Ойрхи үеийн эдийн засгийн прогноз
Украины хямрал Өрнөдийн 30 тэрбум долларыг лавтай эхний ээлжинд залгих бололтой. Оросын байгалийн хийгээс 30 гаруй хувиар хамаардаг Европ хориг тавьсныхаа шанд энэ түүхий эдээс салах буюу хязгаарлалтад өртөнө. Жижигхэн Герег Европын холбоог татаад унагачихтай шахсан. Тэгэхээр Украины хямрал Орост ч, Европт ч их л үнэтэй тусна. Юун Герег, Кипр!
Европ бол Хятадын хамгийн том худалдааны түнш. Бараг 600 тэрбум долларын арилжаа хийдэг. Том зах зээл нь хямрахаар энэ нь Хятадын эдийн засагт шууд нөлөөлнө. Нөлөөлсөөр ч байгаа. Гадаад худалдааныхаа 50 хувийг, экспортынхоо 90 хувийг хийдэг өмнөд хөршийн хямрал Монголын эдийн засагт шууд нөлөөлөх нь ойлгомжтой.
Хятад нь дэлхийн байгаль орчныг хамгийн их хордуулж байгаа улс. Нэг терра эрчим хүч хэрэглэж буйн 70 гаруй хувь нь нүүрсээр ажиллаж хүлэмжийн хий үйлдвэрлэдэг. Шинэ Ерөнхийлөгч Ши Жинпин энэ байдалтай тэмцэхээр шийдэн ойрын таван жилд нүүрсээр ажилладаг эрчим хүчний хуучирсан эх үүсвэрийг 20 хувиар хорогдуулахаар амалсан. Энд юун түрүүн Бээжин, Шанхай, Чончин хотуудын ойр орчмын хуучирсан нүүрсний уурхайнуудыг зогсоож, цахилгаан станцуудыг хааж байна. Нүүрс экспортлогч хамгийн том орон Австралид уурхайнууд усанд автсанаас болж зах зээлд хомсдол үүсэн Монголоос гаргаж байсан нүүрс бараг 120 долларт хүрч байсан бол одоо нэгэнт усанд автсан хэсэг хатсан учир хуучин худалдаа сэргэж үнэ нь огцом унаж 30 долларт тулж ирэв. Монгол улсын 2014 оны төсөвт урагш нь 31,5 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Нүүрсний үнэ унасан учир Өмнөд Хятад руу тээвэрлэхгүй, Хойд Хятадын хэрэгцээ 15 сая тонн, тэгэхээр юу бодож ингэж төлөвлөсөн нь үл ойлгогдоно.
Зэс хайлуулах үйлдвэр байгаль орчинд хортой учир дэлхийн хамаг үйлдвэрлэл хэдийнээс Хятадад төвлөрч тэд бэлэн зэсийн 70 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Өртгөөр нь бодоход Монголын зэс өөр газарт очиж боловсруулагдах бололцоо бараг үгүй. Оюутолгойн зэс нь алтны хольцтой учир тусгай аргаар тусгай үйлдвэрт хайлуулдаг ба тийм үйлдвэр Хятадад хоёрхон байдаг гэнэ. Тэд тус болгондоо 2-3 жилийн нөөц хураасан учир агуулах нь дүүрсэн гэж байгаа аж. Тэгээд ч зэсийн үнэ сүүлийн үед огцом унаж зургаан мянган доллар руу ороод ирлээ. 2014 оны төсөвт зэсийн үнийг сүгсэлзүүр өндөр тавьсан л даа.
Төгрөгийн ханш гадаадын аль ч хатуу валюттай харьцуулахад өнгөрсөн намраас хойш 30 орчим хувиар уналаа. Хэзээ ч буруугаа хүлээдэггүй монголчууд бурууг долларт чихэн “ноён доллар гаарлаа”, “долларын хандыг дарах цаг болжээ” гэх мэт инээдтэй зүйл ярьж буй боловч үнэндээ төгрөг нь юань, иен, евро, канад, австрали, америк доллар, фунт стерлингтэй харьцуулахад мөн л ийм хэмжээгээр унасан. Монголын гадаад худалдааны төлбөрийн 85 хувь нь америк доллароор хийгддэг учраас л “доллар” гэж яриад буй хэрэг. Юаниар хийгээд ч ялгаагүй шүү дээ. Ханшны уналтыг дагаад инфляц энэ 2-р сарын байдлаар 12 хувь гарсан ба одоо 15 хүрээ биз дээ.
Монгол улс жилийн өмнө 3,5 тэрбум долларын нөөцтэй байсан бол одоо улсын нөөц хагас тэрбум болтлоо хорогдчихоод байна. Харин энэ хооронд зах зээлд гарсан төгрөгийн хэмжээ даруй гурван ихнаядаар нэмэгдэн одоо арав гаруй ихнаяд хүрчихээд явна. Ер нь төв банкны үе үеийн ерөнхийлөгч өөрийн гарын үсэгтэй мөнгөн тэмдэгт гаргах гэж их яардаг юм даа. Нэг л үгээр хэлэхэд монгол төгрөг хамгаалалтгүй болж нүцгэрч буй хэрэг. Сорос маягийн их гарын спекулянт орж ирээд хэд донсолгоход манай банкны системийг дампууруулах мөн ч амархан байна даа. Ийм бодит үнэн байсаар байтал 2014 оны төсөвт долларыг 1384 төгрөг байхаар бодож тооцоолсон нь үнэхээр гайхмаар. Үүнийг Эдийн засгийн яам бодож олсон гэх авч чухам яаж тооцоолсноо улсын төсөв хэлэлцэж байхад тас нуугаад хэлээгүй. Бодвол дээд тэнгэртэй холбоотой байх.
Монголын гадаад өр одоо 16-17 тэрбум доллароор үнэлэгдэж байна. Үүний 4-5 тэрбум нь Засгийн газарт хамаатай, үлдсэн нь хувийн компаниудын өр. Торгонд хөлбөрч байх үед олон компани өөрийн чадавхийг хэт үнэлэн, ирээдүйгээ дан диваажингаар төсөөлсөн учир эцэст нь төлж дийлэхгүй өрөнд баригджээ. Одоо эдэнд Засгийн газар туслан өрийг нь цайруулж юмыг нь худалдан авах ба мөнгийг нь төв банк гаргаад эхэллээ. Чухамдаа төрийн эд хөрөнгө багадаад байгаа юм шиг.
Монгол улс нь өдгөө 10 тэрбум долларын эдийн засагтай. Энэ түвшинг хадгалахын тулд сард 500 сая долларын ямар нэг юм гадагш нь зарах шаардлагатай гэсэн үг. Одоо юугаа зарж хуйхаа маажих юм, бүү мэд. Гаднаас Чингис, Самурай мэтийн бондын зээл дахиж олдох магадлал тун бага. Зээлжих зэрэглэл буурч хүү нь 9 хувь хүрчихээд байна шүү дээ. Барьцаанд нь юугаа тавих билээ? Сангийн яамыг цуглуулдаг, үрдэг хоёр яам болгож салган хуваасны дүнд сайхан ч наргилаа даа. Сая Засгийн газраас 888 төсөлд (тэнгэрээс мэссэжээр ирсэн тоо юм гэсэн) 800 сая доллар гаргаж жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээлээр тараах боллоо. Уг санаа нь их сайхан, энэ мөнгөөр үйлдвэрлэгчид маань экспортын бүтээгдэхүүн үйлдэрлэж бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах юм байна. Юу үйлдвэрлээд хэнд зарах гээд байгаа, хэн юу авах гээд байгаа юм, бүү мэд. Ер нь иймэрхүү арга хэмжээ луйврын гараар дамжаад алга болдог өргөн баялаг туршлагатай улс билээ, бид.
Одоо Монголын Засгийн газар харилцаат бүх орнуудад итгэл алдан “муудалдчихаад” (Мяньмар, Киргиз хоёрыг эс тооцвол) байгаа. Япон, Солонгос, АНУ, Франц, Хятад, Орос, Герман, Энэтхэг, Австрали, Канад, тэрбайтугай тээр холын Чилитэй хүртэл шүү. Эдгээр орны нэлээд компаниуд Монголын Засгийн газрыг олон улсын арбитражийн шүүхэд өгснөөс түрүүнээсээ шийдэгдэн олон зуун сая долларын торгууль, нөхөн төлбөрт орчихоод байна. Байгалийн хараал гэж энэ л байх, уул уурхай хэмээх энэ хөөний баялаг байгаагүй бол ямар ч өрөнд оролгүй санаа амар хонио хариулаад явж байхгүй юу.
Тавантолгой ерөнхийдөө будаа болсон. Нүүрсний үнэ унасан, зах зээлийн хэрэгцээ багассан, хамтран ашиглах гэсэн бүхий л улс орон, компаниудад том том салаавч үзүүлээд амбаардаад хөөчихсөн. Тэгээд ч нүүрс үнэтэй байхад дэд бүтэц төмөр замаа байгуулаагүй учир ийм нэмэгдэл өртөгтэй газрыг хэн ч тоохгүй. Үгүйдээ л ойрын арван жилдээ. Тавантолгойг ашиглах тухай сүүлийн 40 гаруй жил идэвхитэй хөөцөлдөж байгаа, үүний эхний 30 шахам жилд нь гадаадтай хамтрах тухай, дараагийн 15 жилд нь огт хамтрахгүй тухай. Онигоо л юм даа. Нүүрс үнс болчихсоон!
Оюутолгой араас нь явж байна. Рио Тинто компани Оюутолгойн ордод их найдвар тавьж байжээ. Энэ ордын хүчээр Би Эйч Пи компанийг гүйцэж дэлхийн хамгийн том нь болно ч гэж ярьж байв. Газрын гүнд км гаруйн дор тэнд нь хүдэр баяжуулдаг дэлхийн хамгийн шинэ өндөр технологи оруулжээ. Ийм технологи өдгөө зөвхөн Англо-Американ эдний хоёрт л байдаг гэнэ. Харин саяхан тэд Оюутолгойд оруулсан хөрөнгийнхөө тал хувь буюу 3,4 тэрбум долларыг алдагдал болгон зараллаа. Тавин хувиар хямдруулж буй хэрэг. Хямрал болохоор дэлгүүр ч барааны үнээ буулган тооцдог шүү дээ. Оюутолгойн ил уурхай бэлэн болсон ч бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байна. Ер нь хүсэл ч байгаа юмуу даа? Уурхайн нийт олзворын 80 хувь далд уурхайгаас гарах ёстой ч үүнд нь тэдэнд зээл олдохгүй байна. Монголын Засгийн газартай хамтран эзэмшиж байгаа Рио Тинтогийн Оюутолгой компанид дэлхийн санхүүгийн том байгууллагууд итгэхгүй байгаа хэрэг.
Одоо цааш юу болох вэ? Зүгээр л төсөөлье. Прогнозорхуу л юм даа. Рио Тинто Оюутолгойг гэрээнд заасны дагуу Монголын Засгийн газарт санал болгоно. Тал үнээр нь шүү дээ. Энэ асуудлаар бид бүх ард түмнээрээ хэлэлцэн маргана. Жагсана, цуглана, өлсөнө, сууна, харвана, буудна, дэлбэлнэ. Үүнд лавтай 2-3 жил үрэх байх. Ингээд өөрийн болгохоор болсон Оюутолгойгоо дэлхийн бусад уул уурхайн компаниудад санал болгоно. Харин ч нэг авах эзэн олдохгүй дээ. Хагас үнээр нь шүү дээ. Риогийн айгаад амбаардуулаад доромжлуулаад гарсан газар руу ямар тэнэг нь давхиж ирэх билээ? Эцэст нь найрамдалт харилцаатай, мөнхийн хөрш Хятад үүнийг худалдан авч магадгүй. Тэд авлаа гэхэд манайхныг өөрснөө ажиллуулахыг санал болгох ба гарсан бүтээгдэхүүнийг нь шууд худалдаж авахаар тохирно. Энэ процесс лавтай 2-3 жил үргэлжлэнэ. Ингээд агуулахдаа 5 сая бэлгэвч хадгалсан Эрдэнэтийн томсгосон хувилбар улсын үйлдвэр ажиллаж эхлэнэ дээ. Ерөнхий зөвлөхөөр нь энэ талаар хамгийн том мэдлэгтэй хуучны Геологийн сайд асан нэг өвгөн ирэх болов уу. Бусад тойрон хүрээлэх энэ талын гүн мэдлэгтнүүдийг манай иргэд сүүлийн 10 жилд бараг үнэрээр нь таньдаг болоо биз дээ. Зургаан мянган монгол ажилчид км хагасын гүнд дэлхийн хамгийн дэвшилтэт орчин үеийн техникээр ажиллах болно. Тойрсон асар том бизнис ундарч замыг нь, төмөр замыг нь, цахилгаан станцыг нь, усыг нь (төвөг төвөг, нэрлээд яршиг) … гэсэн компаниуд барьж сүндэрлүүлнэ. Үл таарах олон дугуй шахна. Кондом бол ердийн л нэг хавчуурга. Жил хагасын дараа олзворлож буй бүтээгдэхүүний олох үнэ нь тээвэрлэлтийн зардлаа ч нөхөж дийлэхгүй. Улсын үйлдвэрлэлийн хувь заяа угаасаа л ийм байдаг юм чинь. Цааш яахыг гагцхүү тэнгэр мэдтүгэй. Худалдаж авсан Хятадад нь буцааж өгөөд өөрснөө үйлдвэрлэлээ явуул гэж гуйх л болов уу. Эсвэл хувьчлана гэж баахан пижигнэнэ. Энэ лавтай таван жил авах биз дээ.
Өнөөгийн бодит байдал маань ийм болчихоод байна. Үүнд л тулгуурлаж прогноз гаргаж дүн шинжилгээ хийж буй болохоос ёрлож байгаа юм алга. Тэгээд ч ёрлосноос болж юм мууддаг, билгэдэхээр сайжирдаг гэж бодохгүй байна. Ухамсартай эх оронч хүний хувьд юм сайжраасай л гэж хүснэм. Эх орныхоо ирээдүйд санаа зовсондоо л хөгжлийн талаар дүн шинжилгээ хийж, буруу гэсэн зүйлээ шүүмжилдэг. Найдвартай эх сурвалжтай, тоо баримттайгаар! Шүүмжилсэн юм нь таараад байдаг нь харин харамсалтай. Өнөөгийн энэ хямралт байдал нь сүүлийн арваад жилийн туршид төр засаг нь ард түмэнтэйгээ нийлж аваад галзуугийн эмнэлэг шиг аашилсны үр дүн юм. Гэхдээ би шүүмжилсэн зүйлээ хэрэгжүүлэх гэж цугладаггүй, жагсдаггүй, суудаггүй, зурагтаар жавжиддаггүй, хэнийг ч албадаж хүчирхийлдэггүй, заналхийдэггүй. Нам, улс төрөөс бүрмөсөн холдоод 15 жил болсон болохоор надад шийдвэр гаргах нөлөө хүч ч байхгүй. Ер нь өнөөдөр Монголын нийгэм улстөр, эдийн засгийн голлох шийдвэрийг хариуцлага хүлээх ямар ч чадваргүй хүмүүс гаргаж байгаа шүү дээ. Би бичсэнээрээ бусдыг дарамталж эд хөрөнгө нэхдэггүй, тийм тохиолдол надаас нэг л удаа гарсан нь нотлогдвол ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн.
Намайг зүгээр л бичиж нийтлүүлсний төлөө занаж зүхэн, гүтгэж хараадаг сүгсэлзүүрүүд нэг бус бий л дээ. Ихэнх хүн “би оронд нь байсан бол яах байсан” гэж харьцуулан тунгааж дүгнэдэг. Тиймээс намайг гадаадын компаниас шан харамж авч бичдэг мэтээр хараах юм билээ, зайлуул. Нэг өгүүлэл бичихээр хэдийг өгнө гэж боддог юм бол? Тийм л их ашиг өгдөг юм бол өөрснөө бичихгүй дээ. Хүнийг хөдөлгөдөг хамгийн хүчирхэг сэдэл нь мөнгөнөөс илүү атаархал байдаг юм гэнэлээ, зарим дорой нэг нь ч атаархлаас болдог биз, би тоодоггүй. Надад өөрийгөө аваад явчих хангалттай мэдлэг боловсрол, тэнхээ, туршлага бий. Хуулиас гадуур би юу ч хийдэггүй. Хууль ёсоор хангалттай татвар улсдаа тушаан дарга нарынхаа цалинг таслалгүй залгуулсаар яваа олон мянган иргэдийн нэг. Харин би мөнгөнд нүдээ ухаад өгдөг сүгсэлзүүр байсан бол юм бичиж мөнгө цуглуулж байхаар дуртай ордоо, дуртай тэндэрээ, дуртай газраа яаж ийж байгаад л салгачиж чадах байхаа. Ядахнаа эх орончийн дүрээр гудамжинд гарч сүгсэлзэхэд л бичихээс илүү орлого олох байлгүй дээ. Эсвэл авлигаар амьдрахаар шийдэн албан тушаал нэхэхэд өнөөдөртөө унжаад сүйд болох дарга бараг гарахгүй л болов уу?