Ерөнхийлөгч хориг тавих тухай бичгээрээ Сангийн сайдаас “ам асуужээ”
ДНБ-ий 33 хувьтай тэнцэх зарлага бол цар тахалгүй үед ч “галзуурмаар” үрэлгэн байдал мөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьжээ.Ерөнхийлөгч хоригтоо “Цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор өөрчилж мэдэх эгзэгтэй хүнд үе тулгарч байна” хэмээн Covid 19-ийн аюулд онцгой ач холбогдол өгсөн байна. Тэрбээр 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзжээ. Ерөнхийлөгчийн хориг ийм хэмжээний шүүмжлэл дагуулах нь тодорхой байсан бөгөөд уг хоригийн тухай мэдээ албан ёсны сайтад нь нийтлэгдсэн. Гол мессеж нь “Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж эрсдэлийн сан байгуулах санаачилга”-ыг дэвшүүлсэн. Энэ нь төсөвт баталсан 13 их наяд 951.6 тэрбум төгрөгөө долоон их наяд болгож бууруул гэсэн үг. ДНБ-ий 33 хувьтай тэнцэх зарлага бол цар тахалгүй үед ч “галзуурмаар” үрэлгэн байдал мөн.
Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсөв УИХ-ын сонгуульд зориулагдсан, татвар төлөгчдийн мөнгийг гишүүдийн тойрогт авлига мэтээр хуваарилсан хэтэрхий өндөр зарлагатай, зарлагадаа тохируулж үндэслэл муутай, хэзээ ч бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөсөн маш эрсдэлтэй төсөв болохыг шүүмжлэн төсөв хэлэлцэх үед хориг тавьж байсан билээ.
Энэ удаад ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэсэн байр суурьтай гишүүн цөөнгүй байгаа ч УИХ-аар албан ёсоор шийдвэрээ гаргах биз.
Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын 2021оны төсөвт хориг тавих тухай УИХ-ын дарга Г.Занданшатарт ирүүлсэн албан бичгээс харахад УИХ, Сангийн сайд “амаа асуулгахаас аргагүй” нөхцөл байдалд өөрсдөө орсныг хатуу сануулсан байдал мэдрэгдэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгч 2020 оны 3дугаар сарын25-нд Covid 19-ийн цар тахлын нөлөөтэй уялдуулан 2020 оны төсөвт тодотгол хийж тэвчиж болох бүх зардлыг танах, хямралын эсрэг тусгай сан байгуулах, уг санд төвлөрсөн хөрөнгийг оновчтой, ил тод, хяналттай зарцуулах уриалга гаргасан. Харамсалтай нь Сангийн сайд “Төсөвт тодотгол хийхгүй” гэсэн муйхар мэдэгдэл гаргаж, сонгууль дуустал хуучин төсвөөрөө явсаар үнэнд гүйцэгдмэгц буюу 2020 оны 8 дугаар сард 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай, ганцхан жилийн дотор 1.7 тэрбум орчим ам.долларын өр үйлдвэрлэхээс аргагүй нөхцөл байдалд улс орноо оруулсан, эрх мэдэл, албан тушаалдаа үлдэх сонгуулийн явцуу зорилгод нийцсэн төсвийн тодотгол баталсан.
Миний бие энэхүү хариуцлагагүй төсвийн тодотголыг хүлээн зөвшөөрөх аргагүй байсан хэдий ч хориг тавьсан тохиолдолд цар тахалтай холбоотой хорио цээрийн дэглэм, хязгаарлалтаас үйл ажиллагаа нь доголдож хүндэрсэн иргэн, ААН-үүдэд төрийн байгууллагуудын зүгээс улс төрийн зорилго бүхий хүндрэл бэрхшээл учирч болзошгүйг харгалзан 2021оны төсвөөр алдаа завхралаа засахыг зохих түвшинд нь анхааруулан мэдэгдэж өнгөрсөн” гэжээ.
Гэвч 2021оны төсөвт “өршөөж өнгөрүүлсэн” гэх шаардлагууд нь огтхон ч туссангүй. Төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоогоогүй! Үрэлгэн байдлыг халаагүй!Улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитой дүгнэж төсвийн бодлогод тусгаагүй! Цар тахал нүүрлээгүй, бөмбөрцгийн гаднах, улстөржүүлж хэлбэл100 жилийн ойгоо угтаж байгаа эрх баригч намынхны “Баярын төсөв” шахуу болсныг Ерөнхийлөгч тойруу замаар зөөлөн сануулсан нь энэ.
Ерөнхийлөгчийн тавьсан саналуудыг хүлээн авах эсэх нь УИХ-ын бүрэн эрх. Харин тавьсан саналыг нь хүлээн авах, хэрэгжүүлэх гэхээсээ илүү Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон “Covid 19” цар тахлыг даван туулах төлөвлөгөөндөө тусгах биз ээ гэж найдъя.
Тухайлбал өмнө нь санал болгож байсанчлан өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үүнд 200 мянган төгрөгийг бэлнээр,800мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгох Засгийн газарт санал болгож байснаа хоригтоо дурджээ. Шүүмжлэл дагуулсан хэдий ч Улсын Ерөнхийлөгчийн хувьд эх оронч санал санаачилга гаргасан нь энэ биз ээ.Ерөнхийлөгч УИХ-ын онлайн чуулганы хуралдаануудыг үзэж байгаа байх. Ойрын үед эрхэм гишүүд банкны салбарыг ийнхүү хөл дээрээ тогтож ядтал савлуулан популист санал хэлж буйг харсан бол бэлэн мөнгийг өрх бүрт амлах хэрэг байсан уу. Эсвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа сэм эхэлж байгаа нь энэ үү?
Мөн төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг вакцин худалдан авахад зарцуулна гэхээр Ажлын хэсгийн ахлагч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдэлд очих бололтой юм. Цар тахлын үеэр гадаадын улс орнууд, хандивлагч байгууллагууд, дотоодын иргэд, ААН-үүдээс хандивласан мөнгөөр юу хийснээ тайлагнахыг иргэд, олон нийт шаардсаар байгаа шүү дээ. Дээр нь нэмж төсвийн хэмнэлтийн тодорхой хувийг түүний мэдэлд өгөх хэрэг байна уу. Засгийн газрын дотоод ажил баймаар юм. Дараа нь хариуцлага хүлээлгэхэд ч амар шүү дээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан иргэд, ААН-үүдийг эрсдлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичгээр хүргүүлсэний ердөө маргааш нь Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлэх23арга хэмжээгээ гурван цаг орчим тайлбарлан танилцуулсан. Үүний дотор яг үнэндээ ийм, тийм хугацааг нааш цааш болгох, адилтгаваас цагийн зүүг тааруулах мэт аргацаасан, хойшлуулсан бодлогууд байснаас биш үйлдвэрлэгчдийг, ААН-үүд болон жижиг бизнес эрхлэгчдийг дэмжсэн бодитой бодлогын арга хэмжээ, эрсдлийн хамгаалалт байгаагүй. Тиймээс Ерөнхийлөгч хоригтоо энэ тухай дурлаж, мастер төлөвлөгөө, бодлогын арга хэмжээ “нэхсэн” байна.
Хэдийгээр хуулиар УИХ14хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх учиртай боловч Төрийн эрх барих дээд байгууллага Цар тахлын амаргүй үе, цаг хугацаатай уралдан эрсдлийг даван туулах “сонголтгүй сонголт”-ыг мэдэрчхурдтай, шуурхай, ажил хэрэгч хандаж хамгийн гол нь улстөржилгүйгээр “төсвөө задалж” хоригийг тусгана гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл УИХ Ерөнхийлөгчийн хоригтой бус “Covid-19” цар тахалтай өрсөлдөж байгааг дахин сануулъя.