ГОЛЫН ТЭРТЭЭХ ГАЦААНЫ ХАВАР
Алиа хошин зангаараа хүртэл хүний өвчнийг анагаах шиг санагддаг тэр эмч ээлжгүй жижүүрлэж хонох, байнга дуудлагад явах их дуртай байлаа. Үнэхээр ч сайн мэс засалч түүнийг эмнэлгүүд хоорондоо их булаалдана. Очсон газрынх нь бусад эмч нар амсхийгээд л явчихаж байгаа юм чинь. Харин түүний тухай дээд газар луу баахан бараандуу тодорхойлолт явдаг учир одон шагнал байхгүй, хот руу шилжих зам хаалттай. Хамгийн гол нь ийм ажилсаг авьяаслаг хүн дээд газрын анхааралд өртвөл дор нь булаагаад арилж, хамаг ажлаа өөрсдөө хийх учраас тэгнэ. Нэг удаа цагаан сараар хөдөө сум руу “мухар олгойн үрэвсэл нь хүндэрч дотроо хагарсан байх магадлалтай” өвчтөний дуудлагад хөөр баяр дүүрэн гарчээ. Яваад очтол бөөн урамгүй явдал угтав. Уучлаарай, өвчтөнд муу юм тохиолдсон хэрэг биш. Харин ч хэвтэрт байгаа хамаатнаа эргэхээр тэнд ирээд байсан анагаах ухааны өвгөн профессор өрсчихсөн байж.
Хуруу дутаагүй мэс засалчийн бүлэг
Басбиш эмчийн мэс засалчийн авьяас дөнгөж төрмөгцөө мэс заслын мэсэнд өртсөн, эсвэл хархан багадаа хүний эд эрхтний бүтэц байдалтай ойр танилцсан хоёрын аль нэгнийх байх гэж бодогддог.
Тэрээр апираас хийхдээ хүний урманд өвдөөч рүү хялам хийдэггүй, дээгүүр харж, сул гараараа тамхи мамхихан ороож байснаа нэг мэдэхэд л үрэвссэн олгойг нь гаргаад шидэж байдаг гэсэн. Ерөөсөө амьдрал нь өөрөө мэс засал болсон энэ эмч бээр хүн, амьтанд мэс хүргэлгүй нэг л өнжчихвөл хачин гундуухан явдагсан. Яалт ч үгүй амрах өдөр таарч гэртээ өнжих болоход хөөрхий муур, нохой хоёрынх нь гаслах дуу хадна даа.
Зайлуул, түмэн нөхөөс, зүйдэлтэй, уранхай тэрлэг шиг бөөн оёдлын сорвитой сэг болсон хав, муур хоёр тэднийд бас удсан даа. Мэс засал нь урт наслахын үндэс гэж оргүй үг бололтой.
Алиа хошин зангаараа хүртэл хүний өвчнийг анагаах шиг санагддаг тэр эмч ээлжгүй жижүүрлэж хонох, байнга дуудлагад явах их дуртай байлаа. Үнэхээр ч сайн мэс засалч түүнийг эмнэлгүүд хоорондоо их булаалдана. Очсон газрынх нь бусад эмч нар амсхийгээд л явчихаж байгаа юм чинь.
Харин түүний тухай дээд газар луу баахан бараандуу тодорхойлолт явдаг учир одон шагнал байхгүй, хот руу шилжих зам хаалттай. Хамгийн гол нь ийм ажилсаг авьяаслаг хүн дээд газрын анхааралд өртвөл дор нь булаагаад арилж, хамаг ажлаа өөрсдөө хийх учраас тэгнэ.
Нэг удаа цагаан сараар хөдөө сум руу “мухар олгойн үрэвсэл нь хүндэрч дотроо хагарсан байх магадлалтай” өвчтөний дуудлагад хөөр баяр дүүрэн гарчээ. Яваад очтол бөөн урамгүй явдал угтав. Уучлаарай, өвчтөнд муу юм тохиолдсон хэрэг биш. Харин ч хэвтэрт байгаа хамаатнаа эргэхээр тэнд ирээд байсан анагаах ухааны өвгөн профессор өрсчихсөн байж.
Урам нь хугарсан Басбиш дооктор толгойгоо базлан
- Цагаан сар болж хүн амьтан баярлаж байхад миний байж байгаа царайг...хэмээн үглэж байснаа сумын эмч хархүү рүү аймаар ширтэн
- Алив бушуул, мэс заслын өрөө бэлд. Өөрийгөө ч бэлд гэж тушаалаа. Эмч залуугийн хөл гуйваад явчихлаа. Хутга шүүрсэн л бол дүрдэг аймаар хулигаан байдаг гэдэг шиг Басбиш бол мэс засал хийнээ л гэсэн бол хүний биенээс ямар нэг юм салгаж байж сэтгэл амардаг гэдгийг мэдэх болохоор тэр. Уул нь их удаж миний мухар олгойг авч мэс засалд шунасан сэтгэлийн цангаагаа тайлах нь. Үрэвсэх эрсдэл байнга дагуулж байдаг золигийг сайн эмчээр авахуулсандаа ч яахав гэж бодмоор.
Гэтэл эмч залуу бүр анагаахын сургуульд байхдаа муухай олгойгоо авахуулсан байж. Харин мэс заслын дон шүглэсэн энэ эмч түүний олгойг авах гэтэл алга байхаар оронд нь өөр ямар нэг юмыг авч байж сална. Тийм юм гэхээр гарын дор байгаа эр хүний нөхөн үржихүйн хоёр жижиг зүйл л хамгийн түрүүн өртөнө. Хөөрхий тэр эмч хархүү гэрлээд сар ч болоогүй аж. Энэ зуур Басбиш эмч:
- Хөөе бушуу ороод ирээч, юундаа удаад ухнатаад байгаа юм хэмээн зандрах дуулдав. Сумын эмч арга ухаан сийлж: - Би харьж ундаа уучхаад, ирээд үдээс хойш апираасандаа орвол яахав хэмээн зориглон асуув. Мэдээж ийм чухал үед гэртээ хариад унд уугаад суугаад суух хэн байх билээ. Гэтэл:
- Үдээс хойш чинь би өөрөө буцмаар байна, бушуул гэх шийдмэг захирамж сонсодлоо. Эхнэрийнх нь сарын хир ирээд уржигдар дууслаа гэснийг санан “Урьд шөнө яах гэж залхуурав аа. Аяа амьдрал чиний алтан жолооноос атгаад алдах нь энэ үү” гэхчлэнгээр гасалсаар ортол Басбиш эмч өөрөө тайчаад мэс заслын орон дээр хэвтчихэж.
- Алив наашаа ирээд хутга, хямсаа барьж бай гэчхээд өөрийнхөө гэдсэнд зүсэлт хийн мухар олгойгоо чадмагаар гогодон гаргаж ирлээ.
Энэ зуур тэрээр мөнөөх сумын халуун усны газарт байсан шинжлэх ухаан танин мэдэхүйн цонхны тухай хөгжөөнтэй түүхийг хүүрнэн хоёулаа тачигнатал хөхрөлдөж байтал хагалгаа ч дуусаж “Алив хүүхээ, солгой гараараа оёход баахан эвгүй юм гээч, үлдсэн жаахан хэсгийг нь чи хүвэрдэнэ үү дээ” гэснээр бүх ажил өндөрлөв.
Удалгүй өндийж “Миний мах ясны тасархай болохоор яахыгаа өөрөө мэдэх” гэж хэгжүүн хэлээд олгойгоо авч гарлаа. Тэгээд ойр явсан нохойд шидэж өгөөд “Миний муу олгойг аваад өөрийнхөө үрэвсдэггүй сайн олгойг өгнө үү дээ” хэмээн хошигнохоо мартсангүй.