ЗОЛИОС ТӨЛӨӨС
Хүмүүсийн амь амьдралыг өөрийнхөө хэрэгцээ гэж үзэж албан тушаалаа ахиулах гишгүүр болгож, дарангуйллаа инээмсэглэн тогтоодог саарлууд бол дэлхийн түүхийн хар нөхөөс юм шүү!
Чөлөөт зах зээлийн жам ёсны өрсөлдөөн давамгайлж гэмээнэ хүний болоод өмчийн эрх жинхэнэ зүй зохисоороо, эрүүл саруул чиг хандлага, оновчтой үр дүнд хүрэх боломж нээгдэнэ. Манайд зөвхөн нялхас ялхас л зах зээлийн жам ёсны өрсөлдөөний хаалгыг ломбодож лацдаад байна.
Хүний эрх байнга зөрчигдөж, шорон оронд хоригдох, өмчийн эрхийг хураах муу ёр шүглэсээр... Хүн хүнийхээ мууд дурлаж, чагнах, тагнах, мөрдөх, мөшгих, матаасын сүлжээгээр “Ичсэн хүн хүн ална” гээч болж байна.
“Нийгмийн хариуцлага” гэдэг цоорхой дээвэртэй. Тэр дээврээр золиос нь төлөөс нэхэн улаан өнгөөр шүүрэн гоожиж байна.
“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” Энэ орооцолдсон үг үйлдэл нь золиосны үр хөврөл хамтач үзлийн үүр байгаа юм. Хэзээ хэнд дэм болохыг, дээсээ хааш нь яаж ороож эрчилж томохыг хүн өөрөө л мэдэх ёстой.
Эрүүл биед саруул ухаан оршино... Гоё үг...Тэгвэл саруул ухаанд эрүүл бие оршино... Аль нь зөв бодитой үнэ цэнэтэй вэ?... Аливаа үйлдэлд саруул ухаан эрүүл бодлоор дүн шинжилгээ хийж, үзэгдэл юмсад шинжлэхүй ухаанчаар бодитой хандах нь хүний суурь мөн чанарын үнэ цэнэ болой...
Хамтач үзэл нь хүнийг бусдын хараат болгоод буянт үйлстэн гэх цаасан малгай өмсгөөд андуурлын ангал руу түлхчихдэг юм. Байгаль дэлхий дэх жам ёсны амьдрал, аюулгүй нөхцөл, амжилт ололт, амьд байх эрхийг хүмүүст зүгээр л автоматаар өгдөггүй учраас гагцхүү дарангуйлагчдын тушаал эв хамтач ёс л бие биенээ золиослон байж аюулгүй байх боломжтой гэж турхирдаг.
Золиос хамтач үзэл хоёр нь хүний эрх, амьдралаа бодох, бизнесээ өргөжүүлэх, үнэ цэнийг хэмх дардаг нэг тэрэгний хоёр дугуй гэдгийг дэлхий дэх социалистуудын гунигт түүх гэрчлэнэ. Даруу зан хэт зоргоороо авирлалт ч гэсэн нэг ойлголтын хоёр тал.
Хүн өөртөө итгэх итгэл устаж, өөрөөрөө бахархах үнэ цэнэгүй газар л хамтач үзлийн гамшиг хүчээ авна. Бусдын золиос болно гэдэг чинь л бусдыг өөрийнхөө төлөө золигт гаргах хорон санааны төлөөс гэсэн үг. Хэдий чинээ золиос нэхнэ төдий чинээ төлөөс төлж бусдын сайн сайхны төлөө хойч үеийнхээ өмнө нийгмийн хариуцлага хүлээх хохирлын гинжинд тушигдана. Энэ гинжнийх нь зангилаа ард түмэнд зориулсан гэх уриа, гоё нэртэй буцалтгүй тусламж,асар олон төслүүд ямар аргачлалаар юуг золиослон байж (зарцуулан) ямар үр дүнд хүрэхийг нарийн тооцоогүй байдаг. Зардлыг нь зориуд бүрхэгдүүлж,хүмүүсийн амь амьдралыг золиослон, идэж шамшигдуулах нүхээ ухдаг. Ухсан нүхэндээ нэг хонгил бэлдэж, тэндээ төлөөсний бүлэглэлүүдээ чихэж дүүргээд, айлгаж сүрдүүлэн, амь амиа аргацааж арсалдана.
Эдүгээ Монгол төрийнхөн “Хаант” засаглал тогтоосон хөршүүдийнхээ нууц ба ил ажилтнуудын ташуураар ороолгуулан тэлээ мал шиг өндрөөсөө нам руугаа уруудаж байна. Өнөөдөр хувьтай хүн хулгана жил үзнэ...Хувьтай хөгшчүүлээ халамжилж, цагаан сарынх нь баярыг мялааж, тэтгэврийн зээл тэглэх нь гоё биз. Эв хамтач ёсны үлгэр дуурайлал ҮАБЗ гээч мангас нь Засгийн газраар юу хийлгэж чаддагаа харуулж золионы “МАНАН” дундах халамжийн бугуйлаар ахмадуудаа бугуйлдлаа. Хэргэм зэрэгтнүүд өөрсдийнхөө болоод үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийн зээлийг төлдөггүй дадал зуршил нь он удаан жил золиосны цалам болж байна. Энэ золиос уу? төлөөс үү? Эдгээр хууль зөрчигчид, гэмт хэрэгтнүүд хуйвалдагчдын төлөөс хэзээ дуусах вэ?... Уландаа хүртэл унаж байж л нэг юм өндийхчөөн болох байх даа.
Хүмүүсийн амь амьдралыг өөрийнхөө хэрэгцээ гэж үзэж албан тушаалаа ахиулах гишгүүр болгож, дарангуйллаа инээмсэглэн тогтоодог саарлууд бол дэлхийн түүхийн хар нөхөөс юм шүү!
Юугаар ч сольшгүй цорын ганц үнэ цэнэ бол хүний амь нас, амьдрал билээ. Оюун ухаан чадвараараа зорилгодоо хүрдэг баялаг бүтээгчид зах зээлийн өрсөлдөөний сорилт дунд бойжиж, хүссэнээ хийж,хөгжин дэвжиж, амьжиргааны түвшингээ зузаалж,хэрэглээ ташаалаа дүүртэл базаахыг зөнд нь орхиход л хөгжил аяндаа ундарна.
Нийгмийн сайн сайхны төлөө гэх тамын зүтгүүрээр үе үеийнхний амьдрал, амь насыг эх орны төлөө нэрийн дор золиослогчдын сүүдэр хүний эрхийг ясанд нь тултал жиндүүлсэн хэвээрээ байна.
Тэдний гарамгай сурц, гаршсан ажил нь энэ л дээ. Мэргэн удирдагчдынхаа амласан элбэг хангалуун амьдралыг зөвлөлтийн хоёрын хоёр үеийнхэн хүлээсээр торны цаанаас талх давс долоон үхэцгээсэн гамшиг нь большевикуудын хусаад ч арилшгүй нүгэл.Сургамж авдаггүй юм байх даа!!!
Хүн төрөлхтөний ирээдүйн сайн сайхны төлөө нийгмийн хариуцлага зөгнөсөөр сөнөсөн түүхийн үнэн мөн нь фашизм, социализм (Герман, ЗХУ) шүү дээ.
Бизнес эрхлэгчдийн бүтээсэн баялаг, хуримтлуулсан хөрөнгийг хараад хамтач үзлийн золиослогчид атаархахдаа хувийн өмчийг хураана гэж сүрдүүлэн татвар, түрээс, хяналт, шалгалтаар дарж авилгал хээлхахуул цэцэглүүлэх бохир хэлээ билүүдэж байна. Эх орончдын дүрд хувирч ард түмэнд энэрлийн гараа сунгах нэрийдлээр золиос шаардан төлөөс нэхнэ. Сонгогчдын саналыг золиослохын тулд бүгдээрээ,хамтаараа, миний, манай ард түмэн гэдэг үгийг өдрийн бодол, шөнийн зүүдэндээ ч үглэнэ.
Нийгмийн сайн сайхны төлөөх үзэл нь эрх чөлөөт нийгэмд харш юм шүү дээ. Хүмүүсийн амь нас,амьдрал бол хэн нэгэн нь дураараа төлөөс төлж, золиос нэхдэг эд зүйл биш. Ядуурлыг арилгана, ард түмнээ аварна, сургууль эмнэлгийг үнэгүй болгоно гэсээр бүтэлгүйтлийн ирмэг рүү л яваад байна.
Халамжит төрийн дүрээр мөнгө хөрөнгө халааслаж,золиосныхоо төлөөсийг нөхдөг зуршилтай улс төрчид сонгууль дөхөхөөр хоржоонтой гээч нь нүд нь гялалзан, шүд нь ярзалзан, хэл нь гозолзон хөөс сахруулна.
Ашигт малтмал бусад үйлдвэрүүд төрд байх нь мяндагтнууд өөрсдийнхөө хувийг төлөөний хүнийхээ нэр дээр байршуулаад завшдагийг мэдэх үү? Стратегийн ордууд чинь дарга нарыг хамсаатнуудтай нь тэтгэдэг тэжээлийн цэг гэдгийг бас мэдэх үү?...
Төрийн гурван хулгараасаа эхлээд бүх дарга нар квоттой байдаг нь нууц биш. Их дуутай тахианы өндөг жижигхэн. Тэдний хайртай ард түмэнд өндөг ч очихгүй. Үнэхээр хоншоортой юм бол тухайн орон нутгийн бизнесменүүдэд нь ордуудтай гэрээ хийх эрхийг нь өгөөд орхи л доо. Харамсалтай нь чадахгүй. Чадъя ч гэж бодохгүй бодол нь бохирдсон улс.
Бүх өмч хувьд байх тогтолцоо л золиосноос холдох зам мөн. Үнэн зөвийг мартагдтал нь худлаа донгодож төлөөсөөр зоосны нүх үүсгэдэг улс төрчдөөр золиослуулахаа зогсоо!
Өнөөгийн төр “арын хаалга” буюу онцгой эрх эдлүүлж,авилгал хээл хахуул зузаалагчдаа баялаг бүтээгчид гэж хөөргөж байна. Харин тэд бол төрийг өөрсдийнхөө хараат болгосон шимэгчид юм шүү.
Цэвэр бизнест, хувь хүний эрхэнд төр оролцохгүй халдахгүй байвал золиос төлөөс устана. Золиослогч хамт олонч суртаал давамгайлах нь хүмүүсийг эрхтэн дархтны дор бөхийлгөж хүчгүй болгодог. Ард түмэнд хайр зарлачихаад тэднийгээ гэр бүлээр нь ялгаварлан гадуурхаж, үндсэн хуулийг золиослогчид олшрох төлөвтэй. Төлөөс нь яаж ирэх юм бол оо?
Улс төрчид ээлжлэн бие биенийгээ хэлмэгдүүлэн золиослодог нь зөвлөлтийн улс төрийн халдлага хэвээрээ КГБ-ийн махны машин ажилласаар манай төрийн ядуу толгойг ноолж байна. Эрх баригчид сөрөг хүчингүй аархаж, төрд өмч овоорон байгаа цагт хээл хахуул, атаа жөтөө, шүүх шоронгийн тамлан үргэлжилсээр л байх болно. Данхар төрийн хар сүүдэр гай дуудаж, хүйт даан золиос төлөөс тасрахгүй ужгирах шинжтэй.
Хувь хүний эрхийг дээдлэдэг, хувийн өмчийг өөгшүүлдэг, эрх чөлөө хамгийн зүй зохист саруул эрүүлчиг зорилго золиос төлөөсгүйгээр харилцан ашигтай бойжин дархлаажих болно.
Жич: Өтлөх нь залуу насыг дарамтлана
Өвдөх нь эрүүл биеийг дарамтлана
Үгүйрэх нь эд баялгийг дарамтлана
Үхэх нь амь биеийг дарамтлана
Мөнхийн юм шиг авир нь
Мөс чанараа дарамтлана...
2020.03.06
Зочин
ДОН-ЖЭНКО
7954689
ONOM
Зочин
Зочин
Өвгөн
zochin