БОДЬСАДВА БҮГДЭЭР МАГТСАН ХЭМЭЭХ БҮЛЭГ.

ХОРИН ДОЛООДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Бодьсадва нар тэд Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Суварна-ратна каракчатракута-гийн /Алт, их эрдэнэ гарахын орон давхар шүхэрт/өлмийд магнайгаараа мөргөв. Тэд алгаа хавсран зальбирч Ялж төгс нөгчсөн Бурхан багш-д магтаал үүнийг шүлэглэн өргөв. Энэ шүлэгт: Бодьсадва нар Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшийн хязгаар үгүй нигүүлсэнгүй их таалал сэтгэлийн эрдмийн талаар шүлэглэж магтан өгүүлсэн билээ.


Аврал бурханы лагшин хольцоогүй шижир алт адил

Ариун тунгалаг бие тань тунамал алтан өнгөтэй

Алтан уул мэт жавхлант лагшин тань

Алтан шаргал өнгөтэй Чадагчийн цагаан лянхуа (Бурхан багшийг хэлж буй).

Аливаа сайн билгээр лагшин тань нэн чимэглэгдсэн

Элдэв зүйл сайн найргаар бие лагшин тань хээлэгдсэн

Нарны гэрэл мэт нэн үзэсгэлэнг бадруулсан

Нэн амирлангуй нь хиргүй Сүмбэр уул мэт.

Эсрэнгийн дуу болон яруу эсрэнгийн эгшигтэй

Арслангийн архирах дуу, дуурсах лууны хөг

Гайхамшигт жаран эрдэмд муу сэтгэлээс хагацсан зарлиг

Гоёмсог тогос, Галбингаан яруу шагшираан аялгуу.


Хиргүй хилэнцээс хагацсан сүр жавхлан

Буяны олон билгээр чимэглэгдсэн бурхан

Болгоон мэдэхийн далай, хиргүй, хилэнцгүйн дээд

Бурхан та эрдэм төгс баялаг их уул мэт.


Булт амьтанд туслах нигүүлсэнгүйн туйл

Бүхий л ертөнцөд амгаланг өгөх оргил

Гагц бурхан та дээд утгуудыг үзүүлээд

Гаслангаас гэтэлсэн амгаланд биднийг хөтөлдөг билээ.

Үхэл үгүй амгаланг үргэлжид хайрлаад

Үнэн номын рашааныг машид түгээгч

Харуусал үгүй их хотод хөтлөн хүргэгч

Хамаг амгаланг олгох төгс жаргалангийн орон


Амьтныг зовлон зүдүүрээс гэтэлгэн зохиогч бурхан

Аймшигт зовлонгийн далайгаас төрөлхтөн бүгдийг гаталгагч

Амирлангуйн замд төрөлхтөн бүгдийг машид замчилж

Ашдын амгаланг төрөлхтөн бүгдэд хайрлагч.


Ямар жишээгээр таны эрдмийг шижээлж үл чадна

Ямарчлан татагчийн (Бурхан багшийн) билгүүн эрдмийн

Амьтан бүгдэд таны нигүүлсэнгүй сэтгэл ба

Асрахуйн хүч болон мэргэн арга, хичээнгүй зэрэг


Авралт бурхан таны эрдэм, нигүүлсэнгүйн далайгаас

Алин олон мянган голди галбын туршид

Нэгэн дуслын төдийхөн эрдмийг гүйцэд үзүүлэх

Нэн их чадал эрхэт тэнгэрүүдэд ч байхгүй


Эрдмийн их далайгаас эрдмийн дуслыг аваад

Энэ мэт би товчлон хурааж номлов

Алин миний хураасан буяны хүчээр

Амьтан тэд бүгд дээд бодь-д хүрэх болтугай.


Жич: Энэ бүлэгт Бодьсадва нарын таалал эрдмийн талаар магтан өгүүлсэн байдаг. 


ТҮҮНЧЛЭН ЗАЛАРСАН БУРХАД БҮГДИЙГ МАГТСАН ХЭМЭЭХ БҮЛЭГ.

ХОРИН НАЙМДУГААР БҮЛЭГ.

НЭГ:

Бодьсадва Ручера-кету 

/Үзэсгэлэнгийн охь/ суудлаасаа босов. 

Ёсыг ёсчилон үйлдэв. Ялж төгс нөгчсөн Бурхан багшид алгаа хавсран сөгдөн мөргөв. Ялж төгс нөгчсөн түүнчлэн заларсан Бурхан багшийг тэрбээр шүлэг үүгээр ийн магтав. 


Олон буяны чимэг болсон Чадагчийн эрхэт та

Жавхлант мянган эрдмийн цогцоор чимэглэгдсэн

Агуу дээд өнгөт, их амирлангуйг үзүүлсэн

Ашид алтан нар мэт их гэрэл цацруулсан билээ.

Олон гэрэл бадруулсан нь онц их гэрлийг түгээсэн

Элдэв өнгө тунамал их эрдэнэ адил

Хөх, цагаан, шар биндэрьяа

Зэс хийгээд цагаан болрын гэрэл мэтээр


Очирт уул, Хан сүмбэр уулсын ч сүрийг дараад

Олон голди орныг гийгүүлэн зохиох

Барагдашгүй хатуу зовлонг амирлуулан зохиох

Буурашгүй дээд амгалангаар цэнгүүлэн зохиогч билээ.


Дүр, эрхтэн тодорхой, харваас үзэсгэлэнтэй

Хараад ханашгүй, хувь төгөлдөр хэн ч үзвээс баясах

Тэргүүний үс нь тогосын өд мэт үзэсгэлэнтэй

Түмэн зөгий үүрлэсэн зөгийн үүр мэт сонин билээ.


Таалал сэтгэл нь нэн ариун тоолшгүй эрдмийн цогц

Төвлөрөл, асрахуйн дээд буяныг цогцлоосон

Сайн найраг элдэв өнгө төгссөн лагшинтай

Самади бодь-ийн гишүүн эрдмээр чимсэн.


Амьтан бүгдийг тусаар цэнгүүлэгч

Ашдын амгаланг өгөгч амгаланг гаргах орон

Ахуй гүн гүнзгий олон эрдмээр чимсэн

Алинаа мянган орон бүхнээ та илхэн түгэн билээ.


Шөнө бадрах гэрэл мэт үзэсгэлэнтэй

Сав ертөнцөд наран гүйцэд мандсан адил

Сүмбэр уул мэт хамаг эрдэм төгссөн

Сайхь ертөнцийн оронд та түгсэн билээ.


Цагаан Гүмүда, шинэ тараг, шинийн сар адил

Цасны өнгө, сайн цагаан мэт

Цагаан галуунууд огторгуйд зэллэх мэт

Шүдний тань эрхэн хэлхээс таны нүүрийг чимэглэжээ.


Таны амирлангуй нүүрнээ шинэ саран мэт

Баруунш хуйларсан дотроо агуулсан адил

Биндэрьяа адилын лагшингийн цагаан гэрлээр

Огторгуйн төвд нар мэт үзэсгэлэнтэй билээ та.


Жич: Энэ бүлэгт Бурхан багшийн дөрвөн зүйл лагшин, зарлиг таалал хийгээд сэтгэлийнэрдэм бүрийг шүлэглэн магтан айлдсан байдаг.