Истанбулын дурсгал
Истанбулын дурсгал
Ахмэт Үмит
Хавирган сар ба од
Хохирогчийн нүд Ататуркийг цоо ширтэн байлаа. Тэр 50 орчим настай ажээ. Гараа толгой дээрээ сунгасан байх ба хоёр гарыг нь нийлэг утсаар хүлж алгыг нь залбирах мэт хооронд нь хавсарчээ. Хөл нь далайн зүгт чиглэх ба урт, толигор, бууралтсан үс нь хөшөөний гантиг суурин дээр хэвтэнэ. Түүний ухаа цамц ба бор өнгөтэй савхин хүрэмний зах нь цусны цоохор толбо болжээ. Миний бодлоор үхлийн шалтгаан болсон болов уу гэмээр хоолойн дээрх гүн огтлоог шингэн саарал сахал нь халхална. Хэдийгээр ийм дүр зураг миний хувьд шинэ биш ч гэсэн цогцсыг харахад дотор муухайрсан хэвээр байв. Магадгүй дөнгөж үүр цайж байсан болохоор тэр, эсвэл зүгээр л насных байх сайн мэдэхгүй юм. Би харцаа буруулан далай руу харав, үүрийн гэгээ тусч эхэлмэгц далайн гүн цэнхэр өнгө хором тутамд өөрчлөгдөх аж.
Урт удаан амьдралын нүүр үзсэн хоёр ноорхой хуучин усан завь хажуугаар өнгөрч зөөлхөн долгиолох цэнхэр тэнгис дээр цагаан хөөсөн мөр үлдээнэ. Бүдэг гэрэл, зөөлөн салхи Сарайбурнуг бүрхэх нь агаарт үнэртэх далайн үнэртэй үнэхээр сайхан хослоно. Миний ард асфальтан замтай өргөн чөлөөг хүрээлэх модод ордон хүртэл үргэлжлээд цэцэгс болон солигдоно. Өөрийн эрхгүй хуучны цагийг санагалзав. Хуучны сайхан өдрүүд, миний хүүхэд байх үеийн Истанбул, эрээвэр хураавар дүр зургууд, алс хол сонсогдох дуу хоолой, бүдэгхэн үзэгдэх дурсамжууд... Тэдгээр дурсамжийг сэргээхийг хичээвч аль хэдийнэ тод үзэгдэхээ больжээ.
Хэн нэгний харц над дээр тусахыг мэдрэв. Өнгийн харвал бид нүүр тулав. Бүдгэрэх сарны туяанд тэр намайг ажин дүгнэх мэт. Бүдгэрэх ч хором мөч өнгөрөх тусам улам тод гэрэлтэх мэт. Миний биеэр хүйт даахыг мэдрэв. Би сарнаас харцаа буруулан, хүрэмнийхээ захыг босгов.
“Тэгэхээр чи юу гэж бодож байна? Зүгээр хачин тохиолдол уу?”
Түүний дуу хоолой талбай орчимд бага зэрэг цуурайтаж зөөлөн долгиолох далайд очин замхрав. Тэр бол Ататуркийн хүрэл хөшөөг ширтэн зогсох Али байлаа. Энэхүү асуултыг бид хоёрын хэн нэгэнд тусгайлан зориулж асуугаагүй ч Зэйнэп хариулав.
“Тохиолдол гэж та юу хэлээд байна?”
Тэр ямар нэгэн чухал нарийн учрыг анзаараагүй орхигдуулсан мэт сандрангуй харагдав. Гартаа барьсан өглөөний агаарт шажигнан дуугарах богино долгионы харилцуураараа хөшөө рүү заав.
“Хохирогчийг хөшөөний урд орхисон нь.” Тэр эргэж над руу хараад “Дарга аа, та юу гэж бодож байна? Энд үлдээсэн нь цэвэр санамсаргүй явдал уу?”
Надад огт мэдэх зүйл байсангүй. Би босоод хөшөөг сайтар шалгав. Энгийн хувцас өмсөж, ташаандаа гараа авсан Мустафа Кэмал гүн бодолд автан далайг ширтэн зогсож байлаа. Хараад ямар нэгэн шийдэл толгойд буусангүй, Зэйнэп өгүүлэв: “Энэ Ататуркд зориулсан өргөл гэж та хэлэх гээд байна уу?”
“Яагаад үгүй гэж?” гэж хэлэх Алигийн хоолой өдөр тутмын жижиг асуудал хэлэлцэх мэт тайван байв. “Манай улсад хангалттай олон солиотой, галзуу хүмүүс байгаа шүү дээ.”
Тэр зөв хэллээ, гэхдээ би хэзээ ч хүнээр, амьд хүнээр Мустафа Кемалд өргөл өргөж байна гэж сонсоогүй.
“Би тэгж бодохгүй байна” хэмээн Зэйнэп хэлээд цогцсыг дахин шалгаж эхлэв. “Миний бодлоор энэ зүгээр л тохиолдол байх. Хэрвээ хохирогчоор тахил өргөсөн бол энд егүүтгэх байсан.” Тэрээр хохирогчийн толгой доорх гантиг суурийг заан “Харав уу, цусны толбо алга. Түүнийг алсны дараа энд авч ирсэн байна. Би Ататурктэй холбоотой гэж үзэхгүй байна.”
“Би сайн мэдэхгүй юм” гэж Алиг хэлэхэд түүний хоолой хажуугаар өнгөрөх усан онгоцны дуут дохионд дарагдав. Эрт дээр үеийн зэрлэг араатны эмгэнэлт архирааныг санагдуулам дуу агшин зуур замхран алга болов. “Энд нэг юм байна” гэж Зэйнэп хэлэх зуураа хохирогчийн хүлээстэй гарнаас ямар нэгэн зүйл авах гэж хичээнэ. “Ямар нэгэн төмөр эд байна...байж байгаарай, энэ байна, би авчихлаа.”
Түүний эрхий долоовор хуруугаараа чимхэх зүйлийг бид сайтар ажив.
“Энэ зоос байна. Эртний эд бололтой” гэж тэр гайхшрангуй хэлэв.
Али дээрх сийлбэрүүдийг шалгав.
“Тойроод ямар нэгэн бичээс байна, голд нь нэг дүрс эсвэл тэмдэг байна... энэ яг юу вэ?”
Манай харцгын нүдэт Али харж чадахгүй байхад би шилгүй юу ч олж үзэхгүй. Би хүрэмний халааснаасаа шилээ авахаар зэхэх зуур Зэйнэп тэмдгийг тайлан уншиж эхэлсэн тул шилний хэрэггүй болов.
“Энэ од биш үү, харин энэ, энэ сар шиг харагдаж байна...” Тэр эргээд, над руу мэл гайхсан харцаар харав. “Ахмад аа, энэ дундаа одтой хавирган сар байна.” Тэр зог туссанаа дараа нь хачин нам хоолойгоор “Манай туг шиг” хэмээн шивнэв.