Эрдэнэбүрэнд тогтоосон ДАРХЛАА
Гэхдээ Ховд аймагт хуваарилдаг улсын төсвийг зогсоохыг сануулснаас харахад саяхныг хүртэл тамга атгасан Б.Дүгэржавт тийм боломж алга. Эсрэгээрээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нэгнийг аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн тохиолдолд л баруун бүсийн тулгуур төвийнхөн төсвийн санхүүжилтээ бүрэн бүтэн авах нь. МАН-ын даргын хувиар С.Бямбацогт, Ерөнхий сайдын шийдвэрийн хүрээнд Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарын гурван гишүүнд ч Л.Оюун-Эрдэнийн эл сануулга хамаатай. Зэргэлдээх Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудад ч хамаарна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Ховд аймгийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн ажлыг удаашруулсан гэх үндэслэлээр. Сонирхолтой нь, аймгийн Засаг ноёнд хариуцлага тооцох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, алх цохих үеэр нэгэн сануулгыг давхар өгчээ. Тэрбээр “Дараагийн Засаг даргад миний санал болгох хүнийг томилохгүй бол Ховд аймагт олгодог төсөл, хөтөлбөр, санхүүжилтийг бүгдийг нь царцааж, зогсоо” гэсэн лүндэн буулгасан байна.
Хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн, Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзвэл Засаг даргыг огцруулах бүрэн эрх нь хуульд бий. Ерөнхий сайдын шийдвэрийг үндэслэж, аймгийн ИТХ-аас 15 хоногийн дотор дараагийн Засаг даргыг шинээр нэр дэвшүүлж, батламжлуулах заалттай. Хэрэвзээ тухайн саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн хугацаанд дахин тавихгүй. Үүгээр том төслийг удаашруулсан нь үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болсон Б.Дүгэржавыг тамгатай нь үлдээж, нэг удаа өршөөл үзүүлэх эрх ИТХ-д бий гэсэн үг.
Гэхдээ Ховд аймагт хуваарилдаг улсын төсвийг зогсоохыг сануулснаас харахад саяхныг хүртэл тамга атгасан Б.Дүгэржавт тийм боломж алга. Эсрэгээрээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нэгнийг аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлсэн тохиолдолд л баруун бүсийн тулгуур төвийнхөн төсвийн санхүүжилтээ бүрэн бүтэн авах нь. МАН-ын даргын хувиар С.Бямбацогт, Ерөнхий сайдын шийдвэрийн хүрээнд Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нарын гурван гишүүнд ч Л.Оюун-Эрдэнийн эл сануулга хамаатай. Зэргэлдээх Баян-Өлгий, Увс аймгийн удирдлагуудад ч хамаарна.
Үндсэндээ сонгууль айлсахтай зэрэгцэн улсын төсвийг сорчилж хуваарилуулж, тойргоо усалдаг, тэгэхийн тулд Сангийн сайд, Засгийн газраа холгож ирсэн УИХ-ын гишүүдийн араншинд цэг тавих эхний алхам энэ байж мэднэ. Угаасаа улиран сонгогдох замаа засч л байвал улс орны эрх ашигтай холбоотой том төслийн хувь заяа хаашаа эргэх нь УИХ-ын гишүүдэд лав падгүй. Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станцын төсөл өнгөрсөн хагас жарны турш урагшлаагүй бодит шалтгаан үүнээс үүдэлтэй.
Ямар ч байсан энэ Засгийн газрын үед өөрсдөдөө байгаа нөөц боломжийг ашиглаж, эрчим хүчний хараат байдлаас гарах гаргалгаа нь Эрдэнэбүрэн, Эгийн голын усан цахилгаан станц гэдгийг бүх түвшинд хүлээн зөвшөөрсөн нь 1990 оноос хойших 32 жилийн хугацаанд хамгийн том дэвшил, зоригтой алхам болж байх шиг.
Угтаа бол эдгээр усан цахилгаан станцын төсөл 1990 оноос эхэлж ярьсан, Монгол Улсын хувьд нэн шинэ юм биш. Аль 1964 оноос энэ хоёр эрчим хүчний эх үүсвэрийг барьж байгуулах эсэхийг ЗХУ-ын мэргэжилтнүүд судалж байсан түүхтэй. Яг ямар шалтгаан үндэслэл, тооцооллын хүрээнд хоёр нийгэм дамнуулан хойшлуулж, гацааж, бүр сураг алдарч ирснийг хэлж мэдэхгүй. Популист улстөрчдийн урхаг, түүгээр дамжуулсан их гүрний бодлого ч нөлөөлсөн нь л жин дарах байх.
Гагцхүү 1964 оноос уг сэдэл нь гарсан ч өнөөдрийг хүртэл таг гацаж, тэг зогссон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь цаг хугацааны асуудал болов. Эхлээд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн айлчлалын хүрээнд санхүүжилтийг нь албан ёсоор шийдвэрлэсэн. Араас нь төслийг удаашруулж ирсэн дунд шатны албан тушаалтанд хариуцлага тооцлоо.
Таван жилийн хугацаанд бүрэн ашиглалтад оруулах товтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын санхүүжилт нь тэрбум ам.долларын өртөгтэй. 90 мВт хүчин чадалтай эл станц баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их. Бүрэн хангаад зогсохгүй эрчим хүчний системийн аюулгүй байдал, бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулах тооцоололтой. Увс аймгийн Өмнөговь сум, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутагт Ховд голын баруун захаар амьдарч буй 270 айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэргээр Монголын талаас хамаарах асуудлыг нь шийдвэрлэх ажил яваа.
Нэгэн жарны хугацаанд нэгжээд байтугай нэг ч эрчим хүчний шинэ эх үүсвэр бариагүй, тэр хэрээрээ станцуудынх нь ашиглалтын хугацаа "тэтгэвэр"-тээ суусан Монгол Улсад ойрын хугацаанд 450 мВт-ын шинэ эх үүсвэр нэн шаардлагатайг ширээ тойрч суугаад сэтгэлийн хөөрлөөр гаргаад тавьчхаагүй. Бодит хэрэгцээ нь л тэр. Хэрэвзээ Эрдэнэбүрэнг ашиглалтад оруулж, Эгийн голын усан цахилгаан станцыг араас нь зүтгүүлчихвэл 310 мВт-ыг нь дотоодоос хангах бүрэн боломжтой тооцоолол хүссэн ч, эс хүссэн ч ийм гарц руу хөтөлж буй нь бодит үнэн.
Дан ганц нүүрс, зэсээс төсөвт оруулах мөнгөн дүнд найдаад суух бус Монгол Улсын улсын тусгаар тогтнол, хойд, урд хоёр их гүрнээс хараат бусаар хөгжих, хамгийн гол нь өөрсдийнхөө нөөц боломжид тулгуурлах нь энэ Засгийн газар гэлтгүй 3.3 сая иргэний эрх ашигт хамаарах асуудал. Тэдгээрээс нэн түрүүнд хэрэгжүүлэх зүй ёсны бодит шаардлага нь цахилгаан станц тэр дундаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц. Дараагийнх нь 315 мВт-ын Эгийн голын усан цахилгаан станц гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч зүгээр хэлчхээгүй.
ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга нь Монголын сайд, дарга нарыг зэрэгцүүлж суулгачхаад өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр эрчим хүчний шинэ эх үүсвэр барих талаар бодох ч хэрэггүй гэх агуулга бүхий юм яриад, даналзаж суусан нь саяхан, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард. ОХУ-ын эл байр суурь жил хүрэхгүйн хугацаанд эрс өөрчлөгдөж, Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа Гадаад хэргийн сайд С.В.Лавров илэрхийлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь дэмжихээ онцлоод буцсан нь Монгол Улсад хамгийн тааламжтай цаг үе ирсний дохио.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан нь ч тодорхой зорилго, зорилттой байх нь дамжиггүй.
Өөлд
Зочин
БД
Зочин
Батаа
Зочин