ДЭЭД УРСГАЛ
Хэрхэн дээд урсгалд хүрэх вэ Дэн Хит номдоо “дээд урсгал”-д хүрэх гурван зөвлөгөө өгсөн байна: 1.Бушуухан гүйцэтгээд үр дүнг нь яаралгүй хүлээ. Зарим зорилгодоо хүрэхийн тулд чамгүй цаг хугацаа зарцуулдаг. 2.Энгийн түвшинд сайн хийдэг зүйлээ дээд түвшинд хийж чадна. Чанх эсрэгээр жижиг асуудлыг шийдэж чадахгүй бол томыг бүр ч чадахгүй. 3.Бүгдэд таардаг супер жор гэж байдаггүй. Өөрийг хэрэглээд үз, дасан зохиц. “Цаг нь ирэх”-ийг хүлээлгүйгээр үр дүнгээ байнга шалгаж, үнэлж бай.
Дээд урсгалын дотоод утга
Дэн Хитийн удаах бүтээл Дээд урсгал New York Times-ийн бэстсэллэрээр шалгарч уншигч хийгээд шүүмжлэгчдээс нааштай олон дүгнэлт авчээ. Зохиогч энэ удаа хүмүүс бид нэгэнт өнгөрсөн зүйлд хэтэрхий анхаарал тавиад, учирч мэдэх асуудлыг төдий л анзаардаггүй гэж бичсэн байна. Дээд урсгал дээгүүр хэрхэн яаж, амьдрах тухай цааш үргэлжлүүлэн уншина уу.
“Та голын эрэг дээр найзтайгаа цайлж суугаад хүүхэд живэхийг харав. Та ч бодолгүй гүйж ороод хүүхдийг аварчээ. Дахиад нэг хүүхэд живж, найз чинь аврахаар гол руу үсрэв. Гэтэл бас нэг, өөр нэг хүүхэд живж та хоёр ээлжлэн аварч байтал найз чинь уснаас эрэг рүү зүтгэв. Тэгэхэд нь чи “Чи хаачих нь вэ” гэж асуутал найз чинь “Би урсгал өгсөж хэн хүүхэд шидээд байгааг барья” хэмээн хариулжээ”... Ном ийм сургамжит үлгэрээр эхэлнэ. Чухал асуудлыг шийдэхийн тулд та дээд урсгал руу явах ёстой гэдэг энэ санаа бол номын ерөнхий агуулга юм.
Гэнэтийн ба урьдчилсан шийдвэрийн ялгаа
Асуудлыг гэнэтийн алхмаар биш харин урьдчилан төлөвлөсөн нүүдлээр шийдэж бай хэмээн Дэн Хит номдоо бичжээ. Өнөөгийн энэ буцалсан амьдрал дунд түймэр асахад хаанаас гарсныг нь тогтоолгүй шүршээд унтраачих амархан. Гэвч гагцхүү дээд урсгалтай холбогдсон бүтээлч сэтгэхүй нөхцөл байдлыг өөрчилдөг байна. Амьдралд нь тулгарсан аливаа асуудлыг арга эвээр шийдэх дадал залууст суулгах хөтөлбөрөөр Чикаго хотын гэмт хэргийн нөхцөл байдлыг эрс дээрдүүлсэн түүхээр дээрх зарчмаа тайлбарласан байх жишээний. Ингээд цааш нь бид урьдчилан шийдвэр гаргахаас илүүтэй гэнэтийн шийдвэр гаргаад байдгийг хэд хэдэн шалтгаанаар тайлбарлажээ:
1.Урьдчилсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд үлэмж цаг зарцуулна
2.Өрнөж эхлээгүй үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтын ашгийг тооцох төвөгтэй
3.Асуудлыг үгүй болголоо гээд алдар нэр хүртэхгүй, асуудлыг шийдэхээс үүгээрээ ялгаатай
4.Урьдчилсан шийдвэр нь гэнэтийн шийдвэр шигээ зайлшгүй биш. Бид ихэнхдээ урьдчилсан шийдвэр гаргах албагүй гэж боддог.
5.Урьдчилсан шийдвэр гаргахад бидэнд хэвшил болоогүй системтэй сэтгэлгээ шаарддаг.
Системтэй сэтгэлгээ
Системтэй сэтгэнэ гэдэг бол энэ хорвоогийн бүх зүйл шүтэн барилдлагатай гэдгийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Наад захын юмс төдийгүй биологийн ертөнц эдийн засаг хоёр ч энэ ертөнцийн нэгээхэн хэсэг болохынхоо хувьд өөр хоорондоо хамааралтай. Тогтвортой системийн дотоод нөөц бололцоог ашиглан түүнд тулгарч буй асуудлыг шийдэх, түүнчлэн системээ ч хөгжүүлэх боломж бүтцийн хувьд бий.
Дээд урсгал руу хүрэхэд гурван үндсэн саад тотгор учирдаг гэж Дэн Хит бичжээ. Эхнийх нь “Асуудалд харалган хандах”. Энэ бол хаашдаа л тэгж ингэхээс хойш шийдэх гэж зүдрээд яах вэ гэдэг сөрөг хандлагаас үүсдэг. Ингэж хандсаар хэвшил болж эцэстээ өөрт тулгарсан маш энгийн зүйлийг ч шийдэх оролдлогогүй болдог. Удаах нь “Асуудал эзэнгүйдэх”. Хэн ч хариуцлага хүлээхгүй, хэн ч шийдвэр гаргахгүй. Харин гуравдахь саад нь “Хонгилоор бэдрэх” гэдэг нь зөвхөн анхааралд өртөөд байгаа асуудалтай ноцолдоод бусдыг нь ор тас хаях.
Хэрхэн дээд урсгалд хүрэх вэ
Дэн Хит номдоо “дээд урсгал”-д хүрэх гурван зөвлөгөө өгсөн байна:
1.Бушуухан гүйцэтгээд үр дүнг нь яаралгүй хүлээ. Зарим зорилгодоо хүрэхийн тулд чамгүй цаг хугацаа зарцуулдаг.
2.Энгийн түвшинд сайн хийдэг зүйлээ дээд түвшинд хийж чадна. Чанх эсрэгээр жижиг асуудлыг шийдэж чадахгүй бол томыг бүр ч чадахгүй.
3.Бүгдэд таардаг супер жор гэж байдаггүй. Өөрийг хэрэглээд үз, дасан зохиц. “Цаг нь ирэх”-ийг хүлээлгүйгээр үр дүнгээ байнга шалгаж, үнэлж бай.
Эцэст нь дүгнэн хэлэхэд асуудлыг урьдчилан шийднэ гэдэг бол тухайн асуудлыг үүсгэсэн системийг өөрчилнө гэсэн үг. Үр дүнд нь систем бүрэлддэг учраас үр дүн сэтгэлд хүрэхгүй бол системээ задлан шинжлэх нь зүйтэй. Харамсалтай нь системийг өөрчлөх үргэлж амаргүй байдаг, гэтэл өнөөгийн дэлхий ертөнц системтэй сэтгэх, системээр нь харах ч зав зайгүй болжээ. Түүгээр зогсохгүй өнөөгийн компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ анхаараад тулгарах асуудлыг даван туулах шинэ арга зам хайхаа больжээ. Тэгээд ч “гал унтраадаг” байгууллагаас хэзээ ч инновац гарахгүй. Тийм учраас дээд урсгалд хүрэх аваас танай компани алсын ирээдүйд алзахгүй тогтвортой, үр бүтээлтэй ажиллана.