Швейцарийн холбооны (парламентын) ордон
1848 онд Берн хотыг холбооны нийслэл болгохоор Швейцарийн Холбооны Ассамблей шийдвэрлэжээ. Холбооны ордны барилгыг 1852 онд эхлүүлж, 1857-1902 онд барьж дуусгажээ.
1848 онд Берн хотыг холбооны нийслэл болгохоор Швейцарийн Холбооны Ассамблей шийдвэрлэжээ. Холбооны ордны барилгыг 1852 онд эхлүүлж, 1857-1902 онд барьж дуусгажээ.
Энэ ордонд Швейцарийн Холбооны Улсын бүх төр, засаг нь төвлөрсөн, төв ба баруун зүүн, умард жигүүрүүдтэй цогцолбор сүрлэг, эртний хийцийн, уран барилга аж.
Холбооны улсын гүйцэтгэх засаглал нь Холбооны Зөвлөл, хууль тогтоох засаглал нь Холбооны Ассамблей, шүүх засаглал нь Холбооны Дээд Шүүх байх ба Холбооны Зөвлөл буюу Засгийн газар нь 7 гишүүнтэй, 8 дахь гишүүн нь Холбооны канцлер гэж байх. Тэр нь ЗГХЭГ-ын дарга нь бололтой.
Ерөнхийлөгч нь тэр улсын Төрийн тэргүүн биш юм. Түүнийг ард түмэн сонгохгүй, парламентаас нэг жилээр сонгогдоно. Тэрээр аль нэг яамны сайд байхын сацуу Засгийн газраа нэг жилээр тэргүүлнэ. Танхимын дараагийн нэг сайд нь хойтон жил Ерөнхийлөгч болно. Бас нэг сайд нь Дэд ерөнхийлөгчийг ганц жил давхар хашина. Энэ мэт ээлжлээд байна. Одоогийн Ерөнхийлөгч нь Шүүх ба цагдаагийн яамыг 2010 оноос толгойлж буй хатагтай Симонетта Соммаруга. Тэрээр 2014 онд Дэд ерөнхийлөгчөөр хавсран ажилласан. Тэнд Холбооны Засгийн газрын яам нь "яам" гэж нэрлэгдэхгүй, Холбооны Департамент гэнэ, сайдыг нь сайд гэж нэрлэдэггүй, Холбооны зөвлөх гэнэ.
Парламент нь хоёр танхимтай. Үндэсний Зөвлөлд нь 200 гишүүнийг 8.2 сая ард түмнээсээ пропорциональ санал хураалтаар 4 жилээр сонгоно. Үүнд 40 мянган оршин суугч тутамд нэг депутат ногдож байхаар зохицуулсан. Төрийн Зөвлөлийн 46 гишүүнийг засаг захиргааны нэгж-кантонуудаас (муж улс) мөн пропорциональ жагсаалтаар сонгоно. Хоёр танхим нь нийлээд Нэгдсэн Холбооны Ассамблей гэж нэрлэгддэг, дэлхий нийтийн жишгээр бол парламент нь тэр болно. Тэгэхдээ энд их хурлын 246 гишүүнийг цалинжуулж, орон тооны болгож, хууль тогтоолгоно гэсэн үг биш. Тэд үндсэн ажлаа хийнэ: багш нь багшаа, эмч нь эмчээ, хуульч нь хуульчаа, сэтгүүлч нь сэтгүүлчээ, фермер нь фермерээ гэх мэт, чуулган, байнгын хорооны хурлын үед тэд Берн хотод цуглана.
Холбооны ордон дотор Засгийн газар, ЗГХЭГ гэсэн тусдаа нэгж байхгүй, баруун жигүүрт нь ГХЯ буюу тэднийхээр Холбооны Гадаад хэргийн департамент, Шүүх ба цагдаагийн яам (мөн л Холбооны департамент), ордны зүүн жигүүрт нь Батлан хамгаалах, иргэний хамгаалалт, спортын яам (департамент), Холбооны эдийн засгийн яам (департамент), умард жигүүрт нь Дотоод хэргийн яам (департамент), Байгаль орчин, тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны яам (департамент), Сангийн яам (департамент) байрлана. Харин Дээд Шүүх нь нийслэлдээ бус, Лозанна хотод байрлаж ажиллана.
Эндхийн баруун жигүүрт ГХЯ-нд нь айлчилсан фото цуглуулгаасаа ийнхүү толилуулж байна. Тус улсын ГХЯ-нд хоёр өдөр ажиллах явцад ажваас эл хуль хоосон байшин мэт. Дуу чимээ ер байхгүй, нам гүм. Зочин биднээс өөр явж орж гарч байгаа хүн алга. Парламентын ордонд нь хөтөч ба тойрон аялагчаас өөр хүн алга, ажлын өдөр атлаа. Гэвч хонгилын булан тохойд хуралдаж байгаа хэдэн хүн байх нь байнаа. Хуралдааны зарууд электрон самбар дээр ярайж байна. Бодвол тэгсгээд цугладаг байх.
Энэ улсын засаг захиргааны бүтэц нэн сонин. Нийт 2324 коммунаас 26 кантон нь бүрдэнэ. Тэр 26 муж улс нь нэгдэж нийлээд нэг конфедерац. "Холбооны Улс" хэмээн буулгая. Үндсэн хүн ам нь 4 хэлээр ярина: 64.9 хувь нь германаар, 22.6 хувь нь францаар, 8.3 хувь нь италиар, 0.5 хувь нь романш хэлээр, үлдэх 21 хувь нь гадаад хэлтэнгүүд. Бас олон шашинтантай: 38.2 хувь нь роман католик, 26.9 хувь нь протестант, 4.9 хувь нь лал, 7.3 хувь нь бусад шашин, 21.4 хувь нь шашингүйчүүд. Ийм олон аймаг, сум, хэлтэн, шашинтны улс гэхэд нийслэлд нь болон төр-засгийн төв ордонд нь эл хуль, нам гүм, төр засаг, сайд түшмэд, түшээд гэж харагдахгүй, тэд нь сонирхол үл татах тийм газар, нийт 8.2 сая ард түмэнд үйлчлэх үүрэгтэй Холбооны засаг захиргаа нь уртаашаа 38 мянган албан хаагчтай, түүнийгээ “38 000 strong federal staff” буюу дархлагдсан 38 мянган холбооны албан хаагч гэж нэрлэнэ.