залуучуудад ийм потенциал байгаа эсэхэд олон хүн эргэлзэх болов. Учир нь нийгмийн буруу тогтолцоо тэднийг өөртөө “тааруулж”, “илжирсэн” болгожээ. Хэн хүнгүй л энэ тогтолцоог ашиглан өөд гарах гэж байдаг бүх аргаараа зүтгэнэ. Зарим нь энэ бүхнээс зугтаж нутгаа орхин харь оронд одох болов.
[1] Петер Шаллер: Монголын улс төрч учирч буй зарим сорилтын талаар. Стратегийн судалгаа 1 сэтгүүлийн 76 дугаар. 2016 он.
[2] Мерит зарчим
[3] Герман хэлний Instanz (байгууламж) гэдгийг утгачлан ингэж орчуулав.
[4] „Ämterpatronage-Organisationen“
[5] Тухайн хуралд оролцсон гишүүдийн, эсвэл нийт гишүүдийн гэх мэт зааж өгөх. ХБНГУ-д Үндсэн хуулийг өөрчлөхөд нийт гишүүдийн 2/3-ын санал шаардлагатай
[6] Exekutivpräsident
Quellennachweis
Deutscher Bundestag (2017): Sitzverteilung im 19. Deutschen Bundestag. https:// www.bundestag.de/parlament/plenum/sitzverteilung_19wp (03.06.2018).
Economist Intelligence Unit (2017). EIU Democracy Index 2017. https://www.eiu.com/ public/topical_report.aspx?campaignid=DemocracyIndex2017 (02.06.2018).
International Churchill Society (2018): WinstonChurchill.org. https://winstonchurchill.org/ resources/quotes/theworst-form-of-government/ (03.06.2018).
Norges Bank (2018): Investment-Management. 2018. https://www.nbim.no/en (09.06.2018)
Schaller, Peter (2015): Luftverschmutzung in Ulan Bator - ein ungelöstes Problem. In: Mongolische Notizen. Mitteilungen der Deutsch-Mongolischen Gesellschaft. Nr. 23/2015.
The World Bank (2016): Poverty Rate in Mongolia Estimated at 29.6 Percent. http:// www.worldbank.org/en/news/press-release/2017/10/17/2016-poverty-rate-in mongolia-estimatedat-296-percent (02.06.2018).
Transparency International (2014).: The impact of corruption on growth and inequality. https://www.transparency.org/whatwedo/answer/ the_impact_of_corruption_on_growth_and_inequality (13.06.2018)
Transparency International (2017): COMBATTING CORRUPTION IN MINING APPROVALS. Assessing the risks in 18 resource-rich countries, page 5. https:// www.transparency.org/whatwedo/publication/combatting_corruption_in_mining_approvals (09.06.2018).
Transparency International (2017a): Corruption Perceptions Index 2017. https:// www.transparency.org/news/feature/corruption_perceptions_index_2017 (09.06.2018).
United Nations Development Programme - UNDP (2016): United Nations Development Programme (UNDP): Human Development Reports. 2016. http://hdr.undp.org/en/composite/HDI (02.06.2018).
Weber, Max (1985): Wirtschaft und Gesellschaft. Grundriss der verstehenden Soziologie. Tübingen: J.C.B. Mohr (Paul Siebeck) 1985, S. 839.
Wikipedia (2018): Nambaryn Enkhbayar. https://en.wikipedia.org/wiki/ Nambaryn_Enkhbayar (09.06.2018).
Шаллер, Петер (2016): Монголын улс торд учирч буй зарым сорилтын талаар. Стратегийн Судалгаа No. 76 (4/2016). Улаанбаатар 2016. (Regarding some challenges in Mongolian politics. In: The Mongolian Journal of Strategic Studies. No. 76 (4/2016). Ulan Bator 2016). (Übersetzung: Dr. D. Munkhtur, Ulan Bator)