Аян замын тэмдэглэл

Бид гэр бүлээрээ болон эхнэрийн хамаатан садан бүгд нийлээд хоёр жийп дүүрэн хүмүүс өглөөний 08 цагт Багануураас Хэнтийн зүг төрөлх аймгийнхаа 100 жилийн ойн наадам үзэхээр давхилаа. Энэ өдөр нартай сайхан өдөр байв. Ямар ч байсан үдэд 14 цагт болох Хэнтийн 100 жиийн баярын хурал, концертод амжиж очихоор төлөвлөв.Багануураас 17 км яваад Хэрлэнгийн гүүр дөнгөж гараад давхиж явтал улаан халзтай нэгэн шинэ гэр замын хажууд барьсан байлаа. Энэ юун гэр юм бол хэмээн бодлоо. Дахин жаахан явтал дахиад л ийм гэр барьсан байв .Гурав дахь гэрээр орлоо. "Баянхутаг сум" гэсэн хаягтай гэр байв. Айраг, цагаан идээгээр биднийг дайлав. 11 км тутам сумаа сурталчилсан зочдод зориулсан ийм гэр Хэнтийчүүд маань барьжээ. Их л зөв зүйл санаачилжээ. Бид Өмнөдэлгэр болон Мөрөнгийн Чандган талд барьсан гэрээр орлоо. Мөрөнгийн Чандган талд барьсан гэрээр ортол Хэнтийн төвийн 10 жилийн сургуулийн нэг ангид сурч байсан Батноров сумын Соёлын төвийн дарга Бадрал байж байв. Бадрал маань нутгийнхаа айраг, цагаан идээ, салат зэрэг зүйлээр дайллаа. Батноровын айраг амттай, зөөлөн сайхан байлаа. Гэрт нь Батноровын Тожил хийцтэй сайхан эмээл байв. Бид Чингис хотын зүг явсаар ойртож Хан Хэнтий аймгийн хүндэтгэлийн хаалганы дэргэд зогсов. Улаан халзтай найман ханатай том гэр барьжээ.Гэрт орлоо. Үйлчлэгч охидууд ихэд дотноор биднийг угтаж айраг, цагаан идээгээр дайллаа. Айраг нь зөөлөн амттай сайхан байв. Бид тэнд зургаа авхуулаад хотын зүг давхилаа. Надад баярын урилга, мандат аль алин ч байсангүй. Хэн ч уриагүй юм. Заавал уриулдаг хүн би биш л дээ. Урилгагүйгээр нутагтаа очих нь мэдээж. Баярын хурал эхлэхээс өмнөхөн 13.30 цагт би шинээр барьсан Хан Хэнтий чуулгын барилганы өмнө очлоо. Замын хувцасаа яаран сандран солиод гонжоомоо өмсөж зангиагаа зүүгээд энгэртээ 2 одонгоо / Алтан гадас, Чингисийн алдарын одон / зүүгээд орлоо. Гэтэл зөвхөн мандаттай хүн оруулна гэцгээж байв.Би тэндээс Аймгийн Тамгын Газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга хэн байдгийг лавлаж Баярцолмон хэмээх залуу даргыг дуудуулж Аймгийн Тамгын газрын хэлтэст олон жил ажиллаж байсан тухайгаа хэллээ.Мандатгүй намайг тэр залуу дарга оруулчих гэлээ. Ингээд би хамгийн түрүүний шахуу эгнээнд хоёр дахь эгнээд суулаа. Манай аймгийн чуулгын шинэ барилга үнэхээр сайхан болжээ. Энэ шинэ барилгыг анх 2011 онд тендерт ялсан компаний муу захирал хугацаанд нь бариж өгөлгүй хулхидаж 12 жил гацаажээ. Анх барилгын тендерт шалгарсан компани огт барилга барилгүй, зурагийг нь ч өгөлгүй алга болжээ. Дараагийн компани мөн л барьж дуусгасангүй. Сая л Дорнод аймгийн нэгэн компани энэ сайхан барилгыг барьж ашиглалтад оруулжээ. Хуучин Соёлын ордоны барилга олон жил болсон байлаа. Намайг сургуулийн 5-р ангийн хүүхэд байхаас эхлээд сургуулийн үлээвэр хөгжмийн сурагчид бид энэ л соёлын ордоны байшинд жил бүр хурал концертод хөгжмөө тоглодог байж билээ. Тэр үеийн соёлын ордоны байшин салхивчгүй, агааржуулагчгүй, сэнсгүй тул маш их бүгчим байдаг байлаа. Одоо цэлгэр том өндөр таазтай, лоожтой болсон, акустик систем нь хамгийн орчин үеийн болсон байв. Эргэдэг тайз, хөжимчид дороос гэнэт гарч ирээд л сайхан болжээ. Баярын хурал эхлэв. Ер нь хурал гэдэг олон хүн шагнасан, урт илтгэл тавьсан их цаг зардаг байснаа больж одоо ердөө 30 минутын хурал хийж, 1 цагийн концерт хийдэг болжээ. Шуурхай болсон нь сайн хэрэг байв. Хурал цагтаа эхэлж Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав товч илтгэл тавив. Дараа нь Хүрэлсүх ерөнхийлөгч товч үг хэлж Хэнтий аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав.Бидний үед манай аймаг Алтан гадас одонтой байсан. Концерт шуурхай явагдав. Ардын жүжигчин Шархүүхэн гуай тайзан дээр хоёр шавийн хамт / гавьяат жүжигчин Нансалмаа, гавьяат жүжигчин Хонгорзул/ гарч Хэрлэнгийн Баръя уртын дуугаараа тогтолтыг эхлүүлэв. Чингис дуурийн хэсгээс үзүүллээ. Концерт товч бөгөөд шуурхай хурдан явагдаж дуусав.Наяад оны үед аймгийн гүйцэтгэх захиргаанд хамт ажиллаж байсан үеийн дарга, ажилтнуудтай тэнд нилээд тааралдав.Танидаг хүмүүс байгаа нь таатай сайхан санагдав. Аймгийн орлогч дарга байсан Ч.Нямдоотой хамт сууж таарав. Нилээд хууч хөөрлөө. Хурал тараад аймгийн захиргаанд хамт ажиллаж байсан доктор Сүхийн Амгаланбаатар, Ариунаа, Намсрай, Баатархуяг , Аймгийн Засаг дарга байсан Эрдэнэбаатар, Оюунбаатар зэрэг хүмүүстэй таарав. Их Засгийн захирал, доктор Ням Очиртой таарав. Хурал тараад байрандаа ирлээ. Багануураас гарсан манай групп Чингис хотод манай гэр бүлийн найз Ганчулуун, Нямзав нарындаа очсон юм. Ганчулуун маань Дэлгэрхаан сумын уугуул бөгөөд надтай хамт аймгийн гүйцэтгэх захиргаанд хамт ажиллаж байсан хүнлэг сайн залуу байв. Нямжав бол Галшар сумын уугуул, алдарт уяач Өвгөн ноёны удам бөгөөд манай эхнэртэй хамт санхүүгийн техникумд хамт сурч байсан дотны найз нь юм. Тэд нар маань Чингис хотод тохилог орон сууцанд амьдардаг бөгөөд хотын өмнөд хэсэгт байдаг тусгай 4 өрөөтэй хувийн байшиндаа биднийг оруулав. Эндээс наадмын стадион, хотын төв хүртэл хамгийн дөт ойр байлаа. Сэрүүхэн сайхан байшин байв.Энэ байшинд жараад онд аймгийн дарга Хавдал гуай гэр бүлийн хамт амьдарч байсан ажээ. Орой нь шоу болж манай Хан Хэнтий чуулгын бүжигчид орчин үеийн бүжиг хийж доргиов. Өчигдөр Чингис хотод “дээлтэй Монгол” арга хэмжээ болж мотоцикличид буюу байкерууд ирж үзүүлбэр үзүүлжээ. Маргааш өглөө нь бид 10.00 цагт шинэ стадионд нээгдэх баярын нээлтэд явлаа. Хүмүүс бүр өглөө 06-07 цагт стадионд очиж суудал авчээ. Би өглөө 9 цагт очсон боловч аль хэдийн стадион наадамчдаар пиг дүүрсэн байв. Сул суудал алга. Би олны дундуур чихэлдсээр арайхийж төмөр хаалтны эхний эгнээнд хүрч наадмын нээлтийн ажиллагааг чихэлдэн байж зогсоогоороо үзэв . Олон ч зураг дарлаа. Нэг сонин үзүүлбэр үзүүлэв. Наадмын нээлтийг улсын дуу бүжгийн чуулгын ерөнхий найруулагч Ёндоншарав хийжээ. 99 шарга гүү талбайд гарч унаганууд эхийгээ хөхөв. Морьтонгууд давхилдаж морин дээрээс харваж тайга нохой эзнээ даган хурдалж хүчит цагаан шонхор далавчаа дэлгэн эзнийхээ хамт морин дээр хурдалж байлаа. Морин үзүүлбэр сонин сайхан байв. Наадмын нээлтийн ажиллагаа 13 цагт дуусав. Зогссоор байгаад ихэд ядарсан би хоолны гэрийн дэргэд очиж нэгэн сандал дээр сууж амарлаа. Нар гарч халуу шатаж байлаа. Сүүдэрт байсан тулдаа нилээд амарч чадав.Үдээс хойш стадион тойрч явлаа. Маш олон хүн иржээ.Маш олон гэр, маш олон худадаа, хоолны цэг байв. Булганы Сайхан сумын айраг хүртэл иржээ.Булганы айраг нэг литр нь 10 000 төгрөг байв. Арай дэндүү үнэтэй юм даа. Би том улаан халзтай аймгийн гэрт орлоо. Үйлчлэгч охид биднийг сайн дайлж байв. Айраг нь амттай зөөлөн байв.Цагаан идээ нь амттай байв. Манай нөгөө хэд маань “Нутгийн Зөвлөл” гэсэн гэрт оржээ. Тэнд тэднийг маань маш их дайлж айраг өгч хуушуур өгч бэлэг хүртэл өгчээ. Элбэг дэлбэг сайхан л наадам боллоо. 18 цагт би аймгийн шинэ 2 давхар музей үзэв. Гайхамшиг. Орой нь 21 цагаас шоу болов. Гэрэлт гудамжинд бид хэд сандал дээр сууж байгаад ардын жүжигчин Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы дуу хоолой сонсогдмогц явж очлоо.Жагаа маань Чингисийн баатарууд, Монгол улсын сүлд дуу дуулав. Дараа нь гэнэтийн бэлэг болж гэнэт Хурд хамтлагийг зарлав. Хурд хамтлаг маань төрийн соёрхол хүртсэн дуугаа дуулж доргиолоо. Хурд хамтлаг маань амьд домог болсон төдийгүй монгол туургатны супер хамтлаг болжээ. Саяхан тэд маань Өвөр Монголд 30 жилийн ойн тоглолтоо хийж Өвөр Монголыг доргиожээ. Хурд маань урьдын адил хурдтай ,хүчтэй, эрчтэй, супер байлаа. Хурдаа сонсож дуусаад би байрандаа буцлаа.Маргааш бид стадионд очиж бөхөө харлаа. 5-ын даваа 13 цагт эхлэх үед бас л хүн пиг дуурч суудал олдохгүй болов.Энэ шинэ стадион 3000 хүний суудалтай. 6000 хүний суудалтай стадион баридаг байж уу? Хэнтий маань эдүгээ 79 000 хүнтэй болжээ. Намайг Хэнтий нутгаасаа 1991 онд нийслэл хот руу шилжиж явахад аймгийн хүн ам 76 000 байсан бол эдүгээ 79 000 хүн амтай болжээ. 30 жилийн дараа хүн ам 3 мянган хүнээр өсчээ. Яаж ийгээд аймаг маань 100 000 хүн амтай болоосой. Намайг шилжиж явахад аймгийн мал сүрэг 1.5 сая байсан бол одоо 5.0 сая болжээ. Хэнтийн наадамд нийтдээ 256 бөх барилдлаа. 5-ын даваа ширүүн болж найман бөх үлдлээ. Аймгийн наадамд улсын аварга хоёр, улсын гарьд хоёр, улсын заан 6 иржээ. Шөвгийн наймд Ховдын 3 бөх, Увсын 2 бөх , Хэнтий, Дорнодын 1,1 бөх үлджээ. Шигшээ дөрвөн бөх барилдахад улсын аварга Бүрэнтөгс Хэнтийн харцага Бадралд унаж, улсын аварга О.Хангай улсын заан Бат-Өлзийг хаяв. Үзүүр түрүүний хоёр бөх барилдаж улсын аварга О.Хангай түрүүлж том оврын жийп автомашинаар шагнуулав. Хэнтийн бөх Бадрал үзүүрлэж 10.0 сая төгрөгөөр шагнуулав. Морины бай өндөр байв. Азарга, Их нас, Соёолоны түрүү магнайн эздийг том оврын жийп автомашинаар шагнав, Шагайн харваанд түрүүлсэн багт 8 сая төгрөг өгөв. Их насны моринд сэрвээний өндөр нь хэтэрсэн тул морины комисс хассан Хөвсгөлийн морийг эзэн нь дураараа уралдуулж улс даяар бөөн хэрүүл тарьж троллууд Хан Хэнтий нутгийг минь элдвээр харааж харлуулахыг оролдов. Надад нэг ийм санаа төрлөө. Шагайн багийг ахмадын баг ч гэх шиг, эмэгтэйчүүд ч гэх шиг ийм олон төрөл болгоод нэмээд хэрэггүй. Ганц л шагайн төрөл байх хэрэгтэй. Харин сурын харваа буриад харваа, урианхай харваа гэдэг шиг, морин дээрээс харвах харваа хэмээх харвааны шинэ төрлийг нэмэх хэрэгтэй.Давхиж яваа морин дээрээс харвах ч мөн ч бахтай юм аа. Үдээс хойш бид морь барих газар очиж сумдын соёлыг сурталчлах гэрүүдээр орлоо. Хамгийн амттай сайхан айрагтай манай Мөрөн сум байв. Гурванбаян сум 8 ханатай том сайхан гэртэй байсан бөгөөд тайлбарлагч бүсгүй нь маш сайхан тайлбарлаж байв. Айраг нь ч амттай байв. Бөх дууссаны дараа байрандаа ирж унтлаа. Маргааш өглөө нь явах цаг болов.Бидний найз Ганчулуун, Нямзав хоёр маань гэртээ урилаа. Өглөөний цай уув. Ганчулуун маань тэднийд очихын өмнө чамайг нэг чухал хүнтэй уулзуулна гэж байв. Очтол орцны үүдэнд нэгэн сандал дээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа багш маань сууж байлаа. Би ч олзуурхаж бид нилээн хууч хөөрөв. Л.Нямаа багш маань надад хандаж: - “Сүхээ. Чиний хамгийн сүүлд бичсэн “Алтан ураг” номыг чинь худалдаж авлаа, уншлаа. Сайн ном болсон байна. Чиний 2005 онд бичсэн” Бурхан Хүмүүн ном” манай Их Засаг их сургуулийн номын санд ганц ширхэг байдаг байсан. Тэрхүү чиний бичсэн 700 хуудастай номыг би их сургуулийн оюутан шавь нартаа ноортол нь уншуулсан даа. Одоо чи их хаадын тухай роман бичих хэрэгтэй. Түүхээ сайн мэддэг, их мэдлэгтэй, фантази сайтай хүн л түүхэн роман бичиж чадна. Чи их хаадын тухай түүхэн роман бичиж чадна” гэлээ. Нямаа багшийн хэлсэн энэ үг надад их урам орууллаа. Бичих ажил надад их байна.Судлах зүйл нилээд байна. Тэндээс гараад бид шинэ сургуулийн барилга дээр очлоо. Гайхамшигтай сайхан сургууль барьжээ. Сургууль дээр би баахан зураг авлаа. Энэ л сургууль намайг эрдмийн далайд анх гаргасан юм. Энэ л сургуулийн багш нар надад бие дааж хэрхэн эрдэм сурахыг сургасан юм. Хэнтийн наадам элбэг дэлбэг сайхан боллоо. Харин бид наадмын хөтөлбөр дээр байсан шувуучилхуй, морин дээрээс харвах наадам, тайга нохойн үзүүлбэр “Мини парк”-д болно гэсэн үзвэрийг л үзэж чадсангүй. 13 цагт болох энэ мини парк гээчийг бид машинтайтай хотоор давхиж эрээд замын цагдаа болон гэрт үйлчилж байсан охидуудаас болон замд таарсан хүн бүрээс асуугаад хэн нь ч зааж хэлж өгч чадсангүй. Наадмын хөтөлбөр дээрээ “Мини парк” хуучнаар тийм газрын дэргэд байдаг гээд хаалтан дотор биччихгүй яав даа хэмээн бодлоо. Бид буцахын өмнө эхнэрийн багын найз Тунгалаг, түүний нөхөр Баваасангийнд очлоо.Тэнд үдийн зоог барьж сайхан дайлууллаа. Үүнээс өмнөхөн Чингис хотын “Эзэнт улс” зочид буудалд байрлаж байгаа миний хамаатан Норжоо эгчтэй уулзлаа. Норжоо эгч маань хүүхдүүдтэйгээ Хэнтийд ирж наадам үзжээ. Эгч маань бие нь сайн, ануухан байна.Тэнд жаахан хууч хөөрөлдөж байгаад явлаа. 

Харин 100 жилийн ойг тохиолдуулан хэвлэсэн "Хан Хэнтий уулын аймаг 100 жил" гэсэн номыг сөхөж үзвэл учир дутагдалтай зүйл гарсныг хэлэх нь зүйтэй. Шинэ оны өмнөхөн би энэ шинэ номыг хэвлэхийн өмнө энэ номонд зориулж өмнөх 90 жилийн номонд гарсан дутагдлыг давтаж болохгүй шүү гээд аймгийн түүхэнд чухал холбогдолтой хэдэн зүйл энэ номонд зориулж бичиж Email хаягаар нь номын ерөнхий редактор, аймгийн Хурлын нарийн бичгийн дарга С.Бат-Эрдэнэд илгээсэн юм. Тэр утсаар надтай ярьж уриалгахаар "таны бичсэн зүйлийг хэвлэхэд анхаарна" гэсэн юм. Тэнд би юү бичсэн юм бэ гэвэл өмнөх 90 жилийн ойн номонд төрийн захиргааны байгууллагын хамгийн том хэлтэс болох Зохион зааварлах хэлтсийн 1979-1991 оны түүх хаягдсан байна гээд би аймгийн захиргааны гол хэлтэс болсон, 1948 онд анх байгуулагдсан Зохион зааварлах хэлтсийн 1979-1991 оны үеийн гол зорилго үүрэг, тэр үед ажиллаж байсан хариуцлагатай нарийн бичгийн дарга нар болон зохион зааварлах хэлтсийн дарга, ажилтнуудын нэрийг бичиж явуулсан юм. Хан Хэнтий 100 жил гэсэн 560 хуудастай шинэ номыг сөхөж үзлээ. Гэтэл миний анхааруулсан зүйл, хаягдсан гээгдсэн зүйлийг нь шинээр нэмж бичсэн зүйл огт алга байв. Энэхүү шинэ номонд 1979 онд байгуулагдсан хуулийн хэлтэс зэрэг бусад хэлтсүүдийн тухай дэлгэрэнгүй зүйл, ажиллаж байсан төрийн албан хаагчдын нэрс бүгд байгаад байдаг. Эдгээр нэрс өмнөх номонд ч байж байсан . Өмнөх номоо яг хэвээр нь хуулаад харин хаягдсан гээгдсэн зүйлийг нь хэлж анхааруулсаар байтал хээв нэг дутагдлаа дахин давтсан байлаа. Миний бичиж явуулсан чухал зүйлсээс нэг ч зүйл алга. Зориудаар хассан юм болов уу, эсхүл үнэхээр тэнэг хүмүүс юм болов уу? Би мөн шинэ номонд зориулж Сэцэн хан Навааннэрэнгийн намтар түүхийг 2 хуудсанд багтаан товч тодорхой бичиж фото зургийн хамт явуулсан юм. Гэтэл шинэ номонд Сэцэн ханы ганц фото нь ороод намтар нь ганц хуудас хүрэхгүй шахуу болжээ. Бас нэг чухал зүйл бичиж явуулсан юм. Би сүүлийн 3 жилийн турш Сэцэнхан аймаг болон Хан Хэнтий аймгийн түүхэнд гарсан хамгийн эрдэм номтой, шашны зүтгэлтэн Номч мэргэн аграмба, Богдын хамгийн эрдэмтэй номч мэргэн цорж лам Лувсанчойнзон багшийн намтрыг эрэн хайж олж бичээд фото зургийг нь бас эрэн хайж олж явуулсан юм. Гэтэл цорж багшийн фото болон намтарыг огт оруулсангүйгээр барахгүй нэрийг нь ч дурдсангүй. Үнэхээр харамсалтай. Сэцэн хан аймаг бол агуу эрдэмтэн Агваанбалдан цорж ламаас эхлээд Өмнөдэлгэр суманд төрсөн бяцхан хувилгаан Мэргэн жаал хүртэлхи шашны хутагт хувилгаадаараа алдартай нутаг. Гэтэл нэг ч хутаг хувилгаадын намтрыг бичиж оруулсангүй. Ядаж Егүзэр хутагт, Хүүхэн хутагтын хоёрхон фото номонд орсон ч түүх намтар нь тодорхой байхгүй байлаа. Энэ бүхэнд би ихэд харамсаж саяхан Бат- Эрдэнэ рүү утасдаж "Яагаад миний явуулсан түүхийн ийм чухал ховор баримтыг номондоо оруулсангүй вэ, яагаад аймгийн гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтсийн 1979-1991 он хүртэлхи товч түүхийг огт оруулсангүй вэ? гэж асуухад " Редакц дээр хасагдсан" гэсэн хариу өгөв. Хэрэгтэй мэдээллийг хасдаг, хэрэггүй мэдээллийг оруулдаг хэтэрхий "мэргэн редакци" байх нь. Түүхээ мэддэггүй юм бол, явуулсан бодит үнэн түүхийг хасдаг юм бол тэр редакци гээд байгаа "их мэдэгчид" юү хийсэн юм бэ? Өмнөх номоо хуулж өөдтэй түүхийг нь хасах ажил хийсэн юм уу? Хэнтий аймгийн 90 жилийн өмнөх номонд аймгийн бүх дарга нарын нэг ч намтар, фото, нэг ч дурсамж огт байхгүй байсан.Төрийн албан хаагчдын нэг ч фото, намтар, дурсамж байсангүй. Гэтэл энэ шинэ номонд мөн өмнөх ном адил нэг ч аймгийн дарга нарын фото зураг, намтар, дурсамж нь огт алга хэвээр дутагдал давтагджээ. Ядаж ахмад туршлагатай дарга нарын ганц хоёр дурсамж оруулахад яагаад болдоггүй юм бол? Социализмын үед голдуу баруун аймгийн хүмүүс Хэнтий аймгийн дарга болдог байсан. Заазуур хочтой аймгийн ард түмнийг айхтар дарангуйлдаг дарга нар ч байсан. Ядаж соцын үед аймгийн дарга байсан Хэнтий нутгийн унаган хүн Аюуш даргын фото, намтар, дурсамжийг энэ номонд оруулахад яагаад болохгүй байгаа юм бол? Түүх бол 1991 оноос эхэлдэг юм биш, 1921 оноос ч эхэлдэг юм биш. Түүх бол түүх. Үнэн бол үнэн. Би бүхэл бүтэн Хэнтий аймгийн түүхийн ном ийм дутмаг түүхий болсонд үнэхээр харамсаж Бат Эрдэнэд хандаж утсаар" Саяхан хэвлэгдсэн, миний редакторласан "Хэнтий аймгийн Мөрөн сумын 100 жилийн ойд зориулсан "Мөрөн сум- Түүхэн товчоон" гэдэг номыг чи нэг уншаад үзээрэй. Түүхэн ном гэдэг чинь ийм байдаг юм" гэлээ. Би Мөрөн сумын түүхэн нмонд Сэцэн хан Навааннэрэн, номч мэргэн Лувсанчойнзон лам багшийн намтар, өнгөт фото зургийг нь заавал оруулсан бөгөөд нийт 830 фото зураг, 750 гаруй хүний мэдээлэл, 135 ахмадын намтар фото, сумын Засаг дарга, мэргэжилтнүүд, албан байгууллагын дарга нарын намтар, фото, дурсамж зэрэг өргөн мэдээлийг оруулж нийт 570 хуудас өнгөт ном болсон юм. Мөрөн сумын номыг бичих явцад зарим хүмүүс материал намтраа өгөхгүй, удаах, дахин шаардуулах, гар бичмэлээр намтраа бичих, тэр гар бичмэлийг гаргахын аргагүй байсан ,зарим фото зураг нь дүрс нь танигдахгүй байсан, эсхүл номын редакцийн гишүүн байсан Тамгын Газрын мэргэжилтэн нь гэнэт хариуцсан сумын нийгэм эдийн засгийн бүлгийг бичиж өгөхгүй, би завгүй тул бичихээ болилоо хэмээн асуудлыг хүндрүүлж байсан, эцсийн эцэст би өөрөө тэр нийгэм эдийн засгийн бүлгийг бичсэн зэрэг бэрхшээлүүд гарч л байсан. Ямар ч байсан Мөрөн сумын ном сайн болсон. Мөрөнгийхөн маань ном сайн болсонд ихэд баярлаж байна лээ. "Хан Хэнтийн 100 жил" шинэ номонд "Урагшаа сонины хуудаснаа Хэнтий аймаг" гэсэн 22 хуудас хэнд ч хэрэггүй мэдээлэл оруулжээ. Хэрэггүй юманд 22 хуудас зарцуулчихаад хэрэгтэй Сэцэн хан Навааннэрэн, Богдын Номч мэргэн цорж лам Лувсанчойнзон багш нартаа хоёрхон хуудас ч зарцуулж чадахгүй ийм хөөрхий редакцыг яалтай билээ. Хэнтий нутаг Хөдөөгийн Пэрлээ, Н.Нямдорж, Р.Чойном, Ц,Цэдэнжаваас эхлээд Ж.Саруулбуян, Б.Галсансүх зэрэг алдартай яруу найрагчидтай атал эдгээр найрагчийн ганц хоёр шүлгийг ч оруулсангүй. Босоо Самдангаас эхлээд Бат-Эрдэнэ аварга хүртэлхи алдартай бөхчүүдийн фото, намтар ч алга. Хэнтий нутгийн алдартай уяачид, хурдан хүлгийн тухай ганц домог ч алга. Хан Хэнтий аймаг бол хуучнаар Сэцэн хан аймаг гэдэг байсан бөгөөд газар нутаг нь Өвөр Монголын Хөлөн нуур, Шилийн гол, Хянган аймаг хүртэл, зүүн хойд талаараа одооны Орос улсын Чита муж, Ага нутаг хүртэл өргөн уудам нутагтай, Хан Хэнтий аймгаас 1931 онд Дорнод аймаг, 1941 онд Сүхбаатар аймаг салж байгуулагдсан баялаг түүхтэй, бахархал болсон агуу хүмүүс амьдарч байсан Халхын алдартай аймаг л даа. Гэтэл хэлсээр, анхааруулсаар байтал ийм хариуцлагагүй хандаж "Хан Хэнтий уулын аймаг 100 жил" гэсэн түүхэн номыг түүхийрүүлсэнд нь би үнэхээр харамсаж байна. Даахгүй нохой булуу хураана гэгчийн үлгэр болжээ. Арван жилийн өмнөх алдааг нь анхааруулсаар байхад ахин давтаад байхдаа ч яахав дээ. 

Буцах замдаа бид Мөрөн сумаараа орж шатахуун нэмж аваад Багануур руу давхилаа. Нар шарж улам халуун болов. Мөрөнгийн гол дээрээ очиж сэрүүцэх гэтэл тас хар өнгөтэй бохир болжээ.Голын дагуу цувраад бөөн машинтай хүмүүс байх юм. Нэг машин бүр Мөрөн голын дунд ороод зогссон байв. Даанч дээ. Мөрөн голыг минь явуулын буруу санаат, ёс мэдэхгүй хүмүүс бохирдуулсаар байна. Цааш явсаар Цэнхэрийн гол дээр очтол байдал яг адил хар өнгөтэй гол урсаж байв. Машинтай хүмүүс голыг бас л бохирдуулжээ. Цааш давхисаар 18 цагт Хэрлэн гол дээрээ ирэв. Тэнд харин Хэрлэн гол минь цэвэр ариунаараа дөлгөөхөн урсаж байлаа. Би яаран Хэрлэн гол дээрээ очиж магнайгаа норголоо. Хөл нүцгэн голын эргээр явж алжаалаа тайлав. Намуухан урсах Хэрлэн гол минь намайг халуун шатсан өдрөөс хамгаалж давчидсан сэтгэлийг минь тайвшруулав. Бид цааш явсаар гэртээ ирлээ. Гэртээ орж сэтгэл минь бүрэн тайвшрав. Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадлаа. Дараагийн наадам хүртэл даанч хол байна даа...

2023.07.30