Миний өнөөдрийн зочноор Юнител Группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав гэх залуухан удирдагч уригдлаа. Тэрбээр санхүүгийн удирдлага болон бизнес хөгжүүлэлтийн чиглэлээр мэргэшсэн CEO юм. Ингээд та бүхнийг зочинтойгоо уулзуулъя.


-Ийм залуухан удирдагчтай ярилцах гэж байгаадаа таатай байна. Уншигчдад маань ч сонирхолтой байх болов уу. Миний мэдэж байгаагаар та өнгөрсөн намар Гүйцэтгэх захиралаар томилогдсон байх. Түүнээс хойш тодорхой хугацаа өнгөрчээ. Та бол нийгэмд ил байдаг хүн биш учраас эхлээд танилцуулах нь зөв болов уу ?

-Ярилцлагын зочноороо урьсанд баярлалаа. Би хотод төрсөн ч сургуульд ортлоо хөдөө аавынхаа дүүгийнд амьдарч байгаад хотод сургуульд орохдоо лирж байлаа. 10 жилийн 84 дүгээр сургуулийг дүүргэсэн. Сургуулиа төгсөөд та бүхний мэддэгээр IQ-ийн гэгддэг Ц.Дэмбэрэл багшийн захирлаар нь ажиллаж байсан Хан-уул дээд сургуулийг Бизнесийн эдийн засаг, хэрэглээний математик хос мэргэжлээр төгссөн. Манай сургууль тухайн үед маш чанартай сургалттай цомхон сургууль байсан. 2003 онд сургуулиа төгсчихөөд дипломоо ч аваагүй байхдаа ангийнхаа найзуудтай хамт MCS компанид ирж шалгалт өгч байлаа. Тухайн үед Улсын Драмын Академик театрын хажууханд шинэхэн байр дөнгөж нээгдээд байсан үе л дээ. Тэгээд хэдэн найзтайгаа хамт шалгалт өгөн, М-Си-Эс Холдинг ХХК-д санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхлүүлж байсан юм. 

-Тэр чинь хэдэн он бэ?

-2003 он. Дөрвөн жил ажиллаад 2007 онд Санхүү эрхэлсэн дэд захиралаар томилогдон 2010 он хүртэл ажиллаж байгаад Юнител Группийн Санхүү эрхэлсэн дэд захирлаар томилогдсон. 2012 онд компанийхаа бизнес хөгжүүлэлт, төлөвлөлт хариуцан ажиллах завшаан гарсан юм. Энэ бас их сонин тохиолдол л доо. Юу гэхээр санхүүгийн ажилтан бол санхүүгээ хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ, үр ашиг, хэмнэлт гаргахад голчлон анхаардаг, мөн тодорхой дүрэм, стандарт мөрдүүлэн ажилладаг. Гэтэл бизнес хөгжүүлэлт нь эсрэгээрээ зах зээлд яаж чөлөөтэй сэтгэж, хэрэглэгчдийн хэрэгцээг соргогоор мэдэрж түүнд таарсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргахад төвлөрч ажиллах шаардлагатай болдог.Мөнгө төгрөг, үр ашиг бодох нь бүр дараагийн ажил болчихдог. Ийм чиг үүрэг хариуцаж ажиллана гэдэг миний хувьд цоо шинэ сорилт. Нөгөө талаар тухайн үед надад удирдлагууд шинэ талбарт хүчээ сорих боломж олгож, хийж чадна гэж итгэсэн. Хүн болгонд олдоод байдаггүй ийм азтай завшаантай тохиолдлоор өөрийгөө сорих боломж надад таарсан юм. Тухайн албан тушаалд томилогдсоноос хойш өнөөг хүртэл “Юнител” группийнхээ Бизнес хөгжил, төлөвлөлтийг хариуцаж ажиллалаа. Түрүү жилийн 11 сард албан ёсоор Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

- Юнител бол манай хэрэглэгчдийн амьдралын нэг хэсэг нь болчихсон, үүрэн холбооны тэргүүлэх компанийннэг. Амжилтын түүх нь ч дандаа өсөлттэй явсан байдаг. Шинэ нийгэмд хөл тавиад тав зургаахан жил болж байсан тэр үед л Мобиком байгуулагдаж байлаа. Бидэнтэй 30 жил хамт явж байна гэсэн үг. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай хамт уламжлалт харилцаа холбооны систем унасан. Мобиком ч эрчтэй, түрэмгий ажилласан. Ийм хурдаар зах зээлд 10 ажиллачихсан, монополь компанитай та бүхэн өрсөлдсөн. Энэ өрсөлдөөний түүхээс сонирхуулаач ... Энэ бол яах аргагүй бидний нүдээрээ харсан түүх шүү дээ?

- 2006 онд Юнител компани анх байгуулагдсан. Зах зээлд Мобиком байгуулагдаад 10 жил, Скайтел компани 5 жил болчихсон байсан. Тухайн үед биднийг ажлаа эхлүүлэхэд хөрөнгө оруулагчид маань “Ер нь боломж байна уу, амжилт гаргах уу” гэж эргэлзэн хэд хэдэн удаа асууж байсан юм. Компани маань байгуулагдаад энэ олон жил амжилттай явж чадсан нь мэдээж бидний бахархал.Өрсөлдөөнд давуу тал авчирсан хүчин зүйлсийн тухай хоёр гуравхан зүйл хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, энэ өрсөлдөөнтэй зах зээлд төрийн оролцоо бага явж ирсэн. Энэ салбарын бизнес бол маш өргөн чөлөөт өрсөлдөөн дээр явагддаг онцлогтой. Ийм өвөрмөц онцлогтой зах зээл рүү Төр хутгалдаагүй нь өөрөө энэ салбарын хөгжил цэцэглэлтэд, өнөөдрийн хүрсэн амжилтанд том нөлөө үзүүлсэн. Дараагийн хүчин зүйл бол энэ зах зээлд өрсөлдөхөд бидэнд боломж олгож хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдын итгэл. Уг салбар өөрөө хөрөнгө оруулалт маш ихээр шаарддаг. Хөрөнгө оруулалтын үр өгөөж нь урт хугацаанд гардаг. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтыг урьдчилан хийснээр хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ авах боломжийг бүрдүүлдэг. Энэ нь бүр хэрэглэгчдийн амьдралын шинэ хэв маягыг бүрдүүлэх ч тохиолдол байдаг. Жишээ нь 2011 онд Юнивишн компани маань IPTV үйлчилгээг нэвтрүүлэн, зурагт үзэх шинэ соёлыг бий болгосон байдаг. Хөрөнгө оруулалт хийхгүй удвал компанийн үйлчилгээ болон хэрэглэгчид маань бас цаг үеээсээ хоцрох, урт хугацаандаа бизнес бүхэлдээ зогсох аюултай. Энэхүү нөхцөл байдлыг нь ойлгожхөрөнгөө оруулсан хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил, дэмжлэг маш чухал хүч. Мэдээж бид менежментийн хувьд зах зээл дээр шинэлэг бүтээгдэхүүн гаргаж, шинэлэг хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан нь мөн нөлөөлсөн байх. Тухайн үед ярианы минутын үнэ их өндөр, гар утасны хэрэглээ өдөр тутмын амьдралын хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байсан үе. Үнийг хямдруулж, хямдруулсны хэрээр гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ, зах зээл маань өргөжинө гэдэг боломжийг харж бодлогодоо тусган ажилласан. Дээрээс нь өрсөлдөөний нөхцөл байдлаа зөв тооцоолж чадсан. Тухайн үеийн удирдлагууд маань яг цаг хугацаанд нь нийцсэн оновчтой шийдвэрүүдийг гаргаж байсанд амжилтын бас нэгэн нууц нь оршиж байсан болов уу. 

- Танаас өрсөлдөгчийнхөө тухай ярихдаа их болгоомжтой ханддаг соёл ажиглагдаж байна. Энэ мэдээж зарчим.Ер нь бол тухайн үед Төр уламжлалт харилцаа холбооныхоо талыг нь дэвсэж өгч байсан гэхэд хилсдэхгүй. Маш том хайр, дэмжлэг дор Мобиком компани байгуулагдаж байсан. Анхны үүрэн холбооны суурь юм даа. Скайтел компани бас л дажгүй гарч ирсэн. Тэдний эдүгээн царцалтыг та юутай холбож хардаг вэ?

- Скайтел царцалтад ороогүй, харин өсөлттэй байгаа. Бид л нэлээн түрүүлээд зах зээлээ эзэмшээд аваад явчихсан болохоос. Аливаа бизнесийг өөрийг нь өсгөж хөгжүүлэхээс гадна байгаа туршлага, нөөц боломж зэрэгт тулгуурлан шинэ зах зээл уруу орох замаар бизнесээ өргөжүүлж болдог. Түрүүний ярьсан Юнивишн компанийг байгуулж байх үед уламжлалт кабелийн телевиз л байсан шүү дээ. Бид бизнесээ яаж өргөжүүлэх вэ, ямар боломж байна вэ гэж нэлээд судалгаа хийж байгаад IPTV буюу интернэтэд суурилсан телевизийн үйлчилгээг бас л том эрсдэлтэйгээр, зоригтой хийсэн. 2006 оноос хойш хэрэглэгчдийнхээ тоог амжилттай өсгөөд явсан замнал ч бүхэлдээ эрсдлээс хол байгаагүй. 

- 2007 он гэхэд, ердөө нэг жилийн дотор юнител 30000 хэрэглэгчтэй боллоо гэдэг тооцоо мэдээлэгдэж байсан. Тухайн үедээ маш том амжилт биз дээ?

- Тийм. Тэр бол нэлээн том түвшний амжилт.

- Дундаж орлоготой иргэд рүү хандсан ч гэдэг юм уу, тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн бодлого байсан уу ?

- Бид аль нэг бүлэг гэхээсээ илүү хүн бүрд тэгш хүртээмжтэй үйлчилгээг хүргэхийг зорьж ирсэн. Тэр дунд залуучууд руу чиглэсэн үйлчилгээ илүү олонд хүрсэн. 2016 онд орон даяаар бүх аймаг, сумдуудад 4G нэвтрүүлсэн нь мөн амжилтанд нэлээн нөлөөлсөн. Үүрэн холбоо болон ITPV үйлчилгээнүүд маань харилцан бие биенээ дэмжих бизнесүүд байсан нь дараа дараагийн өсөлтүүдэд нөлөөлсөн л дөө.

- Харилцаа холбоо бол технологийн хамгийн том шинэчлэлүүд явагдаж байдаг салбар. Манай харилцаа холбооны хөгжил ямархуу түвшинд явдаг юм вэ ?

- Түрүүнд би хальт дурьдаж байсан. 2011 онд Юнивишнийг байгуулагдахад яг үүн шиг технологийг нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь орон манайх болж байсан юм.2016 онд орон даяаар 4G сүлжээ нэвтрүүлсэн 26 дахь улс болж байлаа. Одоо бид дэлхийн хамгийн сүүлийн үеийн 5G сүлжээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн жил туршилтын станцуудаа асааж, дэд бүтцийн хувьд бэлтгэл ажлаа хангаад байна. Ингээд бодоход манай харилцаа холбооны салбар дэлхийтэй хөл нийлүүлэн хөгжиж байна. Манай улс үүрэн холбооны үйлчилгээ хамгийн хямд орнуудын нэгд тооцогддог. Гэхдээ гадны технологиуд, тоног төхөөрөмжүүд, интернэтийн урсгал болон контентуудыг гадны том том компаниудын л адил ам.доллараар төлж авдаг. 

- 2009 онд танайхыг 3G нэвтрүүлж байхад бас л том дуулиан болж байлаа? Хэрэглэгчдээ ч тэлж байсан. Би мобикомын хэрэглэгч л дээ. 4G систем нэвтрээд зөндөө удаж байна. Гэтэл хурд хангалтгүй. Танайх хурдны хувьд ямархуу вэ?

- 4G дээр жаахан тодруулаад хэлчихэд ер нь бол 3G-гийн дараагийн технологи шүү дээ. Яахав анхны 2G нь илүү ярианд суурилсан. 3G яриа болон датанд суурилсан. Тэгээд араас нь 10 дахин илүү хурдан 4G гарсан. Үүрэн холбооны компаниудын үйлчилгээ сайн байх, дата үйлчилгээ хурдан байх нь ерөөсөө хөрөнгө оруулалттайшууд холбоотой гэж хэлж болно. Мөн үүнээс гадна тухайн хүний барьж байгаа утасны шинэ, хуучин, хүчин чадал, тоглуулж буй контентын чанар, хэмжээ, сүлжээ муу барьдаг газар байгаа эсэх зэргээс бас хамаарна. Жишээ нь зузаан ханатай, олон өрөөтэй байшинд ч юм уу. Өнөөдөр нэгж хэрэглэгчийн дата хэрэглээ 10 жилийн өмнөхөөс бараг 20 дахин нэмэгдсэн байна. Нэг хүн сард 20Gb дата хэрэглэж байна. 

- Датанд суурилсан хөгжлийн мухардал юу вэ?

- Ер нь бол дараа дараагийн шинэ технологи нь гарж ирээд хурд улам нэмэгдээд л явна гэж боддог. Үүнийг дагаад шинэ шинэ үйлчилгээнүүд хүмүүсийн амьдралд орж ирнэ. Жишээ нь 10 жилийн өмнө дүрсээ харж ярьдаг болно гэж төсөөлж ч байгаагүй байх.

-Одоо ч хөдөөний айлууд сүлжээтэй газар гээд унинаасаа утсаа дүүжилчихсэн байдаг. Энэ хэзээ бүр мөсөн алга болох бол?

-Монгол орон өргөн газар нутагтай, малчдын амьдралын хэв маяг нь нүүдлэж амьдардаг онцлоготой. Малчин айл болгоныг 100 хувь үүрэн холбооны сүлжээгээр хангана гэдэг хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаардах асуудал. Эдийн засгийн агуулгаараа ч, хөрөнгө оруулалт талаасаа ч зардал өндөр. Тэгэхээр бидний түрүүний яриад байдаг хүн ам суурьшсан газрыг 100 хувь сүлжээтэй болгох нь нэг номерын асуудал. Түрүү жил гэхэд мобайл сүлжээ ороогүй 214 алслагдсан багуудад ярианы болон 4G дата сүлжээ оруулсан байгаа. Ингэснээр улсын хэмжээнд 1’500 гаруй баг байдгийн 1200 орчим баг үүрэн холбооны сүлжээтэй болсон. 

- 4G нэвтрэхэд хэрэглэгчид тань үсрэнгүй нэмэгдсэн үү?

- Нэмэгдсэн. 2016 онд манай 100 орчим мянган хэрэглэгч 4G дата хэрэглэдэг байсан бол одоо 1 сая 200 мянган хэрэглэгч 4G дата хэрэглэж байгаа. 

-Дагаад мэдээж асар том хөрөнгө оруулалтын асуудал явж байгаа байх. Гэвч бусад салбар шиг энэ тухай бид тэгтлээ сонирхдоггүй юм шиг ?

- Тийм. Улс орны хөгжилд зам, тээврийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд зэрэг том том салбарууд чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ харилцаа холбооны салбарын хийж буй дэд бүтэц, интернэтийн сүлжээний ач холбогдлыг тэр бүр ойлгодоггүй юм болов уу гэж боддог. Манайд “Зам дагаж хөгжил ирнэ” гэж үг байдаг. Одоо бол интернэт дагаж хөгжил ирж байна. Зам хүрээгүй ч интернэт хүрсэн газар зөндөө бий. Үүнийг дагаж иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад том боломжууд нээгддэг. Сурч боловсрох боломж дээр л зөвхөн бодоод үз. Төрийн үйлчилгээний цахимжилт, банкны олон аппликейшнүүдээр дурьдаж бас болох юм. Интернэт холбогдсон ухаалаг утастай хэрэглэгчдийн тоо давхардсан тоогоор 4 саяд хүрсэн нь энэ бүхэнд шууд нөлөөлж байгаа. Цаашид ч харилцаа холбооны салбарын хөгжил илүү өргөн боломжийг олгох байх. 

- Таныг компанийнхаа захирлаар томилогдоход нэг мессеж их явж байсан. Шинэ гүйцэтгэх захирлын ур чадвар, эрч хүч, туршлага нь Юнител компанийг дараагийн түвшинд хүргэх байх гэсэн тодотгол. Тэр дараагийн шинэ шат нь юу вэ. Манай уншигчдад дуулгах шинэ сонин юм юу байна ?

- Манайх энэ жилдээ 5G нэвтрүүлэхээр бэлтгэлдээ орчихсон явж байгаа. Томоохон хот суурингуудад нэвтрүүлээд явах байх. 5G-ийн хувьд бол хэрэглэгчдэд өмнөхөөс 10-100 дахин илүү хурдны боломж олгоно. Технологийн өөрийнх нь онцлог гэж байна л даа. 5G нэвтэрснээр ямар ямар салбарт хэр түвшний боломж олгох вэ гэдэг хүмүүст сонин. Та бидэн шиг энгийн хэрэглэгчдийн түвшинд хурд сайжирна, үүнийгээ дагаад контентын дуу, дүрс илүү чанартай болно. Хамгийн гол давуу тал нь орон нутагт яаралтай мэс засал хийхэд түүнийг онлайнаар удирдах боломж олгоно. Магадгүй уул уурхайд жолоочгүй машин ажиллуулах гэдэг ч юм уу. Хоёрдугаарт, нэг дор асар их хэмжээний өгөгдөл цуглуулах, боловсруулах боломж олгодог технологи. Жишээ нь, Улаанбаатарт маш олон мэдрэгчүүдийг суурилуулан, замын хөдөлгөөний идэвхжлийг судлан, удирдах, улмаар түгжрэлийг бууруулахад ч ашиглах боломжтой. Хэрэв 5G-ийг нэвтрэхгүй бол ийм төрлийн үйлчилгээ монголд бараг л нэвтрэхгүй гэсэн үг. 

- Өндөр хөгжил өндөр эрсдэл дагуулж явдаг ч гэдэг. 3G нэвтрүүлэхэд шинжлэх ухаан 12 жил зарцуулж байсан. Гэтэл одоо 5G бидний амьдралд орж ирж байна.

- 4G маш хурдтай нэвтэрсэн. Хүний амьдралд хурдтай нэвтрэх эсэх нь сүлжээгээ хэр хүртээмжтэй, хурдтай хийсэнтэй холбоотой. 3G-ээс ялгаатай нь хэрэглээний түвшинд хурд нь мэдэгдэхүйц өндөр байсан нь бас нөлөөлсөн. 5G-ийн хувьд 2018, 2019 оноос Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнууд нэвтрүүлээд эхэлчихсэн хэдий ч одоогоор энэ технологи нь өндөр үнэтэй, 5G дэмждэг гар утасны тоо бага байгаа учир манай компанийн хувьд хот болон томоохон аймгуудад эхэлж нэвтрүүлээд харна. Тэгээд үр дүнгээс хамааруулаад дараагийн өргөтгөлөө далайцтай хийх үү, эсвэл дэс дараатай бага багаар хийх үү гэдгээ шийдээд явна л даа. 

- Одоо ч та бүхэн шилэн кабель үргэлжлүүлж татна, айл болгоны үүдэнд хүргэнэ гээд ажиллаж байгаа. Тооцоогоор 18 мянган км шилэн кабель татсан гэдэг юм билээ. 21 аймагт хүрсэн гэхээр хэдий хэмжээний өртөг орсон бол ?

- Юнивишн өөрөө шилэн кабелийн дэд бүтцээр дамжуулж үйлчилгээгээ хүргэдэг бизнес. Түүнээс гадна энгийнээр хэлбэл та бидний үздэг олон мянган кино контентийг байршуулдаг, тоглуулдаг, телевизийн сувгийг дамжуулах үүрэг бүхий том том систем, төхөөрөмжүүд байдаг. Жишээ нь, нөхөж үзэх үйлчилгээг үзүүлэхийн тул 100-аад сувгуудын 96 цагийн бичлэгийг бичиж авч хадгалдаг. Хэрэглэгч нөхөж үзэх үед тухайн бичлэгийг олж, тухайн айлын зурагт дээр тоглуулна гэсэн үг.Юнивишн компани маань 2011 оноос хойш 200-аад тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна. Таны хэлж байгаагаар яг л айлын үүдэнд шилэн кабелаа хүргэж, ард нь эдгээр системүүд нь ажиллаж байгаа гэсэн үг. Ковидын жилүүдэд гэртээ хоригдсон хүмүүсийн интернэтийн хэрэглээ огцом нэмэгдсэн нь бүх улс дахь интернэтийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын хувьд үйлчилгээгээ хэвийн найдвартай явуулахын тулд өргөтгөл, сайжруулалтыг зайлшгүй хийх, интернэт сүлжээгээ илүү олон хүнд хүргэх шаардлагатай болсон. Манай компанийн хувьд ч мөн ялгаагүй энэ сорилттой тулгарсан.Ковидын хөл хорионы үед Юнивишны сүлжээгээр дамжуулж 200 мянга гаруй сурагчид цахим хичээл авсан байдаг. Сүүлийн жилүүдэд бид системийн шинэчилэл, сайжруулалт, өргөтгөлийн ажлыг тасралтгүй хийж байна.

- Танай хамт олны хөгжүүлсэн нэг том бахархал нь IPTV байх ?

-Тийм шүү. 

- Нэлээн хэдэн жилийн өмнө сонсож байхад 5000 хэрэглэгчтэй гэж ярьж байсан. Хүмүүс тэр бүр нарийн мэдэхгүй. Янз бүрийн түвшний хүмүүст зориулаад та тайлбарлаж өгөөч. Энэ төсөл нь бидний амьдралыг юугаар“баяжуулж” байгаа юм бэ гэдгийг ?

- 2011 онд бид монголд анх удаа телевизийн салбарт хувьсал хийж интернэт, IPTV, сууринутас хосолсон гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн. IPTV гэдэг нь интернэт дээр суурилсан телевиз гэсэн үг. Өнөөдрийн байдлаар орон сууц, гэр хороолол, 21 аймгийн төвийн 350 мянга орчим өрхөд гурвалсан үйлчилгээ үзүүлж байна. 

Хүн бүр өөрийн амьдралын хэв маяг, сонирхолдоо тулгуурлан хүссэн кино контентоо хүссэн цагтаа телевизийн хөтөлбөрт захирагдахгүй үзэх, нөгөөтэйгүүр хүмүүсийн цаг завыг хэмнэж, телевизийг хүссэнээрээ удирдаж байгаа нь хамгийн том ололт юм уу. 

-Оюун өмчийн салбар манайд цэгцрээгүй. Энэ чиглэлд танайх ямар шинэ соёл нэвтрүүлж байна вэ?

-Бид үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн цагаасаа контентын чанар, оюуны өмчийг дээдлэн анхаарч ирсэн. Холливудын “Их Дөрвөл” студи хэмээгддэг Warner Bros. Pictures, Walt Disney Company, Universal Studios, Paramount Pictures зэрэг Ази, Холливудын кино студиудын шилдэг бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр үзэгчиддээ хүргэж байна. Энэ ч утгаараа бусад газруудыг ч оюуны өмчийг хамгаалж ажиллахыг уриалдаг. 

Монголын кино урлаг зогсолтонд орчихсон байсан нэг үеэ бодвол одоо харин хөгжиж байна. Шинэ шинэ кинонууд их нээлтээ хийж байна. Юнивишний кино санд киногоо байршуулан борлуулдаг. Уран бүтээлчид орлого олж байнаа гэдэг чинь дараагийн кино контентоо хийх, бүр сайн чанартай хийх боломжтой болж байна гэсэн үг. 

- Хүмүүс өдөр тутмын амин зуулганы хэрэглээний үнийн өсөлтөд маш мэдрэг ханддаг хэрнээ датаны үнэ цэн дээр ойлголтгүй. Асар өндөр өртөгтэй нэвтрүүлж байгаа технологи атлаа тогтвортой үнээ барьдаг гэдгийг тэр бүр хүмүүс ойлгодоггүй л дээ. Яг ингээд бодохоор гунигтай санагддаг л байх. Нэгэнт гүйцэтгэх захиралтай нь уулзсаных үнийн өөрчлөлт ойрын үед гарах уу ?

-Таны хөндөж байгаа асуудал маш зөв. Бидний хийж байгаа хөрөнгө оруулалтууд, бүтээж байгаа бүхэн доллараар тооцож гаднаас авч байгаа хөрөнгө оруулалтууд. Бусадтай адил үнээр л авч байна. Жишээлбэл, Юнител, Юнивишн дээр авч байгаа тоног төхөөрөмжийг бид монголдоо хийдэггүй. Интернетийн урсгалыг бид гадагшаа мөнгө төлж авдаг. Дотоодын кино контентуудаас бусад контентууд гээд бүгдийг гадаадаас доллараар тооцож худалдан авч байна. Сүүлийн хэдэн жил долларын ханш яаж өсч байгаа билээ. Маш хүнд шүү дээ. Ер нь бизнесийн байгууллагын хувьд өртөг, зардлын өсөлт, долларын ханшны өсөлтөө дагаад үнийн өөрчлөлтөө хийж явахгүй бол шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх нь бүү хэл дараагийн өргөтгөл, сайжруулалтаа хийж чадахгүй, хэвийн үйлчилгээгээ үзүүлж чадахгүй хэмжээнд очих эрсдэлтэй. Харилцаа холбооны үүрэн телефоны салбарт үнэ дандаа унаж ирсэн. Үнэ тариф өссөн юм нэг ч байхгүй. Харилцаа холбооноос өөр үнээ тогтвортой барьсан салбар бараг үгүй болов уу. Юнивишны хувьд олон хүчин зүйлээс шалтгаалж тодорхой хэмжээний үнийн өсөлт хийхээс өөр аргагүй нөхцөлд орсон. Биднээс үл хамаарсан өргөн нэвтрүүлгийн хууль батлагдсантай холбоотойгоор нэг үнийн өсөлт хийсэн.Энэ жиляалт ч үгүй бид төлөвлөж байсныхаа дагуу өсөлт хийсэн. Ийм хэмжээний өөрчлөлт ойрд дахиж хийхгүй. Үүнээс гадна хэрэглэгчид маань гэрээ байгуулж авсан багцынхаа талаар мэдлэг мэдээлэл багатай, хэрэглээгээ сайн хянаагүй, төлбөрт кино суваг идэвхжүүлэхдээ нөхцлөө сайн анзаардаггүй зэргээс болоод төлбөр өндөр гарлаа гэх нь байдаг. Энэ нэг талаар бидний зүгээс ойлгомжтой хэлээгүй, ойлгуулж чадаагүйн алдаа бас байгаа. Үүнийг багасгахын тул хэрэглэгч өөрөө хэрэглээгээ хянадаг, тохируулдаг, сонгодог байх боломжийг хангасан аппликейшн хөгжүүлж байгаа. Нөгөө талдаа хэрэглэгчид маань нэмэлт үйлчилгээ, кино багц идэвхжүүлэх, ашиглах үедээ үйлчилгээний нөхцлийг нь сайтар ойлгож, танилцаж байгаарай гэж хүсэх байна.

- Юнител группт улс орны хэмжээнд хичнээн ажилтан ажилладаг вэ?

-Улаанбаатар хотын дөрвөн зүгийн зургаан оффист, орон нутгийн салбарууд нийлээд 2000 гаруй үндсэн ажилтантай. Цаашилбал гэрээт, туслан гүйцэтгэгч, хамтарч ажилладаг олон байгууллагууд болон хувь хүн олон байдаг. 

-Манай салбар харьцангуй төрийн оролцоо багатай салбар гэж та түрүүн хэлсэн. Шинээр Цахим хөгжлийн яам байгуулагдаад ажиллаж байна. Энэ яам танай салбарт үр нөлөөгөө үзүүлж чадах болов уу. Та яаж харж байна ?

-Яам бол хэрэгтэй. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар нь хөрөнгө оруулалт ихээр шаарддаг, тодорхой мэдлэг, туршлагыг хуримтлуулан, судалгаа шижилгээнд мөнгө их зарж байж хөгждөг онцлоготой салбар. Тиймээс салбарын компаниуд төрийн зүгээс урт хугацааны, тогтвортой, ил тод, ойлгомжтой бодлого, зохицуулалтын орчинг шаарддаг. Бусад салбаруудтайгаа бас уяалдан илүү үр дүнтэй хөгжих боломжтой учир энэ чиглэлийн зохицуулалтыг яамны зүгээс хийж өгөх боловуу гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ яамны оролцоо бодлого, зохицуулалтын түвшнээс илүү халихгүй байж, илүү урагшаа харсан, хөгжил рүү хандсан чиг баримжаагаар ажиллавал манай салбарын хөгжилд түшиг болно.