Дэлхийн II дайны түүх өгүүлсэн кино, ном зохиол дээр гардаг даа. Би сүр бадруулж байгаа юм биш. Нацистын Германы СС, СА, СD (аюулгүйн алба), СС-ийн Хохимой толгой, СС-ийн Тусгай команд, Вермахт, Абвер, Гестапо, Люфтваффе, Германы хөдөлмөрийн фронт, Рейхсбаннер, Гитлер Югенд гээд хөвөрч өгдсөгсөн. Юун нэрс болохыг уншигчид хэлүүлэлтгүй. Нэрсийг дотор  нь задлахад дахиад цаашаа маш олон танихгүй гадаад нэрс хөврөх биз. Тэгэх нь энэ бичлэгийн зорилго биш.  Энэ бол Нацистын Германы цэрэгжсэн, цагдаажсан нийгмийн тоталитари дүр зураг нь. Хядлагын маш том машин ажиллуулж, нийгэм нь тэр чигээрээ төрийн нууц цагдаагийн хяналтад, ардчилал хүний эрх хүчнийхний улан дор, милитаристууд нь   нийгэмд өндөр авсан бол аль ч тоталитари харгис дэглэмд байдаг ердийн дүр төрх нь энэ.  



Түүх рүү ухарч, бичсэн сэдэвтээ оршил хайж байгаа хэрэг л дээ. Юун оршил билээ гэж уншигч Та гайхах нь мэдээж. Би өнөөгийн Монгол руугаа татаж авчран тайлбарлах санаатай л аль дивангарын Нацист Германыг XXI зууны Ардчилсан Монголтойгоо зүйрлэж байгаа хэрэг. Огт авцалдахгүй  хоёр ондоо нийгмийг  зэрэгцүүлэх гэсэн хэрэг биш, дээрхи герман нэрнүүдийн орчин цагийн монгол хувилбарыг шүүмжлэх донд хөтлөгдсөнөөр энэ нийтлэл босч буй хэрэг.

Манайхны нүд нээгдэж, хорвоо ертөнцөөр хангалттай явж байгааг бид бахархан ярьдаг. Ардчилсан, ардчилагдаж буй гэх тодотголтой улсуудад мөн ч их явж байна. Ардчиллаасаа харилцан суралцана гэдэг нь ч хэмжээнээ хэтэрч, манай ардчилал, хос шилжилтийг магтан дуулах нь зарим талаар цаасан малгай өмсгөх тийшээгээ хандаж байх шиг. Дэвэн дэлхийгээр аялчихсан албаны нөхдөөс асуух зүйл дээрхи герман нэрстэй шууд холбоотой. Асуулт:

  • Хэрэв Та ардчилсан дэглэмтэй баруун, зүүний аль нэг улсаар явсансан бол тэнд Та цагдаа, замын цагдаа, цэрэг, гал командын, онцгой байдлын гээд аль нэг мөрдэстөн гудамжинд явж байхтай таарсан уу?
  • Вашингтон хотын цагдаагийн даргыг тэнд олон жил амьдарсан монгол хүн олж мэдсэн болов уу? 
  • Японы замын цагдаагийн дарга гэж хэний хэн гэгч, ямар цолтой, ямар эхнэртэй, ямар машин унадаг, ямар хауст суудаг эрхэм байдаг вэ? 
  • Германы хил хамгаалах албаны штабын дарга нь нь хэн гэгч генерал байдаг бол гэхчлэн.

Иймэрхүү мангар асуултыг монголчууд хөлхсөн гадаадын аль ч улс дээр тавьж болно. Гэхдээ тэгэх нь гол биш, би эдгээр асуултад Таниас хариулт хүсье.  “Цагдаагийн хөрөнгөлөг хурандаа нар” гэх нэр томъёог анх Ерөнхийлөгчийн амнаас бид сонсож, тэд нь ардчилсан нийгмийнхээ дээр хэрхэн гарч суучихаад байгааг олж мэдсэнсэн. Түүнд Та юу гэж хариулах бол? Би ингэж хариулна. Үүнд аливаа ардчилсан засаглалтай, нээлттэй, хүний эрхийг дээдэлдэг  улсад “хүчний” гэсэн тодотголтой байгууллага, албад, албан хаагчид нь ямагт цөөн тоотой, байгаа нь ч хөшигний ард,  цэргийнхэн ба цэрэгжсэн албад нь нийгэмд гоцолдоггүй, тэд баян тансаг анги давхаргад багтдаггүй, дээшээ өндөр авдаггүй, энгийнээр бол тийм нэр хүндтэй, лут хүмүүс байдаггүй жамтай юм гэнээ. Тэндхийн “Ардчилал” гэдэг нь цэрэгжсэн институцитай нь гал ус мэт харшлах хуультай юм байна. Тиймдээ ч АНУ, Япон, Европ, Солонгос, Сингапурын гудамжинд цагдаа тэгтлээ ил явдаггүй, хэвлэл мэдээллээр нь тэднийг сурталчилдаггүй, орой болгон зурагтаар замын цагдаа ярьдаггүй, АНУ-д хилийн алба нь гаальтайгаа цуг, хил дээр паспортоо шалгаад хүсвэл гаалийн үзлэг хийдэг ёстой гэнэ.     

“Ардчилсан” гэдгийн нэг гол хэмжүүр нь ийм юм гэнээ. Хэрэв мөрдэстөнгүүд голлоод гоцлоод ирвэл тэр нь “Хагас ардчилсан”, “Дарангуйлагч”  нийгмийн шинж гэнэ. Чухам 1930,1940-өөд оны Герман ийм лут хүмүүсээр нийгмээ удирдуурж, тэд нь ч жинхэнэ нийгмийн цөм байсан ба харин тэд улс үндэстнээ, Европ, дэлхийг яаж баллах шахлаа?



XXI зууны Ардчилсан Монголын цэрэгжсэн, хагас цэрэгжсэн, дүрэмт хувцастай  байгууллагыг жагсаахад: ардын арми, хилийн цэрэг, цагдаа, замын цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, онцгой байдлынхан, гааль, татвар, нийгмийн даатгал, шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, аудит, мэргэжлийн хяналт, иргэний нисэх, төмөр зам, дээр нь хувийн хамгаалалтын өдий төдий компани албад гээд яг л нөгөө СС, СА, СD (аюулгүйн алба), СС-ийн Хохимой толгой, СС-ийн Тусгай команд, Вермахт, Абвер, Гестапо, Люфтваффе, Германы хөдөлмөрийн фронт, Рейхсбаннерыг санагдуулахаар өсч үржин, тоо хязгаараа алдсан ба харин авилгатай тэмцэгчид гэж баахан генерал, хурандаа, хошууч нар гарч ирэхгүй байгаад би дотроо баярлаж суудаг. Дүрэмт хувцасны дизайны уралдаан зарлачихаад шалгаруулах гэж байгаа өөр алба байгууллага цаана нь байдаг бол би мэдэхгүй байж болно. Зэвсэгт хүчний нэг салбар – Иргэний хамгаалалтын газрыг Гамшигтай тэмцэх болгож нэг өөрчлөөд  “Онцгой байдлын” хэмээн Оросын МЧС-ийг хуулбарлаж хүч нэмээд 10 гаран генерал, олон арван хурандаа төрүүлжээ.

Дүрэмт хувцас өмссөнөөрөө бол үндэсний аюулгүй байдал нь бүх салбарт цэцэглэж, хулгай, гэмт хэрэг нь багасаж, авилга нь алга болж, шоронгууд нь эзгүйрч, байгаль нь цэвэршиж, хүнс тэжээл нь чанаржиж,  нийгмээрээ баян тансаг, тайван амгалан баймаарсан. Гэтэл өнөөгийн Монголд бүр эсрэгээр. Хоногт хүн алж, дээрэм тонуул тогтмол хийж, амралтын өдрүүдэд нь 20-30 хүн үхэж байдаг улс орон дэлхийд ховорхон.  Хаваржингаа байгалийн түймэр, гэнэтийн гамшгууд, чанаргүй хүнс, эрүүл мэндийн доройтол, хахуулийн сүлжээ, тураалтай цэрэг, цианы хүчил, мөнгөн усны хордлого, яасан бэ нөгөө мөрдэстэй формтой дарга нарын ид шид хаачсан бэ?

Эдүгээ Монголоор дүүрэн гэдэггүй юмаа гэхэд лав нийслэл нь тэр чигтээ дүрэмт хувцасны загварын шоуны ертөнц гэмээр, бөөн авангард загвар.  Хүн ам цөөнтэй, тэгсэн хэрнээ ийм хээнцэр улс дэлхийд манайхаас олон байхгүй. Манайхны дүрэмт хувцас их “дэгжин” болж байгааг би егөөдөж байна л даа. Үүнд манайхны гоёж гоодох дон, шуналын дэв бас их нөлөөлсөн. Би үүнийг жинхэнэ савлагаа туйлшрал гэж нэрлэж байна. Ардчилсан Үндсэн хуультай, ард түмэн нь чөлөөт сонголтоо хийдэг гэхээсээ илүүтэй энэ улс чинь цэргийн хунттай юм биш биз, хэт цагдаажсан улс юм уу гэх сэтгэгдэл гадаадынханд төрөхөөр болсон байна. Аливаа нэг зүйл хэрээсээ хэтрэхээр утгаа алддаг шиг мөрдэстөнгүүд нь гоцлоод ирвэл энэ нийгэм ертөнцийн элэг доог болохын босгон дээр байна.



“Ардчилсан” гэх тодотгол нь багадаад “иргэний” хэмээн хүчтэй тодотгон байж  “Иргэний ардчилсан нийгэм” байгуулна гэж зорьж яваа нийгмээ тодорхойлсоор атал мөрдэс, дүрэмт хувцсаар ингэж далайлгах хэрэг юусан билээ? Цэрэгжсэн байгууллагын тоо олон байх тусам нийгэм нь хөгжиж, эдийн засаг нь цэцэглэдэг гэж хэн нотолсон юм бэ? Ингэж их цэрэгжин формжих байсан юм бол ардчилсан, иргэний гэдэг тодотголоо гээвэл яасан юм бэ?

“Иргэний ардчилсан нийгэм”-д цэрэгт тавих иргэний хяналт, цэрэг-иргэний харилцаа, тэр ч бүү хэл тагнуулын байгууллагад нь тавих иргэний хяналт гэж лут механизм төлөвшдөг юм байна. Баруун, зүүний ардчилсан нийгмүүдэд яг ингэж чадсан гэнэ. Махчилбал БХЯ, Дотоод яам, Цагдаагийн газар нь захиргааны удирдлагаар салбараа хангах, иргэний хяналт тавих  үүрэгтэй. “Хүчний” гэх тодотгол (“Силовикы”) өнөөгийн Орост яг бодитой хэрэгжсэн, түүнийг нь манайхан сохроор хуулбарлан дууриаж байх шиг. Гэхдээ хагас ардчилалтай Орост нөхцөл байдал шал өмнөө, ерөөсөө Оросын бүх түүх тэр чигээрээ  цэргийнхний бүтээсэн түүх юм.     

“Иргэний ардчилсан нийгэм”-д цэрэгжсэн, хагас цэрэгжсэн байгууллагын тоо доод хэмжээнд байдаг ба жишээ нь цагдаа нь цэрэгжсэн иргэний байгууллага, бие цагдаа нь гав бороохой гэхээсээ эмнэлгийн үйлчилгээ, түргэн тусламж, хөгшдийн асрамж гээд давхар олон үүрэгтэй.  Татвар, нийгмийн даатгал, аудит, мэргэжлийн хяналт нь юун форм, мөрдөс, ялгах. Энэ чинь угаасаа бидний солиорол юм биш үү? Төсөвт хүнд ачаа үүрүүлж, энэ их дүрэмт хувцас, ялгах тэмдэг, мөрдэс үйлдвэрлэхийн оронд зөвхөн цэрэг, цагдаагаа үлдээгээд бусдыг нь бүр зогсоож дэлхийн эдийн засгийн хямралын өмнө мөнгөө хэмнэвэл ямар вэ?

*****