Ингэсэн ч Ч.Ганзориг нар ялаас мултрах уу?
Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ.
Эрдэнэт үйлдвэрийн Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадамын ярилцлага хэвлэлд нийтлэгджээ. Хуулийнхан хэрвээ олж хардаг бол үйлдвэрийн хуучин удирдлагуудын толгой дээр дахиад нэг “гранат” тэсэллээ. Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалагдахад хүргэсэн “Жаст”-ын өр, зээл болон барьцаа, батлан даалтын асуудал анхных нь биш гэв. Үйлдвэр 2009 оноос өмнө ч бас “Жаст” группэд баталгаа гаргаж байжээ. Хоёр аж ахуй нэгжийн (хувийн компани, төрийн өмчит үйлдвэрийн хооронд) дунд нэлээд урт хугацааны ужигарсан харилцаа байжээ гэсэн үг.
51 сая + 44 сая
Стандарт банк 2013 онд Эрдэнэт үйлдвэрийн эсрэг Арбитрийн шүүхэд гомдол гаргахдаа дөрвөн удаагийн нэхэмжлэлээр нийт 130 гаруй сая ам.долларын өр, төлбөр нэхэмжилсэн байдаг. Гурван жил үргэлжилсэн заргын эцэст 2016 оны зургадугаар сард шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, 51 сая ам.долларын зээл буюу үндсэн төлбөрийг Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байв. Тодруулбал, Стандарт банкнаас шүүхэд ирүүлсэн хоёр нэхэмжлэлийг хүчингүй болгож, үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна.
Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа Стандарт банк шүүхийн шийдвэр дээр үндэслэн үлдэгдэл төлбөр болох (үндсэн зээлийн хүү 26.7 сая ам.доллар, шүүхийн шатанд зарцуулсан хуулийн зардал 14.4 сая ам.доллар дээр 2017 оны наймдугаар сарын 22-ны өдрийг хүртэл тооцогдсон хүү 3.1 сая ам.доллар) 44.3 сая ам.доллар нэхэмжилснийг шүүх Эрдэнэт үйлдвэрээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингээд Эрдэнэт үйлдвэр 2017 оны наймдугаар сарын 22-ны байдлаар Стандарт банкинд шүүхийн шийдвэр гарсан 95,3 сая ам.долларын өртэй болов. Түүнээс хойш сар бүр сая ам.долларын хүү нэмэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл нэг ч долларын төлбөр хийгээгүй л байна.
Жинхэнэ ба хуурамч гэрээ
Анх энэ хэрэг мандахад “Эрдэнэтийн өр Засгийн газарт хамаагүй, үйлдвэр өрөө төлөх ёстой“ гэж том том дуугарч байсан Засгийн газрын гишүүд тэгсгээд амаа хамхисны учир шалтгаан ч өдрөөс өдөрт ил гарч, хөвөрсөн утасны үзүүр нэг л зүг рүү зааж байна. Зээлийн батлан даалт гаргах үед үйлдвэрийг удирдаж байсан нөхөд (Ч.Ганзориг, Д.Сугар нар) одоо хэр нь “гарын үсэг хуурамч, хуурамч биш” гэж маргаад хуулийнханд баригдахгүй байгаа. Харин Лондоны арбитр манай нөхдийг тун амархан “барьсан” байна.
Танил болсон энэ түүх (2009-2010 оны үйл явдлыг хэлж байна) эхлэхээс хоёр жилийн өмнө буюу 2007 онд Эрдэнэт үйлдвэр “Жаст” группэд мөн л 20 сая ам.долларын зээлийн баталгаа гаргасан байв. Мэдээж Стандарт банкинд. “Жаст” групп зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас үйлдвэр өрийг нь төлөх хэрэгтэй болов. Нэгдүгээрт энэ.
Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэр, Стандарт банктай холбоотой хоёр гэрээ яригддаг юм. Нэг нь Стандарт банкнаас Арбитрийн шүүхэд гаргаж өгсөн үйлдвэрийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээ. Хоёр дахь нь бүр сүүлд үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс олдсон “богино гэрээ” буюу анхны гэрээг багасгаж засварласан бас нэг гэрээ. Гэрээ зурагдсанаас хойш дөрвөн жилийн дараа УМБГ-ынхан Б.Мөнхжаргалын гэрээс хурааж авсан уг гэрээний хуулбарыг (эх хувь нь АТГ-т бий гэх) хожим Арбитрийн шүүхэд хүргүүлсэн ч шүүх “Анхнаасаа энэ богино гэрээ байгаагүй. Асуудал хурцадсаны дараа гэрээг шинээр үйлдэж, Эрдэнэт үйлдвэрт хадгалагдаж байсан анхны гэрээг устгасан байна” гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Харин Б.Мөнхжаргал энэ тухай “Анхнаасаа үйлдвэр уг зээлийг батлан даагаагүй. Харин захирлуудын гарын үсэгтэй гэрээн дээр Ш.Батхүү нэмэлт оруулаад банк руу явуулсан” гэж ярьсан байдаг. Яг эсрэгээр нь. Хэрвээ тийм бол богино гэрээ яагаад Эрдэнэт үйлдвэрт биш, Б.Мөнхжаргалын гэрт хадгалагдаж байсан байж таарах вэ? Яагаад анхнаасаа Арбитрийн шүүх рүү явуулахгүй, гэртээ хадгалж байгаад АТГ-т гаргаж өгөв?
Гарын үсэг хуурамч, хуурамч биш гэх маргаан ийм учиртай. Түүнээс биш хэн нэг нь Ч.Ганзориг, Д.Сугар нарын гарын үсгийг дуурайлгаж зураад, түүнийг нь шинжээчид бичгийн хэв, хурууны хээг нь тулгаад, “мөн, биш” гэж маргаад байгаа хэрэг биш.
Өрийг өрөөр дарсан уу?
Харин Арбитрийн шүүх энэ маргаанд маш амархан хариулсан байна. Эрдэнэт үйлдвэр өмнө нь 2007 онд “Жаст” группэд зээлийн баталгаа гаргаж, 20 сая ам.долларыг Стандарт банкнаас зээлсэн. “Жаст” групп хугацаандаа өрөө төлөөгүй учраас Эрдэнэт үйлдвэр өмнөөс нь өр төлөх болсон. Өмнөх өрөө төлөхийн тулд “Жаст”-ад дахин зээлийн баталгаа гаргасан гэв.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ, гүйцэтгэх Ч.Ганзориг нь 2010 оны гуравдугаар сард “Жаст” группэд 27 сая ам.долларын хүүгүй вексель (тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацаанд ямар нэгэн нөхцөлгүйгээр вексель эзэмшигчид төлөхийг баталсан төлбөрийн баримт) өгсөн нь тогтоогдсон байна. Түүнийг нь Ш.Батхүү хэд хэдэн банкинд хувааж зарсан. Вексэлийн хугацаа дуусахад Эрдэнэт үйлдвэр тухайн үеийн эзэмшигчдэд нь төлбөр төлөх ёстой байв.
Тиймээс 2010 онд Стандарт банкнаас авсан Ш.Батхүүгийн зээлийг Эрдэнэт үйлдвэр батлан дааж Ш.Батхүү мөнгөтэй болох, тэр мөнгөөрөө үйлдвэрийн өмнө үүссэн өрийг төлж, үйлдвэр цаашаа вексэлийн төлбөрөө төлөх нь Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагад санхүүгийн хувьд ашигтай байсан гэж Арбитрын шүүх үзжээ.
Энэ үндэслэлээр Арбитрын шүүх “Эрдэнэт”-ийн захирлуудын гарын үсэг бүхий батлан даалтын гэрээг хуурамч биш хэмээн тогтоож, 95,3 сая ам.долларыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэсэн ч Ч.Ганзориг ялаас мултрах уу?
employee
Зочин
Баатар
Ш, БАТХҮҮ
zochin
Зочин
иргэн
zochin
Зочин
Зочин
Халх
Зочин