Шинэ зуунтай уралдан Монгол улсын Их хурал (ИХ) нэгэн гаж зуршилтай боллоо. Уг нь ИХ-ын үндсэн үүрэг бол хууль батлаж, түүнийг биелүүлэхийг гүйцэтгэх засаглалаас шаардах явдал юм. Гэтэл ИХ өөрийнхөө баталсан хуулиа дахин дахин өөрчилдөг болсноор Засгийн газар нь хэзээ, юу хийхээ “өөрөө зохицуулдаг” болов. Засгийн газар өөртөө тааруулж хуулиа өөрчлөх төсөл бэлдээд Их Хурлаар оруулаад л батлуулдаг болжээ. Давхар дээлийн “давуу талуудын” нэг нь энэ.

Үүний тод жишээ нь төсвийн тухай хууль. Төсвийг тодотгох нэрийдлээр нийтийн хөрөнгийг дахин хуваарилдаг болоод байна. Засгийн газар нь дунджаар жил хагасын настай болсноор төсвийг жилд хоёр, гурав тодотгох нэрээр зардлаа нэмж байна.

Хуулиа гууль болгодог Их Хурлын арга

Хууль нь бүх нийтээр даган мөрдөх алтан журам байх ёстой. Гэтэл Их Хурал өөрөө энэхүү алтан журмаа гуулин болгох тусгай хууль хүртэл гаргажээ. Алт гуулийн өнгө нь адилхан шар болохоос чанар нь шал өөр юм. Төсвийн анх баталсан хуулийг алт гэвэл түүнийг тодотгосоор байгаад гууль болгодог жаяг тогтов.

Ирэх жилийн төсвийг 11-р сарын 15-нд эцэслэн батлах хуультай. Гэтэл энэ өдөртэй уралдан 2017 оны төсвийн хоёр дахь тодотголоо, 2018 оны төсөвтэй хамт батлахын тулд ИХ-ын гишүүд хэд хоног “бужигнав”. Шинэ оны төсвийг тэртэй тэргүй тодотгох учраас гишүүд шинэ төсвөө хам хум баталчихаад, хуучныг нь тодотгох нэрээр зарлагаа нэмэгдүүлэх гээд 15-аас хойш дайрах ажээ.

Энэ удаагийн тодотгох гол шалтаг нь төсвийн орлого төлөвлөснөөсөө 500 тэрбум төгрөгөөр “давснаас” үүдэлтэй. Нүүрсний экспорт өсч, татвар нэмснээс олсон энэ орлогоо хадгалаад, алдагдалтай жилд нь ашигладаг сан байгуулаагүй учраас төсвөө тодотгох шаардлагатай болдог. Эрдсийн үнээс төсвийн орлого нь хамаардаг Чили, Норвеги, Ботсвана зэрэг олон оронд “Үндэсний баялагийн сан” гэж байдаг. Манайд төсвийн орлого нь давсан л бол хурдан зарцуулах нь ашигтай учир эрх баригчид тийм санг байгуулдаггүй. Тийм сантай бол төсвийг дахин дахин тодотгох ямар ч шаардлагагүй, сангийн тухай хуулинд заасан зардалд л нэмж л зохицуулдаг.

Зээлээр тансагладаг төр

Хувь хүн хэрэв өрөндөө баригдаад, өрөө өрөөр төлөх түвшинд очсон бол өчүүхэн ч болов ашиг олмогцоо өрөө багасгаж, хүүгийн зардлаа хэмнэх шүү дээ. Засгийн газар ч бондоо буцаан худалдан авч, төсвийн зардлынхаа зээл, хүүгийн ачааллыг бууруулдаг. Тэгвэл монголын төр засагт энэ тухай бодож, ярьж байгаа ганц ч хүн алга байна. Өрөө барагдуулах, эсвэл алдагдлаа багасгахын оронд тэд төсвийн зардлаа нэмсээр л байна.

Манай засгийн газрын өр нь ДНБ-хээ 76.1 хувьд, төсвийн алдагдал нь 8.6 хувь буюу 2.7 их наяд төгрөг болчихоод байхад, 500 тэрбум төгрөгийн нэмэгдэл орлогоо өрөө дарахад биш, зардлаа нэмэхэд зарцуулахаар шийдэж буй гишүүд эдийн засгийнхаа бодит байдлыг мэдрэхгүй, эсвэл төсвийн агуулгыг бүрэн ойлгохгүй байгааг харуулж байна.

Өчигдөр (171114) батлагдсан 2018 оны төсвийн орлого нь 7.2 их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, зарлага нь 9.6 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 8.0 хувь болж байна. Гэхдээ энэ төсөв жилийн дотор нэг юм уу, хоёр дахин “тодотгуулаад” зардал нь нэмэгдэнэ гэдгийг гишүүд бүгд л мэдэж байгаа. Мөнгө байхгүй бол зээл аваад нэмдэг зуршлаа дахиад л давтана.

Засгийн газар гоё нэртэй бондууд шинээр гаргаж хуучин өрөө дарах явцдаа ганц хоёр зуун сая доллараар нэмэгдүүлж зээл авсаар байна. Зээлийн хүү нь нэмэгдээд, төлөх хугацааг нь уртасгаад байгаа болохоос биш, манай улс эдүгээ гадаад өрийнхөө ганц ч долларыг төлөөгүй байна. Өмнө нь авсан зээл хаана байгаа, юунд зарцуулсныг нухацтай тайлагнахгүй атлаа шинээр зээл аваад буйгаа эрх баригчид гавьяа байгуулсан мэтээр сурталчилж, ард иргэдээ төөрөгдүүлэх боллоо.

Зээлийн хэмжээ, хүү нь томрох тусам төгрөгийн ханш унаж, валютын зээлийн төлбөрийг та бид татвараасаа гадна үнийн өсөлтөөр төлж байгааг ухааран, төсвөө тодотгохоо зогсоохыг шаардах цаг болжээ.

2017.11.15