Үнэн зөв мэдээлэлгүйгээр иргэд төр засагт хяналт тавьж, төрийн үйл хэрэгт шууд оролцох боломж хязгаарлагдмал тул хүний язгуур эрхүүдийн нэг болох мэдэх эрхийг ханган ажиллах нь төрийн болоод хэвлэл, мэдээллийн салбарын онцгой үүрэг мөн.

“Хараат бус сэтгүүлзүй” үндэсний
форумд явуулсан Монгол Улсын
ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтээс

Сайхан сэтгэлийн үзүүр...

Мал, малчин хоёрт байдгаа барьдаг төрийн минь “Өвөл, хаврыг өнтэй давъя” аян шувтрах шатандаа орлоо. Яргуй идсэн ямааны мах үнэд орчихсон цагаар импортын тэжээл тоож шиншлэх мал олдохгүй биз ээ. Ямар нэг шалгуурт тэнцсэн 29 аж ахуйн нэгжид 40 тэрбум төгрөг хүүгүй тарааж, Оросоос НӨАТ болон гаалийн татваргүй тэжээл импортлуулан малчдад хямд зарах буянт үйл шувтрах цаг болоогүй ч явцыг нь харж болохоор байна.


Тендер ба статистик 

Статистикийн нэгдсэн сангийн мэдээллээр 2018 оны нэгдүгээр сарын дүнгээр улсын хэмжээнд 1 116 880 том мал зүй бусаар хорогджээ. Ноднингийн мөн үед 268 980 том мал хорогдсон аж. Сая давчихсан дээрх тоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны санаачилсан “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны дүн гэхэд болно. Ашиг муутай бэлчээрийн малаа онд мэнд оруулах гэж л малчид тэжээл худалдаж авдаг. Үүнийг сайн мэддэг дарга сайд нар сайхан санаачилга гаргасан боловч дөчин тэрбумын дөрөвний нэг нь л тэжээл болон гаалиар орж ирсэн байна.

Авдгаа бол авсан

 

Салбарын сайд Б.Батзоригийн “Малын тэжээлийн хангамжийг сайжруулах арга хэмжээг зохион байгуулах тухай” тушаал 2017 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр гарч тендерт тэнцсэн компаниуд мөнгө авснаа баталж албан бичигт гарын үсгээ зурцгаасан байдаг. Ямар нэг шалгуураар компаниудад харилцан адилгүй дүнтэй мөнгө хуваарилсан. Жишээ нь, Ашигт малтмалын хэрэг эрхлэхийн дарга асан Д.Батхуягийн “Хөвсгөл Алтандуулга” ХХК, зарим сурвалжийн мэдээллээр УИХ-ын Ш.Раднаасэдийн гэх Д.Одгэрэл захиралтай “Арованна” ХХК тус бүрт таван тэрбум төгрөг оногджээ. Харин Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгынх гэдгийг нь Монголоороо мэддэг “Милл хаус” ХХК, “ЧМТО” ХХК хоёр нийлээд дөрвөн тэрбум төгрөг авсан байна (Энэ хоёр компанийг төлөөлж нэг хүн гарын үсэг зурсан байгааг анзаарна уу). Мөн Т.Энх-Амгалан захиралтай “Дөлгөөн оргил” ХХК, Ц.Отгонбаатар захиралтай “Од групп” ХХК-ууд гурав гурван тэрбум төгрөг хүүгүй зээлсэн бол GOTT ХХК хоёр тэрбумыг хүртжээ. Бусад нь тэрбум гаран, тэрбумаас бага дүнтэй тул нуршилгүй орхиё.


Гудиггүй гурав

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар “нийт санхүүжилтийн 78 хувь буюу 31.1 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд шилжүүлээд байна” гэж ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун ярьсан юм. Харин дөрөвдүгээр сарын 28-ны Гаалийн мэдээллээр 40 тэрбум төгрөгийн 24 хувь буюу 9.4 тэрбум нь л тэжээл болон улсын хилээр орж иржээ. Хамгийн сайн гүйцэтгэлтэй нь нэг тэрбумыг авсан “Асгат кент” ХХК, тус компани 989 саяын тэжээл импортолсон бол түүний араас 97 хувийн гүйцэтгэлтэй “Бор банди” ХХК, авсан мөнгөнийхөө 87 хувиар нь тэжээл импортолсон “Түмэн шувуут” ХХК тус тус зогсож байна.

Гэтэл таван тэрбумыг авсан “Хөвсгөл Алтандуулга” 79 саяын, “Арованна” ХХК 565 саяын тэжээл импортоор оруулж ирснийг Монгол улсын Гаалийн ерөнхий газар бүртгэжээ. Харин ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр компани нийт нэг тэрбум гаран төгрөгийн импорт хийснийг энэ мэдээллээс харж болно. Гаалийн мэдээнд багтсан 29 компаниас “Дөлгөөн оргил” ХХК, GOTT ХХК, “Мөрөн-Агро” ХХК-ууд гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй ажээ. Гудиггүй гурав...


Хугацаа ба хүү

Гаалийн мэдээллийн дүн ХХААХҮЯ нээсэн mal.alphalabs.mn Хяналтын самбарын дүнгээс хол зөрөхгүй байгаа тул 40 тэрбумыг хүүгүй зээлүүлсэн тендерийн мөнгөний 76 хувь буюу 30 гаран тэрбум төгрөг хаана явааг асуух ёстой. 2011 оноос хойш хэрэгжиж буй уг тендерт энэ жил шалгарсан компаниудын ихэнх байнга шалгарч ирснийг хялбархан мэдэж болно. Мөн гүйцэтгэл нь ч 25 хувиас хол давж байгаагүй бололтой. Ноднин Герман-Монголын хамтарсан “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн захиалгаар Б.Эрдэнэболорын хийсэн судалгаанд туссанаар 2016 онд малчид 9.5 тэрбум төгрөгөөр импортын тэжээл авсан аж. Энэ үнийн дүн арванхоёрдугаар сарын 01-ээс дөрөвдүгээр сарын 28-ныг хүртэл аж ахуйн нэгжүүдийн импортоор оруулж ирсэн тэжээлийн нийт үнэтэй бараг дүйж байгаа юм. 

Нийт 51 мянган тонн тэжээлийг НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийг 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд баталсан бөгөөд 2017.12.04-2018.06.30-ны хооронд үйлчилнэ. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд дөнгөж 24 хувийг нь оруулж ирсэн компаниуд ирэх хоёр сарын дотор үлдсэн тэжээлээ импортолж амжих уу? Амжуулдаг юмаа гэхэд бүх орлогынхоо 5-20 хувийг малдаа, энэ мөнгөнийхөө 30 орчим хувиар нь өвс тэжээл авдаг малчид тэжээл авахгүй. Ногоо цухуйчихсан хойно тэгж мөнгөө үрдэг тэнэг малчин хаана байх вэ. Оруулж ирсэн тэжээлээ хойтон борлуулах нэг хувилбар бий, гэхдээ дараа жил дахиад л “Өвөл, хаврыг өнтэй давъя” хэмээх уламжлалт аян зарлагдана. 

Тендерт шалгарч 40 тэрбумыг хувааж авсан компаниуд наймдугаар сарын нэгний дотор мөнгөө эргүүлж төлөх учиртай. Сураг чимээ нь дуулдахгүй байгаа 30 тэрбум төгрөгийг тэр хүртэл гудсан дороо хадгалах тэнэг бизнесмэн Монголд лав үгүй. Дөрөвний гурав, дөрвийн дөрвөн сар...