ЭРТЭДСЭН ГАРАА, ОРОЙТСОН БАРИА
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ковидын нөхцөл байдал оргил үе дээрээ ирээд байна. Өдөрт 2000-3000 хүн халдвар авч, 10-20 хүн тогтмол нас барж байна. Гэтэл энэ давалгаа ирэхээс өмнө байдгаа барж, аргаа шавхаад дуусгачихсан нь дайн дээр дажин, тахал дээр зовлон болж байгаа тухай одоо ярья.
Уучлаарай, Улсын онцгой комисс оо! Уучлаарай, хүндэт улстөрчид өө!!! Энэхүү нийтлэлээ ингэж эхлэхийг хүсэж байна. Учир нь, алдагдсан боломжийн тухай хөндөхийн тулд ямар нэгэн байдлаар алдсан шийдвэрүүдийн талаар сөхөх хэрэгтэй болно.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад ковидын нөхцөл байдал оргил үе дээрээ ирээд байна. Өдөрт 2000-3000 хүн халдвар авч, 10-20 хүн тогтмол нас барж байна. Гэтэл энэ давалгаа ирэхээс өмнө байдгаа барж, аргаа шавхаад дуусгачихсан нь дайн дээр дажин, тахал дээр зовлон болж байгаа тухай одоо ярья.
Шулуухандаа манай улс “Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутал тайлсан”-ыхаа горыг одоо амсаж байна. Өөрөөр хэлбэл, цар тахалтай улаан нүүрээрээ халз тулахаас өмнө хэрэгжүүлж байсан бүхий л арга мэх чухам яг өнөөдөр л хэрэгтэй, эс бөгөөс оносон цаг нь яг одоо л байваас зохилтой байна. Гэвч үнэндээ бид хамаг сумаа шүршчихсэн калибр шиг л цохлоод ирсэн дайсны өмнө хүлцэнгүй сул зогсохоос өөр арга алга. Дайснаа ирээгүй байхад нь шүршсэн сум маань нэг ч бай оносон юмгүй үрэгджээ. Үүнийг л нэгэнт алдагдсан боломж минь хэмээн шогширч буй хэрэг ээ. Уг нь одоо л “галладаг” цаг даа.
Монгол Улсад Ковид19 вирусийн анхны тохиолдол 2020 оны гуравдугаар сард бүртгэгдэх үед Монгол Улсын Засгийн газар нэн даруй өндөржүүлсэн бэлэн байдал зарлан хилээ хааснаар уг нь бид тахалтай тэмцэж эхэлсэн. Тухайн үедээ бол их л хөөрцөглөж, нэг ч дайсантай тулгараагүй байж дайнд ялчихсан аятай л аяглаж байсан нь хэн бүхний санаа сэтгэлд тодхон байгаа нь лавтай. Гэтэл Ковид19-ийн анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сард дотоодоосоо илэрснээр бидний найман сарын хичээл зүтгэл, хүчин чармайлт нуран унасан билээ. “Гэхдээ” гэх үгнээс өмнөх бүх үг “юу ч биш” гэдэг дээ. Түүнээс өмнө хэрэгжүүлсэн бүхэн тийнхүү “юу ч биш” болж, ямар ч хэрэггүй хичээсэн болж хувирав. Түүгээр ч зогсохгүй, тэр үед үзүүлсэн бүх нийтийн хичээл зүтгэл өнөөдрийн хор хохирол болж тусч байгаа нь тун ч тохуутай. Алдагсан боломж биднээс хариугаа авч, асар их өр төлөөс нэхэх болов.
Нэгэнт л бороонд норох л байсан юм бол шүхэр худалдан авч, гэртээ бүгж, дэлгүүрээ хаах хэрэггүй л байж дээ гэсэн харамсалтай тун төстэй. Магадгүй, тухайн үед дэлхий нийтээр өртсөн эхний давалгаанд хамтдаа нэрвэгдээд, эртхэн дээр нь дайсантайгаа халз тулгараад, нэгийгээ үзэлцчихсэн бол өнөөдрийн цаг хугацаа өнгөрсөнд байж болох байжээ гэж халаглахтай ч адил. Анзаарвал, үнэхээр ч цар тахалд эхэндээ нэрвэгдсэн улс гарз хохирлоо хэдийнэ даван туулаад, энгийн амьдралдаа шилжиж байхад манай улс өчнөөн хор хохирол туучсан атлаа цар тахлын гай гамшигтай энэ цагт халз тулав.
Хятад болон зүүн Азийн орнууд цар тахлын хүндрэлээ ерөнхийдөө даван туулаад өнгөрөх шатандаа явж байна. Дэлхийн банкны таамаглалаас үзэхэд цар тахлын сөрөг нөлөөгөөр үүссэн хямралаас хамгийн хохирол багатай гарах нь Зүүн Ази, тэр дунд Хятад байхаар байна. Зүүн Азийн орнуудад тахлын тархалтын оргил үе өнгөрсөн гэж тооцож буй ажээ. Үүнтэй холбогдуулан, энэхүү бүс нутгийн зах зээлийн эрэлтэд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бусдаасаа түрүүлж сэргэх магадлалтай. Товчхондоо тахалд түрүүлж нэрвэгдсэн, түүнээс богино хугацаанд шийдэмгий арга хэмжээ авсан Хятад болон Зүүн Азийн орнуудын эдийн засаг бусад бүс нутгаас илүү хурдан хугацаанд хэвийн байдалд орох төлөвтэй байна. Жишээ татъя.
Тайланд улс өөрийн оронд аялах жуулчдыг татахын тулд “Та халдвар авсан хүн 3500 гаруйхан, нас барсан 59-хөн тохиолдолтойгоор тахлыг амжилттай давсан улсад айлтгүй тавтай зочлоорой” гэсэн сурталчилгааг дэлхий нийтэд түгээж байна. Малайз улсын эдийн засаг цар тахлаас -3.1 хувийн бууралттай гарсан бол Филиппин -1.9 хувь буурч, харин Тайланд -5 хувиар хамгийн их буурсан эдийн засагтай улсаар нэрлэгдэв. Гэтэл Монгол Улсын цар тахлын нөхцөл байдал бүх сөрөг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлэхээр зүтгүүлж явна.
Цар тахалтай амжилттай тэмцэж буй орнуудад нэг нийтлэг зүйл бий. Тэр нь богино хугацаанд авч хэрэгжүүлсэн хатуу хөл хорио. Харин манай улсад үргэлжилсэн хөл хорио одоо ч дуусаагүй үргэлжилж байна.
Дэлхийн улс орнууд 100 000 хүн тутамд 50-аас дээш тохиолдол долоо хоног үргэлжилсэн бол хатуу хөл хорио тогтоож, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох “Тэг зогсолт” арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагыг тавьсан. Бусад тохиолдолд хөл хориогүй гэсэн үг. Тэгтэл манай улс бүтэн хоёр жилийн турш бизнес эрхлэгчдийнхээ хөлийг тушиж, үйлчилгээг хорьсон нь ямархан балмад арга байсныг хэлэх ч юм биш.
Хэрэггүй үед дэмий хориг саад тавихаа бодсоны улмаас чухам хэрэгтэй үед хөл хорио тогтоох ямар ч боломжгүй болж хувирсан нь энэ. Өнөөдөр хөл хорио гэх үгийг сонсох, сонсоод хүлцэх, хүлээн зөвшөөрөх нэг ч бизнес эрхлэгч, иргэн үлдээгүй.
Ихэнх улс орон 2020 оны эхний хагаст тэг зогсолт хийх, хатуу хөл хорио тогтоох, зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээг Ковид19 цар тахлын тархалтыг бууруулах, эмзэг, эрсдэлтэй бүлгийн хүн амыг хамгаалахын тулд авсан. Цохлоод ирсэн хойно нь л хамгийн шийдвэртэй хийх тэмцэл нь тэр байсан гэсэн үг. Гэтэл манай улсын хувьд ирээгүй дайсанд зориулж, хэтэрхий олон сум гарздаж орхижээ.
2020 оны гуравдугаар сараас өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2019 онд 37.3 их наяд төгрөг (13 тэрбум ам. доллар), улсын нэгдсэн төсөв нь 11.6 их наяд буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.8 хувь байв. Гэтэл Хятадтай хилээ хаасны дараа экспорт зогсонги байдалд орсон бөгөөд үүнээс 15 хоногийн дараа зөвхөн Хятад руу хийх нүүрсний экспортоо сэргээсэн ч алдагдал нь Хятадад экспортолж буй уул уурхайн бараа бүтээгдэхүүн өмнөх оны 70 хувьд чүү ай хүрэв. Нүүрсний экспорт дахь 15-хан хоногийн алдагдал Монгол Улсын төсөвт ийм хэмжээний хохирол авчирч чадаж байгаа бол бүтэн хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн бизнесийн янз бүрийн хэлбэрийн хоригууд ямархан урхаг тарьсныг төсөөлөх ч аргагүй. Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт 27.5 тэрбумыг алдаж байлаа шүү дээ. 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг цар тахал салхинд хийсгэсэн юм. Гэхдээ энэ нь жинхэнэ коронавирусийн халдвар газар авсан өнөө үед биш, айдас сүүдэр нь л нөмөрсөн 2020 оны гуравдугаар сард гэдгийг уншигч авхай та нэг бодно биз ээ.
Коронавирусийн халдвартай нийгмээрээ халз тулгараагүй асан 2020 онд гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч, үндсэндээ 200 мянган хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү шилжсэн гэсэн судалгаа бий.
Тэр дундаа нэгдсэн төсвийн орлогын 23 хувь, экспортын орлогын 87 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбар цар тахлын гайгаар (хараахан нийгмээрээ автаагүй байх үеийн айдсын нөлөөгөөр) 29.8 хувь буюу 417.7 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд бүртгэгджээ. Уул уурхайн гурван зээл тутмын нэг нь чанаргүй зээлд шилжсэн гэсэн үг. Үүн дээр аялал жуулчлалын салбарыг хамгийн том хохирогчоор нэрлэх ёстой болно. Энэ салбарт 1300 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 88 мянган ажлын байр хамаардаг гэдэг. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сард өвлийн жуулчлал гэж цөөхөн жуулчин авснаас хойш Монгол Улс нэг ч жуулчин аваагүй. Монголд ирэх жуулчдын 99 хувь нь захиалгаа цуцалсан. 300 гаруй зочид буудал, 460 гаруй түр оператор компани, 400 гаруй жуулчны бааз хаалгаа хааж, аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь ажилчдадаа цалингаа тавьж чадахгүй тэг зогсолт хийсэн байдаг.
Энэ мэтээр төр засгийн “хормой шуух” бодлогын уршгийг амсаагүй салбар гэж үгүй. Засгийн газар болон Улсын онцгой комисс Гамшгаас хамгаалах тухай хуульд заасанчлан стратегийн гол 15 салбарын байгууллагыг (хүнсний дэлгүүр, хүнсний үйлдвэр, шатахуун түгээх станц, нефть хангамжийн байгууллага, эмнэлэг, эмийн сан, усан хангамж буюу худаг, эрчим хүч, дулааны цахилгаан станц, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны байгууллага, буяны ажил болон хот хоорондын хүнсний тээвэр) хэвийн горимд ажиллуулан, бусад байгууллагын үйл ажиллагааг хаах буюу алсын зайнаас эрхлэх шийдвэрийг гаргасныг энд буруутгах зорилгогүй. Гэхдээ энэхүү арга хэмжээгээ цагийг нь олж, богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж чадаагүйгээс үүдэлтэй хөнөөл өдгөө нийгэмд улам том асуудал тарьж байна гэдгийг л хэлэх гээд буй ухаантай. Эцэстээ хөл хорих, үйл ажиллагааг хязгаарлах нь залхаан цээрлүүлэлт шахуу болж хувирсныг ойлгосон атлаа дахиад л хоол үйлдвэрлэл, ресторан үйлчилгээний газрыг оройн 22:00 цагаас хойш ажиллуулахгүй гэсэн шийдвэрээ гаргаад л сууж байгаа нь туйлын эмгэнэлтэй. Эсвээс халаглалтай.
Өөр арга алга л гэж үглэн дуулах байх. Тэгвэл эргүүлээд ам асууя. 2020 оны турш хэрэгжүүлж, 2021 оныг дамнуулан одоо хүртэл зүтгүүлсээр ирсэн тэр их хүчин чармайлт, нөөц бололцоогоо яг одоо, яралзтал 14-хөн хоногийн дотор нэг далайлтаар хэрэгжүүлсэн бол бид өдөр тутам 2000 хүнээ тахлын аманд хаяж, өдөр бүр 20 иргэнээ харамсалтайгаар үхүүлэх байсан уу...?
Аливаа нөөц боломжийг нэг цэг, нэг цаг хугацаанд хурааж төвлөрүүлэхийн ач холбогдол ердөө л ийм шүү дээ.
Хэрвээ гэх үгийг өмнөө дагуулж буй бүхэн бидний алдагдсан боломж. Одоо ийм боломж даанч алга ажээ. Нэгэнт гараас алдуурч, хүслээс зуларчээ. Бид даанч хэрэггүй хичээл зүтгэлийг хэтэрхий урт хугацаанд үрэн таран хийжээ.
2020 оны гуравдугаар сард Засгийн газар бизнес эрхлэгчдээ дэмжих, санхүүгийн эрсдэлээс хамгаалах зөв шийдвэр гаргасан. Гагцхүү цагаа олоогүй, бүүр тодорхой хэлбэл тахлын мөчлөгөө оноогүй шийдвэр байж. Зарим импортын хүнсний бараа бүтээгдэхүүн мөн эм эмнэлгийн хэрэгслүүдийг татвараас чөлөөлсөн нь зөв өө. Харин 2020 оны есдүгээр сарыг дуустал аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлсөн нь буруу. Тэртэй тэргүй үйл ажиллагааг нь зогсоож, цагийн хуваарийг нь танаж хаячихаад, нэг муу шимтгэл чөлөөлөх нь дэмжлэг мөн гэж үү. Төрөөс Нийгмийн даатгалын шимтгэл болон хүн амын орлогын татварыг 6 сараар тэглэх, Нийгмийн даатгал төлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажлын байр хадгалах зорилгоор сар бүр олгосон 200 мянган төгрөгийн дэмжлэг байгаа оноогүй. Нийгмийн даатгал төлдөггүй, гэр бүлийн бизнес, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ямар ч дэмжлэг очоогүй. Тэгвэл нөгөө талд хүүхдийн мөнгө, ажилгүйдлийн тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Улмаар хүнсний талон олгох, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эцэг эхчүүд болоод бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд олгох нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харамсалтай нь, төр засаг энэ тэтгэмжээ удаан үргэлжлүүлж чадахгүй гэдгээ тооцох ёстой байв. Эдгээр мөнгийг Засгийн газраас бусад зардлаа танах замаар нөхнө хэмээн тогтоолдоо заасан байдаг. Сайхан “цэцэг” шүү, хулхин дээр л ургасан болохоос.
Улмаар 2020 оны эцсээр халдвар бүртгэгдсэн бүс нутгуудад 3 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх, татварын торгуулиас чөлөөлөх, Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд шахмал түлшийг 50 хувийн үнээр олгох гээд бас л хүчээ тахал руу биш, тахлаас айсан хүмүүсээ аргадах чиглэлд л мөнгө цацсан. 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үүнийгээ бүр өргөжүүлж, хөл хориогоо бүр уртын урт үргэлжлүүлж сунжруулахаар шийдсэнээ зарласан даа.
12 дугаар сарын 1-ний өдрөөс ирэх оны 7 дугаар сарын 1 хүртэл цахилгаан, дулаан, дулааны уур, усан хангамж, хогны төлбөрийг тэглэсэн, 100 хүртэл м.кв талбайтай сууцтай айл өрхүүдийн дулааны төлбөрийг тэглэсэн бөгөөд 100 м.кв-аас дээш талбайтай сууцтай айл өрхүүдийн хувьд үлдсэн төлбөрийг өөрсдөө төлөхөөр зааж өгсөн. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд шахмал түлшийг 25 хувийн үнээр олгох болсон. Иргэд хэрэглээний зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөө хойшлуулах боломжийг ард иргэдэд олгов. Эдгээр шийдвэрийн цаад зорилго нь цар тахлын үед бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих сайхан санаа агуулагдаж байсан нь тодорхой. Тэгэвч нөхцөл байдал, цаг хугацааны хайчин галд тэдгээр нь элсэнд асгасан ус шиг үржил шим хараахан авчирсангүй. Үр дүнд хүрснийг үгүйсгэхгүй. Гагцхүү үржил шим, үр нөлөө гэдэг өөр ойлголт билээ.
Дэлхийн улс орнууд бизнес, эдийн засгаа аврахын төлөө маш их хөрөнгийг зарцуулж буй. АНУ “Cares Act” хэмээх хууль батлан гаргаж, 100 мянган ам.доллароос бага жилийн орлоготой өрхийн гишүүн бүрт 1200 ам.доллар, 17 хүртэлх насны хүүхэд бүрт 500 ам.доллар, дөрвөөс дээш гишүүнтэй өрхөд нийт 3400 ам.доллартай тэнцэх үнэт цаас олгосон. Ингэхдээ аж ахуйн нэгж, бизнесийн үйл ажиллагааг хориглохгүй байх бодлого барьжээ. Аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор тэдгээрийн бондыг худалдан авах хэмжээг 5.8 их наядаар нэмэгдүүлж, 15.0 их наяд болгож, бусад санхүүжилт олгох нөхцөлүүдээ зөөлрүүлсэн. Тэгэвч АНУ-д ажилгүйдэл ихсэж, 7.1 сая хүн ажилгүй болжээ. Япон улс орлого багатай өрхүүдээ дэмжих зорилгоор 300 мянган иен буюу 2800 ам.долларын мөнгөн туслалцаа үзүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 хувьтай тэнцэх мөнгө буюу 990 тэрбум ам доллараар хүн ам, эдийн засгаа дэмжих бодлого баталсан. Герман улс 370 тэрбум еврогийн алдагдалтай төсөв баталж, цар тахлыг даван туулахаар чармайж байна. Гэхдээ эдгээр улс ямар ч тохиолдолд бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдэнд дарамт шахалт, хориг хязгаар тавихгүй байх чиглэлийг хатуу анхаарч байгаа аж. ХБНГУ л гэхэд төсвийн орлогын 75 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг жижиг дунд үйлдвэрлэгч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэдээ зориулсан буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл хэлбэрээр олгож, бизнесүүддээ төрөөс баталгаа гаргаж тусалж байгаа юм.
Улс орнууд цар тахлаас үүдэлтэй бизнесийн хүндрэлийг ингэж л тооцож байна. Харин манай оронд бизнесүүдэд тавих хараа хяналт, дарамт шахалтаа цар тахлын нөлөөгөөр улам нэмэгдүүлж, цагийн хязгаарлалт, зарим үйл ажиллагааг хорих хязгаарлах хэлбэрээсээ хагацаж чадахгүй удлаа.
Өнгөрсөн хугацаанд хамгийн дуулгавартай, хүлцэнгүй байх атлаа хамгийн их шүд зуун тэвчиж, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж буй салбар бол хувийн хэвшил, бизнес эрхлэгчид. Жижиг бизнес буюу түрээслэгчдийн 90 орчим хувь нь дампуурч, үүд хаалгаа лацдуулж байгаа нь гашуун үнэн.
Өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд хувийн хэвшлийнхэн байгаа бүх нөөц боломжоо шавхчихсан.
Төр засаг нь цагаасаа түрүүлж байгаа нөөцөө талын нэг цацаж, хүчээ тарамдаагүй бол Монголын бизнес эрхлэгчид “дасан зохицох”, “тэсвэрлэх” чадвартай гэдгээ хангалттай батлан харууллаа. Тэд бол ямар ч гэмгүй, ялгүй атлаа хоёр жил гав гинж зүүсэн “хоригдол” юм.
Одоо тэднийг “Дахин ганц өдөр хаалгаа барь” гэж хэлэхэд ихээхэн шиг хүйтэн сэтгэл хэрэгтэй болно. Төр төмөр нүүртэй ч түүнийгээ хүйтэн сэтгэлийн үртсээр бүтээдэггүй билээ.
Нийтлэлч Д.ДАМДИНЖАВ
Үндэстний ТОЙМ №29 (490)
Сэрдамбий
хишигсүрэн
Зураач Лондон
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин