Үндэсний түүхийн музейгээр аялахдаа зөвхөн дээлийг нь хөөж үзвэл монголчуудын өгсөж уруудсан зам мөрийг тэр дороо л олж харна. Баянхонгор аймгийн Дугуй цахирын хадны оршуулгаас олдсон X-XII зуун буюу Киданы үеийн эсгий хэвнэг бол Монгол нутгаас олдсон эртний дээлийн нэг. Эндээс дээл дагасан музейн аялал тань эхэлж Монгол Улсын анхны ерөнхийлөгч төрийн ёслолдоо өмсдөг байсан дээлээр шувтарна. Дээл бол монголчуудын өгсөж уруудсан түүхт нугачааны тос, тоосыг хамтад нь шингээсэн түгээмэл эд өлгийн зүйл гэдэгтэй та эрхгүй санал нийлэх буй за. Дэлхийн цадигийг Монголгүй туурвих үндэсгүй шиг Монголын түүхийг дээлээс салгах аргагүй буюу.

Дээл: Нүүдэлчдийн загвар


Талын нүүдэлчид хүн төрөлхтний соёлд өмд, дөрөө, мөнгөн дэвсгэрт, дипломат паспорт, шуудан холбоо, чөлөөт худалдаа нэмэрлэсэн гавьяатай. Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, Ноён уулын булшаас гарсан олдвор бол 2 200 жилийн тэртээх талын нүүдэлчин-хүннүчүүдийн хувцас хунарын нэг нь л юм. Тэндээс олдсон дээл өдгөө Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа. Мөрөөлжин энгэртэй, цэвдгэрхүү тэр өмсгөл өөрчлөгдөн хөгжсөөр XIII зуунаас төгс хэлбэрээ олжээ.

Дээл: Хуультай хувцас


Монголчууд хүчирхэгжин “Торгоны зам”-ыг эрхшээж Pax Mongolica (Монголын амгалан) тогтоосон цагаас дээл маань хувцас урлалын шинэ төвшинд хүрсэн юм. Торгоны дээдийг эдлэх болсон үеэс ордны оёдолчин бий болж хаад язгууртнуудын хувцасыг ураа ургуулж, гараа гарган бүтээх болжээ. Түүгээр үл барам дээл хувцасаар зэрэг дэвээ илэрхийлдэг байжээ. 1246 онд Гүюгийг их хаанаар залахад Хуралдайд ирсэн ихэс ноёд хаан сонгох өдрийн өмнөх гурван хоногийн турш гурван янзын ёслолын хувцас өмссөн байна. Үүнд “Эхний өдөр цагаан магнаг торго, дараа өдөр нь улаан магнаг торго, гурав дахь номин хөх торго, хоргой хувцас өмсөж” ёсолсон хэмээн Марко Поло тэмдэглэн үлдээжээ. Монголын эзэнт гүрний хаан Мөнх 1252 онд, Юань гүрний хаан Хубилай 1275 онд тус тус хууль гаргаж тайлга ёслолын хувцасны хэв маягийг тогтоосон нь эзэнт гүрнийхээ дотор хатуу мөрдөгдөж ирсэн аж. Тэр цагт монголчууд “дэлгэсэн тэрлэг”-ийн чинээ бус дэлхийн талтай дүйхээр нутагт хуулиа тулгаж суусныг та юу эс андах билээ. 

Дээл: Загвараар дагуулагч


Чадаж яваагаа бусад нь даган дуурайдаг хүний араншингаар дээлийн хэлбэр загвар, хийц маяг монголчуудын байгуулсан гүрнийх нь хил хязгаарын дотор хэдэн үеийн турш дэлгэрч иржээ. Өдгөө монгол залуус үлгэр дууриалаа болгодог Өмнөд Солонгос нэгэн цагт бидний дээлийг хуулбарлан хэрэглэж байсан үе бий юм. Youngsan University сургуулийн судлаач Петер Юн Mongol Cultural Influence in the Late Koryô Period бүтээлдээ Корё (935-1393 он) улсын ван Чённол 1278 онд Юань гүрний загвар бүхий дээл, малгай хэрэглэх зарлиг гаргасан нь 1370 оныг хүртэл бараг зуун жил мөрдөгдсөн хэмээн бичжээ. Түүнчлэн Чосон (1392-1897) улс 1454 онд шүүхээр Мин (хятад), Юань (монгол) хувцасны загварын алийг сонгохоо шийдэхэд олонх нь монгол загварыг илүүд үзсэн гэдгийг түүхэн сурвалж түшин өгүүлсэн байна. Энэ мэт олон жишээг судлаач эрдэмтэд өөрийн бүтээл номдоо дурьдсан нь бий. Монголчууд дэлхийн улс орнуудыг байлдан дагуулаад зогсохгүй олон үндэстэн ястныг Загвараар дагуулагч (The Fashion dictator) явсан гангамсаг намтартай билээ. 

Дээл: Эргэж ирсэн загвар


Зүрчидийн Алтан улсын залгамжлагч манж нар XVII зуунаас Хятадыг захиран сууснаас хойш тэдний нөлөө Хятадын хувцсанд тусах учиртай байжээ. Харин манж нарын хувцасны загвар хийц Монголын нутгаас олдсон Киданы үе (X-XI зуун)-ийн дээлтэй адил босоо зах, товч шилбэтэй. Үндэсний түүхийн музейд буй үзмэрээс үүнийг бэлээхэн харж болно. Мөн түүнчилэн Манж Чингийн ноёдын хэргэм зэргийг илтгэдэг отго, жинс ч Юань гүрнээс эхтэйг харуулах баримт байдаг. Тайваний Эзэнт гүрний музейд хадгалагдаж буй Өлзийт Төмөр (1265-1307), Заяат (1304-1332) хаадын хөргийн малгай чулуун орой, өдөн чимэгтэйг бэлэн харж болно. Харин монголчууд Манжийн эрхшээлд орсны хойно 1644, 1759 онуудад “Зарлигаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамын хуулийн бичиг”-ийн дагуу төрийн албан хаагч, язгууртнуудын ямбаны өмсгөлийг хуульчлан заажээ. Энэ хууль монголчууд үндэснийхээ хувцсанд шинэчлэл хийх маш том түлхэц болсон байдаг. Гэхдээ “цоо шинэ зүйл гэдэг сайтар мартагдсан хуучин юм” гэдгийн үлгэр лугаа адил Монголын тал нутагт урьд өмнө байсан загвар шинэ цагийн хэлбэр шингээгээд эргээд ирсэн гэхэд болно.

Дээл: Бэлэг дурсгал


Монголыг, монгол хүнийг дээлгүйгээр төсөөлөх боломжгүй. Монголд айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдод иж бүрэн монгол хувцас, дээл бэлэглэдэг төрийн уламжлал бий. Энэ санаачлагыг 1936 онд Москва орж Зөвлөлтийн удирдлагуудтай Кремльд уулзсан Буриад Монголын төлөөлөгчид гаргасан болов уу. Тухайн үйл явдлыг баримтжуулсан дүрс бичлэг нь байгаа учир ингэж үзэхээс аргагүй. Бичлэгт буриадууд И.Сталин, К.Ворошилов, В.Молотов, М.Калинин нарт дээл өмсгөж, нум сум бэлэглэж байна. Харин дээл нь бидний өдгөөгийн мэддэг буриад дээл бус халх загвартай байгаа нь эрхгүй сонирхол татна. Харин Монгол Улсын ард түмнээс хамгаас түрүүнд дээл хувцас бэлгэнд авсан эрхэм зочин бол 1944 онд Улаанбаатарт айлчилсан АНУ-ын Дэд ерөнхийлөгч Хэнри Вэльс билээ. Үүнээс хойш энэ бэлэг уламжлагдан өнөөг хүрчээ. Гадны зочдод бэлэглэсэн дээлийнхээ тоогоор Монголын төрийг тасралтгүй 44 жил удирдсан Ю.Цэдэнбалтай эн зэрэгцэх хүн цаашдаа төрөхгүй биз ээ. Монгол дээл хувцастай гадаадын дээд хэмжээний зочидтой авахуулсан Ю.Цэдэнбалын зураг элбэг ч өөрөө дээлтэй татуулсан хөрөг нь ганц хоёрын зэрэг л бий. 

Дээл: Үндэсний үзлийн зэвсэг


Монгол Зөвлөлтийн бүрэн эрхшээл дор коммунист үзэл суртлаар бөмбөгдүүлж эхлэхэд “үндэсний” тодотголтой бүхэн, түүн дотроо дээлийг ч ад шоо үзэх болсон байдаг. 1960 оны “Социализмын материал техникийн бааз байгуулах” шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш дээл аажимдаа малчид, хөгшид өмсдөг хувцас болон хувирч байлаа. Үүнээс хойш Монголын гэрэлт ирээдүйг зөгнөсөн сэхээтэн, ажилчин, малчин дүрийг илэрхийлсэн зурагт хуудсаас бид дээлтэйг нь “малчин” гэж шууд оноон таньдаг болж хүмүүжсэн юм. Гэхдээ үндэсний үзэлт Б.Ренчин нарын тун цөөн тооны сэхээтэн дээл өмсч социализмыг эсэргүүцдэг байсан билээ. “Говийн зэрэглээ” киноны зохиолч Б.Балжинням, найруулагч Р.Доржпалам нар уран бүтээлээрээ дээлийг нүд үзүүрлэдэг явдалд уран сайхнаар эгдүүцсэн байдгийг бид мэднэ. Дээлтэй эр нь "Хэл, уран зохиолын багш Дамдин" шүү. Коммунист удирдагч нар цээрлэн цэрвэсэн ч малчинд дээл хамгийн тохиромжтой хувцас учир маш энгийн хийцтэй болж уламжлагдан хадгалагдсаар сайн цагийн нүүр үзжээ. Байж болох хамгийн даруу хэмжээндээ очсон социализмын үеийн тэр дээлийг “нэгдэлчин” загвар гэсэн ч болохоор.

Дээл: Үндэсний сэргэн мандалт


Зөвлөлтийн эрхшээлээс гарахаар тусгаар тогтнолынхоо тэмцэж эхэлсэн залуус бусдаас түрүүнд дээлээ өмсөж эхэлсэн байдаг. Ардчилсан холбооны анхны цуглаан дээр Д.Баасан мэргэжлийн хувцас-лам дээлтэйгээ ирсэн бол дараа дараагийн жагсаалын зургаас зохион байгуулагч нар нь ч, оролцогчид нь ч дээл өмсөх нь нэмэгдсэнийг тэр үеийн зургаас олж харах амархан. Үндэстний хувьд сэргэн сэхэхийн дохиог монголчууд ийнхүү дээлээрээ ерөөн зөгнөснөө өөрсдөө ч анзаараагүй юм. Улмаар БНМАУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч П.Очирбатыг тангараг өргөхөд түүнд тусгайлан төрийн хүндэтгэлийн дээл хувцас хийж өгсөн нь тусгаар тогтнол, үндэсний үзэл санаа ялсныг зарласан билээ. Ерөөс тэр өдрүүдийг нэхэн санавал Сүхбаатарын талбай, Ардын их хурлын танхимд өнгө өнгийндээл алаглаж байгаа. Ямар сайндаа үндсэн хуулийн төсөл өргөн барихад К.Зардыханд чапан (казах үндэстний дээл) олдоогүй бололтой “нэгдэлчин” дээлтэй хадаг барин зогсож буй гэрэл зураг нь түүх болон үлджээ. 

Дээл: Шинэчлэл, шинэтгэл


Мөнх бусын энэ орчлонд маш хурдан өөрчлөгддөг зүйлийн нэг нь загвар биз ээ. XX зууныг хүртэл уран сэтгэмжтэй, чадмаг үйлчний урласан дээлийн шинэ хэв маяг өөрчлөгдөлгүй олон он жилийг үддэг байсныг хэт тархай бутархай амьдралын хэв маягаас хайвал сэжүүр нь олдох байх. Харин монголчууд Нийслэл хүрээнд харьцангуй олноороо төвлөрөн суух болсон цагаас нэгнийхээ өмссөн дээлийн эсгүүр, зах, товч, шилбэ, эмжээр, хошмог зэргийг хуулан дуурайсаар “Хүрээний” гэх загварын хандлага үүсээд байлаа. Социализмын үед дээлийг өдөр тутмын амьдралаас шахсан ч монгол хүн дээлээ өөрчлөн шинэчилж орчин цагтай нь нийцүүлэх оролдлогоо таслаагүй юм. Ухаан нь, 1963 онд бүтээсэн “Энэ хүүхнүүд үү” киноны Дуламсүрэн эцсийн мөчид өмсч ирдэг дээлийг та санаж байна уу? Европ хэв маяг шингээсэн дан дээл одоо ч гэсэн дэгжин харагдана. Харин загварыг нь тус киноны зураач Л.Гаваа гаргасан болов уу хэмээн гөрдөж байна. Мөн “Ховор хүмүүс” киноны нэгдэлчин залууст зориулсан “Харцагын жигүүр” загвар үүний бас нэг жишээ. Гэхдээ дээлийн ханцуйг суллаж хөдлөхөд эвтэй болгодог загвар Юань гүрний үед үүссэн гэдгийг “Хубилай хаан авд мордов” хэмээх XIII зууны сүүл үеийн зургаас харж болно. Тухайн үеийнхээ инновацийг шингээсэн уламжлалт зүйлс цаг хугацааны шалгуурыг даван ирээдүйд хүрдэг жамтай. Өдгөө Монголд зөвхөн үндэсний хувцас урлалаар танигдсан загварын салон, загвар зохион бүтээгч ч төрөн гараад байгаа билээ. Дэлхийн түүх бол Монголын түүх, Монголын түүх бол дээлийн түүх хэмээн мунхагламой. 

Дээл: Ерөөл

Уншигч таны наадмаар өмсөх шинэ дээлийг мялаая