Өчигдөр буюу амралтын өдрөөр (17-ны ням гариг) зарласан хотын дарга Х.Нямбаатарын шийдвэр нийслэлчүүдийг нийтээр нь уур бухимдалд автуулав. Бухимдаад зогссон гэж үү, ажил амьдралаа алдаж байгаа нь олонхи.

Эхлээд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Цаг агаарын хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан” өнөөдрөөс 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг, 25-наас дунд, ахлах ангийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, сурагчдын өвлийн улирлын амралтыг энэ сарын 28-наас нэгдүгээр сарын 28-н хүртэл үргэлжлүүлэх тухай Л.Энх-Амгалан сайдын тушаалыг танилцуулсан. Араас нь хотын дарга ирэх хоёрдугаар сарын 1 хүртэл автомашиныг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахаар болсныг мэдэгдэв. Мөн л хүйтний эрч чангарч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаатай холбон тайлбарласан.

Ингэхдээ автомашины дугаар олголтыг хязгаарлах эрхийг “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах тухай” хуулиар НИТХ өөр дээрээ авсныг дуулгалаа. Иргэдийн хувьд “хоёр дахь машинтай болох” тухай ойлголт байхгүй болж байгаа юм. Нийслэлд бүртгэлтэй машины нийт машины ердөө 50 хувь нь хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалт зөрчвөл хариуцлага тооцно. Эрх хасна, торгууль тавина. Автобусандаа сууя гэсэн ч автобус нь байхгүй. Ингээд нийслэл гэдэг их айл Х.Нямбаатарын үед “дээвэргүй шорон” болж хувирлаа. Түгжрэлээ шийдээч ээ гэхээр “Май чи, тэгвэл явган явахгүй юу” л гэж байна. Хятадын компанитай хийсэн гэрээний дагуу автобусны эхний ээлж дахиад арав гаруй хоногийн дараа (энэ сарын 29-нд) орж ирнэ. Дараачийнх нь нэгдүгээр сарын 31-нд. Ядаж автобусаа хангалттай оруулж ирчихээд хязгаарлалтаа хийж болохгүй байсан уу? Амралтын өдрөөр яаруу сандруу танилцуулсан гэнэтийн энэ шийдвэрүүдийн ард яг ямар арга бач байсан бэ? Х.Нямбаатар гэдэг хүн зүв зүгээр байж байгаад өөрөө өөрийнхөө толгойд олс углана гэж байх уу? Үгүй л байх.

Нэгдүгээрт, Засгийн газрын амласан шатахууны хангалт хэвийн горимдоо шилжээгүй, ШТС-ууд бензинээ ээлжээр өгч, тэнд нь иргэд өдөр шөнөгүй дугаарлан уур бухимдлаа барж байгаа. Үүнээс болж хөдөлгөөний хязгаарлалт хийсэн байхыг үгүйсгэхгүй. Шатахууны хомсдлоос болж Засгийн газар дээр ирж байгаа галыг намжаахын тулд. Боловсролын сайд хүртэл оролцоод, хичээлийг цахимд шилжүүлсэн нь ингэж хардахад хүргэж байна. Түүнээс биш ковидын үеийн хоёр жилийн хоцрогдлоо нөхөж чадахгүй байгаа хүүхдүүдийг хүйтний эрч -30 хэмд хүрээгүй байхад хичээлийг цахимд шилжүүлэх өөр шалтгаан салбарын сайдад байхгүй. Ядаж хөдөө орон нутгийнхан, сумын сургуулийн хүүхдүүд цахимаар яаж хичээллэхийг бодож үзсэн үү?

Хоёрдугаарт, бага ангийн хүүхдийг цахимд шилжүүлнэ гэдэг эцэг эхчүүдийг нь хамтад нь гэрт нь хорьж байгаа хэрэг. Тэр хэмжээгээр хөдөлгөөн дахиад хоригдоно. Ингээд түгжрэлээ ч, шатахууны хомсдлоо ч нэг амьсгаагаар шийдчихэж байгаа юм. Хүн нь байхгүй бол асуудал нь байхгүй. Хот, Засаг хоёр талаасаа л хавсайдаж харууллаа. 

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт "Хотын даргыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлнэ" гэсэн байна лээ. Л.Оюун-Эрдэнийн оролцоогүйгээр ийм шийдвэр гарсан гэж бодож байна уу? Үгүй шүү дээ. Хотын даргад энэ их эрх мэдэл, зүрх зоригийг өгч байгаа хүн нь Ерөнхий сайд өөрөө шүү дээ. Одоо гэр хорооллын айлуудыг ээлжээр галладаг болгочихвол утаанаасаа ч салчих боломж байна, Хотын дарга аа!  

inews.mn