Энэ асуултыг маш олон хүн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьж байна. 

Тодруулбал, өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг танилцуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ “Улаанбаатар хотыг 14 хотод хувааж /Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа, Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу, Өнөр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Дарь-Эх, Баянзүрх, Амгалан хот/ бие даан хөгжүүлнэ. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгож, хорооны дарга нар шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно” гэв. 

“14 хот болгоно” гэдэг нь сүүлд гарч ирсэн үг. Харин хороодыг татаж буулгаж, 42 дүүрэгтэй болно гэдэг бол Х.Нямбаатар хотын дарга болоод анх хэлсэн үг. 

Ер нь тэгээд сонгууль ойртох тусам энэ хоёр хүний аманд багтахгүй үггүй болов. Түүнийг нь дагадаггүй амьд амьтан ч алга. Ямар үгүйдээ л Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаас хальсан, гажсан хуулийн төслийг УИХ руу оруулж ирээд хээвнэг алх цохиулаад суух вэ. УИХ-ын гишүүд нь ч гэж дээрдэх юмгүй. Ирэх сонгуульд нэр дэвшихээр барьцаалаад хуулийг гууль болгож байна. 

Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйл, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага” хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” /5.1/ гэж заасан. Үндсэн хуулийн энэ заалтаас болоод өнөөдрийг хүртэл манай аймгийн төвүүд “Сум” гэдэг статустай явж байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Говь-Алтай аймгийн Алтай сум... гэх мэтчилэн.

Мөн хуулийн 5.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ярьж буй энэ асуудлаар УИХ, Засгийн газар шийдвэр гаргахад хүрвэл эхлээд нийслэлийн иргэдээс асуух ёстой гэсэн үг. Үндсэн хуулийн энэ заалтаас болоод өнгөрсөн 20-30 жилд орон нутгийг бүсчлэн хөгжүүлэх, хөдөөгийн тархай сумдыг нэгтгэх, хүн амыг төвлөрүүлэх тухай маш олон Засгийн газрын бодлого нурж унаж байсан. Яагаад гэвэл тухайн сум, сууринд оршин суугаа иргэд нь үүнийг хүлээн зөвшөөрдөггүй учраас. Үндсэн хуулиар тэр эрхийг нь хангаад өгчихсөн учраас. 

Хэрвээ УИХ энэ хуулийг төслийг баталж гэмээн зайлшгүй Үндсэн хуулийн хана мөргөж, Цэцийн хаалга татаж таарна. Өнөөдөртөө яахав, МАН дангаараа эрх барьж байна. Дангаараа яриад, дуртай дуугаа дуулаад, дуулсан дуундаа уяраад гоё л байгаа байх. Гэхдээ ирэх сонгуулийн дараа эрх биш юм өөрчлөгдөнө. Улс төрийн 25 нам, эвсэл 126 мандат дээр өрсөлдөж байхад арай ч нэг өнгөрсөн удаагийнх шиг сонгууль болохгүй л байх. 

Эрх баригч намын эцэг хуулинд халдсан, иргэдийн эрхиийг зөрсөн үйлдэл үүгээр зогссонгүй. Саяхан /өнгөрсөн сард/ манай малчид нийслэлд цуглаж суугаад Малчин өрхийн нэгдсэн холбоо, Шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг юмыг байгуулсан. UG Arena-д цугласан 3000 гаруй хүний хэд нь малчин, хэд нь МАН-ын гишүүд байсныг бид мэдэхгүй. Харин тодорхой болсон нэг зүйл бол малчдын нэрээр байгуулсан дээрх холбоо, хөдөлгөөн нь малчдын доороосоо гаргаж ирсэн үүсгэл санаачилга биш, МАН-ын дээрээсээ зохион байгуулж байгаа ажил болж таарлаа. 

Холбоо байгуулсныхаа араас хоршоо байгуулж өгөхөөр болж, хоршоог байгуулах этгээдүүдийг төрийн албан хаагчдаар бүрдүүлж байна. МАН-д зүтгэж байгаа 660 төрийн албан хаагчийг 330 сумдад хуваарилж, сарын хугацаанд хоршоо байгуулах үүрэгтэйгээр хөдөөд цөлжээ. Ингээд “Зудад малаа барсан малчдыг малжуулья” гэж эхэлсэн өнгөрсөн хаврын яриа нь “Шинэ хоршоо хөдөлгөөнд нэгдсэн малчдад 50 сая төгрөг хүртэлх зээлийг 6 хувийн хүүтэй олгоно” гэдэг болзолт уралдаан болоод явчихав. Малчид энэ зээлийг авахын тулд бүгд хоршоонд элсэнэ, элссэн хойноо их, бага хэмжээгээр зээл авна, авсан хойноо зээлээ төлж чадаагүй нэг нь шүүхэд хүртэл очиж таарна. Нэг л зуны наадам, нэг сонгуулийн найр болоод дуусах биз. 

Гэтэл хоршоо байгуулах чинь өөрөө хуультай, үйл ажиллагаа явуулдаг дүрэм журам нь бас тусдаа. Наанадаж, хоршоонд нэгдэж байгаа иргэд хөрөнгөө нийлүүлж орох ёстой гэх мэтчилэн. Холбоо буюу ТББ ч гэсэн өөрийн гэсэн дүрэмтэй, хамгийн түрүүнд иргэд өөрсдөө сайн дураараа нэгдэх ёстой. Төр болоод төрийн байгууллага үүнд оролцвол Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа болно гэсэн үг.

Тэгэхээр Шинэ хоршоо хөдөлгөөн, Монгол малчдын нэгдсэн холбоо гэгч нь ирэх сонгуульд зориулсан МАН-ын худалдан авалт, сонгуулийн авилга болж таарч байна. Анхнаасаа эдгээр холбоо, хоршоог байгуулах болсон шалтгаан ба үр дагавар нь Монголд Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжоос даваад явчихаж байгаа учраас ирэх сонгуулийн дараа МАН заавал нэг юм сонсоно. Буруудвал "Төрийн эрхийг хууль бусаар авах" гэмт хэрэг рүү ч түлхэгдэж магадгүй. 

inews.mn