Эх орны дайн энэ өдөр эхэлсэн
Хүн төрөлхтөний түүх “1941.06.22” гэсэн нэгэн “хар” өдөртэй. СССР-ийн ард түмэн тэр өдөр түүхнээ тохиогоогүй их дайнтайгаа тулгарч, бүтэн дөрвөн жил тулалдсаны эцэст дайснаа дарж, дархан цолоо мандуулсан “1945.05.09” гэсэн бас нэг өдөртэй золгосон билээ.
Хүн төрөлхтөний түүх “1941.06.22” гэсэн нэгэн “хар” өдөртэй. СССР-ийн ард түмэн тэр өдөр түүхнээ тохиогоогүй их дайнтайгаа тулгарч, бүтэн дөрвөн жил тулалдсаны эцэст дайснаа дарж, дархан цолоо мандуулсан “1945.05.09” гэсэн бас нэг өдөртэй золгосон билээ.
“1945.05.09”-нд 1418 өдрийн дайн дууссан. Үр дүн нь: 1418 өдөр хүмүүс үрэгджээ, СССР, Герман, Польш, Баруун Европын зарим улс орон нуранги балгас болж, хоёр гурван талаас тулалдсан цэргүүдийн булшаар Европ дүүрчээ. Европын бараг талыг цэргүүдийн шарилаар хучсан юм.
Ингэхэд Аугаа их эх орны дайнд улсаа сүйрүүлж, босгож авсан СССР-т хэд хичнээ хүн үрэгдсэн бэ? Маш эргэлзээтэй, хачирхалтай тоо толгой эргүүлж ирлээ. Улаан армиас үрэгдсэн цэргийн албан ёсны тоог гаргахдаа хэтэрхий ил зарлаж хүмүүсийг айлгахгүй гэхдээ эхлээд 7 сая орчим гэсэн тоон дээр тогтжээ. Дайнаас хойш ялалтын ой тэмдэглэх тоолонд энэ тоо өссөөр Оросын ШУА-иас 1994 онд зохиосон олон улсын хурлаас ийм тоон дээр тогтсон байна. Үүнд 8 сая 668 мянган цэрэг алагдаж үрэгдэж, 18 сая энгийн иргэд амиа өргөжээ. Бүгд нийлээд 26 сая хүний алтан амь.
Энэ хүмүүсийн гэгээн дурсгалыг тэмдэглэх, толгойгоо бөхийлгөх ёстой өдөр нь энэ өдөр яах аргагүй мөн. Монголчууд гэгээн дурсгалыг нь тэмдэглэж ирсэн. Тэмдэглэж ч байна.
Тэр тухай өгүүлэх гээгүй. Өөр өнцөг энд гаргахыг хичээнэ, Баабарын хөрвүүлсэн оросын зохиолч Э.С.Разинскийн “Сталин” номоос эшлэнэ, оросын зохиогч дайн судлаач, зөвлөлтийн мэргэжлийн тагнуулч Виктор Суворовоос (жинхэнэ нэр нь Владимир Богданович Резун) эшлэнэ. Түүний дайн судлалын номууд дэлхийн 20 гаруй хэлээр хэвлэгдэж дэлхийгээр нэг тархсан, эх орноосоо урвасан хэмээн СССР-ийн үед цааз сонссон ч тэрээр Оростоо хамгийн эрэлттэй зохиогч болсныг бас энд бас дурдах ёстой.
Дэлхийн II дайнд Зөвлөлт Холбоот Улсын байгуулсан гавьяа ба оролцооны тухай тэрхүү Суворов альтернатив номлолоо санал болгодог. Түүний цэрэг-улс төрийн номуудад өгүүлснээр Зөвлөлтийн ард түмэнд гамшиг авчирсан тэр их дайныг өдөөсөн жинхэнэ эзэн нь Сталин болж таардаг. Өнөөг хүртэл бидний тархинд суугаастай номлолоор бол багш Сталин нацист Гитлерт хэтэрхий их итгээд дайнд бэлтгэлгүй байж байсныг махчин Гитлер итгэлийг эвдэн гэнэдүүлэн гэнэт халдаж ороод сүйтгэчихсэн бол Суворовынхоор огт тийм биш гэнэ.
Сталин маш том алдаа гаргасан, Германтай хиллэж байсан баруун нутгууддаа хамаг шилдэг цэрэг, зэвсгээ байршуулж, нисэх буудлуудаа хилийн дагуу байгуулж, тохижуулан байлдааны нисэх онгоцуудаа зэхчихээд байснаас гэнэтийн довтолгоонд нөгөөх нь сүйрч балраад 1941 оны зун, намрын дайны ялагдлыг нөхцөлдүүлжээ.
Сталин Германтай найрамдлын пакт 1939 онд байгуулсныхаа дараагаас эхлэн зэвсэглэлээ огцом хурдаар нэмэгдүүлж, дайны өмнөхөн шинэ шинэ дивизүүдийг яг торгон хил дээрээ аваачин, бэлэн байдалд оруулсан ба үүнийг цэргийн стратегийн судлалын үүднээс үзвэл СССР өөрөө гэнэтийн довтолгоонд бэлтгэж байсан мэт. Ганц дүгнэлт – Сталин өөрөө Гитлерийг гэнэдүүлэн довтлохоор зэхэж байсан юм биш үү?
Германчууд капиталист Европыг устгахаар цаашаа, өмнөшөө дайтаад завгүй, тэр нь логикоор бол Газар дундын тэнгисээр дамжаад Британийн эмзэг цэг-нефтийн Араб, Хойд Африк, тэгж явсаар Энэтхэгийн далай хүрэх биз гэх прогноз Улаан армийн стратегчдэд байсан нь үнэн.
Тэгэхлээр нь Зөвлөлт улс юу хийх ёстойв гэсэн асуулт логикийн дагуу гараад ирнэ. Германы армийн хөлд талхиулсан Европыг СССР чөлөөлөх учиртай. Чөлөөлөөд зогсохгүй “Бүх Европын коммунист Зөвлөлт БНУ”-ыг байгуулна, дараа нь бүх дэлхийг улаан тугаараа хучна. Гитлер Европт эх захгүй дайн өдөөснөөрөө харин ч энэхүү аугаа мөрөөдлийг хэрэгжүүлэх бэлээхэн далим гаргаж өгчээ.
Дайны ялалтын суртал нэвтрүүлгээр 1939-1941 онд Зөвлөлтийн бүх ард түмэнд тархи угаалт хийжээ. Дайнд бэлтгэсэн, бараг уриалсан ухуулан боловсруулах үзэл суртал хүчтэй ажиллаж байлаа. Сонин хэвлэл, радио, кинонд зөвхөн Улаан армийг алдаршуулан мандуулна. Зөвлөлт даяар үзүүлэх хамгийн чухал кино нь “Төмөр ба түүний команд”. Манайхан ч хангалттай үзсэн дээ. Офицерын мэргэжил сонгох нь Зөвлөлт даяар өрсөлдөөн болжээ. Сталин ч хоёр хүүгээ цэргийн сургуульд (их буучин ба нисгэгч) оруулж үлгэр жишээ үзүүлжээ. Офицерын мэргэжил нийгэмд хамгийн нэр хүндтэйд тооцогдоно.
Их дайнд үтэр түргэн ялах тухай “Танкчдын марш” дуу орос хүн бүрийн амандаа аялдаг брэнд дуу нь болжээ. Түүнд ийм мөрүүд бий: “Гал манарган, гэрэл гялалзуулан танкууд урагш давшина, нөхөр Сталин биднийг тулалдаанд илгээсэн билээ” гэхчлэн. “Правда” сонинд бичиж байна: “Дайсны үйлдвэр завод, төмөр зам, агуулах савыг дэлбэ бөмбөгдөж, нисгэгчид маань галт бамбар мэт шунгинан дайрч, манай байлдааны хөлгүүд дайсны эрэг дээр десант буулгаж байгааг би маш тодоор төсөөлж байна” гэхчлэн.
Э.С.Разинскийн “Сталин” номоос баримт хайя. СССР-ийн Батлан хамгаалахын ардын комиссар маршал С.Тимошенко, Жанжин штабын дарга армийн генерал Г.Жуков нараас Сталин, Молотов нарт хаягласан нэг лут төлөвлөгөө хожим ил болжээ. Түүнийг мөнөөх зохиогч Суворов ч эшлэсэн байна лээ. Юу гэвэл “Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн хүчийг өрнө болон дорнод руу өргөтгөх нарийвчилсан төлөвлөгөө” гэсэн гарчигтай, “1941.03.11” гэсэн огноотой. Эл төлөвлөгөөнд юун тухай өгүүлэв гэхлээр Европт өрнөж буй улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал нь СССР баруун хил рүүгээ онцгой анхаарахыг шаардаж байна, Герман хэрэв довтолбол голлох цохилтоо Украиныг эзлэх зорилгоор хийнэ, тэр нь зүүн өмнөд рүү, туслах цохилтоо Двинск, Рига чиглэлээр хийнэ гэсэн байх юм.
1941 оны хавар Зөвлөлт орон ер бусын хөдөлгөөнд оржээ. Тимошенко, Жуков нар Баруун, Балти, Киевийн цэргийн тойргуудад онц чухал, маш нууц заавар илгээжээ. Түүнд нь герман руу цохилт өгөх ганц ч үг үсэг байхгүй, гэхдээ хориглон хамгаалах арга хэмжээгээ өрсөж авахыг үүрэгдсэн байх аж. “Хамгаалалт” гэдэг нь “довтолгоон” гэх далд утга агуулгыг
илтгэдэг, дайны далд хэлээр тэгж нэрлэдэг гэдгийг Зөвлөлт-Финландын 1939-1940 оны дайн харуулчихсан.
Эх орны их дайн эхлэхээс сарын өмнөх явдал. 1941.05.15-нд Жанжин штабын дарга армийн генерал Жуков маш сонирхолтой баримтыг бичвэр болгон Сталинд танилцуулжээ. Юу гэвэл Герман нь яг одоо армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, ар талаа өргөтгөн бэхжүүлсэн нь манай руу гэнэтийн цохилт өгөх боломж тэдэнд олгож байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор германы командлалд санаачилга өгөлгүйгээр, өрсөж довтлох хэрэгтэй болов уу. Ингэж өрсөж цохиж чадвал дөнгөж өргөтгөх шатандаа яваа германы армийг төрөл мэргэжлийн цэргүүдтэйгээ фронт болон зохион байгуулагдахаас нь өмнө амжих бололцоо бидэнд гараад ирж байна гэжээ.
“Герман болон түүний холбоотнуудтай дайтсан тохиолдолд Зөвлөлт Холбоот Улсын зэвсэгт хүчнийг тараан байрлуулах стратеги төлөвлөгөөний төсөөлөл” гэсэн нэртэй баримт бичгийг Сталинд хаяглажээ. “Төсөөлөл”-ийн 4-р хуудсанд Германыг гэнэдүүлэн довтлох төлөвлөгөөг ингэж зураглажээ. Үүнд: “Одоогийн байдлаар Герман нь холбоотнуудынхаа хамтаар СССР-ийн эсрэг 240 дивиз байлдуулах боломжтой”. Эндээс санал болгох нь: “Дайснаас өрсөж эхэлж довтлох. Германы армийн гол хүчийг бут цохих. Нэг сарын байлдааны ажиллагааны дараа Осроленка–Оломоуц фронтод хүрэх нь цэргийн ажиллагааны стратеги зорилт байх болно. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дараахи арга хэмжээг авна: 1) Бэлтгэл офицеруудын сургалт маягаар нууцгайгаар цэрэг татлага явуулах; 2) Зусланд гарч байгаа маягаар баруун хилийн ойролцоо нууцгайгаар цэргээ бөөгнөрүүлэх; 3) Алслагдсан тойргуудаас нисэх хүчнийг татаж нууцгайгаар хээрийн аэродромуудад бөөгнөрүүлэх ба одооноос агаарын ар талыг өргөтгөх. Гол цохилтыг баруун өмнөд фронтод Краков-Катовицын чиглэлд өгнө. Энэ цохилтын гол зорилго нь Германыг өмнөд холбоотнуудаас нь (Итали, Унгар, Румын) салгах” гэжээ.
“Төсөөлөл”-д янз бүрийн газрын зураг, схем хавсаргажээ. Уг баримт бичгийг Жанжин штабын орлогч дарга хошууч генерал А.Василевский хар бэхээр гараар үйлдэж, засварыг нэгдүгээр орлогч дарга дэслэгч генерал Н.Ватутин хийжээ. Гарын үсгийн зайг Жанжин штабын дарга Жуков, Батлан хамгаалахын ардын комиссар Тимошенко нарт үлдээсэн байна. Аль алин нь гарын үсэг зурагдаагүй ч энэ нь Сталинд танилцуулагдаагүй гэсэн үг биш юм.
Э.С.Разинскийн “Сталин” номд бичсэнээр бол жинхэнэ гарын үсэгтэй хүчин төгөлдөр хувь нь байнга явагддаг архивын цэвэрлэгээнд өртсөн, СССР нь Германд халдах төлөвлөгөөтэй байсныг батлах баримт хадгалагдах ёсгүй гэж үзсэнээс тэр гэнэ. Сталинтай уулзсан хүмүүсийн бүртгэл журналд Жуков, Тимошенко, Ватутин нар 1941 оны 5 дугаар сард нэг бус удаа (5 дугаар сарын 12, 19, 24) түүнд бараалхаж, хамтдаа албан тасалгаанд нь уулзсаныг тэмдэглэж үлдсэн нь нэгийг хэлэх биз ээ.
Дайнд СССР бэлтгэлтэй байснаар барахгүй өрсөж цохилт хийх гэж байсан, өрсөж чадаагүйн гайгаар 1941 оны ялагдлуудаа хүлээсэн тухай ингэсгээд азнаад монголчуудын хайртай жанжин маршал Жуковын талаар сондгой өнцгөөс ганц нэг баримт өгүүлье. Энэ тухай английн сайтад тавигджээ. Хожмоо АНУ-ын Ерөнхийлөгч болдог, 1945 онд бол II фронтын командлагч явсан Д.Эйзенхауэр 1945 онд Жуковтой нүүр тулж танилцаад айх гайхах,
жигших хосолж бичсэн түүний дурсамж. Тэр хоёр Берлинд ялалтын баярын найрын ширээний ард хундага тулган дайны туршлагаа хуваалж байжээ. Мина булсан талбай руу Улаан арми эхлээд явган цэргээ оруулдаг, тэд нь дэлбэрч үхсэний дараа тэр мөрөөр нь танкаа явуулдаг байсан ба энэ нь байлдааны техникээ гамнаж байгаа хэрэг хэмээн зөвлөлтийн жанжин юу ч бодолгүй хээвнэг ярьж америк генералыг шооконд оруулжээ.
Жуковт хязгааргүй их гавьяа ногдохыг энд үгүйсгэж байгаа юм биш. Коммунист үзэл сурталд хүн бол хэн ч биш гэдгийг Жуков байнга нотлон харуулж ирснийг нь бас үгүйсгэж байгаа юм биш. Английн сайтад бичсэнээр “Жуков судалгаа” тэнд эрчээ авсан аж. Халхын голд гайхамшигтай дайтсаныг нь харлуулах нэг баримтыг олоод нээчихжээ. Гурван сард дорнод хил дээр маань тулалдахдаа Жуков Улаан армийн 600 орчим цэрэг офицер цаазын ял оноож, харин шагналд тодорхойлсон нь 83 гэсэн байх юм.
Жуков нь1941.09.28-нд Ленинградын фронтын командлагчаар очжээ. Очоод гаргасан эхний тушаал нь бууж өгч олзлогдсон цэргийн ар гэрийнхнийг өчиггүй бууд!
Жуков нь Берияг баривчлан “хоргүйжүүлэх”-д онцгой гавьяа байгуулаад СССР-ийн БХЯ-ны сайдын албан тушаалаар шагнуулсан. Тэрээр Ленинградад байсан шигээ “Өчиггүй бууд!” гэх тушаал өгч чадаагүй нь ойлгомжтой, гэхдээ БХЯ-ндаа “Жуковын гурвал” гэдгийг байгуулчихсан шийтгэх, хөөх, тэтгэвэрийг нь хасах, намаас хөөх ажлыг гялалзуулж байсан байх юм. Александр Бушков гэдэг түүхч зохиолчийнхоор бол асгаруулсан цус, цаазын ял оноодог байснаараа маршал нь Сталинаасаа давж гарна гэсэн байх юм. Энэ ч арай дэгсдүүлэлт байх.
Э.С.Разинскийн “Сталин” номоос эшлэе. Германы хорих лагериас суллагдсан зөвлөлтийн олзлогсдын асуудлыг даан ч харгисаар шийдвэрлэжээ. Дайны талбарт үрэгдэхийн оронд дайсанд олзлогдохыгоо дээрд үзэж зориглосон тэр этгээдүүд одоо хариу шангаа хүртэх ёстой, олон үндэстний хорих лаегерьт тэд байхдаа аюултай үзэл сурталд бас өртсөн байж таарна. Ингэхээр тэдний хувь заяаг өлхөөн шийднэ. Дайсны олзонд жигшим он жилүүд өнгөрүүлсээр юутай ч ялалтыг үзсэн боловч тэд германыхаас зөвлөлтийн хорих лагерьт шууд шилжих үйлтэй. “126 мянган офицер цолоо хураалгаж хорих лагерьт явсан” – хэмээн 1957 онд Төв Хорооны бүгд хуралд Жуков илтгэж байжээ. Герман руу хүчээр ачигдсан энгийн иргэдийг ч хөөрхийлөлтэй хувь заяа хүлээж байлаа. Гадаадын хүнтэй (тэр дундаа дайсантай) нүүр учрахыг коммунист эх оронд нь аюултай халдварт тахал гэж тооцно. Тахал туссан нэгнийг эрүүлээс нь тусгаарлах хэрэгтэй. Тэд ч бас хорих лагерийг дүүргэлцэх учиртай.
СССР-т буцаж ирж лайгаа эдлэх ёстой хүмүүс олноороо холбоотны эзэлсэн нутагт байж таарчээ. “Бууж өгч олзлогдсон хүмүүс бол эх орноосоо урвагчид мөн” гэсэн Сталины зарлиг тэднийг шимшрүүлнэ. СССР рүү битгий буцаагаач хэмээн тэд байдгаараа гуйжээ. Харин Сталин бүх юмыг урьдчилж бодоод бэлтгэчихжээ: Дайны явцад олзлогдсон болон баривчлагдаж хүргэгдсэн зөвлөлтийн бүх иргэдийг эх оронд нь буцаана гэсэн хэлэлцээрт Ялтын бага хурал дээр Рузвельт, Чөрчилль нартай тохиролцон гарын үсгээ зурсан ба холбоотнууд тохиролцоог нь хайр найргүй биелүүлсэн ажгуу.