Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан нам хол тасархай ялалт байгуулсан. Гэхдээ энэ эрчээрээ одоо болох орон нутгийн сонгуульд баараггүй ялна гэсэн баталгаа бий юу? Ихэнх дүүрэг дээр МАН ялалт байгуулбал тэр жилийн 1996 оны улс төр дахин давтагдах болно. Дороо хөлгүй АН өөрийнхөө өрсөл­дөгчийг хороо дүүрэг бол­гонд дөрвөн жилийн турш тэжээж тэтгэж эцэст нь өөрсдөө шившиг­тэйгээр улс төрөөс зайлуулагдана.

Улс төр, захиргааны эрх мэдэл ардчилсан хүчнийхэнд энэ удаа хамгийн бодитойгоор шилжин ирэх боломж гарлаа. Энэ боломж олд­сон дээр нь аятайхан ажил төрөлд орох бужигнаан өрнөж байна. Одоо эргээд харсан чинь энэ ард­чиллын төлөө ямар олон хүн нойр хоолгүй зүтгэж явсан юм бэ? Хэдий­гээр МАН-ын дуу хоолой болж тэднийг дагаж, тэдэнд саналаа өгч  явсан ч сэтгэл зүрх нь  АН-д байсан гэнэ шүү. Хүмүүс юунаас айгаад өмнөх он жилүүдэд үзэл бодлоо тэгтлээ их нууж хоёр нүүр гаргаж явсан юм бол. Эсвэл албан тушаал олж авахын тулд юу ч гэж “шаахаас” буцахгүй зүтгэж улайрч байна уу?

Аливаа улс төрийн намын далбаан дор зөвхөн эрх мэдэлд хүрэх зорилго тавьсан хүмүүс зөвхөн сонгуулийн ажил л хийдэг. Энийгээ “Улс төр хийж байна “ гэж эвтэйхэн цагаатгадаг. Гэтэл одоо Монголд хийх, өөрчлөх, сайжруу­лах, толгойн үснээс олон ажил хүлээгдэж байна. Ерөнхийдөө сонгогчдын хувьд таатай биш гэхдээ зайлшгүй өөрчлөх маш олон реформ хийгдэлгүй орхигд­сон. Ийм эгзэгтэй үед өөрийгөө золиослоод ч болтугай зүтгэх чадамжтай кадрууд хэрэгтэй.  



Одоогийн байдлаар нам ялчих­лаа одоо би дарга болно гээд ярвайчихсан юмнууд олширчээ. Мөн нөгөө талд ялагдлаа гээд урвайчихсан, ажлаа хийхээ боль­сон төрийн албан хаагчид энд тэндгүй. Юм гэж ийм л жамтай байдаг хойно энд хачирхаад байх зүйл үгүй. Харин улс төрийн нөхцөл байдал өчүүхэн өөрчлөгдөх төдийд хүмүүсийн ааш зан ямар хурдан өөрчлөгдөж байна вэ.

Сонгуульд нь өөрөө сонгогдох гэж байгаа юм шиг нойр хоолгүй гүйж ялалтанд хүргэдэг тууштай дэмжигч фенүүд бүх намуудад бий. Тэд өнөөдөр гаргасан улс төрч дээрээ мэнд мэдэх гээд яваад очиход өөдөөс нь сэртсхийн “Чи чинь хэн билээ” гэж байна гэнэ шүү.   “Муу новш чинь хэргээ бүтээж аваад одоо танихаа байчихаж, Чамайг даа, Ну погоди” гэсэн яриа ч гараад эхэллээ. Тийм улстөрчдөд сануу­лахад сонгууль дуусаагүй байгаа ш дээ.

Ард түмэн дөрвөн жилд нэг удаа төр барих эрхээ эдэлдэг гэсээр байгаад түүндээ бүр итгэчих­сэн. Яг одоогийн хуулиар бол сонгогчид бүх нийтийн санал хураалтанд дөрвөн жилд гурваас доошгүй удаа оролцож байж улс төрийн сонголтууд эцсийн дүнгээ гаргана. Өнгөрсөн хавар УИХ ба Улаанбаатарын депутатыг л сонго­сон. Одоо хоёр дахь сонгууль нь нэлээд хэд хоногийн дараа аймаг, сум, нийслэлийн дүүргүүдэд болох гэж байна. Тэгээд гурав дахь сон­гууль нь ирэх хавар Монгол Улсын тэргүүнийг бүх нийтээрээ сонгоно. Энэ гурван багц сонгуулийн зөвхөн нэг нь л болоод өнгөрсөн. Өөрөөр хэлбэл баярлах, гутрах болоогүй. 

Нийслэл Улаанбаатар хотод Ардчилсан нам хол тасархай ялалт байгуулсан. Гэхдээ энэ эрчээрээ одоо болох орон нутгийн сонгуульд баараггүй ялна гэсэн баталгаа бий юу? Ихэнх дүүрэг дээр МАН ялалт байгуулбал тэр жилийн 1996 оны улс төр дахин давтагдах болно. Дороо хөлгүй АН өөрийнхөө өрсөл­дөгчийг хороо дүүрэг бол­гонд дөрвөн жилийн турш тэжээж тэтгэж эцэст нь өөрсдөө шившиг­тэйгээр улс төрөөс зайлуулагдана. 1996 оны сонгуулиар ялалт байгуулсан Ардчилсан хүчнийхэн уул үзээгүй байж хормой шууж гүйлдээд мөн ч их сагсуурсан даа. Сонгуулийн ялалтын сургаар хэдэн муусайн партизануудаа элдвээр ад үзэж, танихаа байсан төдийгүй орон нутгийн сонгуулийг гаргуунд нь хаясан. Зунжин, намаржин ялалтаа тэмдэглэж, сайд даргын суудал булаалдаж явах хоорон­дуур нь МАХН бүх аймаг, сум, дүүрэг, нийслэл, бүр баг хорооны эрх мэдлийг хуу хамаад авчихсан байсан даа. Тэрний гор тэр дороо гарч цаашид дөрвөн жилийн турш юу ч хийх боломж олдохгүй бай­саар улс төрөөс арчигдсан биз дээ.

Өнөөдөр Ардчилсан намыг ялчихлаа хэмээн долигонон, албан тушаал эрээ цээргүй нэхэж яваа элдэв пиарчид, хэвлэл мэдээллийн баг, хувь хувьсгал алинд ч ажил хийж чадахгүй нурааж явсан шаарнууд энд тэндгүй сүүтэгнэж явна. Ядаж сонгуулиа дуусгачи­хаад сонгогчдын дургүйг хүргэсэн томилгоогоо хийгээч. Энэ хүнд жаахан урам өгчихвөл мөн ч их юм хийнэ дээ гэж ойр тойрныхон нь зөвшөөрдөг чадварлаг, ёс сур­тахуунтай, жудагтай кадрууд нийг­мийн салбар нэгж тутамд байдаг юм билээ. Бичиг үсэг, боловс­ролтой болгоныг түүж цаазалж алсан 1937 оны маргааш  биш болохоор одоо Монголд ажил сайн хийх боловсон хүчин хангалттай бий. Тийм хүмүүс өөртөө улс төрийн пайз хадах дургүй байдаг. Ажлаа хичнээн сайн хийсэн ч нэг өдөр ажилд томилсон нам нь өнх­рөөд өгвөл амьдралгүй болно. Уг нь Ардчилсан нам энэ тогтол­цоог өөрчлөх ёстой. Нийгмийн салбар нэгжүүд дээр хамгийн чадварлаг, олонд хүлээн зөв­шөөрөгдсөн, хүсээд байгаа тэр боловсон хүч­нүү­дийг нь суга татах тэнхээтэй байвал айсуй сон­гуулийн хамгийн эерэг суртал­чилгаа тэр болно. Хоёр дахь сонгууль эхлэх энэ хэдхэн хоногийн хугацаанд томилгоо л хийхээс ажил хийж амжихгүй нь тодорхой. Нүдэнд нь ойр ойрхон үзэгдэж цүнх пальтог нь барьж гүйх, зарим нь жолоочийг нь хийж яваад том албан тушаалд очдог гэнэ шүү. Мэдмээр юм.

Сонгууль бүрийн дараа нөхөр­төө хаягдсан хүүхэн шиг гомдлын нулимс урсгах юм даа. Тэр бол­гоныг барагдуулах боломж байх­гүйг мэдсээр байж “Намайг ялгачих­лаа” гээд уйлаад байна. Намын дотоод ардчилал гээд бас нэг итгэлцүүр байдаг. Ядаж тэрэн дээрээ улс төрийн лидерүүд шу­дарга байж чаддаггүйгээс алдаа эхэлдэг. Өнөө­дөр Ардчилсан нам улс төрийн жижиг сажиг томил­гоонуудыг урвагчид, пиарчидаар дүүргэх, хуулиар томилох эрхтэй төрийн байгууллагын албанд нь олон түмний хүсээгүй хүмүүсийг хэтэр­хий их чихэх юм бол үлдэж байгаа хоёр сонгуулиар хоёр хөлнөөсөө сална гэсэн үг. 

Боксын тэмцээн гурван үе зодол­дож тэндээс авсан оноонуу­дын нийлбэрээр ялагч тодордгийг Лондонгийн олимп үзэж байх зуураа харцгаалаа. Манай боксчин Мөнх-Эрдэнэ эхний хоёр үедээ илүүрхэж чадахаар нь хэн хүнгүй л ялчих юм байна гэж горьдсон. Үлдсэн ганц үед нь зоддоггүй юмаа гэхэд зодуулахгүй зайлаад хоёр минут дэгдчихмээр л. Уг спортыг сайн мэдэхгүй бидний нүдэн дээр лав л өрсөлдөгч нь сүүлчийн ганц үедээ амжаад манай тамирчны нармайг нь нээгээд цусанд нь хутгаад байсан. Тэгээд л ялагдсан даа.

Үүн лугаа гурван сонгуулийн зөвхөн нэг нь болоод өнгөрлөө. Ардчилсан нам эхний үедээ бага онооны зөрүүтэй ялаад байна. Ард түмний хорин жилийн турш хүсэн хүлээсэн шударга засаглал, авли­гагүй нийгмийг энэ нам авчирна, өөрчилнө гэж амласан. Түүнээс албан тушаал, арван мянган төгрөг өгөөдөх гээгүй. Тэрнээс гадна Ард­чил­сан намын зарим хээ шаагүй энгийн харьцаатай улс төрчдийг элэг барьж хүссэн албан тушаал­даа очих, хувийн хонзонгоо авах, нам дагаж төрийн мөнгөөр тэр­бумтан болох гэсэн увайгүй нөхдүүд энэ зуны турш нойргүй хоноцгоолоо.

Хэрвээ орон нутгийн сонгуу­лиар ялагдаж анхан шатны салбар нэгжүүд нь эрх барих боломжгүй болчихвол энэ намын удирдлага улс төрийн хариуцлага хүлээж таарна. Эрх баригч нам хариуц­лага алдана гэдэг хүсмээр зүйл биш. Засаг төр байн байн солигдож шинэчлэл хүлээгдэж улс орны хөгжил царцана гэсэн үг. Энэ нь мөрөөрөө ажлаа хийгээд яваа бидэнд ч дам сөрөг нөлөө үзүүлдэг.

Манай “хампаан”-ууд ялчихлаа, одоо та нар, ард түмэн мөд хэрэг болохгүй гээд гуяа алгадаад чавх­даад байдаг. Харин сонгогчид л лав саналаа өгч дуусаагүй байгаа. Зарим газар бүр сонгууль дахиж, гурван ч удаа улаан даавуун дээр лоозон бичсэн тэр сонгуулийн байр руу чинь очих байх шүү.