Эрүүл биеийн соёл
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт нас баралтын 1/3 нь хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед маш хурдацтай газар авч байгаа чихрийн шижин өвчин мөн л хөдөлгөөний дутагдал, хэт таргалалттай холбоотой. Эцэст нь дэлхийн хамгийн баян хүний нэг Стив Жобс нас барахынхаа өмнө ямар ч мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл бол эрүүл мэнд гэж бичсэнийг сануулахад илүүдэхгүй байх.
Хэдэн жилийн өмнө бичиж байсан нийтлэлд хөндсөн сэдэв өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй тул
уг нийтлэлээ бага зэрэг засварлан дахин уншигчдад хүргэе гэж бодлоо.
Биеийн тамирын хичээлийг оросууд “урок физической культуры” буюу “урок физкультуры” гэж нэрлэдэг. Үүнийг нь “бие бялдрын соёлын хичээл” эсхүл “эрүүл биеийн соёлын хичээл” гэж орчуулж болох. Биеийн тамирын хичээл нь хүүхэд, залуучуудыг гол нь биеэ зөв хөгжүүлэх, эрүүл чийрэг авч явах соёлд сургах зорилготой учраас “соёл” гэдэг үгийг хэрэглэсэн гэж ойлгож байна. Яагаад энэ тухай бичээд байна гэхээр Монголыг сайн мэдэх нэгэн танил гадаад нөхөр манайд сүүлийн жилүүдэд илүүдэл жинтэй хүмүүс олширсныг гайхан хэлснээс болж энэ тухай яриа болсон юм. Энэ нь нэгдүгээрт, бидний хэрэглэдэг хоол хүнс эрс өөрчлөгдөж сайжирсан ч юм уу, ямар ч байсан таргалуулдаг хоол хүнс их хэрэглэх болсон; хоёрдугаарт, хөдөлгөөний дутагдалд орсонтой холбоотой (өнөөдөр хүмүүс бараг бүгд л явганаар биш машинаар, шатаар биш лифтээр явах болж). Гадаадад, ялангуяа хөгжингүй орнуудад тарган хүмүүс ажилд ороход хэцүү болсон гэнэ. Өөрийн биед (эрүүл мэнддээ гэж ойлгож болно) анхаарал тавьж чадахгүй хүн хариуцсан ажилдаа бас тийм байх магадлалтай гэж үздэг болсон юм байх. Үүнээс ургуулаад энэ талаар өөрийн санаа бодлоо хуваалцах гэсэн юм.
Эрүүл биеийн соёл ба төр, засаг. Манай ихэс дээдэс дээр үеэс харьяат албатуудаа байнгын байлдааны бэлтгэлтэй байлгахыг хичээдэг байсан. Олон зуун жилийн уламжлалтай эрийн гурван наадмыг дайн байлдаанд бэлтгэх сургууль төдийгүй хүн бүрийг бага наснаас нь хамруулдаг байсан биеийн тамирын хичээл гэж үзэж болно. Харин социализмын үед бол хүн бүр ХБХБ (хөдөлмөр, батлан хамгаалахад бэлэн) норматив биелүүлэх үүрэгтэй байлаа. Үүний гол зорилго нь хүн амыг эрүүл байлгах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, ингэснээр улс ардын аж ахуйг эрүүл чийрэг ажиллах хүч, хүн амыг цэргийн анхан шатны мэдлэгтэй болгох явдал байсан юм. Харамсалтай нь өнөөдөр ХБХБ бүр мартагджээ. Манай ХБХБ нь зөвлөлтийн ГТО (готов к труду и обороне)-гийн хуулбар л даа. Сониноос оросууд ГТО-гоо сэргээж 2018 оноос мөрдөж эхлээд байна. Бид ч гэсэн ХБХБ-ээ сэргээмээр байгаа юм. Хүн амыг эрүүл чийрэг байлгах нь төр, улсад ямар ашиг тустайг дахин давтан нуршаад яахав.
Сүүлийн үед манайхан, ялангуяа залуучууд эрүүл мэнддээ буюу эрүүл биеийн (бие бялдрын ч гэж болох) соёлд нилээд анхаарах болсон нь сайн хэрэг. Фитнес, йогоор хичээллэгчид олширч байна. Явган алхдаг, дугуй унадаг хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Харин үүнд төр, засгийн оролцоо, дэмжлэг гэх зүйл одоохондоо бараг харагдахгүй байгаа юм. Эрүүл байх соёл нь ерөнхий соёлын салшгүй хэсэг учраас түүнийг хөгжүүлэх орчныг бий болгох нь төр, засгийн үүрэг. Янз бүрийн хөтөлбөр, нормативууд баталж болно. Гол нь материаллаг баазыг нь бий болгоход анхаарах хэрэгтэй байна. Жишээ нь, орон нутгийн засаг захиргаадын ажлыг дүгнэхдээ гүйлт, дугуйны зам, биеийн тамирын талбай хичнээнийг байгуулсныг харгалздаг болох.
Социализмын үед улс орон хэдийгээр хөрөнгө мөнгө муутай байсан ч нийтийн биеийн тамирт их анхаардаг байж. Хот, хөдөөгийн сургууль бүрийн дэргэд биеийн тамирын талбай, орон сууц, зуслангуудын гадаа сагс, гар, хөл бөмбөгийн талбайтай байлаа. Одоогийнх шиг олон сувагт TV, компьютер байгаагүй болоод ч тэр үү, хүүхдүүд хичээл тараад л эдгээр талбай дээрээ тоглож өдрийг өнгөрөөдөг учраас тэр үеийн хүүхдүүд илүү спортлог байв. Өнөөдөр байдал өөрчлөгдсөн хэдий ч гол нь хүмүүс өөрсдөө л хичээх хэрэгтэй байх.
Улаанбаатарт ялангуяа хагас, бүтэн сайн өдрөөр мянга мянган хүн Зайсангийн ам өгсөөд Богд ууланд гардаг болсон нь үнэхээр сайшаалтай. Тийшээ гарах зам, маршрутыг манай ямар ч дарга зааж өгөөгүй, иргэд өөрсдөө л сонгосон. Харамсалтай нь тэр хавийг тохижуулах тал дээр эрх баригчид хангалтгүй ажиллаж байна. Өнгөрсөн жил машины хоёр зогсоол л барих шив дээ. Хэрвээ энэ хавийг төрийн хамгаалалттай үндэсний парк болгоод хүмүүсийн алхдаг замын дагуух “муухай царайтай” шавар овоохойнуудыг буулгаж хүүхдийн болон спортын талбайнууд байгуулж тохижуулах юм бол олон мянган нийслэлчүүд талархлыг хүлээнэ гэдгийг хотын удирдлагууд эрхбиш ойлгож байгаа гэж найднам.
Эрүүл байхын чухлыг ухуулан сурталчлах. Эхлээд манай нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Эрүүл ба жаргал” шүлгийг уншигчдад сануулмаар байна:
Жаргалан жаргалан жаргалан
Энэ ертөнцийн түмэн жаргалан
Түүний дотор чухам жаргалан
Эрүүл энхийн нэгэн жаргалан
Залуу бие эрүүл бол
Өдөр бүр амгалан ...
Өтгөс өвгөд эрүүл бол
Насан бартал амар ...
Жаргалыг хүсвэл
Эрүүлийг хүс ...
Эрүүл байхын чухлыг үүнээс илүү яаж ч бичих билээ. Хүмүүст ялангуяа хүүхэд, залуучуудад эрүүл чийрэг байх гэдэг бол том соёл шүү гэдгийг янз бүрээр байнга ухуулан таниулах хэрэгтэй. Өнөөдөр бас нааштай зүйлүүд байна аа байна. Залуучууд үнэтэй хувцсаар гэхээсээ илүүтэй эрүүл чийрэг биеэрээ гоёж гайхуулах боллоо. Спортлог, эрүүл чийрэг биетэй залуучууд их болж. Спортлог дүр төрх нь тэдний имижэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Ийм болохын тулд мэдээж муу зуршлаасаа салж биеийн тамираар их хичээллэх хэрэгтэй л дээ. Ингэснээрээ мөн чөлөөт цагаа зөв өнгөрөөж сурч байгаа юм.
Энд бас их спортын талаар товч дурдах нь зүйтэй гэж бодож байна. Их спортын хамгийн гол зорилго бол олон түмэнд биеийн тамирыг сурталчлах явдал гэж хэлж болох. Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнүүдийн дараа спортоор, биеийн тамираар хичээллэгсдийн тоо эрс нэмэгддэг нь үүний илрэл. Ялангуяа өөрийн орны тамирчин сонирхдог спортын төрлөөр нь амжилт гаргавал тэр төрлийн спортоор хичээллэгсдийн тоо эрс нэмэгддэг. Жишээ нь манай жүдочид олимп, дэлхийн аваргад амжилттай барилдаж байгаа учраас жүдогоор хичээллэдэг хүүхдийн тоо эрс нэмэгдлээ. Гэхдээ хичээллэсэн болгон нь амжилт гаргахгүй л дээ. Их спортоор амжилт гаргахын тулд түүнд амьдралаа зориулах хэрэгтэй болно. Их спортын тамирчин болно гэвэл сонгосон спортын төрөлдөө маш сонирхолтой, бас түүндээ тохирсон байгалийн өгөгдөхүүнтэй байх хэрэгтэй.
Би өөрөө төгс ”амьтан” болчихоод үүнийг бичээд байгаа юм биш. Мэдсээр байж муу зуршлуудаасаа салж чадахгүй л байна. Гэхдээ залуу байхдаа спортоор хичээллэх гэж аядсан, байнгын дасгал хийдэггүй ч хааяа ууланд алхах, дугуй унах зэргээр дасгал хөдөлгөөн хийх гэж оролддог учраас бас чиг гайгүй, илүүдэл жин багатай. Нас ахиад ч тэр үү эрүүл байх нь хамгаас чухал гэдгийг илүү ойлгох боллоо. Ер нь эрүүл байна гэдэг бол бас хариуцлагын асуудал юм байна. Өвдчихвөл өөрөө зовохоос гадна ойр дотны хүмүүсээ мөн зовооно. Аргалах аргагүй өвчин тусчихвал өөр хэрэг, харин өөрөөсөө болж өвдөж болохгүй гэдэг нь эрүүл байхын соёл юм гэж хэлэх гээд байна л даа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт нас баралтын 1/3 нь хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед маш хурдацтай газар авч байгаа чихрийн шижин өвчин мөн л хөдөлгөөний дутагдал, хэт таргалалттай холбоотой. Эцэст нь дэлхийн хамгийн баян хүний нэг Стив Жобс нас барахынхаа өмнө ямар ч мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл бол эрүүл мэнд гэж бичсэнийг сануулахад илүүдэхгүй байх.
Уншигч
Зочин
Уншигч
Буяа