ХЯМРАЛЫН ЗАСАГТ ХЯНАЛТ АВЧРАХ СОНГУУЛЬ
Ардчиллын эсрэг, хүний эрхийн үзэл санааны эсрэг зогссон бол андаа ч, намынхнаа ч шүүмжилж чаддаг, ардчиллын манаанд бат зогсож байгаа бол хэнийг ч магтан сайшааж, хүчээ нэгтгэж чаддаг Бат-Үүл чуулганы танхимд сууж гэмээ нь эрх баригчдын аархал хумигдаж, иргэн хүний эрх сэргэнэ.
Эрдэнийн Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын манлайлагчдын нэг төдийгүй Монгол Улсад ардчилсан тогтолцоог бэхжүүлэх, ардчиллын үйл явцыг бэхжүүлэх үйлсэд ухамсарт амьдралаа зориулж ирсэн улс төрч. Энэ удаагийн нөхөн сонгуульд түүнийг дэмжих олон шалтгаан буй. Бат-Үүлийн үзэл баримтлал, үнэт зүйлээ тууштай хамгаалж ирсэн замнал нь түүнийг олон дэмжигчидтэй, бас олон дайсантай болсон шалтгаан нь. Ардчиллын эсрэг, хүний эрхийн үзэл санааны эсрэг зогссон бол андаа ч, намынхнаа ч шүүмжилж чаддаг, ардчиллын манаанд бат зогсож байгаа бол хэнийг ч магтан сайшааж, хүчээ нэгтгэж чаддаг энэ чанарыг нь үнэт зүйлсийнхээ талд тууштай зогсдог гэж хэлж байгаа юм шүү.
Түүнийг Улаанбаатар хотыг дэлхийн нийслэл хотуудын энд хүргэх амбиц гаргасан, хотын төвийг Сонгино хайрхан дүүрэгт нүүлгэх шийдвэр гаргасан, гэр хорооллын газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх зоримог алхам хийж, дахин төлөвлөлтийн ажлуудыг эхлүүлсэн зэрэг олон зүйлийг дурдаж болно. Гэвч энд, энэ бүхнийг түр хойш тавиад түүнийг энэ удаагийн сонгуульд дэмжиж байгаа өөр нэг, магадгүй хамгийн чухал шалтгааныг та бүхэнтэй хуваалцъя.
Өнөөдөр Монгол улсын засгийн газар ёстой л дураараа дургиж байна. Ковид-19 цар тахлын нэрийг барьж, ард иргэдийг айдаст автуулан байж "цар тахалтай тэмцэх" хууль гэгчийг батлуулж авсан нь Монголын төрийг бүхэлд нь задралд оруулж, ардчилсан тогтолцоонд өмнө нь тохиож байгаагүй засаглалын гажуудлын хөнөөлт сурвалж боллоо. Энэ хуулиар нам дагасан хэнээтнүүд төрийн албаны шалгалтгүй дарга болдог, тендер зарлахгүйгээр улс төрчдийн компаниудтай гэрээ байгуулж төрийн мөнгийг үрэн таран хийдэг, улсын төсөв зориулалт бусаар хяналтгүй зарцуулагддаг болсон. Харамсалтай нь энэ бүхэнд хяналт тавьж байх үүрэгтэй УИХ Үндсэн Хуулиар олгогдсон бүрэн эрхээсээ сайн дураараа татгалзаж засгийн газрыг дураар нь дургих боломжийг хуульчилж өгсөн. Өнөөдөр ч засгийн газар цар тахлын хуулийг дахин сунгах асуудлыг тавьж, түүнийг нь УИХ эс үйлдлээрээ дэмжиж байна. Хэрэв энэ хууль сунгагдвал улсын хөгжил олон жилээр ухарч, Ардчилсан тогтолцоонд ноцтой аюул учирна.
Өнөөгийн хариуцлагагүйн зуд бол УИХ-ын хяналтаас бүрэн ангижирсан хямралын засгийн газрын дампуу үйл ажиллагаа, дураар авирлаж буй явдал. Энэ бүхнийг таслан зогсоох, залруулах хамгийн эхний алхам бол УИХ Үндсэн Хуулиар олгогдсон өөрийн бүрэн эрхийг сэргээж, Засгийн газарт хяналт тавих юм. Эрх баригч МАН-ын ноёлол доорх өнөөгийн УИХ засгийн газрын дураар авирлах явдалд хяналт тавих сонирхолгүй, бодлогогүй харалган үйлдэлд нь нүдэн балай, чихэн дүлий явах шалтгаан бий. Эрх баригч нам ердөө л чимээгүй хугацаа авч хямрал гүнзгийрэхийг хүлээж буй. Тэд бол дараа нь тэд Оюун-Эрдэнэд хамаг бурууг чихэж матрын нулимс унагаад өөр нэг ардын хүүгээ мандуулан сонгуульд орно гэсэн бэртэгчин хандлагатай өчүүхэн эрх ашгийн нэгдэл. Тэд Оюун-Эрдэнийг өнөөгийн алдаа завхрал болгоныг чихээд орхих хогийн сав л гэж харж байна. Харин тэд юу хүссэнээ хийж болдог, дураар авирладаг засгийн газрыг өвлөн авахыг олз гэж харж байгаа.
Энэ цаг үед, хямралд цэг тавьж, ардчилсан засаглалаа авч үлдэхийн төлөө тууштай тэмцэж чадах, үнэт зүйлтэй парламентч хэрэгтэй байна. Энэ үүргийг өөрийн үүрэх ёстой ачаа, үүрэг хариуцлага гэж ухамсарлах хүн бол Эрдэнийн Бат-Үүл. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн дундаас тэр л УИХ-ын бүрэн эрх юу вэ гэдгийг бүрэн ухамсарлаж, өнөөгийн чадваргүй засгийн дампуурлыг таслан зогсоож чадна. Ингэж гэмээ нь, дампуу засагт хяналт тавих дуу хоолой парламентад бий болж гэмээ нь ардчилсан засаглалын гажуудлыг зогсоож, дараагийн сонгууль хүртэл улсаа хөмөрчихгүй байх боломж олдоно гэж найдаж байна. Парламентад Бат-Үүл байж гэмээ нь Ардчилсан нам УИХ-д цөөдөхгүй болж сөрөг хүчний хувиар засагт хяналт тавьж чадна. Бат-Үүл УИХ-д байж гэмээ нь УИХ бүрэн эрхээ сэргээж, засагт хяналт тавьж чадна. Бат-Үүл чуулганы танхимд сууж гэмээ нь эрх баригчдын аархал хумигдаж, иргэн хүний эрх сэргэнэ. Тийм найдварыг тээж Э.Бат-Үүлийг энэ удаагийн сонгуульд дэмжиж байна.