Долдугаар бүлэг

Тэгээд хоёр хоногийн дараа Хуланд би захидал бичихээр шийдлээ. Би Хулангийн зургийг урдаа гаргаж тавив. Би түүний зургийг удаан ширтэн харж суулаа.

Би гартаа үзгээ бариад, ширээний ард суув. Би яаж эхлээд, юу гэж цааш нь бичихээ мэдэхгүй байлаа. Тиймээ захидал бичнэ гэдэг амаргүй хэцүү ажил ажээ.

Би их гоё гоё үгтэй, мундаг сайхан захидал бичихийг хичээнэ. Нэг бичлээ болсонгүй... Ямар ч утга учир алга. Би дахиад бичив. Бас л болсонгүй. Тэнэглэл. Би бичсэн захидлуудаа хогийн сав руу чулуудаж орхив. За байз яахав? Би хэсэг зуур бодов. Хэтэрхий их гоё ганган чамин үгс бол хэрэггүй юм байна. Нялуун нялцгай халуун байж таарахгүй. Энгийн тэгээд идэвхтэй, зүтгэлтэй сэтгэлтэй ийм захидал байх ёстой бус уу? Би ингэж бодов.

Би ахиад нэгийг бичлээ. «Би энд ирээд чамайгаа их бодох юм... Уучлаарай миний сэтгэл өвдөж байна...» нэг иймэрхүү.Түй чёрт! Юуны сэтгэл өвдөх ! Юун уучлах энээ тэрээ байдаг билээ. Юу ч болоогүй шүү дээ! Ерөөсөө больё. Утсаар ярья. Амар мэндийг нь асуугаад, тэгээд боллоо юм биш үү? Би ингэж шийдээд босож цонхоор гадагшаагаа харж зогсов.

Гадаа бороо цутган орсоор л, борооны дуслууд цонхны шилийг нижигнүүлэн балбаж нам гүмийг эвдэнэ. Цонхны шилийг дагаад борооны тэр дусал ус урсана. Хаана нэгтэй дотуур байрны аль нэгэн өрөөөнд хөгжим хангинаж «Би-джис» хамтлагын яруу сайхан дуу хоолой сонсогдоно. Юутай сэтгэл сэргээм аугаа аялгуу, юутай гайхамшигтай сайхан орчлон ертөнц. За байз!... энэ дууны нэр нь юусан билээ? Аан тийм “Массачусетс” гэдэг шүү дээ. Би “Массачусетс” хэмээх нэг магт дууг чих тавин сонсов. Би өөрийн эрх үгүй инээвхийлэн зогсож байлаа.

Миний бага насны минь гэгээлэг сайхан тэр л дурдатгалууд миний сэтгэлд хурган буув. Миний төрсөн нутаг Хангайн овоо, Шанхын хийд ийгээд Эрдэнэ зуугийн минь 108суврага. Өндөр гэгээн Занабазар ээждээн босгосон бунхант шарилын суварга. Тэр гоё хээтэй өндөр цагаан суварга миний нүдэнд үзэгдэв. Миний ээжийн минь, нутгийн олон ах дүүсийн минь царай зүс миний нүдэнд тодрон харагдав. Тэгээд миний өмнө Орхон гол, Орхон голынхоо усанд шумбан наашаа цаашаагаа гүйлдэх, бургасан уургатай жараахай бага насны минь тэр л дүр зураг үнэт зүйлс надад төсөөлөгдөн үзэгдэв. Би ээжийгээ саналаа. Миний ээж их сайхан дуу дуулдаг эмэгтэй байсан. Ээж бидэнд «Дуу дуулах учиртай байдаг юм» гээд «Дуу дуулахдаа инээж биш, инээмсэглэж биш, инээвхийлэн дуулдаг. Дууг хүн дотор сэтгэлдээ зүрхэндээ шивнэж дуулдаг. Дуу дуулахаасаа өмнө нь инээж бай. Дуулж дуусаад инээмсэглэ» гэж хэлээд, тэгээд тэр өөрөө инээмсэглэдэг байсан сан.

Би ингэж бодов. Гадаа харанхуй боллоо. Бороо дахиад л бас шиврэн орж эхлэв. Тиймээ энэ жижигхэн цонхны энэ жижигхэн гэрэл, аврага том тэр харанхуйг гэрэлтүүлэж чадахгүй билээ. Би ингэж бодов.

Тиймээ дуу дуул. Дуу дуулахдаан инээж биш инээмсэглэж биш. Инээвхийлэн дуул.

Дууг дотор сэтгэлдээ зүрхэндээн шивнэн дуул. Дуу дуулахынхаа өмнө нь инээ. Дуулаж дуусаад инээмсэглэ.

Ингэж бодоод би нүдээ аниад зогсож байлаа. Би энэ өрөөнд ганцаараа байгаа биш юм шиг надад бодогдоно. Үл мэдэгдэх хэн нэгэн өлмий дээрээ гишгээд аяархан яваад байх шиг. Тэр миний хажууд чимээ үгүй ирээд зогсоод байх шиг надад санагдана. Тэр бас намайг элдэв олон аюул осол, муу юмнаас сэрэмжлүүлэж анхаарал болгоомжийг минь хурцлаад байх шиг. Бүү мэд! Ийм л нэг сонин совин, тэгэхэд надад төрсөн билээ. Би нүдээ алгуурхан нээгээд, эргэн тойрныгоо сэм харлаа. Миний нүдний үзүүрт ямар нэгэн юм сүүтэгнэн харагдаад, тэгээд тэр алга боллоо. Ямар сонин юм бэ? Нэг л биш ээ. Тэгээд гадаа харанхуй цонхны цаад талд хоосон агаарт, үл таних нэг эмэгтэйн царай гэнэт гарч ирээд гэрэлтэн харагдав. Тэр бас алга болов. Үл ойлгогдом гэнэтийн энэ нөхцөл байдалд би сандарч балмагдан айж чичирч эхэллээ. Ийм юм байх учиргүй билээ. Би нүдээн аниад... дахиад нээгээд харлаа. Миний өмнө үзэсгэлэнтэй сайхан царайтай 40 орчим насны эмэгтэй сууж байв.

Тэр эмэгтэй 2 гараа дээш харуулан өвдөгөн дээрээ тавиад завилан сууж байсан. Тэрбээр над руу харж ердийн сайхан инээмсэглэн сууна. Ийм юм байх учиргүй дээ! Би ингэж бодов. Би нүдээ аниад... нэгээд дахин харав. Тэгээд би «Ээж байна!... Ээж минь!» гэж чичирхийлсэн хоолойгоор дорой дуугарч сулхан хэллээ. Би хоёр гараа газарт тулаад, түүнд сөгдөн мөргөв. Би өвдөг дээрээ суугаад дахин дахин сөгдөн мөргөсөн билээ. Ээж надаас 2-3 алхамын зайтай газарт суун, сүрлэг их атлаа энэрэнгүй сайхан харцаар намайг ширтэн харсаар. Хэсэг хугацаанд тэрбээр намайг ийнхүү ширтэн суулаа. Эцэст нь тэрээр юу ч гэж хэлэлгүй зөөлхөн инээмсэглэв. Тэр бас дахин инээмсэглээд,тэгээд надад ингэж хэллээ. «Хүү минь ээж нь чамайг бахархан харж байлаа. .. Ээж нь хүүдээ туслах юмсан гэж боддог юм» гэлээ. Яг энэ мөчид «Бурхан өршөө! Сэрж үз! Бурхан болсон ээж чинь чамд тусламж бариад ирж байна.» гээд миний зүрх намайг угзчин татаж сэрээв.

Ээж хэлэв «Дэлгэрээ миний хүү чи ээжийгээ сонс» гээд «Юмс их энгийн. Битгий түүнийг адармаатай хэцүү болгож бай. Юм чамаас өөрөөс чинь эхэлдэг юм» гэлээ. Би ээжийгээ дув дуугүй мэлрэн ширтэнэ. «Тиймээ хүү минь. Хүмүүс намайг ойлгохгүй байна гэж хүнд битгий гомдож бай. Хүмүүс чамайг ойлгож харж байгаа. Харин чи өөрийгөө хүмүүст ойлгуулж чадахгүй байгаа, энэ байдал чинь үнэн байдал учир шалтгаан юм шүү дээ» гэв. Ээж намайг чимээ үгүй ширтэн харсаар... Тэгээд ээж «Миний хүү тэгэж битгий бод!» гэв. «Би яаж чадах вэ? гэж бодож бай. Ямар мундаг хүн бэ? гэж бас битгий бодож бай. Яаж би түүнд хүрэх вэ? гэж бодож бай» гэлээ. Би гүн их бодолд автан сууна.

Ээжийнхээ хэлж байгаа үгийг би дахин дахин тунгаан бодож суув. Би өрөвдөлтэй хөөрхийлэлтэй нэгэн ажээ. Би хүсэл, хүн чанар сэтгэл зүрхээ зөв жолоодож хэрэглэж, зөв зүгт залж авч явж чадахгүй явж ирсэн ажээ. Хүсэл сэтгэлийн шуналыг залуурдан жолоодож, түүнийг дарж барьж болдгийг би ээжийнхээ хэлсэн үгнээс ойлгож сэрээж чадсан билээ. Энэ бүгдийн уг гарал, үндэс суурь болбоос илүү их нарийн нандин зүйл болохыг би ухаарч танив.

Тэгээд миний ээж надад хэлэв. «Миний хүү чи инээж бай. Инээмсэглэж яв. Инээмсэглэл бол мэргэн ухаан, тэсвэр тэвчээр бас зориг зүрх. Энэ бол зорилго. Энэ бол арга хэрэгсэл, зэр зэвсэг хүч чадал. Энэ бол учир мэдэхгүй сул доорой байдлаасаа салаж хагацах боломж. Тийм учраас хүү минь инээж бай. Инээмсэглэж яв» гэлээ. Ингэж хэлээд тэр алга болов.

Миний ээж надад яаж ирсэн. Яг тэгээд алга болсон билээ. Тэгээд би... Ийм л байдаг ажээ... хэмээн өөрөө өөртөө хэлээд хэсэг зуур чимээ үгүй бодлогоширон суусан билээ.

Тийм ээ! Эх хүний хайр нь гүн их байдаг. Сэтгэл нь агуу. Сэрэх нь гайхамшиг билээ. Би ингэж бодов. Тийм учраас тэр хайр юуг ч бий болгож чадна. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайранд амьгүй юмс амилдаг. Тийм учраас ээж бол Бурхан. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх билээ. Би ингэж бодов. Бороо яаж орж эхэлсэн, яг түүн шигээ зогсов. Тэгээд би бас цааш нь ийн бодов.

Юуны учир, юунд би хүсэн шунаж Бурхан болсон ээжийгээ бас би өөрөө өөрийгөө яахын ийн зовооном билээ? Тэр хариулт миний дотор сэтгэлд зүрхэнд байлаа. Хүний сэтгэл шунал гэдэг дуусашгүй их ажээ. Тэр бас дийлдэшгүй. Гэхдээ би бодох ёстой бус уу? Хэн нэгэн зөвхөн миний хүсэл сэтгэлээр байх алба үгүй. Би бас адилхан чадахгүй билээ. Харин би өөртөө байдаг, бусдаас давуу тэр сайн сайхан чанаруудаа илүү их хөгжүүлэх ёстой. Түүнийгээ би түүнд Хуланд харуулах хэрэгтэй. Түүний төлөө би хөдөлмөрлөж тэмцэж, ялж дийлэж чадах ёстой ажээ. Би ингэж бодов.

Ингэж бодоод би хэд хоногийн дараа Хуланд би захидал бичлээ. Хариу ирсэнгүй. Би дахиад бас нэг захидал бичив. Хариу алга. Юу болоод байгааг би үл ойлгоно. Тэгээд цаг хугацаа өнгөрөх тусам, би түүнийг бага багаар ойлгох болов. Тиймээ би түүнийг зөн совингоороо мэдэрч эхэлсэн юм. Би түүнийг биш. Харин би өөрөө өөрийгөө л өөрчилж чадах ёстой ажээ. Миний ээж надад үүнийг хэлсэн. Би ухаарав. Миний зүрх надтай аяархан дуугаар ярьж эхлэв. Тэрээр «Юмс үзэгдэл бүгд энгийн хялбар хийгдсэн. Юмыг хүн өөрөө л хэцүү адармаатай болгодог гэж ээж чинь чамд хэлсэн» гээд тэр «Дэлгэр ээ, чи зүрх сэтгэлтэй бай. Чи түүнд хэрэггүй болсон байж мэднэ шүү дээ» гэж надад хэллээ. Би дуугарсангүй. Зүрх надад дахин учирлан өгүүлнэм. «Бүх зүйлс чамд байгаа. Бүгдийг чи өөрөөсөө асуу. Гунихын учрыг чи өөрөөсөө асуу. Сэтгэлээсээ асуу. Мунхаглалын учрыг чи өөрөөсөө асуу. Хүсэл ийгээд шуналаасаа асуу. Харин амар амгалан энх тунх оршихуйн учрыг бол ээжээсээ асуу» гэлээ.

«Ээжээсээ!!!» гэж би түүний үгийг таслав. «Тиймээ ээжээсээ асуу» гэж зүрх хэлэв. «Яагаад гэвэл. Бие сэтгэл, хүсэл шуналыг барьж дарж хорьж чаддаг бай гэж чиний ээж чамд хэлсэн бус уу? Бүх зүйлс чамаас өөрөөс чинь эхэлдэг билээ гэж тэр бас чамд хэлсэн. Бодож бай.» гэж хэлээд зүрх чимээгүй боллоо. «Бодож бай! гэж! Би түүнийг Хуланг бодоод л байдаг... бодоод л байдаг» гэж би бувтнав.

«Ойлгохгүй байна уу?» гэж зүрх надаас асуугаад «Юу ч шийдэхгүй юманд бодол бол хэрэггүй. Бодол өөрөө нэгдмэл нэг тулгууртай тэгээд бас тэр бодол буцаж эргэж хөрвөж чаддаг байх ёстой билээ. Нүдээ нээ. Юм хар. Юмыг хараад биш, юмыг бодож сонгож чаддаг бай гээд хэлээд байхад чинь!!!» хэмээн зүрх надад хатуурхав. Ийм л байдаг ажээ. ... Би тун их ядарчээ. ...

Тиймээ. Эх хүний хайр нь гүн. Сэтгэл нь агуу. Сэрэх нь гайхамшиг. Тийм учраас эхийн хайр агуу. Тэр хайранд бүх юмс оршдог. Тэр хайраар амьгүй юмс амилдаг. Тэр хайр юуг ч бий болгож чаддаг. Тэр хайраар хүн өөрөө бүтээгдсэн юм. Тийм учраас эхийн хайр угт нь хүрэх аргагүй гүн их гэдэг билээ.

Нар сар од гаригс, навч цэцэг уул ус мод бүгд түүнтэй ярилцдаг. Тэд түүнийг ойшоон үзэж хүлээн авдаг. Тийм учраас тэр хайрыг тайлбарлан хэлэх арга үгүй ажээ. Хэрвээ тайлж хэлж чадаж байвал нь. Тэр хайр эхийн хайр лав биш. Тэр хайр өөр хайр билээ.

Би ингэж бодов.

Тийм учраас. Ээж бол бурхан. Ээж бол хайр. Эхийн хайр мөнх оршдог билээ. ...


БАДАМХАНД МУЗЕЙ