Халуун итгэл цөхөрсөн

Хатан зүрх шархирсан 

Хар дарсан жилүүдийг 

Хамаг Монголчууд бүү мартагтун


Өнөөдөр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна. Их хэлмэгдүүлэлт гэж нэрлэгддэг, та бидний өвөг дээдсийн туулсан хар он жилүүдээс бид ойлгож үлдэх ёстой зүйлс, та бидний хойч үе мартаж болохгүй шалтгааныг эргэн сануулах үүднээс дөрвөн зүйлийг онцольё.


1. Хүний эрх: Шүүх

Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монголын шүүхийг үгүй хийж, онцгой бүрэн эрхт комисс гэгч байгууллагын шийдвэрээр олон арван мянган хүний амийг хөнөөсөн. 1937 оны 9-р сарын 10-ийн өдөр хоморголон баривчилсан үйл явдал ч прокурорын зөвшөөрөлгүй эхэлсэн бөгөөд 10-р сард нь онцгой бүрэн эрхт комисс гэгчийг шүүхээс гадуур байгуулсан. 

Сургамж: Шударга шүүхээр шүүлгэх эрх үгүй бол хүний эрх, эрх чөлөө үгүй. Тийм ч учраас хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудын харилцан хяналт тэнцвэрийг бий болгох, хамгаалах нь өнөө үеийнхний ч, ирээдүй хойч үеийнхний ч сорилт, хамгийн чухал зүйл хэвээрээ байна.


2. Хүний эрх: Цаазын ял

Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд шүүхгүйгээр, хилсээр алах ял оноон олон арван мянган хүний амийг хөнөөсөн нь хожим тодорхой болсон ч түүнийг өөрчлөх, ядаж хохирлыг бууруулах боломжгүй болгосон. Нэгэнт өнгөрсөн амийг өөр юугаар ч нэхэн сэргээж чадахгүй билээ. 

Сургамж: Аль ч цаг үед Монголын төр цаазын ялыг хэрэглэхгүй байх ёстой. Энэ нь зөвхөн хүн төрөлхтний нийгмийн дэвшлийн ололт амжилт төдийгүй Монголчуудын туулж ирсэн түүхийн гашуун сургамж, төр алдаа гаргасан бол хожмын өдөр тэрхүү алдааны хохирогчийн ядаж амийг нь авч үлдсэн байх хэрэгтэй. Өнөөгийн Монголын ардчилсан төрд хуулийн нэр барьж иргэнийхээ амийг таслах эрх үгүй, цаашид ч тийм байх ёстой.


3. Тусгаар тогтнол: Бүрэн эрхт байдал

Тухайн үед өрнөсөн үйл явдлыг Монголын төрийн байгууллагууд таслан зогсоож чадаагүйгээр үл барам түүний оролцогч нь, гардан гүйцэтгэгч байсан. Нэг талаас нь харахад Монголчууд бие биенээ хядсан юм шиг харагдавч жинхэнэ санаачлагч, зохион байгуулагч, түүний үр дүнд ашиг хонжоо олсон нь Монгол улсын хилийн гадна орших хүчин байсан. Гаднын улс төр, цэрэг стратегийн ашиг сонирхол бүхий хүчний өмнө Монголын төр өөрийгөө, иргэнээ хамгаалж чадаагүй нь нэн эмгэнэлтэй. 

Сургамж: Монголын төрийн бие даан шийдвэр гаргах чадвар, халдашгүй байдлыг бататган бэхжүүлж чадахгүй бол гаднын хүчний өмнө хүчин мөхөстөх эрсдэл өнөө ч байгаа, ирээдүйд ч байх болно. Тусгаар тогтнол гэгч зөвхөн хил хязгаар, газар нутгийн бүрэн бүтэн байдлаар тогтохгүй төрийн институциудын халдашгүй, бие даан шийдвэрээ гаргах чадавх, тодруулбал бүрэн эрхэт байдлаас хамаардаг. 


Эцэст нь, нэр томьёо: Хэлмэгдүүлэлт үү, хядлага уу

Шүүхээс гадуур, хилс хэргээр ял оноосон явдлыг хэлмэгдүүлэн ял оноосон гэж хэлж болох биз. Гэвч олон арван мянган хүний амийг санаатайгаар, энгийн иргэний эсрэг зэвсэглэсэн хүчнийг ашиглан, хүн амын тодорхой бүлэг (улс төрийн зүтгэлтнүүд, алтан ургийнхан, лам хуврагууд, угсаатны бүлэг гэх мэт)-ийг устгасан, энэ нь хүн амд эзлэх хувь хэмжээ, үндэстний хүн амын удмын санд ноцтой хохирол учруулах хэмжээнд хүрсэн зэргийг авч үзвэл үүнийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг, аймаглан устгал (genocide) гэж үзнэ. 

Сургамж: Улс төрчид, улс төрийн хүчин, гаднын хүчнүүд хүн амыг талцан хуваасан, үзэн ядах өнгө аястай суртал ухуулга, улс төрийн үйл ажиллагаа явуулахаас цаг үргэлж сэрэмжлэгтүн. Цаашид болж өнгөрсөн үйл явдал, амь, амьдралаа алдсан Монгол хүн, улс үндэстнийхээ хохирхлыг "хэлмэгдүүлэлт" гэх даруу үгээр халхавчлах нь түүхийн шударга ёсонд нийцэхгүй. Тийм ч учраас нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, дэвшилтэт үзэлтнүүд цаашид ямар нэр томъёо хэрэглэх нь жинхэнэ үнэнийг илэрхийлэх талаар тунгаан тогтож гэмээ нь хойч үедээ үнэнийг ойлгуулахад нэн тустай. Миний хувьд энэхүү үйлд явдлыг тухайн үеийн бүрэн эрхэт байдлаа алдсан төр харийн хүчинд автан Монгол хүний гараар монголчуудыг аймаглан устгахад оролцсон гэж ойлгодог билээ.