С.Ламбаа: Худлаа хэлэхээс аргагүй улстөрийн шалтгаан байна шүү дээ
Америк, Монгол хоёрыг харьцуулшгүй.
Жишээ 1.
Энэ өвчний улмаас Америкийн Ерөнхийлөгч улс орондоо онц байдал зарлаж байхад Монголын Эрүүл мэндийн сайд, дэд сайд нар “сандрах хэрэггүй ээ, ердийн л ханиад шүү дээ” гэж иргэдээ тайвшруулав.
Жишээ 2.
Америкт өндөр мэргэжлийн эмч, вирус судлаачдаас бүрдсэн “Эрдэмтдийн зөвлөл” байгуулав. Тус зөвлөл гахайн ханиадтай тэмцэх тактикийг боловсруулж, Засгийн газар нь зөвхөн удирдлагаар хангаж байна. Гэтэл Монголд Шадар сайдаар ахлуулсан улстөрчид голдуу сайд, дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулав. Америкууд урьдчилан сэргийлж байхад, манай дарга нар хойноос нь хөөж, гарсан өвчлөлийн “найдвар”-тай байдлыг газар дээр нь шалгаж явна.
Жишээ 3.
Америкт энэ өвчин гарангуут Засгийн газраас нь 45 сая ам.доллар гаргаж сарын дотор иргэдээ вакцинжуулжээ. Манайд сарын дараа, хэрвээ ирэх сарын 30-нд ирнэ гэвэл бараг хоёр сарын дараа авахаар ванкцины захиалга өглөө. Энэ нь дэлхий нийтийг түгшээсэн гахайн ханиад хагас жилийн дараа Монголд “ирж” байхад төр засаг нь энэ цар тахалд хэр бэлтгэлтэй байсныг харууллаа.
Энэхүү харьцуулалтын үр дүнд Америкт гахайн ханиад гараад хагас жил болоход тэнд энэ өвчнөөр 20 мянган хүн өвдөж, 500 гаруй нь нас баржээ. Харин манайд өвчин гарснаас хойшхи 20 хоногийн дотор өчигдрийн байдлаар 700 гаруй хүн өвдөж, долоон хүн нас барсан гэсэн албан ёсны тоо байна. Монгол Улс энэ өвчин гарсан 197 дахь орон боловч зуун хүн тутмын нас баралтын тоогоороо дэлхийд хоёрт орлоо. Өвчин гараад дөнгөж 20 хонож байгаа Монгол Улс 600 гаруй хүний үхэлтэй Бразилийн дараа орно гэдэг аюулын харанга, аймшиг биш гэж үү. Америк хэдэн хүнтэй билээ, монголчууд бид хэдүүлээ билээ гээд бодохоор үнэхээр харамсмаар. Бид нараас санал гуйж засгийн зөөлөн суудалд суучихаад ард түмнээ аюулт өвчнөөс хамгаалах бэлтгэлгүй сууж байсан эрх баригчдад гомдмоор.
Уг нь вакциныг энэ сарын 9-нд нийлүүлэх болсон тухай Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдэгдэж байлаа. Гэтэл энэ сарын 30 болж хойшилжээ. Уг хугацаа дахин хойшлохгүй гэх баталгаа алга. Нэгдүгээрт, манай улс огт мөнгө төлөхгүй, буцалтгүй тусламжаар авах гэж байгаа, хоёрт мөнгөө төлсөн орнуудынх нь захиалга дуусаагүй байгаа. Хэрвээ хугацаа дахин хойшиллоо гэхэд мөнгө төлөхгүй учраас монголчууд бид “авах хүн бөхийж, өгөх хүн гэдийхийн үлгэр”-ээ ярин шалтаг тоочиж суухаас өөр гарц алга.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр бол энэ өвчнийг эрсдэл багатай даван туулахын тулд бүх хүн амаа вакцинуулах зөвлөмж бий. Хятад, Америк энэ зөвлөмжийг дагаж бүх хүнээ вакцинжуулж байхад Монголын төр хүн амынхаа аравхан хувийг вакцинжуулж чадахгүй сууна. Хүн ам цөөн нь өвчлөл дэгдэхэд нэг талаар аюул мөн. Харин өвчнийг эмнэхэд цөөн хүн ам маань харин ч давуу тал болж байна шүү дээ. Ялангуяа эдийн засгийн утгаараа. Жишээ нь Монголын хүн амын 10 хувь гэдэг бол ердөө 270 мянга. Нэг хүнд тарих вакцины тун нь 10 ам.доллар гэхээр нийтдээ 3.7 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө цөөхөн монголчууд бидний хувьд арав хорин хүний амьтай дүйх тийм үнэтэй гэж үү. Сонгуульдахаараа хэдэн тэрбумаар нь л цацдаг биз дээ.
Хэрвээ мөнгөө төлөөд вакцинаа авъя гэвэл ингэж хугацаа хойшлох уу. Үгүй л байх. Дарга нар эмнэлгүүдээр хэсч, телевизээр зөвлөгөө өгч суухаар вакцинаа худалдаж авах мөнгөө босгомоор байна. Засгийн газрын нөөц, Эрсдэлийн сангийн хөрөнгө гэж байдаг, саяхан авсан Оюутолгойн урьдчилгаа 100 сая ам.доллар ч байгаа шүү дээ. Тэндээсээ мөнгөө төлөөд вакцинаа авах нь дээр үү, мөнгөө төлсөн улс орнуудын илүүдлийг хүлээж суух уу гэдэг дээр харин дарга нарын бодлогын шийдвэр хэрэгтэй байна.
Монголд өнөөдөр энэ өвчнийг дардаг вакцин нь ч, “тамифлю” гэдэг эм нь ч алга. Хэрвээ эм, вакцин хоёроо худалдаж авахад гар татвал цаг хугацаа явах тусам Монголын эдийн засаг үүнээс ч илүү хохирол амсч мэднэ. Хямралтай, сонгуулийн амлалтаа даахгүй байгаа улсын маань эдийн засаг угаас эмзэг шүү дээ. Дарга нарын “бай”-гаа оноогүй аялал, үр дүнгүй зөвлөгөө семинар, томилгоонд зарцуулдаг мөнгөө вакцин авахад нэмэрлэж болмоор.
Ер нь дарга бол албан тушаал болохоос мэргэжил биш. Эмч бол мэргэжлийнх. Дарга нар албан ёсны баримт, статистик тоо, шийдвэр л танилцуулдаг. Эмч бол мэргэжлийн зөвлөгөө хэлнэ. Дарга баримтан дээр тулгуурладаг учраас болсон процессыг хөөж хэлнэ. Эмч урьдчилан сэргийлж зөвлөнө. Яг энэ өвчний тухайд Эрүүл мэндийн сайд, эмч хоёрын хэнийх нь үг үнэмшилтэй сонсогдох вэ. Эмч бол хүний эрүүлийг хамгаалах тангарагтай. Сайд бол суудал хадгалах улстөрийн л албан тушаалтан шүү дээ. Үүнийг баталсан нэгэн жишээ өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр өрнөсөн юм. Уг чуулганаар гахайн ханиадны тархалтын явцын талаар гишүүд Эрүүл мэндийн яамны удирдлагуудаас асууж тодруулж байлаа.
“Ерөнхий сайдын бие зүгээр, нэг дэх өдөр ажилдаа орно гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдээд л байсан. Гэтэл Ерөнхий сайд нэг дэх өдөр нь чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Эндээс үзэхэд гахайн ханиадны талаар таны өгч байгаа мэдээлэл, энэ тоо баримтад итгэж болох нь уу” гэсэн С.Бямбацогт гишүүний асуултад С.Ламбаа сайд:
-Үнэндээ зарим асуудалд худлаа хэлэхээс өөр аргагүй улстөрийн шалтаг, шалтгаан байна шүү дээ гэж зовлонгоо ярьжээ. Арай ч олон түмнийг тайвшруулах, эсвэл өнөөх улстөрийн шалтгаанаараа гахайн ханиадаар нас барагсдын тоог дарж мэдээлэл өгөөгүй гэдэгт найдъя.
Энэ юу гэсэн үг вэ, хүний амь наснаас үнэтэй улстөрийн шалтгаан байна гэж үү. Зөвхөн энэ хариулт, өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг ажилдаа орно, тайван байцгаа энэ бол ердийн ханиад гэсэн хоёр мэдэгдлийнхээ төлөө С.Ламбаа сайд ёс зүйн хариуцлага хүлээж, ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Одоо бол гахайн ханиадны тархалтыг зогсоож, нас баралтын тоог цөөрүүлж, иргэдээ яаралтай вакцинжуулан бүх ард түмнийхээ төлөөх нийтлэг эрх ашгийн төлөө гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлж чадах үгүйгээр Ерөнхий сайд нь хууль ёсны, танхим нь эрхзүйн чадамжгүй энэ Засгийн газрын эхний үнэлэмж тодорхойлогдох боллоо.
Энэ өвчинтэй тэмцэх аргаа өөрчилцгөөе. Доод дунд шатандаа эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй ажиллаж байна. Өргөсөн тангарагтаа үнэнч байгаа тэдэнд баярлахаас аргагүй. Ингэж ажиллаад байхад л өвчлөл буурахгүй, нас баралтын тоо өндөр байгаа нь өвчинтэй тэмцэх аргаа өөрчлөх шалтгаан биш гэж үү. Халдвар авагчид болон нас барсан хүмүүсээ тоолж суухаар, эмчлэх аргаа л хурдан олъё. Мөнгө гуйдаг, юм болгоныг үнэгүй авах гэдэг монгол зангаасаа энэ удаа татгалзаж, вакциныг ч, тамифлю гэдэг эмийг нь ч мөнгөөр нь худалдаж авъя. Ингэснээр хугацаа хожиж, эрсдэлийг бууруулна. Дарга, эмч хоёр байр байрандаа очиж, тус тусын л ажлаа хийе. Хоёр нам засагт хамтарсныхаа хүчийг үзүүлж ханиадны хохирлыг бууруулахад бодлогын төвшинд хурдтай ажилламаар байна. Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайд нар баахан хүмүүс дагуулж, эмнэлгүүдээр явлаа гээд халдвар тараах, авах магадлалыг л нэмэхээс бус өөр үр дүн авчрах уу. Хувь хүний хариуцлага, ахуйн ариун цэвэр хэрэгтэй ч, эмнэлэг хэрэгтэй болоход эмчилдэг эм, вакциныг нь л төр, засаг бэлтгэх ажлаа хийе. Бусдыг нь Эрүүл мэндийн яам, эмч нар хийг. Бүх дарга эмч болж, эмнэлгүүдэд гэнэтийн аялал хийж хий бужигнах нь нийгэмд улам л хаос үүсэхийн нэмэр. Анхаарах ёстой боловч амьдрал гахайн ханиаднаас ч баян. Туйлширч бүх хагалгааг зогсоосноор яаралтай, цаг хугацаа хожих шаардлагатай, эсвэл орон нутгаас мөнгөө төлөөд ирсэн өвчтөнүүдийн хувь заяаг гудамжинд гаргаж болох уу. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга эмийн сангуудаар явж маск, эмний үнэ нэмэгдсэн эсэхийг шалгаж явахаар мэргэжлийн аргазүйн зөвлөгөө өгч, удирдлагаар хангаж суух нь дээр. Олон шийдвэр гарган, ажиллаж харагдах сурталчилгаа бус, бодит үр дүн чухал. Аарц, чацаргана, адууны мах, витамины үнийг барих гэж суух нь төр засгийн хийх ажил биш ээ. Зах зээлийнхээ хуулиар л яваг. Ийм дүйвээнээр олсон олз хожмоо ашиг болж чадахгүй. Иргэдийнхээ ухамсарт найдсан нь дээр. Монголчууд бид чинь нэгдэж, нийлж чаддаг нинжин сэтгэлтэй ард түмэн шүү дээ.
Төгсгөлд нь дахиад Америкийн жишээг татъя. Барак Обама Ерөнхийлөгч болсныхоо дараа санхүүгийн хямралыг давахын тулд “Америкийн барааг худалдан авцгаая” гэж иргэддээ уриалж байлаа. Үүн шиг энэ өвчнийг одоо, ирэх хавар эрсдэл багатай даван туулахын тулд монгол хүн бүр нэгдэцгээе. Гахайн ханиадыг улстөрийн шалтаг, эдийн засгийн ашиг болгож харахгүй байхыг уриалъя.
uyanga