Эрдэнбүрэнгийн УЦС-аас үлдсэн асуудал нүүлгэн шилжүүлэлт
Ямар ч том, жижиг асуудал угаасаа хүнээс эхлээд хүнээр дуусдаг хойно доо.
Эрчим хүчний сайд Б.Тавинбэх өнгөрсөн хавар “Ирэх өвөл эрчим хүчний хязгаарлалтад орж магадгүй” хэмээн мэдэгдэж, олон ч хүнийг цочоосноос хойш бараг найман сарын хугацаа өнгөрөөд байна. Манай улсын одоо ашиглаж байгаа эрчим хүчний эх үүсвэрүүд болон холбогдох дэд бүтцийн 40 орчим хувь нь ашиглалтын хугацаа дууссан. Нийт үйлдвэрлэж байгаа эрчим хүчний 90 орчим хувь нь эрчим хүчний нүүрсээр ажилладаг технологитой тул найдвартай ажиллагаа талаасаа эрсдэлтэй нөхцөл байдалд байгааг тухайн үед сануулж байлаа.
Тиймээс нэгд, одоо байгаа эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрт Багануур, Бөөрөлжүүт, Тавантолгойн нүүрсний ордуудыг түшиглэн 300-450 мВт-ын хүчин чадалтай нүүрсээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барьж ашиглалтад оруулах зорилт тавьсныг Эрчим хүчний сайд хэлжээ. Гэвч энэ хоёр зорилтын аль аль нь байрнаасаа хөдлөөгүй байгааг бид мэднэ. Харин гуравдах нь, дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох явдал.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тодорхойлсон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын баримт бичигт эрчим хүчний чиглэлээр хийгдэх нийт 23 төсөл, арга хэмжээ тусгагдсан. Эдгээр төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 14.8 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдах тооцоо судалгаа гарснаас 7.6 их наяд орчим төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр тодорхой болоод байгаа тухай Эрчим хүчний сайд мэдээлсэн. Үүний нэг нь Эрдэнэбүрэнгийн УЦС.
Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс (нар, салхины гэх мэт) манай эрчим хүчний системийн технологид хамгийн сайн тохирдог нь усан цахилгаан станц юм байна. Төвийн эрчим хүчний системд холбох боломжтой, хүчдэлийн хэлбэлзэл хамгийн багатай нь гэсэн үг. Гэвч манайд гадаргын ус хомс учир УЦС барих өгөгдөлтэй гол мөрөн цөөн. Ийм цөөхөн голын нэг нь Ховд гол юм. Мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар Ховд гол дээр дунд шатлалын дараалсан гурван ч станц барих боломжтой. Үүнээс нарийвчилсан судалгааг удаа дараа хийж, УЦС барих газрыг тодорхойлоод ТЭЗҮ-ийг боловсруулж, гүйцэтгэгчийг шалгаруулан гэрээ байгуулсан нь одоогоор Эрдэнэбүрэнгийн УЦС байна даа. Суурилагдсан хүчин чадал нь 90 МВт буюу жилд 366 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай.
Баримт хэлэхэд, манай баруун аймгууд эрчим хүчний хэрэглээнийхээ 72 хувийг ОХУ болон Хятадаас импортоор авдаг. Импортын өндөр үнээр эрчим хүчээ авдаг боловч хэрэглэгчиддээ энэ үнээр нийлүүлэх боломжгүй учир Баруун бүсийн эрчим хүчний системд жил бүр улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөгийн татаас өгдөг. Энэ мөнгө хаанаас гарах вэ, татвар төлөгчдийн халааснаас гардаг. Тийм болохоор Эрдэнбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулах нь зөвхөн баруун аймгийнхны асуудал биш юм. Оюутолгойн алт, зэсийн уурхай мөн ялгаагүй Хятадаас эрчим хүчаа авдаг, жилд 120 сая ам.доллар төлдөг. Өмнөд бүс эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болчихвол энэ хэмжээний мөнгө манай төсөвт орж ирнэ гэсэн үг.
Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол баруун аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарч, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болно. Эрчим хүчний хэрэглээгээ дотоодынхоо эх үүсвэрээр 100 хувь хангаад зогсохгүй Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний ойрын 10 жилийн нийт хэрэглээний өсөлтийг бүрэн хангана гэж байна. Төслийн нийт өртөг 271 сая ам.доллар, БНХАУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ. Төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “Power China” компанитай өнгөрөгч оны есдүгээр сард “түлхүүр гардуулах” нөхцлөөр гарын үсэг зурж, энэ оны дөрөвдүгээр сард ажлаа эхэлсэн. Одоо геологи, өрөмдлөгийн шатанд яваа. Гүйцэтгэгч компани УЦС-ын бүтээн байгуулалтын ажлыг таван жил буюу 61 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ёстой. Тэгэхээр бид эрчим хүчний шинэ эх үүсвэрээ хүлээж авахад чилийсэн дөрвөн жил хагасын хугацаа үлдэж байна даа. Тэр хооронд бусад эх үүсвэрүүдийнхээ ажлыг эхлүүлчих байлгүй.
Нэг зүйлийг сануулахад, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьж байгуулах асуудал зөвхөн энэ Засгийн газрын өнгөн дээр эхэлсэн юм биш. 2015 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг Монголын Засгийн газарт ашиглах тухай ерөнхий хэлэлцээр байгуулагдаж, 2018 оны тавдугаар сард Засгийн газрын 160 дугаар тогтоолоор энэхүү хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм. Гэвч өнгөрсөн хугацаанд УЦС барихтай холбоотой асуудлаар орон нутгийн иргэд болон ТББ-ууд, Засгийн газрын хооронд багагүй зөрчил гарч, асуудал ундарсныг бид мэднэ. Тиймээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд оролцохдоо гишүүдэд хандан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих асуудал дээр улс төрийн дэмжлэг хүсч байлаа. Тэр үед Ерөнхий сайд “Том шийдэл бүхэн цаанаа төлөөстэй байдаг. Асуудлыг дагуулаад элдэв янзын улс төр явдаг. Өнөөдөр жишээ нь Эрдэнэбүрэнгийн УЦС явах уу, үгүй юу гэдэг асуудал үүсч байна. Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд энэ төслийг бид урагшлуулах ёстой.
Олон хөрөнгө оруулагч гарах учраас таалагдах, эс таалагдах зүйл гарна. Тэр тоолонд улстөрчидтэй холбогдож, янз бүрийн улс төрийн акц хийдэг. Үүнд нь хөтлөгдөөд явах уу, эсвэл бид өөрсдөө нэгдмэл байж нийтлэг эрх ашгийнхаа төлөө явах уу гэдгээ сонгоход хүрнэ. Эндээс маш их зүйл хамаарна” гэж хэлж байв. Тэр өдрөөс хойш жил гаруйн хугацаа өнгөрч, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг босгох ажил Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нуруун дээр ирж. Өнгөрсөн сард байх, УИХ-ын зарим гишүүд санаачлаад УЦС баригдахаас өмнө (2022-2025 онд) түүний нөлөөллийн бүсэд суурьшиж байгаа малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох асуудлаар тогтоолын төсөл санаачлаад явж байсан. Бодоход нэгдмэл бодлоготой, нийтлэг эрх ашгийнхаа төлөө алхаж эхэлсэн нь тэр байх.
Харин орон нутгийн иргэдэд дуулгах бас нэг шинэ мэдээлэл нь, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг байгуулснаар зөвхөн эрчим хүчний хараат байдлаас гарч, эрчим хүчний өөрийн өртгийг хямдруулаад зогсохгүй эргээд байгаль орчиндоо эерэг нөлөөтэй юм байна лээ шүү. УЦС-ын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх боломжтой. Усан санд ихээхэн ус хуримтлагдснаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал бэлчээрт эерэг нөлөө үзүүлдэг гэсэн байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС бол шинээр баригдах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс хамшийн том нь. Ховд гол дээр УЦС барих судалгааг бүр 1964 оноос хойш гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагатай хамтран хийж ирсэн байдаг. Олон жил яригдсан, мөрөөдөл төдий байсан энэ бүтээн байгуулалт одоо л ажил хэрэг болж байгаа нь энэ. Улс оронд хэрэгтэй том төсөл хэдий ч ганцхан сөрөг нөлөө бий. Тэр нь тасралтгүй ажиллах усан сангийн талбайд мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг нүүлгэн шилжүүлэх явдал. Уртаараа 24 км, өргөн нь 4 км хэмжээтэй усан сан байгуулна. Усан сангийн гүн 3-40 метр байх бөгөөд 9700 га газрыг хамарна гэж байгаа.
Тиймээс усан сан байгуулагдах талбайд амьдарч байгаа 258 өрхийг одоо амьдарч байгаа нөхцлөөс нь дордуулахгүйгээр нүүлгэн шилжүүлэх, нөхөн олговор олгох нь манай талаас буюу Засгийн газрийн шийдэх ёстой ганц ажил болж үлдээд байна. Иргэд өөрсдөө ч гэсэн үүн дээр ухамсартай, ул суурьтай хандаж чадвал асуудал хүндрээд байх шалтгаан ч алга. Ямар ч том, жижиг асуудал угаасаа хүнээс эхлээд хүнээр дуусдаг хойно доо.
оноч