Хятад мөрөөдөл
Миний бодлоор XXI зуунд өрнөж буй Хятад-Америкийн өрсөлдөөн мөрийтэй тоглоом гэхээсээ илүүтэй уралдаан наадам юм.
Люгийнхээр бол, Хятад орон хэчнээн “энх тайвнаар мандан бадарлаа” ч гэсэн Хятад-Америкийн харилцаанд зөрчил зайлшгүй. Энэ хоёр гүрний харилцаа “холын зайн марафон”, “зууны халз тулаан” байх болно.
-- Хэнри Киссинжэр, Хятад
“[Хятад мөрөөдөл] барууны ертөнцөд буруугаар ойлгодог, Америкийн хяналтад байсаар буй Номхон далайн бүс нутагт тодрон гарч ирсэн Хятадын хөгжлийн замнал буюу стратегийг таниулжээ. [Лю] “Хятадын аюул” гэх хэвшмэл ойлголтыг няцаагаад Хятад-Америкийн өрсөлдөөн зайлшгүй төдийгүй, “найрсаг дэлхий”-г цогцлооход Хятадын манлайллын үүрэг ямар байхыг зурагласан байна.
- Доктор Жэймс С.Сюн, Нью Йоркийн их сургуулийн
Улс төр, олон улсын эрхзүйн профессор
Хятад мөрөөдөл: Америк туйлт ертөнцийн дараах хүчний хуваарилалт, стратеги байр суурь номд Хятад-Америкийн харилцаан дахь он удаан жилийн, зайлшгүй зөрчил хийгээд эдийн засаг, цэрэг зэвсэг, соёлын талбарт дэлхийд давамгайлахын төлөө хоёр гүрний хооронд өрнөх “зууны халз тулаан”-ыг нягтлан авч үзжээ. Хятадын цэргийн нэр хүндтэй мэргэжилтэн, эрдэмтэн судлаачийн туурвисан уг ном Хятад улс түүхэн сүр хүчээ дахин бадруулж, дэлхийд одоогоор тэргүүлэгч гүрэн АНУ-ын байр суурийг эзлэх стратегийг тодорхойлсон байна.
Анх 2010 онд Бээжинд хэвлэгдсэн Хятад мөрөөдөл ном олон улсын түвшинд Хятад тэргүүтэй дэлхий ертөнцийн ирээдүйн тухай академик мэтгэлцээн өдөөсөн билээ. Энэхүү ном нь Хятадын их гүрний ирээдүйн асуудлаар илүү гүнзгий ойлголт өгөхийн сацуу ХXI зууны Хятадын стратегийн зорилтуудыг танин мэдэхэд чухал ач холбогдолтой юм.
Лю Минфү бол Хятадын Ардын Чөлөөлөх армийн чөлөөнд гарсан хурандаа, Хятадын Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн профессор, тус сургуулийн Цэрэг армийн судалгааны төвийн хүрээлэнгийн захирал асан юм. Тэрээр мөн нэртэй зохиолч, илтгэгч, цэргийн явдлын тоймч билээ.
Лю Яажоу бол Хятадын Ардын Чөлөөлөх армийн дэслэгч генерал, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн улс төрийн комиссар юм. Чөлөөт сэтгэгч, шинэчлэгч үзэлтний хувьд Хятадад ардчилал, ил тод байдлыг дэмжин сурталчилдаг.
Хятад-Америкийн өрсөлдөөн энэ зууныг тодорхойлох гол үйл явдал байж, өрсөлдөгч талуудын хувьд үйл явц нь далайцтай, үр дүн нь гайхамшигтай, өргөн цар хүрээг хамран удаан үргэлжилнэ. […] Энгүй уудам Номхон далайгаар тусгаарлагдан орших, бяртай, залуу Америк ба хүчирхэг, нэн эртний түүхт Хятад улсууд дэлхийд тэргүүлэгч гүрний байр суурийн төлөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том шатрын өргийг эхлүүллээ. […] Үр дүнд нь дэлхий дахин шинэ эрин үед дэвшин орох зам тодорхой болох юм.
-Лю Яажоу Өмнөтгөлд
XXI ЗУУНЫ ИРҮҮ ТУЛААН
ЛЮ ЯАЖОУ
Хятадын талаарх чухал асуудлуудаар Ерөнхийлөгч Обамад зөвлөгч асан, алдарт “хятад судлалын мэргэжилтэн” Дэвид Ламптон Америк, Хятад улсууд хүссэн хүсээгүй “аз сорьсон” түүхэн тоглоомд татагдан орсон гэж нэгэнтээ мэдэгдсэн юм. ХХI зуунд АНУ эдийн засаг, улс төрийн байр сууриа хадгалахыг чармайн ажиллах хэдий ч Хятад Улс бас нэгэн хүчирхэг гүрэн болон өндийж Америкийн тэргүүлэх байр суурийг ганхуулах болно. Хятад Улс хөгжин дэвших замд нь АНУ дэмжинэ гэж, Америк нь хүчтэй, идэвхтэй түнштэй байх нь олон улсын түвшинд үүрэг хариуцлагаа хуваалцах, ашиг сонирхолд нь аюул занал учруулахгүй байх болно гэж үзэх нь чухал. Ламптоны үзэж буйгаар Хятад, Америк хоёр улс хоёулаа үзэл баримтлалаа дэлгэж тавьсан бөгөөд одоогийн байдлаар хамгийн рациональ зарчим баримталж байна. Гэхдээ тодорхой нөхцөл болзолтойгоор асуудалд хандах нь бүхнээ алдахад хүргэх эрсдэлтэй. Алдах уу, онох уу гэдгийг шийдэх гол хүчин зүйл нь хоёр орны улстөрчид, ард иргэд нь хэр зэрэг хүчин чармайлт гаргах, ухаалаг хандлагаас хамаарна.
Миний бодлоор XXI зуунд өрнөж буй Хятад-Америкийн өрсөлдөөн мөрийтэй тоглоом гэхээсээ илүүтэй уралдаан наадам юм. Хөгжлийн үр шимийг хэн нь илүүтэй хүртээж, илүү хурдан хүчирхэгжиж чадсан нь хүн төрөлхтний хөгжлийг удирдан залуурдах эрх мэдлийг атгах болно.
Мөрийтэй тоглоом ч бай, уралдаан тэмцээн ч бай, Хятад, Америкийн XXI зууны өрсөлдөөн хүн төрөлхтний түүхийн шинэ эрин юм. Номхон далайгаар хэдэн мянган бээр алслагдсан гүргэр хэдий ч залуухан Америк, чанд бас эртний үндэстэн Хятад улсууд хүний түүхэн дэх хамгийн нүсэр, эрх мэдлийн төлөөх уралдаанд оржээ. Энэ уралдааныг мөрий гэвэл хамгийн алдартай тоглогчид, тэмцээн гэвэл хамгийн шилдэг тамирчид, оролцогчид нь юм. Оршин буй тивийнхээ манлайлагчид болох Америк, Хятад хоёр улсын XXI зууны дэлхийд тэргүүлэгч гүрэн болохын төлөөх энэхүү өрсөлдөөн нь түүхэнд байгаагүй хүчний тулаан билээ. Хэн ялахаас үл хамааран энэхүү өрсөлдөөний явцад Америк, Хятад хоёр улс хөгжин дэвшиж хүний нийгэм олон шинэ зорилго зорилттой тулгаран, энэ хэрээрээ дэлхий ертөнцийн дүр төрх эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдөх болно.
АНУ, БНХАУ хоёр улс өрсөлдөж буй боловч тэд дайснууд, эсрэг тэсрэг дүрүүд огт биш, “Хятад мөрөөдөл” нь Америкийн хар дарсан зүүд бас биш юм. Нэйшнл Журнал сэтгүүлийн 2009 оны зургадугаар сарын 3-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн Америкийн дараа: Хятадын зуун өгүүлэлд: “АНУ-ын хувьд Хятадын зуун нь мөхөл, сүйрэл гэсэн үг мөн үү? Америкчуудын хувьд энэ айдас өргөн тархсан хэдий ч Хятадын хөгжил дэвшил тэдэнд эерэг түлхэц болж болох юм. Америкчууд нэг өглөө сэрээд дэлхийд тэргүүлэгч гүрний байр суурийг нь Хятад эзэлснийг мэдэх юм бол аль дээр хийх ёстой байсан өөрчлөлтөө хийх ёстой гэж үзэх ч юм бил үү... Хятад улс дэлхийн тэргүүлэх гүрэн болсноор Америкийн эдийн засаг эрүүл хурдаар өсөхгүй гэсэн логик дүгнэлт байж болохгүй”. Хятад-Америкийн өрсөлдөөн энэ зууны өнгийг тодорхойлохоос гадна хоёр улсын хувьд уг үйл явц гайхамшигтай, гарах үр дүн нь гайхалтай, урт хугацааны, өргөн хүрээг хамарсан байх болно. Хятад, Америк улсууд XXI зууны хөгжлийг түүчээлэгчийн байр суурины төлөө тэмцэлдэж буй. Үр дүнд нь дэлхий дахин шинэ эрин зууны хөгжлийн замаа тодорхойлох болно.
ЗУУНЫ ТУЛААН
Өнөөгийн дэлхий ертөнцөд тогтсон дэг жаягийн хүрээнд үндэстэн хоорондын өрсөлдөөний талбарт хамгийн хүчтэй, хамгийн цэцэглэн хөгжиж буй улсыг улс орнуудыг тэргүүлсэн үндэстэн гэж үздэг. Зарим үндэстэн эрин үеийнхээ хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, даяар дэлхийн хэмжээнд хязгааргүй нөлөөтэй байна. XXI зуунд манлайлагч үндэстний байр суурийн төлөө АНУ, БНХАУ хоёр өрсөлдөх болно.
I. Нэгэн зуундаа эзэн суусан аваргууд
Эдгээр тэргүүлэгч гүрнүүдийн мандан бадрал, уналт доройтол нь нийтлэг нэг өгөгдөлтэй, тогтмол хуультай. Өөр өөр талбарт манлайлсан улс гүрнүүд өөр өөр дүр төрхийг харуулдаг. Эдгээр улсуудын байр суурь нь чухам дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөнд бий. Өнгөрсөн 50 жилийн туршид өсөж өндийсөн хүчирхэг улсуудын сонгодог жишээ XVI зууны Португал, XVII зууны Холланд, XVIII-XIX зууны Нэгдсэн Вант Улс, XX зууны Америк юм. Харин XXI зуунд БНХАУ тэргүүлэгчээр тодрох болно.
Том улс гүрний хөгжил цэцэглэлтийг өдөөгч хүчин зүйлс
Даяар дэлхийн хөгжил дэвшил үндсэндээ улс орнуудын өрсөлдөөнөөс эхтэй. Анги бүлэг хоорондын тэмцэл, байгууллага хоорондын өрсөлдөөн, нийгмийн давхраажилт хоорондын уралдаантай нэгэн ижлээр үндэстэн хоорондын өрсөлдөөний ачаар аугаа үндэстэн өсөж өндийдөг.
Харвардын Кэннэдигийн сургуулийн эрдэмтэн Жозэф Най “Зарим түүхчид Европ тивд барууны улс үндэстнүүдийн өрсөлдөөн зөнгөөр, тасалдаагүй хөгжлийг авчирсан гэж үздэг. Ази тивд Хятадын тэргүүлэгч байр суурьтай өрсөлдөх улс байгаагүй, умардын довтологчидтой асуудлаа үргэлж дотооддоо шийдэж ирсэн нь газар нутгаа тэлэх сэдэл үүсгээгүй болно. 1500 жилийн өмнө Зүүн Азид Хятад хамгийн хүчирхэг гүрэн байсан билээ. Европ тивийнхэн тэнгис далайг дөнгөж эзэмшиж эхэлж байхад хятадууд далай тэнгисийн аяллаа хумьж байв. Барууны хүчирхэг гүрнүүд яагаад шинэ газар нутагт хүрээгээ тэлснийг үүгээр тайлбарлаж болно.” гэж дүгнэжээ. Жозэф Найн хувьд барууны ертөнцийн хөгжил цэцэглэлтийн учир шалтгаан нь ширүүн өрсөлдөөн байсан юм. Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр Барууны ертөнц чин эрмэлзлээ олж авч, амьдрах чадвараа сайжруулжээ. Энэ үед Азид өрсөлдөөн байхгүй байсан учраас хөгжлийн эрч суларч, зогсонги байдалд орсон байна.
Өнөөдөр дэлхийн дэвжээнд өмнөх үеэс хавьгүй олон улс үндэстэн өрсөлдөж буй. Олонд танигдсан, улс төрийн хувьд бие даасан улс үндэстнүүд XX зууны туршид аажмаар бий болжээ. Хэрэв 1930-аад онд дэлхий дээр тусгаар тогтнолоо зарласан 60 орон байсан бол XX зууны төгсгөл гэхэд энэ тоо 190-д хүрч, 2002 оны есдүгээр сар гэхэд НҮБ 191 гишүүнтэй болжээ. 2008 оны тоо баримтаар дэлхий дээр тусгаар тогтносон 225 улс орон байгаагаас 194 нь тусгаар улс, 31 автономит бүс нутаг эзэлж байна. Дэлхий ертөнц улс орнуудын өрсөлдөөний үр дүнд урагшлан хөгжиж байгаа. Дэлхийн ард түмний тэсэж үлдэх чадвар, чин эрмэлзэл, бүтээлч байдал нь даяар ертөнцийн хөгжил дэвшлийн үндсэн хөдөлгөгч хүч мөн.
Үндэстэн улсууд хоорондоо том, бага зорилгод хүрэхийн төлөө өрсөлддөг. Америкийн олон улсын харилцааны нэртэй мэргэжилтэн Кеннет Волцын үзэж буйгаар улс үндэстэн гэж “хамгийн багадаа олон чиглэлээр тэсэж үлдэхийн төлөө тэмцдэг, хамгийн томдоо бусад улс үндэстний өмнө гишгэн дэлхийд манлайлахын төлөө тогтмол үзэлцдэг бодгаль” юм. Улс орны хамгийн бага зорилт нь амьд үлдэхийн төлөөх тэмцэл байдаг бол алсын том зорилго нь хөгжлөөрөө бусад улсын урд гарах явдал билээ. Дэлхийд тэргүүлэгч, өрсөлдөөнд ялагч болох нь аливаа улс үндэстний өрсөлдөөнд орж буй зорилго, өрсөлдөх чадварын илэрхийлэл болдог.
НЭПКО хэвлэлийн газар
Зочин
Зочин
Иргэн
Зочин
Зочин
Зочин