Улбар шар!

Тэр орой тэрээр Лондонгоос гэртээ эргэн ирсэн юм. Нэлээд орой болж байсан бөгөөд чемоданаа нээгээд өөрийнх биш өөр хэн нэгний эд зүйлс болохыг ойлгов. Хэдийгээр тэрээр чемодан доторхыг өөрийн мэт маш анхааралтай үзсэн ч хэний эд зүйлс болохыг тааварлах нэг ч сэжүүр олсонгүй.
Чемодан доторх эд зүйлс залуу хатагтайнх болох нь тодорхой харагдана. Энгийн бөгөөд сайн чанарын хувцаснууд дотор дур булаам дотуур хувцаснууд байгаа нь анхаарал татам. 38 размерын хар бор өнгийн даавуун өмд, цагаан болон ягаан хоёр цамц, цайвар ягаан өнгийн торон дотуур хувцасны хослол, хар болон цагаан өнгийн хоорондоо төстэй хэдэн урт оймс, саарал болон ягаан торгон ороолт, бүс, жижигхэн банзал, 38 размерын намхан өсгийтэй классик хар гутлыг гялгар уутанд хийсэн байв… Өмднийх нь уртаас харвал чемоданы эзэн 1.70 метрийн өндөртэй. Жижиг уутанд байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүд үнэтэй, сайн чанарынх бөгөөд хилэн уутанд байгаа мөнгөн үнэт эдлэлүүд үнэхээр сайхан харагдаж байв. Уутанд гайхалтай нарийн хийцтэй хоёр өргөн алтан бөгж байна: нэг нь бадмаараг, нөгөө нь маргад эрдэнийн шигтгээтэй.
Үнэт эдлэлүүдийг орон дээр дэлгэн тавихад уутанд дахиад хэдэн зүйл сажигнан дуугарч байв. Уутыг хоослон орон дээр сэгсрэхэд атга дүүрэн хуучны зоос унав. Арван зургаан мөнгөн зоос…
Энэ хачирхалтай биш байна гэж үү? Волкан ойлгохгүй байлаа. Ямартай ч бөгж, зооснууд бол маш үнэтэй зүйлс гэдэг нь харагдаж байв. Иймэрхүү зүйлсийг музейд эртний эдлэл дунд л харж байсан. Чемодан бол яах аргагүй иймэрхүү эд зүйлсийг авч явахад тохиромжгүй эд юм.
Нөгөөтэйгүүр эдгээр зүйлс хуурамч байж бас болох юм. Хэрэв эдгээр зүйл түүхийн үнэт зүйлс байсан бол ялангуяа зооснууд нь буруу замаар орсон мэт байв. Магадгүй эднийг улсаас гаргаж зарах гэж байгаад бас бус шалтгааны улмаас буцаж авчирсан байх. Эсвэл эдгээр зүйлс илүү олуулаа яваад цөөхөн үлдэж ирсэн ч байж болох юм. Ямар ч шалтгаантай байсан эдгээрийг чемоданд зүрхлэн хадгалсан байна. Нөгөө талаас чемодан нь гар тээшийг бодвол анзаарагдах нь бага төдийгүй эвтэйхэн. Волкан иймэрхүү зүйл дээр ямар ч туршлагагүй билээ.
Тэрээр өөрийн нуусан эрдэнэсээ олохгүй байгаа энэ мартамхай эмэгтэйн талаар гайхан бодлоо. Ямархуу эмэгтэй байгаа бол?
Тэр иймэрхүү үл ойлголцол гарахаас сэргийлж өөрийн чемоданы гадна тасалгаанд компанийнхаа нэр бүхий нэрийн хуудсыг байнга авч явдаг. Нисэх компанид алдагдсан ачааны талаар мэдэгдэл хийхээ түр азнаж эмэгтэйг өөрөө ярихыг хэд хоног хүлээх нь дээр эсэхийг сайн шийдэж чадахгүй байв. Энэ чемодан аюул авчирч ч болох юм. Асуудал үүсгэж, хэн нэгнийг аюул заналхийлэлд оруулах шаардлагагүй байлаа.
Түүнд яг л детектив зохиол бичих гэж хүлээж байгаа юм шиг сэтгэгдэл төрөв. Тэр оффисынхоо өрөөнд ганцаараа байж байв. Ердийн хөл үймээнтэй өдрөөс өөр нам гүм өдөр. Түүний маш мэдрэмжтэй тохижуулсан оффис нь аугаа том зочны өрөөтэй төстэй ба таван давхарт байрладаг, гадаах ертөнцөөс маш сайн тусгаарлагдсан. Ажлынхаа цонхоор харахад машинууд, хүмүүс, автобусны зогсоол, замын уулзвар, гэрлэн дохио тээр доор харагддаг ба эдгээр нь бүгд дотрыг нь муухайруулдаг байв. Заримдаа түүнд самгардаж, аль болох хурдан гудамж руу гарч, бөөн хүмүүс дунд холилдож явахыг хүсэх үе байсан юм. Харин энэ өрөөнд тэрээр эрх ямба, хүч чадлыг мэдэрдэг. Жинхэнэ хүч чадал бол доор харагдаж байгаа шоргоолж шиг бужигнаж байгаа хүмүүсээс хамаагүй илүү юм!
Тэр түшлэгтэй зөөлөн сандалдаа шигдэн суув. Өөдөөс харах дэлгэц дээр нь компанийнх нь салбаруудын үйл ажиллагаа графикаар харагдана. Санхүүгийн гүйлгээнүүд, хөрөнгийн биржийн зөвлөгөө, олон үндэсний компанийн сан, худалдан авалт, борлуулалт, хөрөнгийн удирдлага, олон тооны үл хөдлөх хөрөнгө... Хувийн болон нийтийн үл хөдлөх хөрөнгийн маркетинг зуучлал байна... Үргэлж их ашиг олж буй нь тодорхой... Бодит байдал бол сайнгүй бөгөөд нөхцөл байдал хортой үр дагавартай…
Маш чухал борлуулалт ирэх өдрүүдэд шийдэгдэнэ. Дахин нарийн нягт хянаж үзэх хэрэгтэй. Эрхэмсэг ноёдыг ятгаж, нөхцөл байдлыг анхааралдаа авсны дараа хэнийг хэдээр хахуульдахыг шийдээд харилцан бичиг баримтууд дээр гарын үсэг зурцгаана. Энэ бол Волканы ажил. Тэрээр энэ ажлаа хүний нэрийн өмнөөс хийдэг ба сүүлийн таван жилд ажлын цар хүрээ нь тасралтгүй тэлж байгаа юм. Тэр юу хийсэн талаараа огт боддоггүй, үргэлж юу хийх ёстойгоо төлөвлөн завгүй байдаг. Энэ нь түүнийг зоримог, эрэлхэг болгодог юм.
Компанидаа шинэ ажилтан байх үедээ тэр амжилттай хийгдсэн арилжаа бүрийнхээ дараа өөрийгөө математикийн шидтэн мэт төсөөлдөг байв. Тайлан график дээр ярилцах, компанийн давуу талуудыг урьдчилан гаргаж ирэх, албан даалгаврын тайланг түргэн гаргах зэрэг нь түүний сайн хийдэг зүйлс юм. Гэсэн хэдий ч түүний хамгийн том амжилт бол хэлэлцээр хийх үеийн эелдэг, найрсаг, итгэн үнэмшүүлэх хандлага юм. Энэ бизнест амжилтыг хурдан авчирдаг хамгийн чухал зүйл бол хурц ухаан, туршлагаас гадна хүнлэг, итгэлтэй сэтгэгдэл төрүүлэх. Хэдийгээр хэн хэндээ итгэхгүй байсан ч итгэж байгаа дүр үзүүлэх шаардлагатай учир хэн ч туршлагатай, хүнлэг бай гэж хэлээгүй байсан ч тийм байдлыг үүсгэж байдаг. Волкан өөрийгөө төрөлхийн чадварлаг төрсөн гэдэгт итгэж байв. Учир нь тэвчээр, эелдэг байдлаа хадгалан хүмүүсийг маш анхааралтай хүндэтгэлтэйгээр сонсох гэдэг түүний хувьд ямар ч асуудалтай зүйл биш юм.
Хийн насос хаа нэгтээ ойрхон дуугарна. Нэг зогсоод, дахин ажиллаад л. Тэрээр босон цонх руу очин доош харлаа. Цаг агаар нэг л тогтворгүй, бага зэрэг бороо шивэрч байв, намрын зөөлөн бороо. Замын цаад талд байх цэцэрлэгийн модны оройнууд бороонд норон гялтганан харагдана. Тэрээр барилгын урд талын хөшөө баримал мэт байгалийн чулуу, бут сөөгөөр чимэглэсэн цэцэрлэг рүү харлаа. Толгой нь эргэв. Толгойд эргэлдэх бодлоо хоослон бороо, мод, салхиар дүүргэх гэж хичээнэ. Гэвч хийн насосны чимээ үргэлжилсээр. Тэд дахиад л гудамжийг ухаж байв...


Хүндэт Волкан,
Би сэтгэл гонсойлгосон зүйлс чам руу бичихгүй ээ. Чамайг үүнийг мэдээсэй гэж хүссэн юм: Би бусдаас ялгаагүй хүн. Би өөр байх боломжийг олоогүй эмэгтэй. Сайн дураараа хийсэн зүйл биш ч гэлээ, би “ирээдүй”-г бичээд, чамтай харилцаж эхэлснийхээ дараахан нь би ичгүүртэй амьдралын хэв маягийг сонгосон эсвэл амьдрах амархан замыг сонгосон гэж хэлэх хэрэгтэй байх. Мөнгө ноцтой асуудал болж эхлэх үед чамд тийм их сонголт байхгүй юм шиг санагдаж эхлэнэ.
Би Истанбулд ирснээс хойш найман сар болсон байна. Би өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөнийг ухаарах үед буцаахад хэтэрхий оройтсон гэдгийг ойлгосон юм. Учир нь миний туулсан өөрчлөлт бол өөрийн биеэ бусдад заран амьдрах мөнгө олох тухай биш юм, энэ бол миний ухамсар өөр чигт явсантай холбоотой.
Заримдаа зах хязгааргүй, хуучны, хүнд уй гашууг мэдэрдэг бөгөөд хэрхэн даван туулахаа мэддэггүй. Үүний учир шалтгаан нь би өөрөө, би өөр хэнийг ч буруутгаж чадахгүй. Гэхдээ энийг би чамтай огт холбоогүй гэж хэлж чадахгүй.
Хүн төрөлхтөн бид өөрсдийн ажил, найз нөхөд, гэр бүл, хайрт, дэлхий ертөнцтэй харилцах харилцаагаараа дамжуулан утга учрыг олж авдаг. Яг л өгүүлбэр доторх үг шиг. Чиний нөхөрсөг байдал, чиний сонирхол намайг тайтгаруулсан. Би чиний гар дээр унтаж байхдаа өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүйгээр өөртөө итгэлтэй байсан. Чамтай байхад аз жаргалтай байсан.
Буруутны нүүр лүү бүгд нулимдаг. Гэвч бүх хүн өөрийн амьдралын алдааны хариуцлагыг өөрөө үүрэх ёстой бөгөөд үүнийг өөрчлөх аргагүй.
Би чамайг хайрласан, тиймээс энэ бүх бутарсан хэсгүүдийг бүтэн болгохоос татгалзаж байна.
Би ирээдүйдээ дахин санаа зовохоо больсон. Энэ аль хэдийн утгаа алдсан, миний хүсэж буй ирээдүй оршин тогтнохоо больсон.
Би чиний надад өгсөн хүүхэд насны чинь найз тэди баавгайг хадгалж явах болно. Үүнээс гарах дурсамжийг үргэлж санах болно.
Чамайг аз жаргалтай амьдрана гэж найдаж байна.

Айлем

Волканы зүрх базлах шиг болов. Тэрээр хэсэг хугацаанд өрөөнөөс өрөө рүү гонсгор, гуньсан байдалтай алхав. Дараа нь тэр байшингаас яаран гарлаа. Тэр гудамжинд байна. Тэрээр эрэг дагуу хурдан, шулуун, чигээрээ харан алхана. Төмөр зүрхт хот руу орох замаа гаргаж буй мэт харагдана.  
Зуны шөнө зөөлөн, тогтуун, далайн ус шорвог, бараан, ганцаардмал байна. Тэр холоос бархирах дууг сонсоно. Түүний биеэр хүйт дааж, зогсон, усны долгионтох гадаргууг харав. Тэрээр хавирган сарны усанд тусах сүүмгэр гэрлийн дор жижигхэн цагаан гар усан дотор алга болохыг холоос харав. Усан дээр муу ёрлосон долгион үүсэж, үелзсэн, шардуу толбо нэг гарч ирэн, нэг алга болж байв. Дараа нь хар ус эргээд тогтуун болов.
Волкан гунигт автана. Тэрээр далай руу гараа сунган, түүний нэрийг хэллээ.
Хийлийн чанга дуу хаа нэгтэйгээс хадна.
Амьдрал үргэлжилнэ. Энэ бол бүтэн хуудас дүүрэн таавар биш юм; энэ бол тоо томшгүй уй гашуу, түүхийг агуулсан хөгжилтэй шоо; хүний харах өнцөг, сонголт, хүч чадлаас хамааран ялах тоо, өнгө нь өөрчлөгдөж байдаг аварга том шоо юм.
Тэрээр гарын ар талаар нүүрээ алчлаа. Тэр уйлж байна уу эсвэл далайн чийгнээс болов уу?

Инчи Арал
2006 оны 5 дугаар сар – 2007 оны 1 дүгээр сар
Аккай - Истанбул