Пауло Коэльо: Сэтгэцийн эмнэлгээс дэлхийн тавцанд

Коэльо амьдралын утга учрыг олчихсон уу? Огтоос үгүй, зохиолч “Амьдралыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч бас “Ямар утга учиртай юм бэ” гэдэг асуултаар өөрийгөө байнга шаналгах шаардлагагүй. Харин амьдралыг өөрийн бодол санаа, өөрт хэрэгтэй зүйлсээр дүүргэх нь хавьгүй дээр” гэжээ. Пауло Коэльо хөлөөрөө толгой хийсэн амьдралыг амжилт ололтод урвуулах алхимийн томъёог олчихсон байж мэднэ. Сэтгэцийн эмнэлгийн өвчтөн, хар тамхичин, тамлуулж тарчилж явсан зэрэг Коэльогийн намтрыг харвал тэр томъёог мэддэг болов уу гэмээр...

Рио-дэ-Жанейрогийн чинээлэг инженер Педро, гэргий Лижии хоёр 1947 оны наймдугаар сарын 24-нд төрсөн хүүдээ Пауло нэрийг хайрласан юмсанжээ. Педро, Лижии хоёр хүүгээ долоотойд иезүит шашны сургуульд суулгаад сэтгэл амартал Пауло нэг л өдөр зохиолч болно гэж сандаргажээ. Ээж аав нь эхлээд инженер болчихоод ажлынхаа завсар зайгаар зохиол бичихгүй юу гэхэд нь Revived Paths зохиолынхоо баатар лугаа адил “Үгүй ээ, би зохиол бичдэг инженер биш, зүгээр зохиолч л болмоор байна” гэж хариулсан нь тодорхой.

Пауло долоотойгийнхоо мөрөөдлийг орхиогүй юм. Гэхдээ хүүхэд насны мөрөөдөлдөө бараг 30 жилийн дараа, 38 насандаа л хүрчээ. Эцэг эх нь зохиолч болох санааг нь эвдэж өөрчлөх гэж зүйл бүрээр оролдсон байдаг. Бразилд “амар амгалан” тогтоосон 1960-аад оны цэргийн дэлгэмийн жилүүдэд хуульч юм уу, инженер мэргэжилтэй болбоос хоолоо амархан олоод идчихээр байлаа. Аав ээжийнхээ шахалтаар Пауло Рио-дэ-Жанейрогийн их сургуулийн хуулийн ангид орсон ч удалгүй сургуулиа хаяжээ.

Өнгөрсөн зууны 60-аад оны цэргийн дэглэмтэй Бразилд урлаг хориотой. Тэр тусмаа “уран бүтээлч” гэдэг үг “ижил хүйстэн”, “коммунист”, “хар тамхичин”, “ажилгүй” гэдэг агуулгатай. Зохиолч болохоор сургуулиа хаясан хүүдээ санаа зовсон эцэг эх хоёр нь 17 настай хүүгээ сэтгэл мэдрэлийн эмнэлэгт “нуужээ”. Пауло эмнэлгээс гараад хиппи болов. Энэ зуураа Маркс, Ленинээс өгсүүлээд Бхагават-гитаг ч уншжээ. Дараа нь ертөнцийн сүйрэл хийгээд шашны асуудлаар дагнасан “2001” нэртэй хууль бус сэтгүүл эрхлэн гаргав. Үүнийхээ хажуугаар дууны анархист үг бичиж байлаа. Бразилийн Жим Моррисон гэгддэг рок од Raul Seixas шүлгийг нь дуу болгоход Пауло багагүй алдаршжээ. Түүнчлэн Пауло сонины сэтгүүлч, театрийн найруулагч, жүжигчин зэргээр өөрийгөө тасралтгүй сорьсоор. Гэтэл дууны шүлэг нь төр засгийн анхааралд өртөв. Паулог төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж гурвантаа баривчлагдан эрүүдүүлжээ. Шоронгоос гараад жаал “засарч” жирийн хүн шиг амьдрахаар шийдэв. Ингээд бичихээ бүр больж CBS Records компанид ажилд орсон боловч нэг л нартай өдөр гэв гэнэт ямар ч тайлбаргүй ажлаас нь халжээ. Тэгмэгц аялахаар шийдэн замд гарав. Тэгж явахдаа тэрээр Амстердамд 1492 онд байгуулагдсан католик шашны RAM бүлгийнхэнтэй учирчээ. Тэнд зам мөрийг нь заасан бэлгэ тэмдэг үзэж, ёс заншилд нь суралцсан хэмээдэг. Ингээд RAM бүлгийнхэн Паулог заншил ёсоор Сантьяго дэ Компостеллагийн эргэл мөргөлд явуулсан юмсанжээ. Түүхт эргэл мөргөлийн 80 км замыг туулаад бичсэн The Pilgrimage (1987) ном нь 40 хэлээр орчуулагдан мандав. Удаах Алхимич нь 88 хэл дээр хэвлэгдэн 420 долоо хоногт хамгийн борлуулалттай номоор шалгарч орчин цагийн онц эрэлтэй зохиолчоор тодорлоо.

Пауло амьдралын чухал асуудлыг хөндөж, хүмүүстэй чин сэтгэлээсээ хөөрөлдөж чаддаг учир зохиолч болсон юм. Амжилтынх нь нууц гэвэл хэдий нас биед хүрсэн ч багийнхаа мөрөөдлийг гээгүй явдал билээ. Алхимич (1988) роман нь уран зохиолын хүрээнээс давж бүх эх газрын тайзнаа амилсан.

Араас нь Brida (1990), Мактуб (1994), By the River Piedra I Sat Down and Wept (1994), The Fifth Mountain (1996), Manual of the Warrior of Light (1997) гээд цувруулж өгчээ. Энэ жил 77 нас хүрсэн Пауло Коэльо 32 номтой.

Нэпко хэвлэлийн газар зохиолчийн Алхимичийг өмнө орчуулан гаргасан. Мактуб, Харваач хоёр нь тун удахгүй уншигчийн гарт очно.

АЛХИМИЧ

Дэлхийн сая сая уншигчийн сэтгэлийг булаасан, зохиолчийн хамгийн алдартай бүтээл. Залуу хүнд бүтэхгүй болохгүй зүйл үгүй мэт санагдаж зоригтой мөрөөддөг. Гэвч далдын хүч мөрөөдөл чинь биелэхгүй хэмээн ховстдог. Пауло Коэльо “Хувь заяаныхаа биелэлд хүрэх нь хүмүүний цорын ганц үүрэг” хэмээн номолжээ. Олон хүний амьдралыг өөрчлөн тахигдсан романаас авах 10 сургамж:

  1. Сэтгэлээ сонс. Зөн билигтээ итгэж, сэтгэлээ дага.
  2. Мөрөөдлөө цуцалтгүй дага. Амьдралын чинь чин хүсэлд тотгорлох эргэлзээ, сааданд торж тогтож огтхон ч болохгүй.
  3. Амьдрал аялал болохоос томилолт биш. Мөрөөдлөө биелүүлэх явцдаа жаргаж цэнгэ бас замдаа туршлага хуримтлуулан суралц.
  4. Айдсаа дав. Хүн далд нөөц бололцоогоо бүрэн шавахад айдас үргэлж садаа болдог. Айдастайгаа тулж, даван туулах нь бие хүний өсөлтөд зайлшгүй чухал.
  5. Бошгоо ол. Хүн бүхэнд энэ насандаа хүрэх ёстой зорилго, бүтээх учиртай тавилан бий. Түүнийгээ тэнгэрийн бошиг мэт сэтгэн хайж олж биелүүлэх нь утга учиртайн дээр ханамж таашаал билээ.
  6. Орчлон чамайг ивээнэ. Хэрэв зээ өөрийнхөө бошгийг олох аваас орчлон таныг таалан болгоож дэгтрэн тэтгэнэ.
  7. Азгүй явдал бол замын нэг хэсэг. Азгүйдэл явдлаасаа аль болох суралцаж, амжилтад хүрэх аян замын гишгүүр гэж бодоорой.
  8. Үйл явцад итгэ. Замд таарах өчүүхэн зүйл, алдаа эндэл зүгээр ч нэг тохиолдоогүй бөгөөд нүсэр төвөлөгөөний өчүүхэн хэсэг юм.
  9. Хүслээ биелүүл. Таны бодол, итгэл үнэмшил биежин бодижих чадвартай. Эерэг хэмнэлийг барьж, амжилтаа төсөөл.
  10. Тодорхой бустай эвлэр. Таньж мэдэхгүй зүйл айдас төрүүлдэг ч чухам тэнд л боломж агуулагдаж байдаг

 

МАКТУБ

Хүн төрөлхтний цэцэн мэргэн ухааны дээж болсон улс үндэстнүүдийн сургамжит үлгэрийг баяжуулсан богино өгүүллэгүүдийн эмхтгэл. Анх уншихад хэзээний мэддэг зүйл мэт санагдаж мэднэ. Гэхдээ Пауло Коэльо тархиндаа дахин “нэрж” ганц усаар охийг нь авсан учир уншихад хөнгөн ч философийн гүн агуулгатай. Мактуб ганц удаа уншаад цааш нь тавьчихдаг ном биш дэрлэж унтдаг судар. “Мактуб” нь фарси болон араб хэлээр “бичвэр” гэдэг утгатай.


ХАРВААЧ

Чимэг зураг бүхий энэ нимгэн номыг барьсан дороо уншиж дуусгана. Мэргэн харваач, нум сум харваж сурах хүсэлтэй хүү хоёрын түүх. Хүний хөлөөс дайжин аглагт амьдарч байсан мэргэн харваач Тэцүя дээр нумын эрдэмд сурах чин хүсэлтэй хүү ирж шавь орно. Тэцүя хүүг нум сумаар харваж сургахдаа амьдралын утга учир, өгөөмөр нинжин сэтгэл, энгийн бөгөөд эрхэмсэг оршихуйн ухааныг заана. Бид үргэлж шинийг судалж, мэдэхийг эрмэлздэг, энэ ном түүнийхээ хажуугаар хуучин дадал зуршлаа ч хамт гээхийн чухлыг таниулна.