ЧИНГИС ХААНЫ НУТГААР
Богино аяллаар үзсэн харсан сонссоноо ямар ч засваргүйгээр буулгав. Чингис ба Хэнтий сэдвээр тодорхой мэдлэг байхгүй учир хэний ч ярьсан тайлбарласантай маргахгүй.
Чингис хааны бага идэр настай холбоотой түүхэн нутгаар аялав.
Эхлээд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаар оров. Энэ бол хуучнаар Хөвчийн жонон вангийн хошууны төв байсан нутаг. Халхын хамгийн том, хамгийн алдар хүндтэй хошууны нэг. Хожим нь засаг захиргааны шинэчлэлээр Өмнөдэлгэр, Биндэр, Дадал, Баян-Адарга зэрэг бие даасан сумуудад хуваагджээ. Хошууны ноён Цогбадрах нь Халхын хошуу ноёд дотор нэр цуу нь нэн алдартан байсны нэг. Наяад оны үед нутгийн зүүн хэсгийг тасдан Хурхын сангийн аж ахуй байгуулж бие даасан сум байгуулсан боловч төдөлгүй татан буугдаж Өмнөдэлгэртэй дахин нийлсэн, харин төвийг нь өдгөө Хурх тосгон гэх болжээ. Хурхыг өдгөө олон хүн “Хурх” гэх гурилаар нь танина.
Нутгийн хойд хэсэгт нэг хэсэгт Хэнтий хэмээх сум байгуулагдаж байсан ч одоо бол Өмнөдэлгэрийн нэг баг. Энэ хавьд хошуу ноён Цогбадрахын өргөө байсан гэх. Монголын анхны бага сургуулийн нэг энэ хавьд байгуулагдаж байсан нь 1915 он хавьцаа. Ер нь автономын үед Гадаад Монголд 400 гаруй сургууль байгуулагдан ажиллаж байсан гэж Цэндийн Дамдинсүрэн тэмдэглэсэн байдаг.
Өмнөдэлгэр нь Хэнтийн хамгийн том сум, нийт зургаан мянган оршин суугчтай, дунд сургууль нь 1100 сурагчтай. Энэ сумын нутагт Бурхан халдун уул бий. Төрийн тахилгат энэ уул Монголын түүхтэй хэрхэн холбоотой талаар Нууц товчоонд өгүүлдгийг хүн бүр мэднэ.
Аялал цааш үргэлжлэн Биндэр сумаар орлоо. 2000 оны сонгуулийг эс тооцвол 30 орчим жил тус сумын эрхийг Ардчилсан намынхан барьж байгаа юм байна. Биднийг сумын засаг дарга Мөнх-Очир, Иргэдийн хурлын дарга Аюурзана нар найрсгаар хүлээн авав. Хүн амын тоогоор Хэнтийдээ гуравт ордог 4 мянган оршин суугчтай сум. 1923 онд хуучны аймаг хошуудын нэрийг солиход Сэцэн хан аймгийн нэрийг Хан Хэнтий уулын аймаг гэж, Хөвчийн жонон вангийн хошууг Биндэръяа уулын хошуу гэж өөрчлөн нэрлэжээ. Биндэр сум хойтон 100 жилийн ойгоо тэмдэглэх гэнэ. Мөн тус сумын төвд 1924 онд байгуулагдсан дунд сургуулийн 100 жил удахгүй болно. Биндэръяа уулын хошуутай хамт байсан боловч 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр тасарч өрх тусгаарлагдсан сумд эдэнд хамаагүй болсон шалтгаан нь тэд тусдаа янз бүрийн өөр нэршилтэй болсны ойг тус тус тэмдэглэх болжээ.
Яргуултын хавцал
Чингис хааны мэндэлсэн газар болон Нууц товчоонд гардаг газар усны нэрийг буруу тогтоосон тухай дарга нар хүүрнэв. Дөнгөж 1928 онд Онходын Жамъян одоогийн Дадал сум орон тэндхийн нутгийн иргэдтэй уулзан тогтоосон газар усны нэрс шинэ судалгаагаар буруу болох нь тогтоогдож байгаа аж. Сумын байгаль орчны мэргэжилтэн Сэр-Од гуай биднийг дагуулан энэ талаар тайлбарлав. Нэгэн толгой дээр гарч баруун талын бяцхан цөөрмийг заан Дэлүүн болдог гэлээ. Энэ нь дэлүү мэт хэлбэртэй, түүнийг тойрсон овгор чулуунуудыг тэр үед ба одоо ч өвөр монголчууд “болдог” гэж нэрэлдэг аж. Толгойн зүүн талд буй жижиг нуурыг “гүзээ” гэхэд болно, учир нь монголчууд эрт цагаас “гүзээнд наалдсан дэлүү” гэж зүйрлэн ярьдаг аж.
Эл толгойгоос холгүйхэн нэлээд арчилж тордсон нэгэн овоог “Хүүхдийн овоо” гэж нэрэлдэг гэнэ. Энэ овооны дэргэд жил бүр 6-р сарын 1-нд хүүхдийн баяр тэмдэглэдэг уламжлалтай болсон гэнэ. Сэр-Од гуайн яриагаар энэ овоо бол Чингис хааны хүй цэглэсэн газар аж. Нэг үгэндээ хааны төрөх үеийн гэрийн буйр. Түүхэн эх сурвалжийн хувьд жар далаад оны үед амьд асан нутгийн хөгшчүүл хэлж байсан ажгуу. Тухайлбал тэдний нэг “япон” хэмээгдэх Цэнд гуай нь нутаг орондоо маш их нэр хүндтэй, олон талын мэдлэгтэй, ялангуяа түүхийн талаар гаргууд нэгэн байсан.
Хүйн овоо /Чингис хааны хүй цөглөсөн гэрийн буйр гэж бидэнд тайлбарласан./
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр “Мобикомын антентэй гэр” гэж шоглон нэрлэх болсон гэр хэлбэрийн байгууламж Дэлүүн болдог, Хүүхдийн овоо хоёрын дунд баригдаж байна.
Энэ гэр ордон баригдаж дуусах шатандаа, намраас бүрэн ашиглалтад орж хүлээлгэж өгөх юм байна. Антен гээд байгаа нь үнэндээ төрийн хар сүлд туг гозойлгон хатгасан энэ барилгад УИХ-ын нээлт хаалтын чуулган, тангарга өргөх ёслол, төрийн чухал асуудлыг шийдэх чуулганы хуралдааны хийхээр төлөвлөж байгаа гэж сумын удирдлагууд танилцуулсан. Учир шалтгааны тухайд гэвэл 1206 онд энд Тэмүүжинг их хаанаар сонгон Чингис гэж нэрлэж, Их Монгол улс байгуулсан тэр хурилдай яг энд болсон ажээ. Мөн эх сурвалжийг сураглаваас 1996 онд Ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай энд Их Монгол улсын тунхагласан гэж тодруулсан ажгуу.
Ингээд бид цаашлан Хэнтий аймгийн Дадал суманд очив. Тэндэхийн Гурван нуур амралтын газар буудалласан хэрэг. Тус амралт хэдийгээр хувьчлагдсан боловч тав тух нэн тааруу, ариун цэвэр их дорой, хоол унд нь яг л соц үеийн гуанз гэх хоолны мухлагууд шиг. Хангалттай мөнгөө төлж дажгүй зутарсан болохоор гомдоллох эрхтэй үлдэв. Хувьчлагдсан мөртөө яагаад ийм тааруу байдгийг хөндлөнгийн хүнээс асууж үзсэн. Байгалийн нэн үзэмжтэй, Чингис хаантай холбоотой олон дурсгал бүхий энэ нутагт олон жилийн өмнө байгуулагдсан цор ганц амралтын газар одоо болтол ямар ч өрсөлдөгчгүй дангаар монополчилсоор ирсний уршиг гэнэ. Тэртэй тэргүй аялагч жуулчлагч тасардаггүй болохоор хувьчилж авсан амралтаа сайжруулан тордох шаардлага шинэ эздэд үгүй. Эзэд хотод суугаад мөнгөө хураагаад байж байхад л хангалттай, тэгээд ч хувьчлал нь ар өврийн хаалгаар лоосуутай авсан гэж хэн нэг нь ховлосон. Одоо арай илүү сайхан харууцтай газар Эм Си Эс компани шинээр амралтын газар байгуулж байгаа, хамаг найдвар тэдэнд л байна гэж нэмж хэлэв.
Гурван нуур жуулчны бааз
Хөвчийн жонон вангийн хошууны нутаг байсан. Дэлхийн дайн, Орос дахь үймээн, хувьсгалт хамтралжуулалт зэргээс болж Оросын мэдэлд байсан хөрш буриад ястнууд Монголын нийт хойд хилээр нэвтрэн дүрвэх болсон. Нэгэнт Монголд орж ирсэн буриад зоныг энд нь үлдээж Монголын харъяат болгохыг Монголын удирдагчид оросуудаас удаа дараа гуйж байв. Хамгийн сүүлчийнх нь Данзан. Гэвч оросууд зөвшөөрдөггүй. Ингэхээр нь 1925 онд нутгийн буриадуудаас санал аваад өнөөгийн Дадал суманд Ононгийн буриад хошуу байгуулж байсан. 1931 оны засаг захиргааны шинэчлэлээр Дадал гэж нэрлэх болжээ. 1934 онд буриадын эсрэг хядлага эхэлсэн. Сумын байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан Гансүх бидэнд ингэж ярьсан.
Тэрээр Чингисийн бага ба идэр насны амьдралтай холбоотой олон газраар бидний дагуулан сонирхолтой тайлбар ярьж өгөв. Яриа хөөрөө цэгцтэй, энэ талын мэдээлэл арвинтай залуу. Өөрийнх нь тайлбарлаж буй нь Биндэрийнхний ярианаас зөрнө, учир нь тэд Лувсанданзангийнхаар, харин өөрийнх нь Дамдинсүрэнгийн тайлбарыг баримталдаг гэлээ.
1990 оныг хүртэл БНМАУ-д байсан цорын ганц Чингисийн дурсгалд аваачив. Энэ бол Төв хорооны зөвшөөрлөөр уран барималч Махбалыг бүтээсэн гипсэн хөшөө. Хятадууд Чингисийн 800 жилийн ойг тэмдэглэж өөрсдийн баатар болгох гээд байгаа учраас өрсөе гэж энэ хөшөөг 1962 онд яаран босгожээ. Гэтэл Цэдэнбалыг Москвад явж байхад нь Хрущёв дуудаж загнаад, хөшөөгөө нураа, үүнийг санаачилсан хүмүүсийг шийтгэ гэсэн байна. Цэдэнбал ирээд хөшөөтэй холбогдолтой гурван хүнийг шийтгэж ажил амьдралгүй болгосон нь Төмөр-Очир, Цэнд, Намтайширын Лхамсүрэн. Энэ гурвыг онцолсон шалтгаан гэвэл эд урьд нь Цэдэнбалтай хамтарч Монголыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнд оруулна гэж уриалга гаргасан, иймээс гэрчийг үгүй хийхийн тулд эднийг насаар нь хөдөө цөлсөн. Хөшөөний тухайд гэвэл Цэдэнбал үүнийг нураах даалгавар гурван удаа өгсөн боловч биелүүлэх хүн олдсонгүй. Хөшөөг буулгах хамгийн сүүлчийн Төв хорооны тушаал 1984 онд.
1962 онд Махбалын бүтээсэн Чингис хааны хөшөө
Дараа нь бид Дэлүүн болдогт очив. Их сүрхий тохижуулсан байна. Судар бичгийн хүрээлэнгийн захирал асан Онходын Жамъян анх 1928 онд энд ирж хууч домог мэдэх хөгшчүүдтэй уулзаж ярилцсаар чухам энэ газар нь Нууц товчоонд бичигдсэн Дэлүүн болдог болохын тогтоожээ. Хожим нь Нууц товчоог орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлсэн Цэндийн Дамдинсүрэн, нэрт археологич Хөдөөгийн хэмээх ДамдиныПэрлээ нар үүнийг Дэлүүн болдог мөн гэж баталсан аж. 1990 оноос хойхно Дэлүүн Болдогийг төрийн хуулиар баталгаажуулсан гэнэ. Бас олон улсын монголч эрдэмтэд хориод жилийн өмнө энд цугласнаар олон улсын баталгаажуулалттай болсон гэж Гансүх ярив.
Бодончарын өвсөн өмбүүл
Бидний үзсэн дараагийн үзмэр нь Бодончарын сууж асан өвсөн өмбүүл. Мэдээж ийм байсан болов уу гэж босгосон загвар. Бодончарын үед Чингисийн дээд өвөг Дэлүүн болдог хавьд ирж нутагласан байна. Яг Чингис хаан ууж байсан гэх ямар ч нотолгоо байхгүй боловч их амттай нэгэн аршаанаас бид амсацгаалаа. Ерөнхийлөгчийн эцэг, нэртэй аршаан судлаач Намбар гуай энэ аршааны пи аашийг 5,7 гэж тогтоогоод хүчиллэг шүлтлэг нь яг тохирсон ийм үзүүлэлттэй ус хүний эрүүл мэндэд ач тустайг баталсан гэж тайлбарлав.
Чингис хаан ууж байсан гэх рашаан
Өөр нэг үзсэн зүйл маань Богд Жавзандамба хааны хатан Гэнэнпилийн гэрийн бууринд байрлуулсан хөшөөн самбар. 1937 онд гэр нь яг энд байхад түүнийг Дотоод яамны ногоон малгайтнууд гэрээс нь баривчлан авч яваад буудан алжээ. Гэнэнпил тэгэхэд бие тулгар байсан. Харин Дадал сумын анхны засаг дарга асан Дунгаржидийн дурсгал одоо болтол алга. Монгол хэлний багш Дунгаржидийг бичиг номтой нэгэн гэж сумын Засаг даргаар тавьсан авч 1937 онд жирэмсэн байхад нь хувьсгалчид баривчлан буудан алсан юм. Мэдэгдэж байгаагаар бас давхар биетэй байхдаа до яамныханд баривчлагдан буудуулсан эмэгтэй бол жанжин Дэмидийн эхнэр Навчаа билээ.
Гэнэнпил хатны гэрийн буйр
Дадалаас бид явсаар зэргэлдээ сум Баян-Адарга орлоо. Энд урьд сумын удирдлагад байсан Мөнхбатынд сайхан хоолоор дайлуулж аян замын ядаргаагаа гаргасан. Урьд УИХ-ын гишүүн асан Арвины санаачилгаар босгосон Монгол хатдын мүзэй үзлээ. Энэ сумын нутаг бол эртний Хиад Боржгон овгийнхон зонхилсон газар байжээ. Төвд гаралтай VIII Богд Жавзандамба хутагт 1911 онд Монгол улс тусгаар тогтноход монгол овогтны хаанаар өргөмжлөгдсөн билээ. Тэрээр хаан болоод их Чингис хааны удам угсааг таслахгүйн тулд Хиад боржгон овгийнхноос хааны удмын язгууртан эмэгтэйг хатан болгон авсан нь одоогийн Баян-Адарга сумын харъяат Дондогдулам хатан билээ. Хатныг нас барсны дараа мөн тэр нутгаас язгуур угсаа бүхий Гэнэнпилийг хатнаа болгосон. Ийм шалтгаанаар энд Монгол хатдын сайхан мүзэй байгуулсан юм байна.
Бидний удаах аялал Хэнтий аймгийн Норовлин суманд хүргэлээ. 1931 оны засаг захиргааны өөрчлөлтөөр хуучны Сэцэнхан аймаг, 1923 онд нэрийг нь сольсноор Хан Хэнтий аймгийг Хэнтий ба Дорнод гэж хоёр аймаг болгон салгахад энэ сум зүүн хязгаарынх нь хошуу болон үлджээ. Норбулин гэх төвд үгийг орчуулахаар Чандмань болно, энэ бас санскит нэр болчихвоо.
Онон гол
Чингис хаантай холбоотой гэвэл “Чингисийн хэрэм” нэртэй, Баян-Адарга сумаас эхтэй шавар хэрмийн туурь Норовлин сумаар дайран зүүн тийш Дорнодын сумдаар орон Хятадын нутаг руу тэлдэг. Одоо харахад хэрмийн туурь балгас гэхээсээ урт үргэлжилсэн овгор шороон нуруу л даа. Норовлин суманд Шихухутугийн дурсгал цогцолбор буй болгохоор төлөвлөж байгаа юм байна., Бөртэ үжиний өргөмөл хүү, Чингис хааны есөн өрлөгийн нэг, төрийн их заргач Шихухутуг татаараас олзлогдон ирсэн тухай Нууц товчоо, Судрын чуулгад өгүүлдэг. Татаарчууд өнөөгийн Хөлөн нуур хавиар нутагладаг байсан болохоор Норивлон сумтай хэрхэн холбогдохыг сонирхон асуув. Татаарчууд Хамаг Монголд довтлон өнөөгийн Норивлон сумын нутаг хүрч байсан, харин Шихухутуг Норивлонд төрсөн эсэхийг мэдэхгүй гэлээ.
Эндээс бид Батноров сум орлоо. Энэ бол хүн амаараа Хэнтий аймагтаа хоёрдугаарт ордог, 5600 иргэнтэй сум. Тал хээрийн бөглүүд сум яахаараа Онон мөрний дагуух Биндэр, Дадал сумдаас олон өрхтэйг сонирхон асуусан юм. Гол шалтгаан нь Бэрх тосгон гэнэ. Хэдийгээр Бэрхийн жоншны уурхай хаагдсан боловч тэнд хоёр мянга гаруй хүн амьдран суусаар байгаа юм байна. Биднийг хүлээн авч сумынхаа түүхэн дурсгалт газрын биеэр танилцуулсан хүн бол тус сумын иргэдийн хурлын дарга Аюуш гуай. Тэрээр биднийг дагуулан сумын төвөөс 14 км-т нэгэн өндөрлөг дээр байгуулсан “Андлалын цогцолборт” аваачив. Энэ бол хэдэн шил нийгмийн сүлжээгээр шоглон сонин хэвлэлд шүүмжлүүлсээр бүхний хараанд өртсөн мөргөлдөж байгаа хоёр хүний цээж баримал юм. Энэ хөшөө зохиогчийн эрхийн асуудлаар маргаан өрнүүлсэн учир нураагаад оронд нь Тэмүүжин, Боорчи нар бүсээ солилцож буй сайхан хөшөөгөөр орлогджээ. Мөргөлдөгчдийг нэг сарын дотор нурааж, хоёр сарын дотор шинэ хөшөөг босгосон гэж Аюуш гуай дурсав.Хөшөөний дэргэд андлалын тангарга чулуун хавтан дээр сийлснийг даргын охин бидэнд цээжээрээ шүлэглэн уншиж сонирхуулав. Хүмүүжлийн ач холбогдлыг нь бодон сумын бүх сурагчдаар эл тангаргыг цээжлүүлсэн аж.
Андлал нь ийм учиртай юм байна: Тэмүүжин найман шарга морио хулгайд алдан бэдэрч явтал Боорчи морьдыг олж өгөөд хоюул анд болон тангараг тавьсан тухай Нууц товчоонд гардаг өгүүлэмжээр эл дурсгалыг бүтээжээ. Болсон үйл явдал хөшөө дурсгалаас нэлээд хол тал хээр тохиосон авч уран барималчид зохимжийг нь бодон арай өндөрлөг газрыг сонгожээ. Сумын төвийн харалдаа монгол морьдын им тамганы цуглуулбарыг сийлсэн хөөрхөн хөшөө бас сүндэрлэж байсан. Аюуш гуай тус өндөрлөгөөс бидэнд сумын төвөө танилцуулав. Суманд гэхэд нэлээд ахадмаар гурван давхар байшинг заан 90 айлын орон сууц бариад дуусах шахаж байгаагаа ярихад нэлээн гайхсан. Тус суманд гэр оронгүй 90 айл байдаг хэрэг үү гэж асуух гэснээ санаа зовоод юм хэлсэнгүй.
Тэнгэрийн андгай
Батноров сумын төвд үзсэн хамгийн сонирхолтой юм гэвэл гудамжнууд нь нэртэй, айлын хашаа бүр дугаартай, төвийн гол гудмыг “Ардчиллын гудамж” гэнэ. Ийм нэртэй гудамж Монголын хаа нэгтэй өөр газар байдаг болов уу?
Цааш бид явсаар Бэрх тосгон хүрлээ. Энэ бол 1972 онд Хятадын маршал Линь Бяо ЗХУ-руу зугтаж яваад онгоцтойгоо сүйрсэн нутаг гэдгээрээ дэлхийд нэрээ тамгалсан газар. Онгоцны сэгийг хүмүүс хэсэглэн түүсээр одоо тэр гэх тэмдэг үлдсэнгүй. Моторыг нь нэгэн бизнесч Улаанбаатарт зөөж авчраад өөрийн эдлэн амралтад байрлуулж гадна дотныхонд сонирхуулдаг байв. Бэрхээс аймгийн төв хүртэл 100 гаруй км хатуу хучилттай зам бариад хариугүй дуусах гэж байна. Одоо наадмаар бүрэн дуусгаад хүлээлгэж өгнө гэнэ. Шинэхэн баригдсан зам болохоороо толийгоод нэн гоё. Цаг хүрэхгзй давхиад л Хэнтий аймгийн төв орлоо.
Аймгийн төв Өндөрханыг арваад жилийн өмнө Чингис хот гэж нэрийг нь сольсон. Өндөрхан гэдэг нь төвийн хойгуур ороосон уулсын нэр. Сэцэнхан аймгийн төв гэгдсээр бараг 200 жил болсон байх. Гэхдээ мэдээж Сэцэн хан Шолой сэцнээс нэлээд хойно, манжийн үед байх. Өндөрхан уулын хавьцаа Чингистэй холбоотой ямар нэг үйл явдал болсон тухай Нууц товчоонд байхгүй. Гэхдээ аймаг нь тэр чигээрээ шахам Чингисийн нутаг гэдэг утгаар төвийн нэрийг сольж дурсгасан байх. Үүнийг батжуулах гэсэн байх, тус хотод “Тэмүүжин цогцолбор” гэх 16 давхар өндөр байшин босгож ашиглалтад оруулжээ. Ийм өндөр байшинтай хөдөө орон нутаг гэвэл өмнө нь Баруун-Урт хотод баригдсан сунагар сайхан орон сууц л байх. Тус цогцолборын 16 давхарт нь гарвал Чингис хот тэр чигээрээ алган дээр буусан мэт харагддаг гэнэ. Харамсалтай нь цахилгаан шат нь гацаад ойрд ажиллаагүй учир Есөн өрлөгийн баримал бүхий үүдэн тус газар бид бөөнөөрөө зургаа татуулаад буцав.
Ингээд ирсэн газар руугаа буцах замдаа Дэлгэрхан сумаар дайрсан. 1990 онд Нууц товчоо зохиол энд бичигдсэний 750 жилийг ойг сүртэй сайхан тэмдэглэсэн. Наадамд чухам Хэнтийн уугуул аварга түрүүлж билээ. Нууц товчоо нь түүхийн тодорхой хөдөлшгүй баримт уу, эсвэл уран зохиолын дурсгал уу гэдэгт эрдэмтэн судлаачид санал хуваагддаг юм билээ. Эрдэмтэн зохиолч Ш. Гаадамба лав Нууц товчоо бол Монголын уран зохиолын гайхамшигт дурсгал гэж нотолдог ба Японы монголч Хидахари зүйл бүрийн судалгаагаар үүнийг нь дэмждэг.
Чингис хот
Улаанбаатар орохын толгой дээр Чингис хааны аугаа том хөшөө бүхий цогцолборыг дахин сонирхов. Чухам энд хөшөө дурсгал оноон босгосны шалтгаан нь хаан эзэн энэ хавьд ташуураа гээсэн нотолгоо бий гэж бариулсан хүн нь ярьж байсан. Юутай ч сайхан хөшөө, Монгол улсын нэг бэлгэдэл болж байх шиг. Учир нь гадныханы бичсэн Монголын тухай ном судар, өгүүлэл ярилцлагад энэ хөшөөний фото зургийг хавсаргасан байх нь элбэг болжээ.
Богино аяллаар үзсэн харсан сонссоноо ямар ч засваргүйгээр буулгав. Чингис ба Хэнтий сэдвээр тодорхой мэдлэг байхгүй учир хэний ч ярьсан тайлбарласантай маргахгүй.
Цонжинболдог
2022.6.20