Ахуй амьдралын хураангуй шастир

Билл Брайсон

Угаалгын өрөө


Архитектурын алдарт шүүмжлэгч Люис Мамфордын 1961 онд хэвлүүлсэн Түүхийн хот хэмээх сонгодог бүтээлд гардаг ариун цэврийн тодорхойлолттой эн зэрэгцэх эндүүрэл, гуйвуулга олох амаргүй.

Хотын оршин суугчид олон мянганы турш ариун цэврийн хувьд тун тааруу туйлын заваан орчинд амьдарч, жаахан цаг гаргаад хийчихэж болох цэвэрлэгээг ч орхигдуулж, бохир дундаа хутгалдан, түүгээр амьсгалан суудаг байв. Гахай хүртэл хашаа хороогоо цэвэрлэдэг байхад хүмүүс бохир, үнэр танарыг үл хайхарсан энэ араншингийн учир шалтгааныг тайлбарлах аваас тэр нь хотшил эхэлснээс хойших таван мянган жилийн хугацаанд технологи хэрхэн удаан боловч үе үе томоохон урагшилж байсны учгийг хэлж магадгүй.

Үнэндээ урт удаан хугацааны турш хог новшоо янзалж, ялгадсаа гайхмаар аятайхан зайлуулж байсныг Оркнэйн Скара Брэй гэрчилдэг. Харин Скара Брэй бусдаасаа онцгой байгаагүй. Индус хөндийн Махенжор Дарогоос олсон одоогоос 4500 орчим жилийн өмнөх нэгэн сууц амьдарч буй газраасаа тусгай зориулалтын налуугаар хогоо хогийн цэг рүү унагадаг нарийн системтэй байв. Эртний Вавилон ус зайлуулах болон бохир усны системтэй байсан. 3500 жилийн өмнөх Минойчууд хоолойгоор ус дамжуулахын хамт ванн болон бусад соёлт тав тухтай байлаа. Товчхондоо ариун цэвэрч байдал маш олон ард түмэнд гүн шингэснээс чухам хаанаас эхэлснийг нь ч мэдэх аргагүй болжээ. 

Эртний герегчүүд зүрх сэтгэлээсээ угаал үйлдэгчид байв. Тэд шалдлах дуртай бөгөөд гимназиум гэдэг нь шалдалдаг газар гэсэн утгатай үг аж. Тийнхүү тэд эрүүл мэндийн төлөө хөлсөө гаргадаг байсан бөгөөд өдөр тутмын ажил төрлөө нийтийн усанд орох газар очин өндөрлөдөг байжээ. Тэдгээр нь гагцхүү ариун цэврийн зориулалттай газар байсан юм. Усанд орох тэдний хувьд хурдан хийх ёстой ажил мэт байв. Жинхэнэ нухацтайгаар, удаан гэгч нь таашаалтайгаар угаал үйлдэгчид Ромоос л эхэлсэн юм. Ромчуудаас өөр тэгж зориудаар, нарийн ёс дэгтэйгээр ваннанд ордог хүмүүс байгаагүй. 

Ромчууд ер нь усанд тун дуртай байсан. Помпэйн нэг хаусанд бүр гучин цорго байсан бөгөөд тэдний усан хоолой, сувгуудын сүлжээ нь том хотуудаа цэвэр усаар элбэг хангаж байв. Ром руу хүргэж байсан усны хэмжээ өдөрт нэг хүнд гурван зуун галлон ноогдохоор их байсан нь өнөөгийн Ромын дундаж иргэний хэрэглээнээс бараг долоо найм дахин их. 

Ромчуудын хувьд ванн зүгээр нэг биеэ цэвэрлэх газар биш байлаа. Энэ тэдний хувьд өдрийг өнгөрүүлэх зугаа цэнгэл, амьдралын хэв маяг байв. Ромын халуун усны газруудад номын сан, дэлгүүр, дасгалын өрөө, үсчин, гоо сайхан, теннисны талбай, зуушны газар болон янхны газрууд байдаг байв. Нийгмийн бүхий л давхаргын хүмүүс түүгээр үйлчлүүлж байлаа. “Хүнтэй уулзаад түүнээс хаана усанд орсныг нь асуух түгээмэл байв” хэмээн Катэрин Ашэнбург Цэврийн тухай бохир хэмээх ариун цэврийн гялалзсан түүхийн номдоо өгүүлжээ. Ромын халуун усны газрууд асар том хэмжээтэй байв. Каракаллагийн халуун усны газарт нэгэн зэрэг мянга зургаан зуун хүн угаал үйлдэж байсан бол Диоклетианд гурван мянган хүн өлхөн багтаж байв. 

Усанд орохдоо ромчууд хэд хэдэн халаасан усан сангаар дамжин ордог байсан бөгөөд нэг үзүүрт нь хамгийн хүйтэн фрижидариум байх бол нөгөө хязгаарт калидариум оршино. Замдаа тухайн хүн ункториумд зогсож гоёмсог үнэртэй тос түрхүүлнэ, тэгснээ лакониум буюу уурын өрөөнд орж хамаг хөлсөө гаргана, арьсаа стригил хэмээх зүйлээр хусахад хамаг хир буртаг нь арилна. Энэ бүхнийг тогтсон нарийн жаягийн дагуу тусгай дарааллаар хийдэг байв. Түүхчид тэр дараалал нь чухам яг ямар байсан тухайд тийм ч санал нэгддэггүй нь тэдгээр нь газар газар, янз бүрийн үед өөр өөр байсных бололтой. Ромчуудын усанд орох дадлын талаар, тухайлбал боолууд нь чөлөөт иргэдтэй хамт усанд ордог байсан эсэх, хүмүүс хэр удаан усанд ордог байсан, мөн хэр дуртай байсныг бид мэдэхгүй. Ромчууд заримдаа усны чанар болон түүн дотор хөвж яваа зүйлсэд сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлж байснаас үзэхэд зүгээр ч таарсан усандаа умбаад байгаагүй мэт. 

Ромын халуун усны газрууд тогтсон хатуу жаягтай байсан нь эрүүл ахуйг хангахад чиглэсэн байв. Гэвч ромчуудын амьдрал назгайрахын хамт хамаа намаагүй болсон бөгөөд эрэгтэй эмэгтэй хүмүүс хамтдаа усанд орох юу ч биш болж. Зарим тохиолдолд эмэгтэйчүүд эрэгтэй боолуудтайгаа хамт умбадаг байсан бололтой. Тэнд юу болдог байсан нь нарийн тодорхойгүй ч ямар ч байсан тэр цагийн христ шашинтнуудад таалагддаггүй байжээ. Тэд ромын халуун усны газрыг “биеийг цэвэрлэвч сэтгэлийг бузарладаг” хэмээж байв. 

Христ мөргөлтнүүд өөрсдөө ариун цэврийн тал дээр их өөр ойлголттой ба бараг л бохир байдлыг тэнгэрлэг оршихуйтай адилтгадаг сонин заншилтай байв. 1170 онд гэгээн Томас Бэкэтийг нас барахад түүнийг оршуулсан хүмүүс “дотоож нь бөөсөөр язганаж байсныг” хүндэтгэлтэйеэ дурсчээ. Дундад зууны турш нэр хүнд олж авах хамгийн найдвартай зам усанд орохгүй байх амлалт байв. Хүмүүс англиас Ариун газар руу алхаж очдог байхад Годрик хэмээн хар лам замдаа ганц ч удаа биеэ норгоогүй тул Гэгээн Годрик хэмээх алдар хүртэж байж. 

Тэгтэл дундад зууны үед хаа сайгүй тахал дэгдэх болсноор хүмүүс ариун цэврийн талаарх бодлоо эргэж харахад хүрлээ. Харамсалтай нь хаа сайгүй буруу тийш дүгнэлтэд хүрсэн юм. Хамгийн ухаалаг хүн хүртэл усанд орсноор арьсны сүвүүд нээгдэж үхэл тээсэн хий, тоосонцор орно гэж үзжээ. Арьсны сүвүүдийг шороогоор бөглөснөөр өвчин эмгэгээс сэргийлэх боломжтой болж таарав. Түүнээс хойших зургаан зууны турш ихэнх хүн усанд ордоггүй, болж өгвөл бүр норохоос ч зайлсхийсэн бөгөөд энэ бүхнээ таатай байх аргагүй үр дагавраар төлсөн юм. Халдвар хүн бүхний амьдралын нэг хэсэг болов. Хатиг ердийн асуудал байв. Арьсны өвчин, тууралт байнга тохиолдоно. Маажуургүй хүн олдохуйяа бэрх. Ариун цэврийн орчин таагүй нь ноцтой өвчнүүд тааваараа дэлгэрэх боломж олгов. 

Хөнөөлтэй өвчнүүд дэлгэрч олон сая хүний аминд хүрснээ хачирхалтай нууцлагаар намжиж байлаа. Тэднээс хамгийн аймшигтай нь бубоник тахал (өвчтөний хүзүү, салтаа, суганд гөвдрүү татуулан хавддагаас тийнхүү нэрлэсэн); уушгины тахал гэсэн хоёр өвчин байсан юм. 

Английн хөлс гаргадаг өвчин хэмээх бидний мэдэхгүй тахал 1485, 1508, 1517, 1528 онуудад дэлгэрэн олон мянган хүний аминд хүрснээ дахин үзэгдэж, харагдахгүйгээр (одоог хүртэл) алга болсон. Түүний дараа 1550-иад онд “шинэ өвчин” гэдэг өөр нэгэн хачин өвчин “вант улсыг түйвээн маш олон хүний аминд хүрсний ихэнх нь чинээлэг хүмүүс байв” хэмээн нэгэн гэрч бичиж байв. Тэдгээрийн завсар заримдаа буудайн хордолтууд дэгдэж байсан нь хөх тарианы буудайны мөөгөнцрийн халдвар байв. Хордсон буудай хэрэглэсэн хүмүүсийн ухаан солиорч, татаж унаж, халуурч, дийлэнхдээ нас барна. Буудайн хордлогын хачирхалтай түүх үргэлжилсээр. Хордсон хүн яг л нохой хуцаж байгаа юм шиг бүгшүүлдэг тул “хуцах өвчин туссан юм шиг солиотой” гэсэн хэлц хүртэл англи хэлнээ оржээ. 

Тэр бүхнээс гэхдээ хамгийн хөнөөлтэй нь цэцэг өвчин байв. Тэр нь энгийн болон цус алддаг гэсэн хоёр үндсэн төрөлтэй. Хоёулаа ноцтой ч цус алдуулдаг хэлбэр нь (арьсан дээр гөвдрүү гарахаас гадна дотуур цус алддаг) илүү аюултай ба өвчлөгсдийн 90 хувь нь үхэж байжээ. XVIII зуунд цэцгийн тарилга гарах хүртэл Оросоос баруун тийших европт жил бүр 400 000 хүн амиа алдаж байсан гэдэг. Хүн төрөлхтөн өөр ямар ч өвчнөөр ингэж хиараагүй юм.

Амьд үлдэгсдийн ихэнх нь сохрох юм уу, аймшигтай сорвитой хоцорно. Зүв зүгээр үлдэх ч удаа бий. Уг өвчин өмнө нь олон мянган жил оршсоор байсан ч XVI зуунаас л европт түгээмэл болсон юм. Англид анх 1518 онд тохиолджээ. Цэцэг тусахад эхлээд гэнэт халуурч, өвдөж, ам цангаж байв. Гурав дахь өдөр орчмоос биеэр туурах ба хэр хэмжээ нь хүн хүнд өөр. Азгүй тохиолдолд тэр чигтээ туурч байлаа. Тун ноцтой тохиолдлуудад өвчтөн бараг тэр чигтээ том ногоон толгойтой идээн бөмбөлөг болон хувирч байв. Энэ үе шатанд бүр өндөр халуурч, гөвдрүүнүүд хагарч, муухай үнэртэй идээ ялгаруулдаг. Хэрвээ өвчтөн үүнийг даван гарч чадвал ихэнхдээ амьд үлддэг. Гэсэн ч асуудал дуусах болоогүй. Шархнууд дараа нь битүүрснээ хамгийн шаналгаатай байдлаар загатнаж эхэлнэ. Гөвдрүүний тав нь хууларч унасны дараа л тухайн хүнд хэр муухай сорви үлдэж байгаа нь мэдэгддэг. Хатан хаан Элизабэт залуу бүсгүй байхдаа цэцэг өвчин тусаж бараг үхэх дөхсөн ч дараа нь ямар ч сорвигүй бүрэн эдгэсэн юм. Харин түүнийг асарч байсан найз хатагтай Мэри Сиднэйг аз дайрсангүй. “Намайг явах үед тэр нүд дүүрэн, царайлаг хатагтай байсан. Харин буцаж ирэхэд минь тэр цэцэг өвчин л үлдээж чадах аймшгийн төрхтэй болсон байв” хэмээн нөхөр нь бичжээ. Английн пенни зоосон дээрх гоо дагина Британниагийн эх загвар болж байсан Ричмонд хэрцогийн эхнэрийн нүүр зууны төгсгөлд цэцэг өвчнөөс болж шал өөр болж байсан юм. 

Гэвч цэцэг өвчин бусад олон өвчнийг хэрхэн эмчлэхтэй холбоотой маш их сургамж үлдээсэн юм. Идээ гарч байсныг нь хүмүүс бие дотор нь байгаа хор гадагшлах үйл явц гэж үзэж байсан тул толгойнуудыг нь цус гартал шахаж, хөлрүүлж, цэвэрлэж, хатгаж цоолж байв. Энэ аргаа цэцэгтэй төстэй бусад бүх тууралт, яранд хэрэглэдэг болсон нь сайжруулахаасаа илүү дордуулдаг байв. Цэцэг өвчнийг “жижиг яр” хэмээн нэрлэж байсан нь илүү том тууралт болох тэмбүүгээс ялгах зорилготой.

Эдгээр өвчин бүгдээрээ бие угаахтай шууд ч холбоогүй. Тэмбүү бэлгийн замаар халдварладаг гэдгийг мэдэж байсан ч их төлөв халуун усны газруудтай холбож ойлгож байв. Биеэ үнэлэгчдийг халуун усны газарт зуун алхмын дотор ойртохыг нь хориглоод хүртэл үзжээ. Эцэстээ европын бараг бүх халуун усны газар бүрэн дампуурсан юм. Халуун усны газаргүй болсон тул хүмүүс биеэ угаахаа ч болив. Ер нь ч тэгээд ихэнх нь угаадаг ч үгүй байсан биз дээ. Биеэ угаах гэж юу байдгийг мэддэггүй байсан юм биш л дээ, гагцхүү тун яльгүй зарим хэсгээ л угаадаг байв. “Гараа байнга угаа, хөлөө хаяа, харин толгойгоо хэзээ ч бүү угаа” гэсэн үг англичуудын түгээмэл зүйр үг байв. Хатан хаан Элизабэт сард нэг удаа “хиртсэн ч хиртээгүй ч байсан хамаагүй” усанд ордог талаар хүмүүс нүдээ бүлтийлгэн ярьж байв. Жон Эвэлин хэмээх тэмдэглэл хөтлөгч ихэд тээнэгэлзсэнийхээ дараа жилд нэг удаа үсээ угаах шийдвэр гаргаж байв. Харин эрдэмтэн Робэрт Хүүк хөлөө байнга угаадаг ч (сэрүүцүүлдэг юм гэж тэр ярьдаг байв) шагайнаасаа дээш нэг их норгож байгаагүй юм шиг байдаг. Сэмүэл Пэпис арван есөн жил хагасын турш өдрийн тэмдэглэл хөтлөхдөө эхнэрээ усанд орсон талаар ганц л удаа бичсэн юм. Францын XIII Лүи хаан бараг 1608 онд долоон насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх хүртэл усанд ороогүй байлаа. 

Хүмүүс нэгэн үе усыг эмчилгээний шугамаар л ашиглаж байв. 1570-аад онд Баат, Бакстон хоёр хэдийн алдартай сувиллын рашаан болоод байсан ч тэр үед хүртэл хүмүүс тээнэгэлзсээр байв. “Нэг усанд тийм олон хүн орж байгаа газар цэвэрхэн байх аргагүй” хэмээн Пэпис 1668 онд бичиж байв. Тэгсэн хэдий ч таалагдсан тул тэрээр усанд анх орон хоёр цаг болсныхоо дараа өөр хүнд мөнгө төлөн өрөө рүүгээ өргүүлж очоод алчуурт боолгуулж байв. 

Европчууд шинэ ертөнц рүү олноороо айлчилж эхэлснийх нь дараа индианчууд тэдний “муухай үнэрийг” гайхан үглэдэг байв. Индианчуудыг хамгийн их гайхашруулдаг зүйл нь европчууд маш гоё алчуур гаргаж ирснээ түүн рүүгээ нусаа нийнгүүтээ яг л эрхэм дурсгалаа хадгалж байгаа аятай нандигнан боогоод буцааж өвөртөлдөг явдал байв. 

Ариун цэврийн зарим нэг стандарт гэхдээ байсаан. I Жэймс хаан гагцхүү хурууныхаа үзүүрийг л нойтон алчуураар норгодгоос өөрөөр усанд ойртдоггүй, тэгэхдээ бас их ярвайдаг байсан тухай нэг хүн бичжээ. Усны тухайд ярвагараараа бүр ч алдартай хүмүүсийн нэг нь Норфолкийн XI хэрцог бөгөөд тэрээр саван, ус хоёрыг эрс эсэргүүцдэг байсан ба зарц нартаа гагцхүү тасартлаа уугаад согтсон хойно нь л үрж угааж байхыг үүрэгдсэн ажээ. 

Зурагт хуудас зураач Томас Пэйн хирэндээ баригдсан байсан нь юу ч биш. Түүнээс ч боловсон гэгддэг Жэймс Босвэлын үнэр танар юунд л бол юунд дассан тэр цагийн хүмүүст хүртэл гайхагдахаар байсныг төсөөлөөд нэг үз дээ. Гэхдээ Босвэлыг хүртэл давж гарсан хүн байсан нь Маркиз д’Аргэнс бөгөөд тэрээр нэг дотоожоо маш олон жил өмссөн ба хожмоо дотоожийг нь тайлуулахаар ятгасны дагуу тайлахад “арьс нь цуг хууларч” байсан гэдэг. Зарим хүн бүр хир бохироороо бахархаж байв. Хатагтай Мэри Вортлэй Монтагу хэмээх сод аялагч авхай зэгсэн бохир байсан агаад гараа угаахад нь ямар их хир гарч байгааг шинэ танил нь хараад гайхахад тэрбээр “Хөлийг минь харвал чи бүр юу гэх болоо?” хэмээн хөгжилтэйеэ хүүрнэж байв. Ихэнх хүн уснаас ерөнхийдөө ихэд бэргэнэ. Хэнри Дринкэр хэмээх Филадэлфийн шинийг санаачлагч 1798 онд цэцэрлэгтээ усны шүршүүр байрлуулсан ч эхнэр Элизабэт нь түүнд оролгүй бараг жил гаруй болсныгоо “Өнгөрсөн хорин найман жил бүх биеэрээ нэг зэрэг норж” үзээгүйтэйгээ холбон тайлбарлаж байлаа. 

XVIII зуунд усны онгоцонд залрах хамгийн найдвартай арга солиорох явдал байлаа. Галзуучуудыг ханатал нь усанд булхуулж байв. 1701 онд Сэр Жон Флойэр хүйтэн усаар олон төрлийн эмгэг эмчилж болно гэж зарласан юм. Тэрбээр хүнийг цэв хүйтэн усанд оруулах юм бол “айж цочих” ба энэ нь хүний мохсон, ядарсан мэдрэмжийг дахин сэргээдэг гэж тайлбарлаж байв. 

НЭПКО хэвлэлийн газар