Харвардад Монгол судлалыг үндэслэсэн малчин эрдэмтэн
Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн ихэнх чухал томоохон бичгүүдийг Кливез шиг нарийн, төгс, бүр цааш нь тайлбарлах юмгүй болтол нь судалсан эрдэмтэн үгүй. Хожмын эрдэмтдийн хувьд зүгээр авч хэрэглэхээс, үргэлжлүүлэн сайжруулах аргагүй гэмээр болтол нь ингэж сайтар судалсан...
(Франсис Вүүдмэн Кливезийн номын санг сурвалжилсан судалгааны аяллын цуврал тэмдэглэл №1)
2019 оны наадмаар Элчин сайд Уиллиам Браунтай уулзаж танилцан, Монголд 1973 онд Америкийн анхны элчин сайдаар суухаа шахсан хийгээд Онон Өргөнгөөд шавь орж, монгол хэл сурсан түүхийг нь яриулсан билээ. Тэр цагт Браун сайд суут монголч эрдэмтэн Франсис Вүүдмэн Кливезийн дотно шавь гэдгээ хэлж, түүний удирдлага доор Хятад судлалаар докторын зэрэг хамгаалснаа хуучилснаас гадна багшийнх нь номын сан хөдөөний нэгэн сүмд хадгалагдаж байдаг тухай цухас дурдаад өнгөрсөн юм. Үүнээс хойш бид хоёр захидал занаа шидэлцэн, утас шөрмөсөөр холбогдсоор, мөнөөх номын сангийн сургийг гаргаснаар барахгүй, Монгол Соёлын Төвөөс зохион байгуулдаг Олон Улсын Монгол Судлалын Хурлын түлхүүр илтгэлийг Конгрессын Номын Санд хэлэлцэх үеэр Азийн тасгийн захиралтай тохирч, тус номын сангийн албан ёсны аяллаар очих, анхан шатны судалгаа хийх, боломжтой бол гар бичмэлээс нь хэвлүүлэх боломжийг судлах зэргийг тохирч, 3 сарын 21-ний өдөр явахаар шийдсэн юм. Гэтэл энэ зуур цар тахал дэлгэрч, бүх ажил нуран унав. Конгрессын Номын Сан эргээд хэзээ нээх нь одоо болтол тодорхойгүй хэвээр, Элчин сайд Уиллиам Браун маань ч энэ зуур даруй 90 насыг зооглов оо гэж. Тэгтэл энэ 2020 оны 10 сарын 2-ны өдөр Браун гуай залгаж, “Миний бие энэ цар тахлыг дуусгаж чадах эсэхээ мэдэхгүй байна, хэдүүлээ хувиараа очиж, номын санг үзэхээр оролдох уу?” хэмээн асуухад нь дуртайяа зөвшөөрч, ажлаас хоёр долоо хоногийн чөлөөг аваад бидний гурван хүн (Элчин сайд Браун, миний бие, Пэннсилваниагийн их сургуулийн монгол хэлний багш Цэвээндуламын Наранцэцэг) мухар тэргээр Нью-Хампшир хотыг зүглэсэн өдөр болбоос 10 сарын 8-ны Пүрэв гараг билээ.
Таван цуврал нийтлэлээр та бүхэндээ их эрдэмтний амьдрал намтар, номын сан, цуглуулга, гар бичмэл сэлтийг танилцуулах болно. Юуны түрүүнд хэний тухай өгүүлж буйгаа тодотгохын үүднээс Кливезийн намтрыг танилцуулъя.
Хэл олныг сурч, хичээл ихийг заав
АНУ-д Монгол судлалыг үндэслэгчдийн нэг, нэрт монголч, нанхиадач эрдэмтэн Франсис Вүүдмэн Кливез нь 1911 оны 7 сарын 14-ний өдөр Бостон хотноо айлын таван хүүхдийн ууган нь болон мэндэлжээ. Бүр багаас нь буюу дунд сургуульд сурч байх үеэс нь л хэлнийх нь авьяас тодорсон байна. Нийдхамын Голфын Клуб гэж 1901 онд байгуулагдсан алдартай клубт ажиллаж байхдаа үйлчлүүлэгчдээсээ итали хэл сурчихжээ. Тийм ч учраас сургуулиа төгсөөд АНУ-д эхний аравт ордог, Айви Лийгийнх хэмээх Дартмаут Коллежид сонгодог грек, латин хэлээр суралцаж эхэлсэн байна (Итали хэл нь латин хэлний үргэлжлэл билээ). Энэ хоёр сонгодог хэлийг гойд сурсан, ялангуяа латин хэлийг судалгааны түвшинд эзэмшсэн нь амьдралынх нь төгсгөлд чухлаар нөлөөлснийг хожим өгүүлнэ.
АНУ-д ахлах сургууль төгсөхөд төгсөлтийн баяр дээр үг хэлнэ гэж нэг чухал зүйл байх. Кливез ахлах сургуульдаа гарамгай суралцаж, төгсөлтийн баярт үг хэлсний учир өмнө дурдсан Дартмаутын Коллежид дөрвөн жил тэтгэлгээр суралцжээ. Грек, Латинаар мэргэшсэн ч анхан шатны Хятад хэлний хичээл авсан нь нэн сонирхолтой санагдсан аж. Тийм учраас 1933 онд коллежоо төгсүүтээ Харвардын Их сургуулийн Харьцуулсан хэл зүйн салбарын магистрын зиндаанд элсэн, Хятад судлалаар суралцаж эхэлсэн байна. Хятад судлал руу “урвахад” нь бас нэг “хатгаас” болж өгсөн зүйл нь Харвардын их сургуулийн Бойлстон Холл хэмээх барилгын гадаа байх нанхиад бичээс бүхий хөшөө гэдэг юм билээ.
Франсис Вүүдман Кливез эцэг эх, дүү, ач нарын хамт
Франсис Вүүдмэн Кливез 1934 онд Харьцуулсан хэлзүйгээр магистр, хожим 1942 онд Алс Дорнодын хэл судлалаар (аль аль нь Харвардын их сургууль) докторын (Ph.D.) зэрэг хамгаалсан юм. Магистраа аанай л гарамгай хамгаалсан тул Харвард-Енчингийн Хүрээлэнгийн захирал Сергей Елисеев хэмээх алсын хараатай удирдагч, туршлагатай судлаачийн хараанд даруй өртжээ. Ингээд Елисеев залуу Кливезийг Монгол судлалаар мэргэшүүлнэ хэмээн, 1936 онд сайн тэтгэлэг олгож, Парис руу, нэрт монголч, нанхиадач Пол Пеллиогийн шавь болгон илгээв. Кливезийн монгол судлаач болсон түүх энэ юм. Парист зөвхөн монгол хэл биш, ерөөс монгол судлалтай холбоотой олон хэлийг нэртэй дорнодахины судлаач нараар заалгаж байсныг нь Елисеевт Парисаас бичсэн өөрийнх нь тайлан-захидлаас эш татан үзүүлье:
1938 оны 2 дугаар сарын 23
Эрхэм хүндэт профессор Елисеев танаа
Тэтгэлгийн журамд заасны дагуу энэ улиралд ямар хичээл үзэж буйгаа танд товч илтгэе. 1937 оны 11 сард Сорбонны их сургуулийн Хэл бичгийн факультетэд орж, дараах хичээлүүдийг үзэж эхэллээ.
- Пеллио багшаар хятад хэл заалгаж байна. Энэ хичээл дээр бид хоёр Эзэн хааны каталогоос сонгож авсан Эзэнт гүрний түүхийн ном зүйн материалуудыг уншиж буй.
- Мөн хятад хэлийг Гранэ багштай үзэж байна. Гранэ багш надад Фанг шуй-гийн Хоу Хан Шу-гийн хэсэг (82-р бүлэг)-ийг тайлбарлаж байгаа.
- Баку багшаас төвөд хэл сурч байна. Баку багш надад орчин үеийнх боловч нэлээд хэцүү тексттэй Усны шастир гэдэг номыг зааж байгаа. Үүнийг саяхан жанч халсан Даши лама бичжээ.
- Согд хэлийг Бэнвэнистэ багшаар заалгаж байна. Энэ хичээл дээр Бэнвэнистэ багш Вессантара-гийн Жатака-г тайлбарлаж байгаа.
- Куча буюу тохар хэлийг М. Филлиоча багштай үзэж байна. Багш надад Кучийн анагаахын болон дандрын судруудыг зааж байгаа.
1937 оны 12 сараас бүх хичээл жигдэрснээс хойш би Пеллио багшаар монгол хэлээ үргэлжлүүлэн заалгаж эхэллээ. Энэ жил Пеллио багш надад Гэсэр ханы домгийг тайлж өгч байгаа. Би бас Бямба гаргийн үдээс хойно Таоизмын хичээлд суудаг билээ. Профессор Маспэро энэ жил Цао Чи-гийн (192-232) Тао-гийн эсрэг бүтээлийг танилцуулж байна. Пиэн та лун гэж ном буй...
гэх мэтээр илтгээд Кливез цааш нь эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд оролцсон тайлангаа мөн тавьжээ.
Парист сурч дуусаад, онолоо дадлага болгохоор Транссибирийн галт тэрэг хөлөглөн, Москвагаас Бээжин хүрсэн бөгөөд тэндээ хятад хэлээ гүнзгийрүүлэн үзсэнээс гадна алдарт монголч эрдэмтэн Антуан Мостэрттэй танилцан, монгол хэлээ үргэлжлүүлэн үзжээ. Агуу улс ингээд л нэгнээ яаж ийгээд олдог аж. Кливез Мостэрт хоёрыг нэг талаас багш шавь хоёр, нөгөө талаас дотно сайн андууд, судалгаа шинжилгээний гар нийлсэн хамтрагчид гэж хэлж болох юм. Хэдэн арван жил хамтран ажиллахдаа энэ хоёр их эрдэмтэн Монгол бичгийн эхэн үеийн хамаг чухаг дурсгалууд, Ил хаадын захидал, хөшөөний бичээсүүдийг үнэн зөв, нарийн нягт уншин тайлж, дэлгэрэнгүй зүүлт тайлбар хийн олонд хүргэсэн билээ. Мөн хоёр судлаачийн хамтын ажиллагааны үрээр Алтан товч, Эрдэнийн товч, Болор эрих хэвлэгдсэн буй. Мостэртээс гадна Арга Билигтү гэж бас монгол багштай болсноо нэг захидалдаа дурджээ.
1941 онд эх нутагтаа эргэн ирж, Харвардын их сургуульдаа хятад хэл зааж эхлэв. Үүний хажуугаар докторынхоо диссертацийг эхнээс нь ахин бичих хэрэгтэй болжээ. Ахин бичих гэдгийн учир нь Бээжинд байхдаа бичээд дуусгачихсан байсан диссертаци болон ном судар нь Хятадаас ирэх замдаа Япон Хятадын дайн дэгдсэнээс болж үрэгдэн, үгүй болсных юм. Эхнээс нь ахин бичсээр 1942 онд доктороо хамгаалаад авлаа.
Тэгж байтал дайн дажин Америкт ч хүрч, залуу судлаач Кливез цэрэгт татагдан, Номхон далайд усан цэргийн алба хашжээ. Дайны дараа Кливезийг Умард Хятад дахь япончуудыг нутаг буцаах ажилд томилсон бөгөөд түүнд эрхлүүлсэн гол ажил нь тэдгээр иргэдийн орхин нүүсэн ном сэлтийг бүртгэн авч Армийн ачааны тэргээр зөөн, Харвардын их сургуулийн номын сан руу илгээх, усан онгоцонд ачих явдал байж. Эрдэмтэй цэргийг зөв л ажилд нь томилж дээ.
Америк цэрэг Кливез Азид
1946 онд Харвардын их сургуульдаа эргэн ирж, монгол, хятад хэл зааж эхэлсэн бөгөөд шавь нар, хамтран ажиллагсдынх нь дурсан ярьснаар энэ цагаас 1980 онд тэтгэвэртээ гартлаа тасралтгүй хичээлээ заасан, ганц ч удаа эрдмийн ажлын чөлөө гэж аваагүй хэмээсэн байдаг. Энэ хугацаандаа тэрбээр Харвардын их сургуулиас монгол судлалын олон чанартай эрдэмтэн төрүүлэн гаргажээ. Жозеф Флетчер, Элизабет Эндикотт-Уэст, Кристофер Этвүд, Никола ди Косма зэрэг монголч эрдэмтэн түүний шавь юм.
Франсис Вүүдмэн Кливез эрдмийн ажлын зэрэгцээ монгол хэл заах, багшлахдаа нэн дуртай, манайхаар бол мундаг сурган хүмүүжүүлэгч хүн байж. 1980 онд монгол хэлний хичээлээ шавь Флетчертээ хүлээлгэн өгөөд тэтгэвэртээ гарсан байтал ид хичээлийн дундуурын Флетчер гуай өөд болсон аж. Кливез тэгээд хэдэн цагийн газарт, өөр муж буюу Нью Хампширт орших эдлэнгээсээ долоо хоногт хоёр удаа Харвардад ирж монгол хэл заах болжээ. Манайхаар бол Дарханаас ирж хичээлээ заагаад буцахтай адил хэмжээний зай. Ингэхдээ ганц ч удаа хичээлээ таслаагүй гэдэг.
Америк адууг монгол маягаар малласан нь
Сайн багш учраас шавь нар нь Нью Хампшир дахь эдлэнд нь байнга очдог, Кливез ч номын сангаа дуртайяа нээн, шавь нартаа зөвлөгөө, үгээ харамгүй зориулдаг байжээ. Тэндээ Кливез том фермтэй, адуу, үхэр малладаг, бүхэл бүтэн сүрэг анч гарз нохой мал адгуулах ажилд нь тусалдаг байсан гэнэ. Ер нь л багаасаа амьтанд их дуртай хүүхэд байж. Найзуудынх нь дурсан ярьснаар хар багаасаа л гэртээ золбин нохой, могой, хоёр ч өмхий хүрнэ авчирч байсан, тэр бүү хэл шуудангаар захиалан, барын бамбар авхуулж байсан удаатай аж. Фермийнхээ мал амьтдыг зардаггүй, зүгээр л монгол малчин маягаар амьдарч байсан нь тэр гэнэ. Кливезийн шавь, доктор Элизабет Эндикотт Уэст багшаа дурсан бичихдээ “Зуун паундын (45 кг) өвсөн бухлыг сэрээдэн өргөж, малдаа тэжээл тавьж өгдөг нь, сүрэг олон малаа усалдаг нь, ерөөс орчин үеийн бус 18-р зууны маягаар фермээ арчилдаг нь багшийг тэр олон жил эрч хүчтэй байлгаж, бүтээл туурвилаа бичихэд нь нөлөө үзүүлсэн нь дамжиггүй” хэмээсэн байдаг.
Малчин Кливез
Ийн эртний аргаар адуу үхрээ маллаж байж хэрэгт орохоо шахсан нэг сонин баримт өдгөө Кливезийн номын санд хадгалагдаж байна. Кливез нь Монгол судлаач хүний хувьд адуу үхрийг гадаа байх ёстой, тэгж байж өлчир болно гэж үздэг хүн байж. Гэтэл Америкийн амьтан малын тухай үзэл бодол, хууль үүнээс өөр билээ. Өвлийн хүйтэнд адуугаа гадаа дааруулж байна хэмээн хөршийнх нь нэгэн настай эмэгтэй хотын захиргаанд гомдол гаргаж.
Асуудал даамжирсаар Кливез бүр шүүхэд дуудагдав. Ингээд шүүхээс гарсан шийдвэрээс танилцуулбал:
- 1978 оны 6 сараас эхлэн иргэн Кливез Алтон хот дахь эдлэн газартаа үхэр, адуу нийлээд 20-иос илүүг тэжээж болохгүй. Энэ хугацаанд унага, тугал гарваас нэг жилийн хугацаатай байлгаж болох боловч бүх хугацааны туршид нийт малын тоо толгой 25-аас дээш гарч болохгүй.
- Хотын шэриффийн газар, малын эмч Катлер нар урьдчилан мэдэгдэхгүйгээр дуртай цагтаа мал амьтны нөхцөл байдлыг шалгаж болно...
гэх мэтчилэн заажээ. Амьтанд хайргүйдээ биш харин ч өлчир болгоно, байгалийнх нь ёсоор маллана гэж байж ийм хэрэгт орсон хэрэг. Америкчууд малаа барн хэмээх том байшинд байлгадаг бол Кливез 1500 акр буюу 700 шахам га газар худалдаж авсан, эдлэн газар дотроо бэлчээрлүүлээд болоод байдаг байж.
Адуунд хайртай Кливез
Угаас Кливез орчин цагийн технологид тийм ч талтай биш, байгаль дэлхийдээ аль болох ойр амьдрахыг эрхэмлэн, гэртээ утас ч тавьдаггүй байжээ. Тиймээс түүнтэй харилцах ганц суваг нь шуудангийн захидал л байв. Үгүй бол өөрсдөө очих хэрэгтэй.
Франсис Кливез амьдралдаа гэрлэж байсангүй. 1995 оны 12 сарын 31-ний өдөр, Нью Хампширтаа насан өөд болоход нь их ном, эрдмийн ажлыг нь өвлөн үлдэх хүн гэж үгүй байв. Гар бичмэл болоод ховор нандин тэр их ном нь хаана хэнд үлдсэн тухай дараа дараагийн дугаарт өгүүлэх болно.
Эрдэм судлалын болоод хүн чанарын аль аль талдаа өндөр дээд ёс зүйтэй, нугаршгүй хатуу зарчимтай, жинхэнэ судлаач, багш хүн байжээ, доктор Кливез.
Түүхэн эхийг түүнээс илүү судалсан хүн гэж үгүй
Франсис Вүүдмэн Кливез эрдэм судлалын нөр их бүтээл, өвийг хойч үедээ үлдээжээ. Бүтээлийнх нь ном зүйд дал гаруй өгүүлэл, ном бичигдсэн байгаа нь бүгд хэмжээний хувьд том, өгүүллээсээ урт нарийн зүүлт тайлбартай, судалгааны нэн үнэтэй бүтээлүүд юм.
Монгол судлаач Элизабет Эндикотт-Уэст Кливезийн эрдэм судлалын бүтээлийг дүгнэн ийн бичжээ:
“... Профессор Кливез нь Хятад-Монголын түүх, хэл зохиол судлалын салбарт оруулсан гарамгай хувь нэмрээрээ дурсагдан үлдэх болно. Түүний Юаны гүрний үеийн тэл хэлээрх (хятад, монгол) бичээсүүдийн орчуулга нь АНУ-д Юань судлал хэмээх салбар үүсэхэд тулгуур нь болж өгсөн юм. Эдгээр орчуулга нь мөн Юанийн түүхийг судлахад монгол хэл нэн чухал нөлөөтэй болохыг тодорхойёо баталж өгсөн билээ. Гэвч профессор Кливезийн бүтээл нь зөвхөн Юанийн үеэр хязгаарлагдсангүй. Үүнийг 1640 онд Солонгост гурван хэлээр бичигдсэн (хятад, манж, монгол) бичээсийг судалсан бүтээл нь батална” хэмээсэн байна.
Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн ихэнх чухал томоохон бичгүүдийг Кливез шиг нарийн, төгс, бүр цааш нь тайлбарлах юмгүй болтол нь судалсан эрдэмтэн үгүй. Хожмын эрдэмтдийн хувьд зүгээр авч хэрэглэхээс, үргэлжлүүлэн сайжруулах аргагүй гэмээр болтол нь ингэж сайтар судалсны үндэс нь дараах шалтгаантай болов уу хэмээн санана. Үүнд:
Эртний хятад, монгол хэлийг эн тэнцүү, төгс эзэмшсэн тул ялангуяа тэл хэлээр бичсэн бичээсүүдийг харьцуулан, нэгийг нь нөгөөгөөс нь сэргээсэн байдаг.
Зөвхөн хятад, монгол төдийгүй, орос, франц, герман гээд монгол судлалын чухал мэдээ материал гарч болох бүхий л хэлийг сурсны хувьд тухайн судалж буй сэдвээр гарсан чухал бүтээл бүрийг, эрдэмтдийн санал бүрийг мэдэж байдаг, бүтээлдээ эш татан тусгасан байдаг. Дээр нь төвөд, согд, араб, перс, түрэг хэлийг уншиж ашиглах хэмжээнд үзсэн байсан учраас судалгааных нь цар нь дэндүү агуу ажээ.
Бусад монголч эрдэмтэдтэй, ялангуяа Мостэрт, Поппе, Рахевилз нартай байнга холбоотой байж, санаа оноогоо солилцон, харилцан зөвлөлддөг байсан тул бүтээл судлал нь улам дэлгэрэнгүй, алдаа мадаггүй болдог байж.
Орчуулга бол урлаг, уран сайхан биш, харин шинжлэх ухаан
Кливезийн бүтээлүүдээс Монголын Нууц Товчооны орчуулгыг нь олон судлаач онцгойлон бахдан дурдсан байдаг. Англи хэлнээ анх удаагаа буусан нь тэр. Кливез тэрхүү нэн хүнд эхийг хялбарчлан, уншихад амар болгон буулгасангүй. Яг л 13-р зууны үеийн монгол хэлийг одоо уншихад ямар байна, тэр онцлогийг нь хадгалах үүднээс тухайн үеийн англи дүйх үг хэллэг ямар байсан, тэр бүгдийг нь олж, өөрөөр хэлбэл Кинг Жэймсийн Библийн маягийн англи хэлний орчуулгаар буулгажээ. Сүүлийн үеийн амархан юм шаардсан оюутнуудад бол энэ нь хүнд хэцүү мэт санагддаг бол жаахан юм уншдаг, сэтгэдэг оюутнууд, багш судлаачид харин ч талархан хүлээн авсан юм. Хожим Пол Кан түүний энэ орчуулгыг хялбаршуулан, орчин үеийн англи хэлээр буулгажээ.
Германы нэрт монголч эрдэмтэн Э. Хайниш Кливезийн орчуулгыг хянан уншаад маш чамбай, үг нэг бүрийн утгыг алдагдуулалгүй орчуулсныг тэмдэглээд хэдэн жишээ татсан байдаг. Тухайлбал 245-р зүйлд “Хөрст дэлхий хөрвөж бүлээ” гэдгийн “хөрвөх”-ийг өмнө нь Хайссиг герман хэлэнд, Козин орос хэлнээ “чичрэх, хөдлөх” гэсэн утгаар буулгасан бол Кливез чухам зөв утгаар нь буюу “The Earth was crust/ Was turning backward and forward” хэмээжээ гэсэн байна. Үнэхээр “хөрвөнө” гэдэг зүгээр нэг хөдлөх, чичрэх биш, бүр эсрэг тэсрэг талдаа гарч, урван хөдлөхийн нэр билээ.
Ер нь ганц Нууц Товчооны орчуулга ч биш, бүхий л эх, зохиолын орчуулгад Кливез аль болох үгчлэх, уг эхэд нь ойр байх зарчмыг баримталдаг байж. Тийм ч учраас тэрбээр орчуулга гээчийг урлаг, уран сайхан огт биш харин нарийн тодорхой шинжлэх ухаан гэж үздэг байв. Арга ч үгүй юм. Түүний ажиллаж байсан хөшөө чулууны бичээс, Ил хаадын захидал, Монголын Нууц Товчоо зэрэг дурсгалуудын хувьд уран яруу байхаас илүү үг хэллэгийнх нь утга учрыг тайлбарлан тогтоох нь хавьгүй чухал болох нь тодорхой.
Домийн Төмөртогоо багшийн асуултад одоо хариулъя буюу Кливезийн амьдралын хэцүүхэн үе
2009 онд МУИС-ийн дугуй зааланд хэл шинжлэлийн нэг бага хурал болсон юм. Би тэр хурал дээр Зэногийн парадоксын тухай илтгэл тавьсан, дараа нь асуулт хариулт өрнөхөд академич Төмөртогоо багш маань нэг ийм асуулт тавьж билээ:
“Би илтгэлийн талаар асуухгүй, харин илтгэгчийн саяхан орчуулан хэвлэсэн Н. Поппегийн “Дуртгал” номоос нэг зүйл сонирхъё. Тэр номд Поппегийн бичсэнээр Франсис Кливез гэнэт захидал занаа бичихээ больсон, эхэндээ Поппе өөрөө Кливезийг гомдоосон юм бол уу гэж бодож байтал бүх хүмүүстэй харьцахаа больсныг нь бусад судлаачаас мэдсэн гэж байсан. Кливезэд юу тохиосныг мэдэв үү?”
Тэр цагт багшийн асуултад хариулж чадаагүй юм. Гэвч санаж явбал бүтдэгийн үлгэрээр асуултын хариуг сая их эрдэмтний архив, захидал сэлтийн дотроос оллоо. Судлаач анд нартаа бичихээ больсон тэр мөч болбоос Кливезийн амьдралын хамгийн хүнд хэцүү үе байжээ. Николас Поппед жишээ нь хамгийн сүүлд 1957 онд захидал илгээсэн байна. Тэр үед чухам юу болсныг бидэнтэй хамт яваа элчин сайд Уиллиам Браун буюу өөрийнхөө дотно шавьд 1958 оны 1 сарын 7-ны өдөр бичсэн захидалдаа тодорхой өгүүлжээ:
“... Харвард-Енчиний Хүрээлэн болон Алс дорнодын хэлнүүдийн салбарт хэлмэгдүүлэлт хэдийн эхэлсэн шүү... Сайхан тохилог тэнхимээс маань биднийг гаргаж өөр байр луу нүүлгэнэ гэнэ. 1957 оны 9 сарын 1-нээс эхлээд доктор Л. Бишоп Harvard Journal of Asian Studies сэтгүүл дэх миний эрхлэгчийн ажлыг авлаа. Профессор Райшаурын надад үлдээсэн ажил одоо ганц Scripta Mongolica цувралын эрхлэгч л байна. Гэвч хэр удаан үргэлжлэхийг ч үл мэднэ... Би Вермонтод эдлэн газар авахаар шийдсэн...”
Энд дурдсан зүйлсээс HJAS буюу Харвардын Ази Судлалын Сэтгүүлийн эрхлэгчийн ажлыг алдсан нь Кливезэд болоод Монгол судлалд нэн хүнд цохилт болсон юм. Кливез тус сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа бараг дугаар бүрд алгасалгүй, Монгол судлалын нэн сонирхолтой, даацтай өгүүллүүдээ хэвлүүлдэг байв. Тэгээд судлаач нөхдөдөө илгээж, санаа оноогоо солилцдог байж. Шинэ эрхлэгч ирж Кливезийг шахсанаар үнэн хэрэгтээ Харвардад Монгол судлал унтрах замдаа орсон гэсэн үг. Ингээд л Кливез захидал харилцаагаа хаяж, Браун гуайд хэлсэн ёсоороо Вермонтод бус харин Нью-Хампширт эдлэн газар авч, огт өөрөөр аж төрөх болжээ. Сургуульдаа гомдсон багш гэж хэлж болох юм.
Үүнээс бараг хорин жилийн дараа эргээд цөөхөн хүнтэй холбогдож эхэлсний нэг нь Игор дэ Рахевилз ажээ. 1976 оны 6 сарын 16-ны өдөр Рахевилзэд бичсэн захидалдаа: “... Миний бие хувийн шалтгаанаас болж анд нөхөд, мэргэжил нэгтнүүдтэйгээ харилцаагаа тасалсан нь зүйл бүрийн таамаг онол, хуурмаг мэдээлэл дэгдээсэнд ихэд харамсаж байна. Францууд “C’est plus fort que moi” хэмээдгийг одоо л би ойлголоо. Америкийн англи хэлээр бол “I can’t cope” хэмээх хэлц л дүйх байх. Яг цагаа тулахад хүн гэдэг ямар цөөхөн жинхэнэ найзтай болохыг, тэдгээр нь ямар бага зүйл хийж чаддаг гэдгийг би олж мэдлээ...” гэх мэтчилэн дурджээ. Франц англи хэлээр бичсэн хэлц нь тэр бүх худал мэдээ, цуу яриа өөрөөс нь шалтгаалахаас өнгөрсөн, би өөрөө юу ч хийж чадахгүй гэсэн санаа юм.
Өдгөө бидний судлахаар зорин явж буй Монгол судлалын эрдэнэсийг агуулах номын сангаа ч тэрбээр Харвардын их сургуульд өгөх гэж байсан билээ. Ингэхдээ ганцхан зүйл хүссэн нь, “Бүх насны минь ажил хөдөлмөр, энэ номын санг салгалгүй, нэг дор, нэрээр минь хадгалаач” л гэж. Том баян сургууль харин нэг ч их сонирхсонгүй, номыг чинь авч болох л юм, гэхдээ бид салгаад хэрэгтэй хэрэгтэй газар нь байрлуулна гэжээ. Угаас сургуульдаа гомдсон байсан их эрдэмтэн үүнд ихэд эмзэглэж нэг ч ном, гар бичмэлээ Харвардад үлдээсэнгүй. Яг одоо бидний гурван хүн Нью-Жерси, Нью-Йорк, Коннектикут, Вэрмонт мужийг дайраад, Харвардад үлдээгүй тэр эрдэнэсийн сантай танилцахаар явж байна. Зам зуураа Кливезийн шавь Браун гуайтай багшийнх нь тухай хөөрөлдсөнөө дараагийн дугаарт тайлагнасу.
Сар
Эрка Эрка
Zezegee
Туул
Orchlon
Сарангоо
Зочин
Амар
зочин
Эдэн
man
Tumurtogoo
Зочин
а
Дэлгэрцогт
Зочин
Цэнгээ
Г. Энхтүвшин
Leetiv NamdagJanchivin
Оогий
Дарь Сүхбаатар
Дарь Сүхбаатар
ЮБО
Уншигч
Gabo/MUBIS/
Зочин
Tand mash ikh bayarlalaa, Mongol sudlalaa sergeej unuugiin Mongolchuud bid uuradiin mun chanariig tanin medej olj avakhad tanii mergejliin hunii huvid oruulj bui huvi nemer unelj barshgui yum. Tanii achaar Peti De Crua-g ekh kheleeree unshij, bas nuuts to
Судлаач
Нүүдэл
zochin
Уншигч