Иргэний нисэхийн үндэсний төв “Мишээл”-ийн охин компани юм уу, Б.Энх-Амгалан сайд аа!
-Монголын төрд таны компанийн ажилтнуудаас ч мундаг залуус олон бий-
Иргэний нисэхийн үндэсний төв “Мишээл”-ийн охин компани юм уу, Б.Энх-Амгалан сайд аа!
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2019 оны 12 дугаар сарын 26-ны 387 тоот тушаалаараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-ИНЕГ-ын бүтэц зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж Иргэний Нисэхийн Үндэсний Төв /ИНҮТ/ гэдэг 2431 ажилтны орон тоотой ИНЕГ-ын үйлдвэрлэлийн нэгж гэгчийг байгуулсан байдаг.
Энэ байгууллага нь одоогоор даргагүй. ХаринИНҮТ-ийн дэд дарга нь ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний дарга байсан Ё.Эрдэнэбатыг, ИНҮТ-ийн даргаар ИНЕГ-ын Агаарын навигацийн үйлчилгээний дарга байсан П.Мөнхжаргалыг энэ сарын 8-ны өдөр томилжээ.
Өөрөөр хэлбэл ИНЕГ даргатай, дэд даргатай, түүний нэгж болж байгуулагдсан ИНҮТ, мөн дэд даргатай, дотроо Нисэх буудлуудын үйлчилгээний газар, Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газар, Агаарын навигацийн үйлчилгээний газар гэсэн гурван газартай.
Энэ бүтцээр ИНЕГ-ын аль санхүү мөнгө, хүний нөөцийн эрх мэдэлтэй газрыг тасдаж ИНҮТ-ийн удирдлага дор хийж өгсөн. Үүний дараа ИНҮТ-д хийсэн томилгоо тун сонин. ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар Жаргалсайханы Зулцэцэгийг томилсон байгаа юм. Тэрбээр 2015-2016 онд “Мишээл групп” ХХК-д Ерөнхий захирлын улс төрийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Сайд Б.Энх-Амгалан УИХ-ын сонгуульд өрсөлдөж сонгогдсон. Тэгэхээр тус компанийн Ерөнхий захирлын улс төрийн зөвлөх ажлаа сайн хийсний дүнд 2017 онд Буянт-Ухаа Спортын ордны Дэд захирал, 2018 онд Нисэх буудлуудыг удирдах газрын менежер, 2019 онд ИНЕГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад энэ удаа экс захирлынхаа, одоогийн сайдынхаа “байгуулж өгсөн” Иргэний нисэхийн үндэсний төв” –д Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилогдоод байна.
Дараагийнх нь ИНҮТ-ийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргаар Рэнцэндоржийн Эрдэнэдавааг томилжээ. Түүнийг “Чоно” группийн Ерөнхий нягтлан бодогч гэдгээр нь хүмүүс мэдэх байх. Хожим нь “Макс хүнс”компанийн нягтлан, “Макс групп”-т Санхүү бодлого төлөвлөлтийн албаны даргаар ажиллаж байгаад ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөц, санхүү төлөвлөлтийн газрын даргаар 2020 оны 2 дугаар сарын 17-нд томилогджээ.
ИНҮТ-ийн Нисэх буудлуудын үйлчилгээний газрын зохион байгуулалтын бүтцэд тус байгууллагын дэд даргын удирдлагад Төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасаг гэж бий. Түүний даргаар мөн л Б.Энх-Амгалангийн “Мишээл групп”-т 2012 онд нарийн бичгээр, 2014 онд Гадаад харилцааны менежерээр нь ажиллаж байгаад 2019 онд Нисэх буудлуудыг удирдах газрын Төсөл, хөтөлбөр боловсруулалтын тасгийн даргаар ажиллаж байсан Гал-Эрдэнийн Сүх-Очирыг томилжээ. Мөн түүний Нисэх буудлуудыг удирдах газарт ирэхээсээ өмнө Гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан “Гранд эвент”ХХК-ийн хувь эзэмшигчид ч сонирхолтой.
Товчхондоо Иргэний нисэхийн ерөнхий газраас хамгийн орлоготой хэсгийг тасдан авч Иргэний нисэхийн үндэсний төв байгуулсан. ИНЕГ-аас цалинжих энэ байгууллагын томилгоо яг л “Мишээл групп”-ийн охин компани аятай харагдаж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Та ямар зорилгоор ийм бүтцийн өөрчлөлт хийсэн, яагаад “Мишээл групп”-т ажиллаж байсан хүмүүсээр шинэ төвийн гол “судасууд”-ыг атгуулав гэдгээ тайлбарлаж өгнө үү?
Үүний өмнө эрхэм сайд та 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнгээр шийдвэр гаргуулж сонгогчдоддоо тараасан. Хариуд нь “Тэгээд тэрийгээ шалгаач дээ” гэж телевизээр “томорч” билээ.
Та маш том салбарыг хариуцаж байгаа. “Мишээл групп”-ийн ашиг сонирхлыг хамгаалах томилгоо хийж болохгүй. Монголын төрд таны компанийн ажилтнуудаас ч мундаг залуус олон бий. Тэд ч ИНЕГ, ИНҮТ-д ажиллах эрхтэй.
Дашрамд дурдахад Японы улсаас Монгол Улсад импортолж байгаа автомашинуудын үзлэг оношлогоог зөвхөн Okayama Hoyu компаниархийлгэх гэрээг цуцалсан эсэх нь эргэлзээтэй болоод явчихсан шүү, Сайд аа.
Өөрөөр хэлбэл АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон Японы Okayama Hoyu компани болон “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар хооронд 2020 оны 1 дүгээр сарын 28-нд байгуулсан ХАГ 20/03 дугаартай Хамтран ажиллах гэрээг цуцалсан эсэхийг шалгаж мэдээлнэ үү.
Энэ бол мөн лэрх мэдэл атгасан бизнесмэнүүдийн аргаар үйлчлүүлэгчдийг хохироох үр дагавартай. Цаашилбал автомашины “C” зөвшөөрлөөс эхлээд АТҮТ нь АТГ-аас салахгүй шинжтэй. Өмнө нь өрөөндөө гардуулж байсан дарга нартай Сайд хариуцлага тооцоогүй болохоор арга ч үгүй биз. Харин одоо Сайд та Төрийн байгууллага дотор шинэ бүтэц байгуулчихаад хувийн компанийнхаа тойрон хүрээлэгчдийг хариуцлагатай албанд томилж буй нь хариуцаж буй салбартаа охин компаниа байгуулсан мэт таагүй, зохисгүй жишгийг бий болгож байна.