Энэтхэг, Пакистаны эвлэрэл бол ерөөсөө үлгэр
Геополитикийн онолын өнцгөөс бол Энэтхэг ба Хятадын хооронд стратегийн баланс бариулж байнга зөрчилтэй, гэхдээ энх тайван байлгах цорын ганц боломж нь Пакистаны хувьд Кашмир юм.
Энэтхэгийн нийслэл Нью Делид номын дуу сонсоод явж байна. ШХАБ-ыг судлах ажлын хэсгийг Гадаад харилцааны сайдын тушаалаар бүрдүүлэн би нэг зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа. Бид БНХАУ-д судалгааны ажлаар 8 дугаар сард явсан. Одоо энд байна. Мөд Пакистанд багаа илгээж судлуулна. Тэндээс гарчигт өгүүлсэн халуухан сэдвээр нөгөө талын өнцгийг гаргана. Гарчгийг яагаад ингэж эрс тэс авав гэхлээр Нью Делид дуулсан сонссондоо тулгуурлаад л тэгж бичлээ. Бас 1998-2001 онд энэ улсад дипломат алба хашиж явсан, энэ талаар жирийн монгол хүмүүсээс арай илүү мэдээлэлтэй гэдгээрээ зоригтой дуугарч байна. Зөв ойлгоорой.
Үндсэн сэдэвт оршил болгох аргумент. Өмнөд Азийн бүс нутгийн энэ хоёр улс уг нь хоёулаа ШХАБ-ын жинхэнэ гишүүд юм. ОХУ-ын ШХАБ хариуцсан зохицуулагч Бахтиер Хакимовын ярьснаар ШХАБ-д ажиглагч гишүүн болохоор өргөдлөө өгсөн бөгөөд одоогоор ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш статустай байгаа 6 улсын 5 нь буюу Азербайжан, Армен, Камбож, Балба, Шри-Ланка, мөн дээр нь Бангладеш, Сири (нэг шат алгасаад) хоёр нэмэгдээд нийт 7-уулаа ажиглагчийн статустай болохоор өргөдлөө өргөн барьцгаажээ. Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны ассоциац (South Asian Association for Regional Cooperation-SAARC) гэх холбооны хоёр гол гишүүн нь Энэтхэг, Пакистан хоёр юм. Гол чирэгч мотор нь байлтай. Балба, Шри-Ланка, Бангладеш тэрхүү СААРК-ийн гишүүд нь (үлдэх нь Бутан, Мальдив, Афганистан). Нийт 1.6 тэрбум хүн ам СААРК-д байна. ШХАБ-д яриа хэлэлцээний түнш болъё хэмээн Украин, Мальдив, Египет, Израиль, Бахрейн, Катар, Саудын Араб өргөдлөө өгсөний дотор нөгөө Мальдив нь явж байна. Афганистан бол ШХАБ-д жинхлэхээр олон жил лобби хийж байгаа ажиглагч гишүүн нь. Гэтэл тэр СААРК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй болоод л ШХАБ руу нийтээрээ ийнхүү хуйларч байх шиг санагддаг. СААРК-ийн хоёр гол тулгуур улс нь 6 удаа хоорондоо хүнд хөнгөн хэлбэрээр дайтчихсан, одоо ч дайтахад бэлхэн, эрх баригчид нь аман заналхийллээр хоёр биенээ баалсаар буй.
Түүх сөхье. 1947 онд Энэтхэг, Пакистан хоёр Британийн колоничлолоос салж тусгаарлахдаа л Кашмир хэнд хамаарах вэ гэдэг дээрээ маргалдаад өнөө хүргэжээ. Хоёр улсын анхдугаар дайн тэгэхэд дэгджээ. Хэврэг энх тайван нь 1965 онд Энэтхэг-Пакистаны II дайнаар эвдэгдэв. Энэтхэгийн мэдэлд буй Кашмирт Пакистан нууц ажиллагаа явуулж зэвсэгт бослого гаргуулах дөхсөнийг таслан зогсоож дайтаж байтал НҮБба СССР оролцон байж гал зогсоолгож, дайн ялалтгүй дуусчээ. 1971 онд Энэтхэг-Пакистаны III дайн дэгдэв. Үр дүн нь пакистаны арми Дорнод Пакистанаас хөөгдөж гарснаар энэ муж нь Бангладеш гэсэн нэртэй тусгаар тогтносон БНУ болж өрх тусгаарлажээ.
“Энэтхэг-Пакистаны IV дайн” гэж нэрлэгддэггүй ч хожим тэгж түүхнээ орохыг үгүйсгэхгүй үйл явдал 1984-1986 онд “Сячэний мөргөлдөөн” хэмээн өрнөжээ. Хоёр улсын байнгын арми оролцсон бүс нутгийн бяцхан дайн гэх үү дээ. Статус нь тодорхойгүй нутаг дэвсгэрт хоёр талаасаа тулж байлдсан ба тэр нь Хятадын нутаг дэвсгэрт тун ойрхон. 1987-2001 онд Энэтхэг, Пакистан хоёр хоёр талаасаа хилийн пост, харуулын застав руу байнга галлаж, шоглож хорлож ирсэн ба 2001 оны байдлаар террорист халдлагуудад Энэтхэгийн цэргийн албан хаагч, энгийн иргэд 30 мянгыг алдчихсан, харин пакистаны ялладагаар “энэтхэг зэрлэгүүд”-ийн гарт 70 мянган кашмирчууд амиа алдсан болж таардаг. Лалын боевикуудын хорлон сүйтгэл хэрээс хэтэрсэн тул БНЭУ Кашмиртаа Ерөнхийлөгчийн шууд захиргаа тогтоож, байнгын армийн 20 дивизээ аваачиж байрлуулжээ.
Пакистан буруугаа хүлээсэн түүх байхгүй. Зэвсэгт боевикуудтай ямар ч холбоогүй, гэхдээ Кашмирын эрх чөлөөний төлөө тэмцэгчидтэй эв санааны нэгдэлтэй байна, Кашмир дахь мусульманчуудыг арчиж үгүй хийх гэж байна, хүний эрхийг зөрчиж байна гэх зэмлэл өнөөг хүртэл амны уншлага нь болчихсон. Кашмирын мусульманчуудад геноцид тулгарлаа хэмээн Пакистаны Ерөнхий сайд ярьсаар.
Энэтхэг ч зүгээр суугаагүй, 1995 оноос тийшээ хөгжлийн бодлогоо чиглүүлсэн, 1996 онд мужийн хууль тогтоох байгууллагын сонгууль явуулсан, ард түмэн нь лалын дайчдыг сонгоогүй, лалын зэвсэгт босогчдынх нь 70 хувь нь пакистанчууд, афганчууд гэж Энэтхэг үздэг.
“Энэтхэг-Пакистаны V дайн” гэж нэрлэгддэггүй ч хожим тэгж түүхнээ орохыг үгүйсгэхгүй бас нэг үйл явдал 1999 онд дахин тохиожээ. Тэр үед би Нью Делид ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байсных сайн мэднэ. 1971 оноос хойш анх удаа өргөн хэмжээнд хүнд зэвсэг агсан хоёр талаасаа хилийн дагуу Каргилын уулсыг даван байлджээ. Пакистанаас мянга гаруй зэвсэгт дайчид мөнх цаст мөсөн уулсыг даван ороод ирэхэд нь наанаас нь Энэтхэгийн цэрэг тосч аван байлдсан түүх юм. Хоёр талаасаа уул давуулан алсын тусгалт их буугаар л галлаад байв. Бүр энэтхэгийн МиГ-21 онгоц пакистаны харуулын Атлантик-2 онгоцын пуужиндаж сөнөөхөд 17 пакистан цэрэг амь үрэгдэж,хариуд нь энэтхэгийн нэг МиГ-ийг пакистаны зенитчид буудаж сөнөөв. Тэгж тэгж мөргөлдөөн нэг юм зогссон. 2001-2002 онд хоёр улс дайн ирмэг дээр дэнжигнэн байв. Хоёр улсын зэвсэгт хүчний ихэнхи хэсэг нь хил дээрээ танкаа асаачихсан дохио хүлээв. Энэтхэгийн хуурай замын цэргийн 4/3 нь (300 мянган цэрэг), пакистаны арми тэр чигтээ тулгаран тулалдахад бэлхэн, тэгээд бас энэ хоёр улс ШХАБ-ын үзэл санааг хүлээн авсан бүрэн эрхт гишүүд нь гэхэд нэн ойлгомжгүй.
“Энэтхэг-Пакистаны VI дайн” гэж нэрлэгддэггүй ч хожим тэгж түүхнээ орохыг үгүйсгэхгүй бас нэг үйл явдал энэ 2019 онд дахин тохиолоо. Богино хугацаанд агаарын дайн боллоо. Хоёр тал агаарын хил зөрчин агаарын хурдан хөлгөөр дайтлаа. 2019.02.14-нд Жамму ба Кашмирт террорист халдлагаар энэхтхэгийн тусгай хүчний 45 цэргийн албан хаагч алагдаж, хариуд нь Пакистаны мэдлийн Балакот хот дахь “Жаиш-е-Мухаммад” гэх лалын зэвсэгт бүлгийн бааз руу Энэтхэг агаараар довтолж, хариуд нь Пакистаны авиац хил даван Энэтхэгийн Кашмирыг бөмбөгдөж агаарт хоёр талаасаа мөргөлдөж цэц мэргэнээ сорьжээ. Пакистан нь төрийн бодлогын хэмжээнд “Жаиш-е-Мухаммад”-ыг хайцаалж байгаа мэт Делигээс ялласан.
Ерөөсөө Энэтхэг, Пакистан хоёрын зөрчлийн уг сурвалж нь газар нутагтаа биш, харин шашиндаа байна гэх үзэл түгээмэл юм билээ. Шашин хоорондын (иргэншил хоорондын) дайн хоёр улсын харилцааг сорьж байгаа нь тэр гэнэ. Пакистаны хүн амын 95 хувь нь исламд сүсэглэнэ (суннит олонхи, шиит цөөнхи). Харин Энэтхэгт хүн амын 80 хувь индуизм буюу хиндүгийн шашныг шүтнэ, исламд 13 хувь ногдоно. Аллахын сургааль руу татан дагуулах, ятгах, тулгах, хүчээр дагуулах нь лал хүний ариун үүрэг, түүнийхээ төлөө ариун дайнд (жихад) мордох нь хүн болж төрсний гавьяа гээд мухраар сүсэглэчихсэн, түүнийг нь төрийн бодлогоор дэмждэгийг л Энэтхэг нуга дарж цэрэг суулган энхийг хүчээр тогтоож байдагт гол зөрчил оршино. Индус, пакистаны мусульман хоёр бие биенээ үзнэ гэж байхгүй, хэзээ ч эвлэрэхгүй.
Яг ийм зөрчил дээр гуравдагч тоглогч Хятад нь Пакистаны мөнхийн холбоотноор тодроод өнөөг хүргэжээ. Хятад-Энэтхэг хоёрыг зөрчилдүүлэх, мөргөлдүүлэхийг Пакистан өнө мөнхөд хүсч ирсэн гэх нь хаашаа юм, гэхдээ л түүн дээр дөрөөлөх стратегитай. Хятад-Энэтхэгийн стратегийн түншлэл, БРИКС-ийн гишүүнчлэлд нь Пакистан дуртай биш.
Геополитикийн онолын өнцгөөс бол Энэтхэг ба Хятадын хооронд стратегийн баланс бариулж байнга зөрчилтэй, гэхдээ энх тайван байлгах цорын ганц боломж нь Пакистаны хувьд Кашмир юм. Энэтхэгийг бэхжүүлж хүчирхэгжүүлэхийн эсрэг Хятад нь олон жил Пакистанд цэрэг зэвсэг, бүр цөмийн зэвсгийн тусламж үзүүлсэн. Хятадын худалдаа-эдийн засгийн томхон түнш нь. Олон улсын тавцанд Хятад, Пакистан хоёр “нэгдсэн фронт”-оортэмцсэн нь цөөнгүй. Зөвлөлтийн цэрэг Афганистанд цөмрөн орж, тэнд 10 жил байлдахад Пакистаны нутаг дэвсгэр цэргийн хуаран болж, зэвсэгт мужахедууд халдлага үйлдэхэд нь Хятад тэдний талд ажиллаж байв. Пакистаны стратегийн ач холбогдлыг Бээжинд ямагт онцолж үздэг. Хятадын хувьд чухам холбоотноо нэрлэ гэвэл Пакистаныг л нэрлэж чадна. Өөр холбоотон байхгүй. Яг ийм ацан шалааны өмнө Кашмирын асуудал хэзээ ч шийдэгдэхээргүйгээр гацжээ.
Кашмирыг азнаад арай өргөн масштаб дээр авч үзье. Ингэхэд Өмнөд Азид дайн мөргөлдөөн гаргуулахгүй байх нь сөргөлдөгч хоёр тал гэлтгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй хурцхан халуухан сэдэв болчихоод байна. Өмнөд Ази хэрхэх нь Америк-Хятадын глобал харилцан өрсөлдөөнийг өнгөлөх дээрээ тулсан байна. Учир нь АНУ санаачлан Энэтхэг-Номхон далайн квартет (дөрвөл) гэх нэг ёсны эвсэл байгуулчихсан. Тэр дөрөв нь ардчилсан АНУ, Энэтхэг, Япон, Австрали ба Хятад сөргүүлсэн маягтай “Нийтлэг хувь заяа бүхий хамтын нийгэмлэг” гэх төслөө гаргаад ирсэн. Тэр нийтлэг хувь заяаны цогц гэдэг нь голдуу хоёр талын харилцаагаар хэрэгжинэ, үүнд Энэтхэг-Хятадын, Энэтхэг-Пакистаны бүс нутаг дахь эсрэгцэл зөрчлүүд, Афганистан ба Ираныг тойрсон мөргөлдөөнт байдал нэн ихээр харшилна. Ийм дэвсгэр дээр авч яривал Кашмирт дайн дэгдсэн тохиолдолд Энэтхэгийн талд АНУ, Япон, Австрали тууштай зогсчихно. АНУ-тай сөргөлдөөд буй Орос нь Энэтхэгийн талд тэр гуравтай нэг фронтод байж чадах эсэх нь тун эргэлзээтэй.
Орос-Пакистаны харилцаа 2014 оноос хойш огцом (бас эргэлзээтэй!) сайжирсныг энэтхэгчүүд олж хараад өөр өнцгөөс тайлбарладаг. Чанарын хувьд Москва-Исламабад хоёр ойртсон нь хоёр шалтаантай. Украины хямралаас болоод Оросын нэр хүнд өрнөдөд унасан, элдэв санкц тавиулсан. Иймд дорно зүг харж, потенциал бүхий дорнын түншүүдтэйгээ харилцаа хөгжүүлэх гэсэн ОХУ-ын бодлогод Пакистан ихээхэн нөмөр нөөлөг гэж харагджээ. Энэ улс 200 гаран сая хүн ам бүхий, геостратегийн байршил гэж гайхамшигтай, Ойрхи ба Дундад Дорнод, Төв Ази, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийг холбосон хамгийн чухал маршрут огтолцдог, бас цөмийн зэвсэг бүхий цорын ганц лалын гүрэн. Оросын эсрэг өрнөдийнсанкцанд ийм том гүрэн нэгдэхгүй, харин ч Оросыг дэмжээд бат бэх ар тал нь болоод байж болно. Хоёрдахь шалтгаан нь Пакистан-АНУ-ын зөрчил маш их хурцатсан явдал Орост нэн ашигтай. Ялангуяа Афганистаны дотоод зөрчил мөргөлдөөнийг хэрхэн гэтэлгэх гэдэг дээр АНУ, Пакистан хоёр улам бүр зам салж байна. Америкчуудын үздэгээр Исламабад нь афганы талибанчуудыг дэмжээд, улс орноо террористуудын хоргодох байр болгочихсон юм байна. АНУ Пакистаны нутагт террористуудын эсрэг байлдааны ажиллагаа ганц нэг явуулсанд Пакистан маш эмзэглэдэг. Харин Энэтхэг, АНУ хоёр энэ асуудалд санал нэг. Трамп Ерөнхийлөгч болсноороо Пакистаныг терроризмын спонсор улсаар зарлаж, хар жагсаалтад оруулна хэмээн заналхийлж байгаад Энэтхэгт талархаад баршгүй. Исламабадаас гомдлоо барьж дийлэхээ болиод нутаг дэвсгэрээ АНУ-д ашиглуулахгүй гэлээ. АНУ-ын тусгай албад Пакистанд хүрч ажиллаж чадахгүй болжээ.
Яг энэ мөчийг хүлээж байсан мэтээр Москвагаас элдэв санаачилга Исламабад руу урсаж өглөө. ШХАБ-ын хүрээнд ч Орос дэмжээд сүйд. 2015 онд Уфад ШХАБ, БРИКС-ийн хамтарсан дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан нь ОХУ-аас Пакистанд хандсан хамгийн чухал алхам болжээ. Пакистанд оросын зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрээ Исламабадад цуцлаад тавьчихсан чинь Энэтхэг Оросын эсрэг гомдлоо урсгаад эхлэв ээ. Оросын байлдааны тээврийн нисдэг тэрэг Пакистаны армид очиж, орос-пакистаны цэргийн хамтарсан хээрийн сургууль хийгээд ирмэгц Энэтхэгийн эрх ашгийг ноцтой хөндсөн ялт хэрэг болж хувирлаа. Ерөөсөө л гурвалжин дөрвөлжин хэрүүл. Энэтхэг, Пакистаны эвлэрэлийг хүн төрөлхөтөн энэ цаг үед үзэх хувьгүй!